Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, Монголын чих, хамар, хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, АУ-ны доктор Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Чих хамар хоолойн тасгийнхаа түүхээр хоюулаа ярилцлагаа эхлүүлье. Одоогоор хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-Сайн байна уу. Манай тасаг нь Монгол улсын чих, хамар, хоолойн эмчилгээ, үйлчилгээ, мэс заслын үндэслэгч, түүчээлэгч юм. Тун удахгүй Монгол улсад чих, хамар, хоолойн салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойн баяр тохиох гэж байна. Тасаг маань 1952 онд байгуулагдсанаас бөгөөд 1960-аад онд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн чих, хамар, хоолойн тасаг салбарлан байгуулагдсан. 1980-аад онд улсын гуравдугаар төв эмнэлэг тус тасагтай болж салбарлан хөгжсөн түүхтэй.
Анагаах ухааны, доктор, профессор, хүний гавьяат эмч Л.Шагдарын нэрэмжит тасаг юм. Би багшийнхаа хамгийн отгон шавь. Багшийнхаа үргэлжлэл болж үүсгэн байгуулсан тасгийг нь ахлан ажиллаж байгаа нь хамгийн сайхан мэдрэмжүүдийн маань нэг. Багш маань 1980-аад онд улсдаа анх удаа чихний хэнгэрэг нөхөх мэс ажилбарыг хийж эхэлсэн түүхтэй. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл бид тасагтаа 70 гаруй төрлийн хагалгааг хийдэг болж өргөжин хөгжсөн.
Манай хамт олон 2009 онд багшийнхаа мөрөөдөл болсон чихны дунгийн суулгацын хагалгааг ЭХЭМҮТ-ын тасгийн эрхлэгч асан н.Өлзийбаяр эмчтэйгээ хамтран Монголдоо анх удаа хийж нутагшуулж чадсан. Энэ мэс засал маш өндөр өртөгтэйгээс гадна нэг хүүхдийг сонсгол оруулахын тул 15-20 хүн 1-5 жил хөдөлмөрлөж байж сонсгол оруулдаг. Энэ нь төрөлхийн дүлий эсвэл олдмолоор сонсголоо алдсан хүнд хиймэл сонсгол суулган сонсгол оруулах хагалгаа юм.
Хамрын дурангийн салбарт Л.Шагдар багшийн маань хүү Ш.Бат-Эрдэнэ эмч 1995 онд Монгол улсад анх удаа дурангийн мэс засал хийх үндэс суурийг нь тавьсан.
2010 оноос хойш бид орчин үеийн Германы Carl Stortz фирмийн дуран, микроскопыг хэрэглэх болсон. Эдгээр өндөр технологийг хэрэглэх боломж олгосон тухайн үеийн удирдлагууддаа талархдаг.
Манай тасаг өнөөдрийн байдлаар нийт 10 эмчтэй, 30 ортой, амбулаторийн 5 кабинетэд иргэдэд үзлэг, оношилгоо хийж ажиллаж байна. Тасагтаа шинээр нэвтрүүлсэн том шинэчлэл маань амбулаторийн эмч нар хүмүүст үзлэг хийхээс гадна мэргэшсэн чиглэлийнхээ мэс заслыг хийдэг болсон. Ингэснээр эмч нар маань илүү нарийн мэргэших боломж нь бүрдсэн юм.
УНТЭ-ийн хувьд чих, хамар хоолойн мэс заслын шинэ технологийг нэвтрүүлээд байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Манай эмнэлгийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээн дээр олон талаараа анхдагч байсаар ирсэн.
Тухайлбал манай чих, хамар, хоолойн тасгийн хамт олон Монгол улсын чих, хамар, хоолойн мэс заслын хөгжилд хоёр ч шинэ технологийг нэвтрүүлээд байна. Энэ нь хамрын таславчийн цоорхой нөхөн сэргээх болон хамрын хөндийн доод самалдаг шилжүүлэн суулгах мэс заслууд юм.
Уг мэс заслуудыг эх орондоо хийдэг болсноор иргэд маань хямд зардлаар дэлхийн түвшинд хүрэхүйц үр дүн бүхий мэс заслын үйлчилгээг авах нөхцөл бүрдэж байгаа юм.
Өмнө нь 2010 онд Америк эмч нар уг мэс заслыг манай улсад хоёр тохиолдолд хийсэн боловч амжилтгүй болсон. Улмаар бид 2017 онд Америкийн чих хамар хоолойн нийгэмлэгийн олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд таславчийн цоорхойг нөхөх шинэ аргын тухай өгүүлэл хэвлүүлсэн байсныг уншиж танилцаад уг мэс заслын арга техникээр үйлчлүүлэгчээ бэлтгэн мэс заслыг амжилттай хийсэн. Одоогийн байдлаар 15 иргэнд уг мэс заслыг хийхэд 13 нь амжилттай болсон. 2019 оноос манай баг хамт олон хамрын таславчийн цоорхойг нутагшуулсан гэж хэлж болно.
Хамрын мэс засал нь бага зайд жижиг хүрцээр хийдэг микро мэс засал юм. Хамрын таславч цоорох үед хамар хатах , амьсгалах үед шүгэлдэх чимээ гарах, хамрын нуруу суух зэрэг хүндрэл үүсдэг.
-Манай улсад ийм оноштой иргэд хэчнээн байдаг вэ?
-Сүүлийн үед энэ төрлийн оноштой иргэд ихсэж байна. Ялангуяа агаарын бохирдолтой холбоотойгоор сүүлийн 10 жилд нэлээдгүй өссөн. 1990-ээд онд анх нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байхад цоорхойтой хүн жилдээ нэгээс хоёр л байдаг байсан бол одоо жилд дунджаар 20-30 хүнийг үзэж оношилж, мэс заслыг хийж байна. Сайн дурантай байснаар мэс засал сайн хийгддэг. Мөн эмч нарын гарын эв дүй, ур чадвар их шаардагддаг.
-Манай улсад уг мэс заслыг хэр өндөр өртгөөр хийдэг вэ? ЭМД-ийн 75 хувийн хөнгөлөлтөд хамрагддаг уу?
-Таславчийн цоорхойн мэс засал нь амь насанд эрсдэлтэй ч юм уу тахир дутуу болгох эмгэг үүсгэдэггүй учраас өндөр өртөгт мэс заслын 75 хувийн хөнгөлөлтөд ордоггүй. Тухайн хүний дурангийн хагалгаанд хэрэглэдэг нэг удаагийн хэрэгслүүдийн өртөг болох нэг сая гаруй төгрөгт багтдаг. Харин гадаад улсад энэ төрлийн мэс заслыг 10 мянган доллараар хийдэг. Зарим иргэд гадаадад энэ мэс заслыг хийлгээд дахин цоорсон тохиолдол гарч, манай эмнэлэг дээр ирж байсан. Бид тухайн иргэнд дахин мэс засал хийж хагалгаа амжилттай болсон. Манай багт өнөөдрийн байдлаар 2,5-2,8 см-ын хэмжээтэй том цоорхойг амжилттай нөхсөн сайн үр дүн байна.
-Иргэд хамрын таславч цоордог энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Манай орны хувьд цаг агаар хуурайшилттай учраас хамрын доторх хөндий хуурайших, хамраа ухаж гэмтээснээр таславчаа гэмтээх, таслах эрсдэл үүсдэг. Хамрын таславч цоорохоор хамрын урд хэсгээр хонхойн суулт өгдөг. Суулт өгснөөр эрүүл мэндийн болон гаднах төрхийн хувьд ч хохирол үүсдэг учир яаралтай мэс ажилбарт орох нь хамгийн чухал.
Хамрын таславч цоорох нь хамар ухах зуршил, хамрын хөндийд стеройд цацлагыг удаан хугацаагаар хэрэглэх, химийн ууршимтгай бодисоор удаан хугацаагаар амьсгалах гэх мэт олон төрлийн шалтгаануудаас болж үүсдэг. Хамрын таславчийн цоорлын үед 40 хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй боловч, үлдсэн 60 хувьд нь хамар битүүрэх, тав үүсэх, амьсгалахад шүгэлдэх чимээ гарах, өвдөх зэрэг эмнэл зүйн шинж тэмдгүүд гардаг. Иргэнд дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол эмнэлгийн байгууллагад яаралтай хандах нь урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юм шүү гэж хэлмээр байна.
-Үүнээс гадна хамрын хөндийн доод самалдаг шилжүүлэн суулгах мэс заслыг шилжүүлсэн гэж байсан. Иргэдэд энэ талаар тодорхой ойлголт өгөхгүй юу?
-Хамрын самалдагны доод махыг авахуулснаар хамрын чийгшил алдагдах, хөндүүрлэн зовиурлах, амьсгалахад янгинаж өвдөх зэрэг хувь хүнд зовиур шаналгаа ихтэй эмгэг үүсдэг. Хамрын самалдаггүй болсон хүнд хавирганы мөгөөрснөөс хэсгийг авч хамрын самалдагт суулгах нөхөн сэргээх мэс заслыг 56 настай эрэгтэйд энэ оны 3 дугаар сарын 10-ны өдөр анх удаа амжилттай хийсэн. Товчхондоо өөрөө алга болсон болон ямар нэг мэс заслын үеийн хүндрэлээс үүсэн байхгүй болсон хамрын хэсгийг шинээр суулгаж байна гэсэн үг.
Уг мэс заслыг хийх болсон нь нэлээд урт түүхтэй. 2018 онд Солонгос профессор Европын чих, хамар, хоолойн том хуралд ийм оноштой хүнд мэс засал хийсэн тухайгаа илтгэсэн зураг, видеогоо танилцуулсан. Тухайн илтгэлд мэс заслын процесс болон бусад зүйлсийг нэг бүрчлэн танилцуулж хэсэг тус бүрийг нарийвчлан заасан онлайн хичээл байршуулсан бөгөөд тухайн хичээлийг үзэж, мөн энэ төрлийн эрдэм шинжилгээний өгүүллэгүүдийг маш нарийн судлаад Монголдоо хийх боломжтой юм байна гэж үзсэн. Солонгос багшийн хичээл дээр ийм өвчтэй нэг иргэн өвчнийхөө улмаас стресст өртөж түүнийгээ давж гарч чадалгүй амиа хорлосон тухай дурдсан. Эндээс хамрын самалдаггүй хүн ямар их дарамт, өвчнийг мэдэрдэгийг ойлгож болно.
-Өнөөдрийн байдлаар тасагт хэчнээн төрлийн хагалгаа хийгдэж байна вэ?
-Зөвхөн хамарт л гэхэд хамрын хөндийн дурангийн, хамрын дайвар хөндийн дурангийн, хамрын хөндийн ургацаг авах, гоо сайхны, хамрын таславчийн мурийлт засах, хамрын самалдаг засах, хамрын ясны хугарал засах зэрэг мэс засал гээд нийт 30 төрлийн мэс заслыг хийж байна.
Чихний 20 гаруй, чих, хамар хоолойн нийт 70 гаруй төрлийн мэс заслуудыг хийж байна.
-Монголын чих, хамар, хоолойн мэс заслын хөгжлийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Миний бие “Монголын чих хамар хоолойн нийгэмлэг”-ийн тэргүүнээр ажилладаг. Манай чих, хамар, хоолойн эмч нар олон улсын эмч нартай эн тэнцэхүйц мэдлэг, туршлагатай болсон. Үүний илрэл нь эмч нар маань олон улсын хурал, семинаруудад урилгаар илтгэл тавьдаг, олон улсын томоохон сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний нийтлэлээ хэвлүүлдэг болсон.
Өмнө бид бусдын ярихыг л сонсдог байсан бол өнөөдөр үр дүнгээ хуваалцан, харилцан туршлага солилцох чадвартай болж олон улсын эмч нартай нэг түвшинд байгаа нь бидний ахиц, дэвшил, өсөлт юм.
Чих, хамар, хоолойн нь мэс засал нь маш олон эрхтнийг хамарсан, шинж тэмдгүүд бүдэг, хэтэрхий нарын жижиг бүтцэд мэс засал хийгддэг. Энэ төрлийн мэс заслыг нүдээр хараад хийх боломжгүй байдаг тул эмч нар маань их олон жилээр бэлтгэгддэг. Нэг мэс заслыг 30 удаа хийхэд тухайн эмчийг анхны мэдэгдэхүүнтэй боллоо, 100 удаа хийхэд эхний байдлаар сурч байна, 500 удаа хийхэд гаршиж байна гэж үздэг. Манай салбарын мэс засалчид нар маш өргөн мэдлэгтэй, гар хурууны нарийн ур чадвартай байх шаардлагатай байдаг. Хамгийн гол хүчин зүйл болон хүний нөөц болсон эмч нар маань их залуужиж байгаагаас гадна гадаад хэлний өндөр боловсролтой болсон. Мөн 2010 оноос хойш бүх зүйл нээлттэй болж цахимаар сургалт, судалгааны ажлууд дэлхий даяар нэг хэл дээр түгээгдэж байгаа нь эмч нарт маань мэргэжлээрээ өсөн дэвжих боломжийг олгож байна. Арван жилийн дараах манай салбарын эмч нарын мэдлэг, ур чадвар гайхалтай үр дүнг бий болгоно гэдэгт итгэж байна.
-Ярилцсан баярлалаа. Арвин их түүхийн эзэн байгаарай гэж хүсэн ерөөе.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье.
Эх сурвалж: Өдрийн сонин
24news.mn