2024 оны 11 сарын 24
Зочин
С.МӨНХБАЯРЛАХ: Энэ удаагийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-41“ эрдэм шинжилгээний хуралд 700 орчим эмч, судлаачид оролцсон
УНТЭ -ийн Сургалт, эрдэм шинжилгээ стратеги эрхэлсэн захирал С.Мөнхбаярлахтай өнгөрсөн долоо хоногт болсон УНТЭ-ийн "ЭРДМИЙН ЧУУЛГАН-41" эрдэм шинжилгээний хурал болон тус эмнэлэгт хийгдэж буй ажлын талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн долоо хоногт УНТЭ-ээс "ЭРДМИЙН ЧУУЛГАН-41" эрдэм шинжилгээний хурлыг дотооддоо цахимаар амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганы онцлогийн талаар ярилцлагаа эхлүүлье.

-Сайн байна уу. УНТЭ нь төрөлжсөн мэргэжлийн лавлагаа, тусламж үйлчилгээг үзүүлдэг эмнэлэг. Манай эмнэлгийн эмч мэргэжилтнүүд оношилгоо, эмчилгээний эмнэл зүйн үндсэн ажлаасаа гадна эрдэм шинжилгээ, судалгаа хийж, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн дараах сургалт явуулдаг. Энэ үүргийнхээ дагуу УНТЭ-ийн эмч мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгож хэлэлцүүлэх зорилгоор "ЭРДМИЙН ЧУУЛГАН"-ыг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн эрдмийн чуулган хэд хэдэн онцлогтой болсон. Энэ жилийн хувьд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор 41 дэх удаагийн "ЭРДМИЙН ЧУУЛГАН"-аа цахимаар зохион байгуулсан. Мөн эрдмийн чуулганд эрүүл мэндийн салбарын нийт судлаачдын илтгэлийг цахим хуудсаараа нээлттэй хүлээн авч, энэ салбарт ажилладаг бүх эмч, мэргэжилтнүүдийн оролцох боломжийг хангаж өгсөн. “Эрдмийн чуулган-41” нь сувилахуйн ухааны, дотрын анагаах ухааны, мэс заслын анагаах ухааны гэсэн гурван салбар хуралдаантайгаар амжилттай зохион байгуулагдлаа. Нийтдээ энэ 3 салбар хуралдаанд 450 гаруй хүн цахимаар оролцсон.

Гадаадын улс орнуудад олон улсын хурлыг вебсайтаар дамжуулан холбогдох мэдээллийг шуурхай хүргэж, илтгэлийг хүлээн авах боломжоор хангадаг. Тэгвэл бид энэ аргыг Монголдоо нэвтрүүлж http://science-fchm.mn/ сайтыг шинээр боловсруулан ашиглаж хурлаа зохион байгуулсан.

-Энэ удаагийн чуулганд нийт хэчнээн хүний илтгэл шилдгээр шалгарав. Таны зүгээс ирсэн бүтээлүүдийн чанар чансааг хэрхэн харж байв.

-Гурван салбар хуралдаанд нийт 120 гаруй илтгэл, салбар тус бүрт 32-46 илтгэл хүлээн авсан. Эхний шатанд салбар тус бүрээс шилдэг 10 илтгэлийг тодруулж, аман хэлбэрээр хэлэлцүүлээд салбар хуралдаан тус бүрээс эхний гурван байрыг шалгаруулсан. Нийтдээ 9 шилдэг судалгааны багийг шалгаруулсан. Шүүгч нарын хувьд эрүүл мэндийн салбартаа шилдэг эрдэмтэн, профессоруудыг урьж ажиллуулсан. Эдгээр шүүгчид маань 70 хүртэл оноог өгсөн бол үлдсэн 30 хүртэл оноог олон нийтийн оролцоог дэмжих зорилгоор цахимаар хуралд оролцсон хүмүүс өгч нийлбэр оноогоор шилдгүүдээ шалгарууллаа. Эрдэм шинжилгээний хуралд салбар бүрээс тэргүүн байр эзэлсэн гурван оролцогчдоо 4,5 сая төгрөгийн өртөг бүхий нөүтбүүк, хоёрдугаар байранд орсон судлаачид нэг сая төгрөг, гуравдугаар байранд орсон судлаачдад 700 мянган төгрөг, тусгай байранд орсон судлаачид 150 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан. Энэ удаагийн хурлын шагналын сан харьцангуй өндөр байлаа. Эмч нар маань эмнэл зүйн ажлаа хийхээс гадна сайн судлаачид байх ёстой, анагаах ухааны салбарт гарч байгаа инноваци, шинэ технологийг нэвтрүүлдэг, үүндээ тулгуурлаж судалгаа хийдэг, судалгаанаас нотолгоо бий болгодог, нотолгоогоо эмнэл зүйн үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг байх шаардлагыг тавьж байгаа. Тэр ч утгаараа бид эрдэм шинжилгээний ажилд ач холбогдол өгч шагналын санг нэмэгдүүлсэн.

Энэ удаагийн эрдмийн чуулганд сэдэв сонголт маш сайн, орчин үеийн аргыг ашиглаж, зорьсон зорилгоо хангалттай биелүүлж чадсан, анагаах ухааны доктор, магистрын зэрэг хамгаалах түвшиний чансаатай илтгэлүүд хэлэлцэгдсэн. 

-Гурван салбар хуралдаанд ер нь хэчнээн эмч, судлаачид хамрагдаж чадсан бэ?

-Дээр хэлсэнчлэн 120 илтгэл буюу судалгааг гардан хийсэн эмч мэргэжилтнүүд байгаа. Нэг судалгааны ажил 3-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр багаараа хийгдсэн байна. Тэгэхээр хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн 700 орчим эмч, судлаачид судалгааны ажлын үр дүнгээрээ хамрагдсан гэж хэлж болно.

-Шилдэг илтгэлүүдээс онцлох бүтээл юу байсан бэ?

-Энэ жилийн илтгэлүүд бүгд л сонирхол татахуйц байсан. Эмч, мэргэжилтнүүдийн маань дийлэнх нь ажлын байран дээрээ судалгаа хийсэн учраас УНТЭ-ээр үйлчлүүлэгчдийн дунд тохиолдож буй өвчин, эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхийг зорьсон, эмч, мэргэжилтнүүдэд тулгамдаж байгаа бүх асуудлууд энэ чуулган дээр хэлэлцэгдэж яригдсан. Жишээлбэл сувилахуйн ухааны салбарт тавигдсан нэг илтгэлд УНТЭ-ийн нийт эмч, мэргэжилтнүүдийн бодисын солилцооны хам шинж, биеийн жингийн илүүдлийн судалгаа байсан. Энэ судалгааны үр дүнгээс бид эмч мэргэжилтнүүдийнхээ эрүүл мэнд, зөв зохистой амьдралын хэв маягийг бий болгох тал дээр нь ажил хийх, арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай юм байна гэдэг мессежийг авч, ажил хэрэг болгохоор төлөвлөж байна. Мөн мэс заслын салбар хуралдаанд хэлэлцүүлсэн илтгэлүүд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологитой холбоотой сонирхолтой, сайн нотолгоо болохуйц байсан.

-Мэс заслын төрөл, мэс заслыг эмнэлэгтээ нутагшуулсан үзүүлэлт бол эмнэлгийн нэрийн хуудас болдог. Тэгвэл мэс заслын анагаах ухааны салбар хуралдааны шилдгээр шалгарсан бүтээлийг танилцуулбал.

-Мэс заслын анагаах ухааны салбар хуралдаанаар манай эмнэлгийн өвөрмөц онцлогийг харуулсан илтгэлүүд ирсэн. Элэг шилжүүлэн суулгах багийн судалгааны ажлууд эхний байранд шалгарсан. Монгол улсад Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг УНТЭ, ХСҮТ гэсэн хоёр эмнэлэгт л хийж байгаа. Манай УНТЭ дээр хамгийн анхны тохиолдлуудыг хийж эхэлснээс хойш 100+ тохиолдол хийгдсэн. Тэр ч утгаараа манай дээр элэг шилжүүлэн суулгах үеийн болон суулгасны дараах эмчилгээний бүх өгөгдлүүд байдаг хадгалагдаж байдаг учраас үүн дээрээ суурилж судалгаагаа хийсэн байсан. Энэ нь ч олон нийтийн анхаарлын төвд байлаа.

-Энэ хуралд цаашид өөр эмнэлгийн эмч мэргэжилтнүүд орох боломжийг нээж өгөх үү?

-УНТЭ нь манай улсын ууган эмнэлэг. Бусад эмнэлэг, эрүүл мэндийн салбарынхан манай эмнэлгийг ямар түвшинд, хэрхэн, яаж хөгжиж байгааг харж, жишиг болгож хөгждөг.

Тэр ч утгаараа эрдэм шинжилгээ, судалгаа, эмнэл зүйн үйл ажиллагаа, сургалтын ажлаа өндөр төвшинд авч явахыг эрмэлзэж манлайлж явах ёстой. Өөрөөр хэлбэл УНТЭ шинэ технологийг анхлан нэвтрүүлдэг, түүнийгээ судалдаг, судалгаан дээрээ нотолгоо бий болгодог эмнэлэг. Ингээд шинээр нэвтрүүлсэн оношилгоо, эмчилгээний технологиуд бусад эмнэлгүүдэд нэвтэрдэг. Ер нь улсын бүх эмнэлгүүд эрдэм шинжилгээний бага хурлыг дотооддоо зохион байгуулдаг. Энэ жил бид Монголдоо анх удаа эрдэм шинжилгээний чуулганыг цахимаар зохион байгуулсан анхдагч хамт олон болсон. Цаашид бид анхдагч, манлайлагч байх эрхэм зорилгодоо нийцүүлэн “Эрдмийн чуулган”-ыг зөвхөн байгууллагын хурал гэхээсээ илүү энэ салбарын эрдэм шинжилгээний чуулган болгох зорилготойгоор ажиллаж байна.

-УНТЭ энэ жил ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

-УНТЭ 2020-2024 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулан баталж хэрэгжүүлж эхлээд байгаа. Стратеги төлөвлөгөөнд 2020 оноос хэрэгжүүлэх бүрэн боломжтой олон шинэ технологи, оношилгоо, эмчилгээний ажлууд төлөвлөгдсөн. Заримаас нь жишээ болгоход:

Нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээг эх орондоо анх удаа хийх бэлтгэлээ хийж нойр булчирхай шилжүүлэн суулгах эмнэлзүйн заавраа боловсруулж батлууллаа. Энэ чиглэлээр дөрвөн эмчээ БНСУ-ын Асан Анагаах ухааны төвд сургаад бэлдчихсэн байгаа. Мөн “Зүрхний төв”-ийг шинээр байгуулж зүрхний цочмог цус хомстлын эмгэг буюу шигдээсийг эмчилдэг “Шигдээсийн нэгж”-ийг байгуулсан. Тус төвд маань зүрх судасны өвчин буюу дотрын өвчнүүдийг эмчилдэг, шигдээсийн яаралтай тусламж үзүүлдэг, ангиографийн дэвшилтэт технологи бүрэн нэвтэрсэн. Үүн дээрээ үндэслэж зүрхний мэс заслыг хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх алхмыг эхлүүлээд байна.

Үүнээс гадна гурван жилийн өмнөөс мэдрэлийн мэс заслыг хөгжүүлэх зорилгоор эмч мэргэжилтэн, хүний нөөцөө бүрдүүлсэн. Орчноо бүрдүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд л мэдрэлийн том том мэс заслуудаа хийх боломжтой байна. Түүнчлэн “Салбарын хөгжилд хамтдаа” аяныг хэрэгжүүлж байна. Тус аянаар УНТЭ л цойлоод манлайлаад байх биш, хамтран ажиллаж салбарынхандаа мэдлэг, чадвар, туршлагаа хуваалцах байр суурийг баримталж, бүсийн оношилгооны эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, хөдөө орон нутагт очиж эмч мэргэжилтнүүдэд ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж, үйлчлүүлэгчдийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ чирэгдэлгүй авах боломж бололцоог нь хангаж байна. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутгийн эмч нарыг УНТЭ дээрээ авчирч дадлагажуулж сургах, манай эмнэлгийн эмч нар хөдөө орон нутагт очиж сургалтууд зохион байгуулж, өвчтөний асуудлыг газар дээр шийдэж байгаа.

-Хөдөө орон нутгийн эмч нарыг сургахаас гадна АШУҮИС-ийг төгссөн резидент эмч нарыг сургадаг уу? Шинэ эмч нарын хувьд танай эмнэлгээс их зүйл сурах боломжтой.

- УНТЭ бол төгсөлтийн өмнөх болон дараах сургалтуудыг зохион байгуулдаг сургалт эрхлэх байгууллагын зөвшөөрөлтэй эмнэлэг. Бид 2019-2020 онд эмнэлэг дээр сургалт, судалгааны төвийг шинээр байгуулан, тохижуулаад оюутнууд болон төгсөлтийн дараах сургалтад суралцаж байгаа эмч, сувилагч нарт сургалт явуулах орчин нөхцөлийг бүрдүүлсэн байгаа. Төрийн болон хувийн хэвшлийн бүхий л сургуулиудын 2700 гаруй оюутнууд хүний их эмч болон сувилагч бэлтгэх сургалтын хөтөлбөрийнхөө дагуу манай эмнэлэг дээр ирж төгсөлтийн өмнөх сургалтын дадлагаа хийж суралцдаг. Өнөөдрийн байдлаар үндсэн мэргэжлийн эмчийн сургалтад 11 мэргэжлийн хөтөлбөрөөр нийтдээ 250 гаруй резидент суралцаж байна. Мөн төрөлжсөн мэргэжлийн 13 чиглэлээр 30 гаруй эмч суралцаж байна. Сувилахуйн 12 төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр 140 гаруй сувилагч мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байгаа. Одоогийн байдлаар 2020 оны хаврын элсэгчидтэй нийлээд 450 гаруй хүн суралцаж байна. Мөн мэргэжил дээшлүүлэх болон богино хугацааны багц цагийн сургалтуудыг ч зохион байгуулдаг.
 

Ингээд бүхэлд нь харахад УНТЭ бол эмнэлзүйн үндсэн үйл ажиллагааныхаа хажуугаар ийм олон оюутан, эмч, сувилагч, мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулж байдаг Монгол улсдаа хамгийн том сургалтын түшиц эмнэлэг юм.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.