2024 оны 11 сарын 24
Зочин
Д.ГАНПҮРЭВ: Архео-хөгжим судлалыг Монголын шинжлэх ухааны салбарт нутагшуулах шаардлагатай

Монгол Улсын шинжлэх ухааны салбарт урьд өмнө нь сонсогдож байгаагүй архео-хөгжим судлалын талаар Монголын угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, судлаач Д.Ганпүрэвтэй ярилцлаа.

-Архео-хөгжим судлал гэж чухам юуг нэрлээд байна вэ. Манай шинжлэх ухааны салбарт шаардлагатай судлагдахуун мөн үү?

-Олон улсын археологи болон соёл, угсаатан, хөгжим судлаачид 1977 онд АНУ-ын Берклей хотноо чуулж, архео-хөгжим судлал гэх цоо шинэ нэр томьёог шинжлэх ухаанд оруулсан түүхтэй. Дундад зууны үеийн болон эртний хөгжмийг судлах зорилготой эл салбарт археологи, соёл, угсаатан, хөгжим судлаач эрдэмтэд багтдаг. Тиймээс дэлхийн олон оронд архео-хөгжим судлалыг салбар дундын шинжлэх ухаан гэж үздэг юм. Нүүдэлчдийн үеийн хөгжмийн зэмсгийн цөөнгүй олдвортой манай улсын хувьд заавал ашиглах ёстой судлагдахуун. Харамсалтай нь, судлаачид үүнийг эрдэм шинжилгээний ажилд тэр бүр ашиглаж хэвшээгүй.

-Эртний хөгжмийн олдворыг судлах зайлшгүй шаардлагатай байх нь. Тэгвэл манай улсаас олдож байсан, эл аргаар нэмж судлах шаардлагатай ямар олдворууд байна вэ?

-Хүрэл зэвсгийн үеийн Хүннүгийн хожуу үед хамаарах Монгол, Хятад, Тува, Минусын хотгороос археологийн малтлагаар илэрсэн хэл хуурыг архео-хөгжим судлалын аргаар шинжлэх хэрэгтэй. Ингэснээр 3000 гаруй жилийн өмнөх эртний нүүдэлчдийн үеийн хөгжмийн онцлог, ахуй амьдралыг судлах боломж бүрдэнэ. Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, судлаач Т.Түвшинжаргал, Ч.Баяндэлгэр нар Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт орших афанасаев хэлбэрийн булшнаас 2018 онд анчны шовшуур буюу ясан шүгэл илрүүлсэн. Эл шүгэл нь 3300 жилийн өмнөх үед хамаарах хөгжмийн зэмсэг. Архео-хөгжим судлалын тусламжтайгаар дээрх шүгэл болон Тэнгэр уул, Памирын өндөрлөг, Ховд аймгийн Жаргалант хайрхнаас олсон зарим туульсын хөгжмийн олдворыг судалж, олон улс дахь тархалт, он цагийг нь тодорхойлсон байдаг. Манай улс үүнийг хөгжим судлалын салбарт нэвтрүүлбэл хэдэн арван олдворын түүхэн цаг хугацаа, үүсэл гарал зэрэг мэдээллийг тодорхойлж чадна. Мөн дээрх олдворуудыг ч нэмж судлах боломжтой.

-Жаргалант хайрхны булшнаас гарсан олдвор эртний нүүдэлчидтэй салшгүй холбоотой гэлээ. Хөгжмийн зэмсгийн судалгаа урагштай байна уу?

-Археологи, палеоантропологи (түүх, хүний гарал үүсэл судлал), бичиг, үсэг болон зураасан зураг зэргийг судалсан. Харин архео-хөгжим талын судалгаа нь үргэлжилж байгаа. Жаргалант хайрхны булшнаас олсон чавхдаст хөгжмийн олдворыг эртний нүүдэлчдийн ахуй соёлтой холбон шинжлэхээс гадна тоглох арга, урын сангийн талаар нарийвчлан судалж, хөгжүүлэх шаардлагатай. Олдворын эд ангийг нэрлэж, дутууг нь нөхөж, анхдагч загварыг гаргаж, угсаа гарвал, ангиллыг тогтоосноор эртний нүүдэлчдийн туульсын ятгын уламжлалын талаар дэлгэрэнгүй мэдэх боломж бүрдэх юм. Ийнхүү нарийвчлан судлахын тулд архео-хөгжим судлалыг Монголын шинжлэх ухааны салбарт нутагшуулах шаардлагатай.

Хөгжим судлалын салбарт Хорнбостел-Закс нарын ангиллын загвар гэж бий. Эл загварыг 1917 онд боловсруулсан, дэлхийн олон орны хөгжим судлаач түүхэн олдворуудыг ангилахдаа ашиглаж ирсэн. Үүнийг архео-хөгжим судлалын ухааны онол, арга зүйтэй нэгтгэн Ховд аймгийн нутагт орших Жаргалант хайрхны булшнаас илэрсэн хөгжмийн ангиллыг тогтоосон. Эл олдвор нь эртний нүүдэлчдийн үеийн нуман хүзүүтэй, туульсын ятгын ангилалд багтах бөгөөд Алтай ятга гэж нэрлээд байгаа. Олон улсад Андура гэж нэрлэх болсон.

-Алтай ятгаас өөр эртний нүүдэлчдийн үед хамаарах, архео-хөгжим судлалын аргаар судлах шаардлагатай хөгжмийн зэмсэг Монголоос олсон болов уу?

-МЭӨ 1000 онд Монголын газар нутаг одоогийнхоос том байсан шүү дээ. Тиймээс тухайн үеийн Монголд угсаатны ямар бүлгүүд нутаглаж байсныг тогтоох нь чухал. Ингэснээр эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг тодорхойлох боломжтой. Одоогоор 10 гаруй туульсын ятга олоод байна. Жишээлбэл, МЭӨ Х зууны үед хамаарах нүүдэлчдийн ятга (шинжлэх ухаанд янгхайн гэж нэрлэдэг) Шинжааны хойд хэсгийн Турфан хотын орчимд байх Янхайн оршуулгын газраас олдсон удаатай. Мөн Шинжааны Баянголын нутагт орших Жаганлукийн нэг болон хоёрдугаар оршуулгаас МЭӨ VII-II зуунд холбогдох дээрх төрлийн ятга олж байв. Эдгээр ятга нь Жаргалант хайрхны хөгжмийн олдворын нэгэн адил 70-80 см урт, таван чавхдастай, тэдгээртээ тохирсон тохой хэрийн цуурайн хайрцагтай, мөн тийм хэмжээний шулуун хүзүүтэй, манай нүүдэлчдийн хэрэглэж байсан хөгжмийн зэмсгүүд юм. Памирын өндөрлөгөөс МЭӨ V, хойд талын Улаган хэмээх газраас Пазырыкийн (Монгол Алтайтай хил залгаа Орос, Хятад, Казахстаны нутагт МЭӨ VI-II зуунд амьдарч байсан нүүдэлчдийн үеийг ийн нэрлэнэ) үед өнцөгт ятгыг олж байв.

-Архео-хөгжим судлалыг манай улсын шинжлэх ухааны салбарт ашиглахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Аливаа улсын түүх, ирээдүйн хөгжлийн салшгүй нэг хэсэг нь соёл, урлаг юм. Дэлхийн ихэнх улс эл салбартаа анхаарал хандуулж, нялх хүүхэд мэт торддог. Гэвч манайх төсөв, хөрөнгөөс эхлээд бүхий л зүйлээ эл салбараас харамладаг гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн үеийн судлагдаагүй түүхийг илрүүлэх, хойч үедээ дамжуулан үлдээхийн тулд судалгааг тогтмолжуулах шаардлагатай. Ингэхийн тулд судлаачаа дэмжиж, ажиллах орчныг сайжруулах нь шийдэх ёстой чухал асуудал. Мөн архео-хөгжим судлалын чиглэлээр судлаач бэлтгэх хэрэгтэй байна.

 

 
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.