Ч.ОЛДОХ
Монголын Үндэсний музейн Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга И.Будбаяртай ярилцлаа.
- Монголын Үндэсний музей цахим хэлбэрт шилжсэнээр дэвшил гарсан уу, эсвэл?
-Улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан бид цахим орчинд ажиллаж байна. Үзмэрийн танхимд манай нийт үзмэрийн 10 орчим хувь нь дэглэгдсэн байдаг. Цахим орчинд ажиллах болсноор “Алтан сан хөмрөг”, бусад үзмэрүүдээ олон нийтэд үзүүлэх, танилцуулах боломжийг олгож байна. Энэ хүрээнд бид төлөвлөгөө гаргаж, танхим дахь үзмэрүүдээ биш сан хөмрөг дэх үзмэрүүдээ эхнээс нь тодорхой тайлбар, гэрэл зургийн хамт цахим хуудастаа байршуулан үзэгчдэд хүргэж байгаа. Аливаа зүйл сул болон давуу талтай байдаг. Музейн салбар цахим орчинд үйл ажиллагаагаа хэрхэн явуулах вэ гэдэгт суралцах, шинээр боломжуудыг нээх бололцоог цар тахлын энэ үе бидэнд олголоо.
-Дэлхийн хаанаас ч танай музейг үзэх боломж нээгдсэн гэж болох уу?
-Манай хамт олон энэ чиглэлд 3-4 жилийн өмнөөс эхлэн ажиллаж ирсэн. Тодорхой үзмэрүүдийг виртуаль хэлбэрээр үзүүлэх боломжийг бий болгосон.
Цахим орчинд ажиллах тал руу дэлхийн музейнүүд ч 100 хувь шилжчихээгүй. Манай улсын хэмжээнд 10 музей цахим орчинд виртуаль хэлбэрээр музейгээ үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Ялангуяа цар тахлын улмаас хөл хорионд шилжсэнээр бид шинээр сурах, суралцах зүйл олон байгааг харж байна. Яг одоо музей болгон 2021 оны төлөвлөгөөгөө гаргаж байгаа. Энэ цаг үед шаардлагатай зүйлүүд, тоног төхөөрөмж авах гэх мэт төлөвлөлтөө сайн хийх хэрэгтэй юм. Өнгөрсөн хоёр жил музей орлогоо өөрийн үйл ажиллагаанд зарцуулах эрхийг Засгийн газраас олгосон. Энэ нь музейнхээ үйл ажиллагааг өргөжүүлэх, материаллаг баазаа бэхжүүлэхэд дэвшилттэй алхам болсон.
Цахим орчин бол дэлхийн хаанаас ч хэн ч ороод үзэх өргөн боломж. Тиймээс үзмэрүүдээ танилцуулах үүд хил хязгааргүй нээгдэж байгаа юм. Нөгөө талаас зөвхөн музейн үзмэр гэж яривал өрөөсгөл болно.
-Тухайлбал?
-Өмнө нь музейн шилэн хоргонд үзмэрээ тодорхой хаяг тайлбартайгаар дэглээд тавьчихдаг байсан. Тэгвэл одоо тухайн үзмэрийн байсан түүхэн цаг үед эргэж очих, үзмэрээр дамжуулан тухайн үеийн нийгэм, түүх соёлын онцлогтой танилцах чиглэл рүү маш их ажиллах хэрэгтэй юм. Үүнд манай хамт олон анхаарч ажиллаж байна.
Зөвхөн нэг үзмэрийн тухайд бус түүгээр дамжуулан тэр цаг үеийн хүмүүсийн сэтгэхүй, түүх, соёлын цогц мэдээллийг одоо үетэйгээ холбож хүмүүст хүргэх чиглэлийг баримталж байгаа. Энэ боломжийг цахим орчин илүүтэй олгож байна. Хоёрдугаарт, дэлхийн хаанаас ч ороод үзэх боломжтой юм. Тиймээс энэ боломжид тулгуурлан, үүндээ нийцсэн техник, тоног төхөөрөмжийг бүрэн дүүрэн ашиглах шаардлага бас үүсч байна.
-Ямар үзмэрийг олон хүн үзэж, хандалт их авч вэ гэдгийг судалдаг уу?
-Бид өмнө нь 10 орчим үзмэрээ дэглээд үзүүлэнгийн танхимаар үзүүлдэг байсан бол цахимаар “Алтан сан хөмрөг” дэх бүх үзмэрээ олон нийтэд хүргэх боломжтой юм. Одоо бол ажил эхлээд явж байна. Тодорхой хугацааны дараа ямар үзмэрийг олон хүн орж ирсэн байна вэ, ямар санал сэтгэгдэл үлдээж вэ гээд судалгаа гаргах боломж бий. Ер нь бол манай ажилтнууд сар бүр статистик гаргадаг. Үүн дээр цахимаар ямар үзмэр хандалт их авч байгааг судлах, дараагийн төлөвлөгөөнд юун дээр анхаарах вэ гэдгээ тодорхойлох боломж нэмэгдэж байна.
-Үзмэрүүдийг бэлтгэхдээ юуг анхаарч, бас онцолж байна?
-Түүхчилсэн юм уу, үечилсэн байдлаар үзмэрүүдийг бэлдээгүй. Энэ жилийн хувьд угсаатны зүй, археологийн шинжлэх ухааны шинээр илэрч олдсон олдворууд, түрүүнд хэлсэнчлэн өнгөрсөн түүхэн цаг үед эргэж очих боломжийг олгох үүднээс үзмэрээ тавьж, тайлбар зүүлтийг бэлдсэн. Жишээ нь, археологийн малтлагаар олдсон манай үзмэр “Алтан нар, сар” бол Хүннүгийн үед хамаарах, Хүннүгийн хойчис нь Монголын Эзэнт гүрэн болохыг харуулсан олдвор байсан бол Хөвсгөлийн Хоригийн авран хамгаалах малтлагаар XIII-XIV зууны үед хамаарах алтан нар, сар олдсон гэх мэт шинжлэх ухааны болон танин мэдэхүйн ач холбогдолтой юм.
Манай музейн эрдэм шинжилгээний ажилтнууд үзмэрүүд дээр судалгаа хийдэг. Мөн жил бүр шинээр археологийн хайгуул хийж сан хөмрөгөө баяжуулдаг. Эрдэм шинжилгээний ажилтнуудынхаа судалгааны үр дүнгээс олон нийтэд танилцуулах ажлыг түлхүү явуулж байна.
-Музейн үзмэрүүд болон “Алтан сан хөмрөг”-ийг цахим орчинд дэлгэснээр хулгайч нарын анхаарлыг татаж сэдэл өгөх вий гэсэн болгоомжлол нийгэмд байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хүмүүс тэгж хэлдэг, сэрэмжлүүлдэг. Гэхдээ хамгийн сайн хамгаалалт бол сан хөмрөгт байгаа үзмэрүүдээ каталогиор, эрдэм шинжилгээний өгүүллээр, мөн цахим орчинд танилцуулах байдлаар олон нийтэд хүргэх юм. Хүмүүс энэ бүхнийг үзэж, танилцаад Монголын Үндэсний музейд ийм олдвор байдаг юм байна, ийм ховор үзмэр хадгалагдаж байна гэж мэдэх нь эргээд ямар нэгэн асуудал гарлаа гэхэд нотлох баримт болно. Өөрөөр хэлбэл, тухайн үзмэр алдагдах ч юм уу, муу юм болоход бид хойноос нь заргалдахад баримт болдог гэсэн үг. Түүнээс биш үзмэрүүдээ хав дарж, хэн ч мэдэхгүй байгаад алдах юм бол дараа нь тэрийг хэн ч нотлохгүй шүү дээ. Харин хэдий чинээ олонд хүнд хүргэнэ, хэдий чинээ эрдэм шинжилгээний эргэлтэд оруулна, мөн ном, каталоги, ном, баримтат кино, нэвтрүүлэг, сонин, хэвлэлээр сурталчилна вэ тэр бүхэн эргээд аюулгүй байдал талаасаа баталгаажиж байдаг.
-Музей эрдэм шинжилгээ, судалгааны ажил түлхүү явуулдаг нь олон талын ач холбогдолтой байх нь ээ?
-Ямар нэгэн үзмэр алдагдлаа гэхэд хүмүүс “Энэ чинь Монголын Үндэсний музейд байсан үзмэр байна” гэж мэддэг болох нь аюулгүй байдлын талаас баталгаа юм. Тиймээс музейн ажилтнууд сан хөмрөгт байгаа үзмэрүүдийг сайн судлах хэрэгтэй. Ямар түүхтэй, хаанаас гаралтай болохыг маш сайн судлах ёстой. Түүний дараа үзмэрүүд болон сан хөмрөгт хадгалагдаж байгаа ховор олдворуудыг хав дарах биш олон хэлбэрээр үзэгч, олон нийтэд хүргэх нь зүйтэй. Энэ бол олон нийтийн соён гэгээрэл, танин мэдэхүй талаас, тухайн үзмэрийн аюулгүй байдал баталгаажуулалтын талаас ч чухал ач холбогдолтой. Тиймээс цахим музейг бид өргөн боломж гэж харж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.11 БААСАН № 237 (6462)
24news.mn