Б.ДОЛЖИНЖАВ
“Зууны мэдээ” сонин, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран гадаадад гацсан болон тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа ОХУ-ын халдварын нөхцөл байдлын талаар Москва хотод амьдарч байгаа иргэн Нямдаагийн Дамдинжавтай ярилцлаа.
-ОХУ-ын халдвар эрчтэй нэмэгдэж, өнөөдрийг хүртэл хяналтдаа авч чадсангүй. Тэд юун дээр алдав гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Оросын Холбооны улсад COVID-19 цар тахал энэ оны хавраас хүн амын дунд тархсан. Намар хоёр дахь давлагаагаар нэлээд эрчтэй дэлгэрч одоогийн байдлаар өдөрт 30 мянга орчим хүн халдвар авч, тархалтын оргил үедээ ирээд байна. Ингэж эрчимтэй тархаж, нас баралт нэмэгдсэн нь олон шалтгаантай болов уу. Хавар эхний давлагаа намжиж, зун болоход хүмүүсийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж, аялал, амралтаар олон орон руу аялацгаасан. Ингээд буцаж ирэхдээ олон хүн халдвар тээж ирсэн.
Ихэнх нь Турк улсад амарсан хүмүүс байсан нь Турк амралтын улирлаар халдварын тархалтаа нуусантай холбоотой гэж бодож байна. Мөн эхний давлагааг хохирол багатай давсан учир бүгд тайвширч, хатуу хөл хорионоос татгалзсан. Засгийн газар нь ч бусад орнуудтай харьцуулахад тархалт бага байгаадаа эрдэж, шаардлагаа сулруулсан. Үүний дараахан вакцин удахгүй бэлэн болно гэсэн мэдээллийг цацсан нь олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлж, тайвшрах нэг шалтгаан болсон.
-Өнөөдрийн байдлаар Москвад хөл хорионы ямар журам үйлчилж байна вэ. Ахмад настнуудыг гэрээс гарахыг хориглосон хатуу журам үйлчилж байгаа гэж сонслоо?
-ОХУ-ын муж, хязгаарууд өвчний халдварын тархалтаас хамаараад өөр өөр хөл хорионы дэглэм хэрэгжүүлж байна. Москвагийн хувьд иргэн бүр амны хаалт, бээлий хэрэглэх зайлшгүй шаардлагатай. I-V ангийн сурагчид хичээлдээ явж сургууль дээрээ багштайгаа тулж хичээллэж байна. Харин VI-XI ангийнхан нь 2021 оны хичээлийн жилийн II улирлын амралт дуустал зайнаас суралцана. Их, дээд сургууль, коллежүүд ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл 100 хувь зайны сургалтад шилжсэн. 65 ба түүнээс дээш насныхан гэрээрээ хөл хорионд сууж байна.
Энэ нь сайн дурын хөл хорио биш, заавал гэртээ байх чанга хөл хорио юм. Ажиллаж байгаа тэтгэврийн насныхан зайнаас ажлаа хийнэ. Мөн хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд гэртээ байх журам үйлчилж байна. Гэхдээ дэлгүүр, эмийн сан орох, гэрийн ойролцоо салхилах, агаарт гарах нь чөлөөтэй. Гэрийн горимд шилжсэн иргэдэд хоол хүнс, эм тан, гэрийн тэжээвэр амьтны хоол, түлээ мод зэргийг тусгай утсаар захиалгыг нь авч, нийгмийн ажилтнууд, сайн дурынхан хүргэж өгнө. Халдвар аваад гэрээрээ эмчлүүлж байгаа иргэнд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд өгч байгаа эмийг гэрээр нь үнэ төлбөргүй олгож байна.
-Халдвараас сэргийлэх гол арга зам нь амны хаалт зүүх гэж ДЭМБ зөвлөж байна. ОХУ-д маскны хүрэлцээ ямар байна. АНУ-ыг маскны хүрэлцээгүй байдлаас үүдэн иргэдээ хэрэглэх шаардлагагүй гэж зөвлөснөөс халдварыг хяналтнаас алдсан гэж судлаачид үзэж байна?
-Цар тахлын тархалтын эхэн үед хүмүүс сэтгэл зүйн хувьд айдастай, эмээж болгоомжлох нь арай илүү, хянуур, эрүүл ахуйн заавар зөвлөлгөөг чанд мөрдөх эрмэлзлэлтэй байсан. Тэр болгоомжлол бүр илт мэдэгдэж байсан. Эхний үед амны хаалт нь хүрэлцээгүй, ариутгагч бодис нь эмийн сангуудад байхгүй шахам байсан. Тиймээс зөвхөн голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд амны хаалт хэрэглэж байсан. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор гадуур гарахдаа, нийтийн тээвэр, метро, дэлгүүрт амны хаалттай явах хэрэггүй гэж хэд хэдэн телевиз, зарим нэр хүндтэй сэтгүүлч нар их мэдэгчийн дүрд тоглож мэдээлсэн нь халдварын тархалтыг эрчимтэй нэмэгдүүлсэн байх өндөр магадлалтай. Зай барих тухай ойлголт бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Одоо ч зай барих шаардлага хэрэгжихгүй байна. Энэ ард түмэнд “За яав л гэж дээ...” (русский авось) гэсэн үл ойшоох тоомжиргүй налгар зан бараг үндэснийх нь хам шинж болчихсон байдаг юм даа.
-Москва иргэдээ COVID-19 эсрэг вакцинд хамруулж эхэлсэн. Вакцинжуулалтын бэлтгэл ажлаа хэрхэн хангасан юм бол?
-Вакцин бүтээх нь яахын аргагүй хүн амыг цар тахлаас урьдчилан сэргийлэх тухайн орны төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа онцгой арга хэмжээ мөн. Гэвч үүний цаадах бизнесийн ашиг сонирхол нь давамгайлж байгаа. Тиймээс дэлхий нийтээрээ өрсөлдөж, вакциныг түрүүлж гаргаж авснаа зарлах гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уралдаж байна. Вакцинжуулалтын бэлтгэл ажилд мэргэжилтнүүдээр хангагдсан, орчин үеийн шаардлага хангахуйцаар тоноглогдсон вакцинжуулах төвүүдийг бэлтгэх, тэнд вакцин хүлээн авах, хадгалах дэд бүтэц бий болгохоос гадна хөргөлтийн тусгай төхөөрөмжүүд туйлын чухал.
Вакцинжуулалт Москвад эхэлсэн. Эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, багш нар, батлан хамгаалах салбарынхан сайн дурын үндсэн дээр хамрагдаж байна. ОХУ-ын хувьд нийт 10 орчим вакцин туршиж байгаагаас гурав нь сүүлчийн шатандаа орсон. Хамгийн ахицтай нь Спутник-V. Энэ вакцин өндөр үр дүнтэй, сөрөг нөлөөгүй гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрч байна. Тиймээс хүн амаа вакцинжуулахаар Спутник-V вакцинаа эргэлтэд орууллаа. Энэ нь хүний аденовирусыг суурь болгон авч бүтээсэн вакцин юм байна. Харин “EpiVacCorona” вакцин нь хиймэл уурагт тулгуурласан тул аливаа нэгэн хор нөлөө байхгүй, ахмад настнууд болон хүүхдүүдэд илүү тохирох вакцин гэж үзэж байна.
-ДЭМБ баталгаажуулаагүй учир вакцины аюулгүй байдалд дэлхий нийт эргэлзэж байгаа. Иргэдийн хувьд вакцины аюулгүй байдалд итгэх итгэл ямар байгаа вэ?
-Одоогоор ДЭМБ нэг ч вакциныг баталгаажуулаагүй байна. Гэвч ОХУ өнгөрөгч есдүгээр сараас хүн амынхаа тодорхой бүлэгт Спутник V вакциныг хийж эхэлсэн. Социологийн судалгааны дүнг харвал хүн амын 30 хувь нь сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамрагдахад эргэлзээгүй бэлэн гэж байна. Ер нь тухайн орон өөрийн бүтээсэн вакцинаа өөрийн орны иргэдээ халдварт өвчнөөс сэргийлэхэд ашиглахад ямар нэгэн хориг саад байхгүй. Өөрийнх нь бүтээсэн вакцин нь туршилтын явцад үр дүнтэй, хор нөлөөгүй нь баталгаажсан тул эмч, багш нар, батлан хамгаалах салбарынхнаа юуны өмнө вакцинжуулж байгаа болов уу. Итгэл байхгүй байсан бол ийм үйлдэл юу гэж хийх вэ дээ.
-Вакцины үйлдвэрлэлийн хүчин чадал ямар байгаа юм бол?
-Москвад эмч багш нарыг өргөн хүрээнд вакцинжуулж эхэлсэн. Одоогоор ОХУ-д вакцин хийлгэсэн хүний тоо 100 мянгыг давсан. Вакцинжуулах мэдэгдэл хүлээн авснаас хойш таван цагт вакцин хийлгэх гэж 5000 хүн хандсан байна. Гэхдээ вакцин үйлдвэрлэх хүчин чадал дутагдалтай байгааг төр засаг нь хүлээн зөвшөөрч, бусад орнуудтай хамтран вакцин үйлдвэрлэх асуудлаа шийдэж байна.
ОХУ өөрийн хүчин чадалдаа тулгуурлан сард хоёр сая тун вакцин үйлдвэрлэх боломжтой. Эхний хоёр сая тун вакцин бэлэн болсныг бага багаар муж хязгаарууддаа нийлүүлж байна. Оны эцэс гэхэд энэ тоо сард 12 сая тун болж нэмэгдэнэ гэж мэдэгдсэн.
-ОХУ-д коронавирусын өвчтөнүүдийг хүлээн авах эмнэлгийн хүчин чадал ямар байгаа вэ. Зарим нэг спорт заал, танхимаа эмнэлэг болгосон байхаа?
-Хаврын эхний давлагааны үед хийсэн хамгийн чухал, онцгой ач холбогдолтой, алсын хараатай, ирээдүйгээ бодсон ажил нь хөрөнгө хайрлахгүйгээр эмнэлгийн орны тоогоо нэмэгдүүлж, нөөц бүрдүүлсэн явдал байлаа. Томоохон хотууддаа үзэсгэлэнгийн танхим, спорт цогцолбор мэтийг орчин үеийн эмнэлгийн төхөөрөмжөөр тоноглон, муж хязгаарууддаа барилгын цэргийн хүчийг ашиглан халдвартын шинэ эмнэлэг, төвүүдийг богино хугацаанд барьж босгосон. Тусгайлан бэлдсэн эмнэлгийн орны хүрэлцээ Москва болон томоохон хотуудад онц асуудал үүсгээгүй байна. Харин муж хязгааруудад орны хүрэлцээ хүнд байгаа талаар мэдээлж байна. Гэхдээ орны хүрэлцээ муугаас болоод эндэгдэл өсч байгаа зүйл мэдэгдсэнгүй.
-Хэдийгээр халдварын нөхцөл байдал хэцүү байгаа ч ОХУ-ын эрх баригчид иргэдээ орлоготой байлгахын тулд бэлэн мөнгөний урамшуулал олгосон. Харин бизнес эрхлэгчдээ хэрхэн дэмжиж ажиллаж байгаа юм бол?
-Оросын эдийн засагт цар тахал асар хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байна. Ирэх дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 3.4 их наядын алдагдал хүлээж эдийн засгийн агшилт 18 хувьд хүрнэ гэсэн тооцоог ОХУ-ын ВЭБ -ны (Гадаад эдийн засгийн банк) судлаачид хийсэн байна. Энэ судалгаанд хүн амын орлого 17.5 хувиар буурч ажилгүйдэл 4.6 -10 хувь хүртэл өсөх хандлагатай байгааг дурджээ. Гэсэн хэдий ч ирэх оны долдугаар сараас эдийн засагт нааштай өөрчлөлт эхэлнэ гэж судлаачид дүгнэсэн.
Гэр бүлийг дэмжих чиглэлээр 16 хүртэлх насны бүх хүүхдэд 20 мянган рублийн тэтгэмж олголоо. Москва хотод тэтгэврийн насныхан хөл хорионы горимоо чанд сахисан бол нэг удаагийн олголтоор дөрвөн мянган рублийн бэлэн мөнгөний урамшуулал авсан. Бизнесийг дэмжих тал дээр ОХУ-ын Засгийн газраас дэс дараатай олон арга хэмжээ авсны нэг нь жижиг дунд бизнесийг дэмжих хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа явдал юм. Энэ хүрээнд эхний ээлжинд 81 тэрбум, дараагийн ээлжинд 23 тэрбум рублийн багц дэмжлэгийг жижиг дунд үйлдвэрүүдэд үзүүлсэн. Ажлын байраа 90 хувь хадгалж үлдсэн компаниудыг зээлийн төлбөрөөс нь чөлөөлөх арга хэмжээ авсан. Эдгээр санхүүгийн дэмжлэгийн зэрэгцээ татвар төлөх хугацааг хойшлуулах, түрээсийн төлбөрөөс чөлөөлөх, түрээсийн төлбөрийн хэмжээнд хөнгөлөлт үзүүлэх, төлбөрийг хойшлуулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад хийх төлөвлөгөөт болон урсгал хяналт шалгалтыг хойшлуулах зэрэг хэмжээ авсан. Эрүүл мэндийн салбарын байгууллагуудын төсвийн санхүүжилтийг 100 хувь урьдчилан олгож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.11 БААСАН № 237 (6462)
24news.mn