2024 оны 11 сарын 24
Зочин
Нийтээрээ харах гэрлийг хонгилын үзүүрт асаагаач

Та өөрөө сонгуульд өрсөлдөж, нийт сонгогчдынхоо 12 хувийн саналыг авсан хүчтэй өрсөлдөгч байж чадсан. Ямар байв?
Манай сонгуулийн арга барил, процесс, дэс дараалал гээд бүхэлдээ, зүй тогтлоороо буруу байна. Намууд нь өөрөө төлөвшиж чадаагүйгээс болоод бүх зүйлийг өөрсдөдөө тааруулж хийж байгаа нь ч буруу. Жишээ нь, 18 хоногийн дотор шинэ хүнд ямар ч боломж байхгүй.
Сурталчилгааны 18 хоног?
Тийм. Энэ 18 хоног бол 18 минут шиг өнгөрдөг. Олон нам, хоёр том нам өөрсдийн мөрийн хөтөлбөрөө гаргасан. Тун болхи. Юу дуртайгаа ярьж, юу дуртайгаа амласан. Мөрийн хөтөлбөрөө батлуулчихаад дараа нь сонгогчидтойгоо уулзана гэдэг нь инээдтэй. Эхлээд сонгогчидтойгоо уулзаад ямар асуудал тухайн тойрогт байгааг мэдэж судлах ёстой биз дээ. Би Багахангай, Шувуу фабрикт уулзалт хийхэд нэг газарт нь 950, нөгөөд нь 1200 хүн ажлын байргүй байсан. Тэгэхээр би 950 хүний ажлын байрыг хэрхэн бий болгох вэ гэдгийг бодож, гаргалгаа шийдлээ хийх ёстой. Тэгэхгүйгээр эхлээд би мөрийн хөтөлбөрөө гаргачихаад, дараа нь тойрогтоо явж очоод ярихаар тэнгэр газар шиг зөрүүтэй юм болно. /Сурв: 2016 оны УИХ-ын сонгуулийн хувьд нэр дэвшигчид Сонгуулийн тухай хуулийн 67-р зүйлд заасны дагуу дөрөвдүгээр сарын 20-нд мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүлээлгэн өгсөн. Гэвч тавдугаар сарын 5-ны өдөр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж, томсгосон тойргоор сонгууль явагдах болсноор тухайн нэр дэвшигчийн тойргийн хүрээ өөрчлөгдсөн юм/.
Тэгээд мөрийн хөтөлбөрөөсөө гажсан зүйл ярьж болохгүй?
Хуулиараа хориотой. Гэх мэтчилэн дэс дарааллын зөрүүтэй ийм л сонгууль болж байна.
Манайх шиг цөөн хүн амтай, том нутаг дэвсгэртэй улс өөрийн гэсэн сонгуулийн болоод засаглалын системийг боловсруулах боломжтой болов уу?
Манай улстөрийн систем бол 130 жилийн өмнө америкт халагдчихсан. Сонгуулиар ял, ялсныхаа дараа бүгдийг эзэмш, хувьчилж ав, захиран зарцуул гэдэг ийм л систем. Дараа нь мерит тогтолцоог одоо хэрэгжүүлж байна. Улстөрийн намд гүйцэтгэх албан тушаалд очих гэж байгаа хүмүүсийг олон шалгуураар давуулж, шүүж авдаг. Чадвартай хүмүүсийг дээш нь лифтээр сорж авдаг системийг хэрэгжүүлж байна. Жишээ нь, манайхаас арван жил төгссөн хүүхэд америкийн SAT гээд сургуульд хамгийн өндөр оноог нь аваад, Браун гээд сургуульд урилгаар орж байна. Энд улс орон бүрээс нэг л оюутан авдаг. Шилдэг оюутнуудын багийг ийнхүү бий болгоод, тухайн оюутнуудыг хамгийн багадаа 17 мянган долларын цалин өгч ажиллуулах компаниуд нь бэлэн байж байдаг. Чадвартай хүний эрэл хайгуулыг хийдэг бүтэн систем ажиллаж байна, тэнд. Манайд гэтэл чадвартай хүнийг дээш татах бус танил тал, найз нөхөрлөл, намчирхал, хэн мөнгө өгсөн гээд шал өөр тийшээ залаад байна. Сингапурын ерөнхийлөгч “хамгийн ур чадвартай хүмүүсийг засаг төрд ажиллуулсан нь манай хөгжлийн гол нууц байсан” гэж хэлсэн байдаг шүү дээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.