tonshuulMongol
Хөрөнгийн зах зээлийн шинжээч, “Новел инвестмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ангартай ярилцлаа.
-УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотой татвар нэмэгдүүлэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Долоон төрлийн татвар нэмлээ гэдэг пиарын ч гэмээр нэг зүйл яваад байна. Уг нь энэ бол нэг их хөндөж яриад байх сэдэв биш. Учир нь бид суурь асуудлаа ойлгох ёстой. Монгол хоёр, гурван сарын өмнө ямар байдалтай байсан бэ. Бодитойгоор дампуурчихсан байлаа шүү дээ.
Дэлхийн бүх хөрөнгө оруулагч Монголоос нүүрээ буруулчихсан, ЗГ-ын баталгаатай, Хөгжлийн банкны бондын хүү хоёрдогч зах зээл дээр 35 хувийн хүүтэй болчихсон байлаа.
Энэ бол бодитой дампуурсан л байсан гэсэн үг. Дахиад ямар ч гоё зүйл, хөрөнгө оруулалт ярилаа гээд Монголд хэн ч итгэхгүй байсан. Яагаад гэвэл бид маш олон жил төсөв, мөнгөний буруу бодлого явуулж, халамжийг тэтгэсэн.
Энэ бол зөвхөн АН-ын Засгийн газрын сүүлийн дөрвөн жилийг хэлж байгаа юм биш. Сүүлийн 25 жилийн буруу бодлогын л үр дүн нь явсаар явсаар эцэстээ тулсан байсан.
Ийм нөхцөлд бид өөрсдөө хүсэлтээ гаргаад, ОУВС-тай хамтран ажиллахаар болсон. Бид өөрсдөө хүсэлтээ тавьсан учраас Валютын сан орж ирээд, эдийн засагт чинь ийм асуудлууд байна, ингэж засъя, эмчилгээ хийе гэдэг саналаа хэлсэн.
Тэр саналыг нь манай Монгол Улс хүлээгээд авчихсан байгаа. Эрх баригч МАН-ын бүлэг энэ саналуудыг нь зөвшөөрсөн.
Тэгэхээр бид аль хэдийнэ улс төрийн шийдвэр гаргачихсан. Татвараа нэмье, тэтгэвэрт гарах насаа уртасгая, нийгмийн даатгалын шимтгэлийг ялгавартай тогтооё гэх мэтчилэн.
Тэгэхээр одоо бид сайн муугийн тухай ярих хэрэггүй. Валютын сан орж ирснээр Монголд хөрөнгө оруулагчид итгэж эхэлсэн. Засгийн газрын баталгаатай, Хөгжлийн банкны бондын хүү 35 хувьд хүрсэн байсан нь долоо хоногийн дотор 5 хувь болж буурсан.
-Гэхдээ л УИХ-ын хэлэлцүүлгийг харахад Валютын сангийн хөтөлбөрийн талаар зарчмын зөрүүтэй их олон байр суурь байх шиг байна?
-АН-ын гишүүдийг бол ойлгож байгаа. Мэдээж тодорхой хэмжээнд шүүмжилж л таарна. Сөрөг хүчний хувьд тэгэх ч ёстой. Харин МАН-ын зарим гишүүдийг үнэхээр ойлгохгүй байгаа. Бүлгийн шийдвэрээ гаргачихаад, одоо өөр юм яриад байгаа.
Татвараа нэмэхээ больё, хадгаламжийн хүүгийн татвараа босготой болгоё гээд. Энэ чинь өөрөө дахиад л бидний сахилга батын асуудал.
Хүнийг гуйж очиж, асуудлаа шийдүүлчихээд, асуудал байхгүй болохоор одоо больё гэж байгаа нь маш зарчимгүй.
Хэрвээ ингэх юм бол дахиад л хөрөнгө оруулагчид бидэнд итгэхээ болино. МҮХАҮТ-ынхан болон Үйлдвэрчний эвлэлийнхэн татвар нэмэхийг бас л их эсэргүүцэж байгаа. Татвараа төлөхгүй байя гэх уриалга ч гаргаад байна.
Төрийн бодлого бүх хүнд таалагдах албагүй л дээ.
Гэхдээ төр урт хугацааны зорилтоо хараад, бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Мэдээж татвар нэмнэ гэдэг зүйл хэн бүхэнд таалагдахгүй. Татвар нэмэх асуудал эсэргүүцэлтэй тулгарна. Гагцхүү үүнийг зөв ойлгуулах л ёстой.
Зөв тайлбарлах хэрэгтэй. Тэр ажил нь нэг их сайн явахгүй байна уу гэж харж байгаа. Тийм болохоор улс тоглолтууд нь гараад байгаа юм. Үнэндээ энэ тохиолдолд МҮХАҮТ, үйлдвэрчний эвлэл илүү байхгүй юу.
Нэг нь битгий ажилд яв, нөгөө нь битгий татвар төл гээд.
Ийм нийгмийн эмх замбараагүй байдалд уриалсан байдалтай юм ярих нь маш хариуцлагагүй үйлдэл. Татвараа битгий төл, ажлаа хая гээд эцсийн дүндээ хэн хожих юм бэ, эндээс. Ажилдаа явахгүй бол тэр хүн ажилгүй л хоцорно.
Татвараа төлөхгүй бол татварын байцаагч хүрч ирээд, акт тавьж л таарна. Тэр хохирлыг Амгаланбаатар, Лхагважав хоёр төлөхгүй биз дээ. Мэдэхгүй л өнгөрнө. Ер нь энэ татварууд нийт хүн амын 97 хувьд хамаарахгүй. 3 хувьд нь л үйлчилнэ.
Тансаг хэрэглээний татвар, банкны хадгаламжийн хүүгийн татвар, архи тамхины онцгой албан татвар гэх мэтчилэн. Нийт хүн амын 3 хувьд л хамаарах татварыг 97 хувьд хамаарах юм шиг хашгираад байж болохгүй.
-Валютын сан орж ирснээр эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, эрүүлжүүлнэ гэж байгаа. Үүний нэг хэлбэр нь татвараар дамжиж байх шиг байна. Үүнээс өөр цогц өөрчлөлт хийх шаардлагатай салбар байна уу, таны бодлоор?
-Татвар нэмсэн хэрнээ төрийн том зардлуудыг танаагүй байна гээд шүүмжилж байгаа. Энэ бол зөв шүүмжлэл. Гэхдээ энэ бодлого нь ОУВС-гийн хөтөлбөрт багтчихсан байгаа. Гурван жилийн хөтөлбөрт жил дараалан төсвийн алдагдлыг бууруулна.
Алдагдлаа бууруулахын тулд бид хүссэн хүсээгүй илүүдэл зардлуудаа танана. Хүссэн хүсээгүй төрийн албан хаагчдыг багасгана, ажил хийдэггүй хүмүүсийг хална. Цаг хугацааны интервалтай, хийгдэх ажлуудыг одоо хий гэж шаардаад байгаа юм.
Би Валютын сангийн хөтөлбөрийг маш том, цогц бодлого гэж харж байгаа. Гол нь үүнийг зөв зүйтэй тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэй байна. Зөвхөн татвар нэмэхийн ард ямар урт хугацааны шинэчлэлийн бодлого байна вэ гэдгийг тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэй байгаа юм.
-Монголд татварын хувь хэмжээ харьцангуй бага гэж ОУВС үзэж байгаа. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Мэдээж санал нэг байна. Монголд хадгаламжийн хүү татваргүй. Мэдээж хадгаламж татваргүй байхаар хувь хүний хувьд сайхан л даа.
Гэхдээ хадгаламжийн хүүгээс татвар авахгүй байгаа энэ байдал нь эргээд санхүүгийн системдээ гажуудал үүсгэдэг. Тэр гажуудал нь эргээд хувь хүн, аж ахуйн нэгжүүддээ нөлөөдөг байхгүй юу. Аж ахуйн нэгжүүд зээлийн хүү өндөр байна гэдэг.
Иргэд өрөөс өр, цалингаас цалингийн хооронд явж байна гэдэг шүү дээ. Энэ чинь өөрөө гажуудал байхгүй юу. Гажуудлыг юу үүсгэсэн бэ гэхээр банк гэдэг зүйл өөрөө татваргүй яваад байсан юм. Хадгаламжийн хүүгээс татвар аваад эхэлбэл, хадгаламжийн хүү буурч эхэлнэ.
Хадгаламжийн хүү буурахаар зээлийн хүү буурна. Би нэг зүйлийг одоо шууд хэлж чадна. Банкны хадгаламжийн хүү татвартай болчихвол жилийн дараа хадгаламжийн хүү нэг оронтой тоо руу орно.
Хадгаламжийн хүү нэг оронтой руу орчихвол олон нийт банкнаас 13, 14 хувийн хүүтэй зээл авах боломж бүрдэнэ.
Бусад ихэнх улсад хадгаламжийн хүү 40-50 хувийн татвартай байдаг. Заримд нь бүр 70 хувь. Энэ ерөөсөө буруу биш. Эдийн засгийн механизм нь зөв явж байна гэсэн үг. Гэтэл Монголд эдийн засаг нь бүхэлдээ гажуудалтай л яваад байна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
24news.mn