2024 оны 11 сарын 24
Зочин
Guys хамтлагийн дуучин Уугий залуусыг хар тамхины эсрэг тэмцэхийг уриаллаа

Одоогоос нэг жилийн өмнө Guys хамтлагийн дуучин Уугий буюу Х.Бат-Ундрал мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр УМБГ-т шалгагдаж 2 жилийн тэнсэн харгалзах ял авч байсан билээ.

Дуучин Х.Бат-Ундрал өчигдөр өөрийн фейсбүүк хуудсаараа анх удаа LiveхийжХар тахал- хар тамхины эсрэг хамтдаа тэмцэцгээе сэдвээр сонсогч, фенүүдтэйгээ санал бодлоо солилцсон юм. Тэрээр үүгээрээ хар тамхи хэрэглэж гэр бүл найз нөхдийнхөө итгэлийг хөсөрдүүлсэн зүйл хийж байсандаа маш ихээр харамсдаг гэдгээ илэрхийлж байсан юм.

УМБГ-т гурав орчим сарын хугацаанд шалгагдсаны эцэст 2 жилийн хорих ял оноогдсон түүнд  Улсын Дээд Шүүхийн шүүгч шүүх хуралдааны төгсгөлд эцсийн үгээ хэлэх боломж олгожээ. “ Миний хувьд ийм болчимгүй үйлдэл хийн алдаа гаргаж муухай зүйлд орооцолдсондоо ээжээсээ, гэр бүлээсээ, надад урам хайрладаг бүх хүмүүсээсээ уучлалт хүсч байна. Олны танил, дуучин гэдэг утгаараа залуучууддаа үлгэр дуурайлал болохын оронд ийнхүү буруу зүйлд орооцолдсоноороо өөртөө маш их харамсаж байна. Монгол улсын төрийн сүлд өршөөж, буруу зүйл хийснээ ухаарч гэмшиж байгааг минь ойлгоосой” гэж  дуучин хэлсэн байна.

Guys хамтлагийн дуучин Уугий залуусыг хар тамхины эсрэг тэмцэхийг уриаллаа

Харин шүүгч “Чамд 2 жилийн хорих ял оноосон. Гэхдээ чиний сүүлд хэлсэн үгээс  чинь чамайг гэм буруугаа ойлгож ухаарч байна гэж үзээд Шүүхийн энэрэнгүй зарчмын үүднээс 2 жилийн ялыг тэнсэн харгалзах ял болгосон” хэмээн  тайлбарлажээ. “Надад ингэж итгэл хүлээлгэсэнд өнөөдөр Уугий нь монголын нийгмийг, хүүхэд залуучуудыг эзлээд байгаа хар тамхи гэгч зүйлээс хол явж байгаа. Надад урам хайрладаг та бүхнээсээ уучлалт гуйж байна” хэмээн онцлон хэлж байлаа.

“Хар тахал болсон хар тамхи гэгч Монгол Улсын хэмжээнд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үхлийн голомт болсон энэ муухай зүйлээс хол байгаарай, үүний эсрэг тэмцэн дуу хоолойгоо нэгтгээрэй хэмээн та бүхнээсээ хүсье” гэсэн юм.

Тэрээр шууд бичлэгийнхээ төгсгөлд “Уугий нь ээж амьтай. Ийм муухай зүйлд холбогдчихоод ээжтэйгээ утсаар ярихад ээж минь шууд л уйлсан. Тэгээд би ээждээ -Хүү нь ахиж ийм буруу муухай зүйлээр таныхаа нулимсыг үзэхгүй ээ гэж хэлсэн. Ээжээ хүү нь нэг удаа таныхаа итгэлийг алдлаа, ахиж таныхаа итгэлийг алдахгүй гэхэд ээж минь -Тиймээ ээж нь хүүдээ итгэж байна. Хүү минь, нэр хугарахаар яс хугар гэдгийм шүү гэж захисан” хэмээн хоолой зангируулан, нулимс дуслуулан ярьж байлаа. “Тэр цаг мөчөөс эхлээд Уугий нь ээжийнхээ тэр энэрэл хайр, найз нөхдийнхөө, надад урам хайрладаг та бүхнийхээ итгэл сэтгэлээр өдий зэрэгтэй яваа шүү. Уугий нь дахиж хэзээ ч алдахгүй ээ. Сайхан уран бүтээлээрээ та бүгдийгээ үргэлж баярлуулж явна” хэмээн фэйсбүүк live-аараа амлалаа.

“Сүүлийн үеийн судалгаагаар монголд 70 мянга гаруй хүүхэд залуус хар тамхи хэрэглэдэг гэсэн тоо гарсан. Тэр 70 мянган хүний ард байдаг гэр бүл, найз нөхөд нь хэр их шаналж байдгийг үнэхээр таашгүй юм. Миний  л хувьд ийм муухай асуудалд орооцолдон найз нөхөд, гэр бүл гээд үй олон хүний сайхан сэтгэл рүү ус цацсандаа харамсаж явдаг. Энэ аюултай зүйл юм шүү гэдэг талаас нь зөв өнцгөөс нь тайлбарлан тэмцэж олон зүйл хийхээр төлөвлөж байгаа” гээдХэрэглэдэггүй хүмүүст хэлэхэд хажууд нь байгаа хэн нэгэн энэ зүйлд уруу татах магадлал өндөр байдаг шиг санагддаг. Хэрвээ чамд хэн нэгэн ийм муухай зүйл хэрэглэх санал тавьбал өөрийнхөө төлөө, чамд санал болгосон хүний төлөө татгалзаж, цагдаад мэдэгдэж яагаад болохгүй гэж. Тэрнээс битгий ай. Цагдаад мэдэгдсэнийгээ өөрийгөө болон нөгөө хүнээ буруу зүйлээс аварч, тэр хүндээ тусалж байна гэж ойлгож хүлээн авах хэрэгтэй. Эцсийн бүлэгт тэр хүн ухаарч ойлгох үедээ чиний хийсэн зүйлийг  миний төлөө ямар зөв зүйл хийсэн юм бэ гэж талархах болно гэдэгт итгэлтэй байна гэж уриалсан юм.

Эцэст нь тэрээр “Хар тамхины эсрэг аян явуулахад хүүхэд залуус та бүгдийгээ нэгдээсэй хэмээн чин сэтгэлээсээ уриалж байна. Монгол улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөхүйц хар тамхины эсрэг хамтдаа тэмцэцгээе. Уугий нь та бүхэнтэйгээ хамтдаа тэмцэх болно гэж хэлмээр байна”  гэсэн үгээр фейсбүүкийн анхны шууд бичлэгээ төгсгөлөө.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.