Хэдхэн хоногийн дараа ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-н тохиох гэж байна. Энэ өдөр хүүхэд багачууд эрхээ эдэлж, ээж аавдаа эрхэлж хүссэнээ авахуулж, ханатлаа тоглож нааддаг билээ. Гэхдээ энэ өдрийг гагцхүү баярлаад өнгөрөхдөө биш, эрхээ хамгаалах, хүүхдийн эрх гэж юу байдаг талаар илүү сайн мэдэж ойлгох нь чухал юм.
Энэ жил ХЭҮК-оос олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр юу хийх талаар тус газрын Хүний эрхийн боловсрол судалгааны хэлтсийн референт Г.Золзаяатай ярилцлаа.
-Зургадугаар сарын 1-нийг угтаж танайхаас ямар арга хэмжээ зохион байгуулах гэж байна вэ?
-Өнөөдөр (2017.05.29) ХЭҮК-оос санаачилаад “Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гаргах нь” гээд олон талын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж байна. Оролцогчдоор олон улсын байгууллагууд Монголд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагууд болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно. Энэ зөвлөгөөнөөр тодорхой илтгэлүүдийг тавих бөгөөд аль болох хүүхэдтэй холбоотой бүхий л салбарын төлөөлөлүүдийг оролцуулахыг зорьж байна. Гол зорилго нь өнөөдөр Монгол Улсад хүүхдийн чиглэлээр анхаарал татахуйц юу байна вэ гэдгээр илтгэл хэлэлцүүлэгийг хийнэ. Илтгэлтэй холбоотойгоор оролцогч байгууллагууд цаашид яаж хамтран ажиллах талаараа ч ярилцана.
-Хүүхдийн баяр буюу зургадугаар сарын 1-нд хүүхдүүд баярлахаас илүүтэй эрхээ хамгаалах өдөр байдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл хүүхэд яг яаж эрхээ хамгаалах ёстой юм бэ?
-Хүүхдийн баяр гээд байгаа боловч Олон улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах онцгой өдөр. Ганц өдөр хүүхдийн эрхийг хамгаалж байна гээд зодож загнахгүй, шийтгэхгүй байгаад өнгөрөх асуудал биш юмаа. Бүтэн жилийн турш хүүхдийн эрхийг хамгаалж дэмжиж, хүндэтгэх ёстой. Тэгээд тэрийгээ 6 сарын 1-нд олон нийтэд илүү таниулах хэрэгтэй. Хүүхэд хамгаалуулах, хөгжих, хайрлуулах, сурч боловсрох эрхтэй гэдгийг нь онцгойлон таниулах ёстой шүү. Гэвч эрхээ хамгаалахаас илүүтэй баяр болчихоод байгаа нь жаахан дутагдалтай. Гэхдээ сүүлийн үед хандлага өөрчлөгдөж байгаа. Тухайлбал, Өвөрхангай аймгийн хүүхдүүд манай ахлах мэргэжилтэнгээс хүүхдийн эрхийн талаар зөвлөгөө аваад өөрсдийнхөө мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж байгаад хэвлэлийн бага хурал хийсэн байгаа юм. Тодруулбал, зургадугаар сарын 1 бидний чихэр жимс идээд баярлах баяр биш юмаа. Бид нар энэ өдөр эрхээ илүү таньж мэдэх, олон хүнд бид нар ийм эрхтэй шүү гэсэн дуу хоолойгоо хүргэх боломж давуу олдож байгаа өдөр учраас энэ өдөр эрхийнхээ төлөө ээж ааваасаа эрхийг минь хүндэтгэж анхаарах ёстой юм байна шүү гэдгийг шаардсан байгаа юм. Тэгэхээр улс орон даяар хүүхдийн эрхийн чиглэлдээ анхаарах нь зөв. Нөгөө талаар хүүхэд ийм эрхтэй гээд яриад орхичихдог. Гэтэл яг мөн чанартаа юу юм бэ гэдгийг боловсролын тогтолцоо системд нь оруулж зааж байгаа хичээл өнөөдөр алга.
-Хүүхдийн эрхийн асуудал энэ нийгэмд хурцаар хөндөгддөг. Ялангуяа бага насны хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигдөж байна гэдэг. Түгээмэл зөрчигддөг эрхийн тухайд гэвэл?
-Хүүхэд байгаа бүх л салбарт хүүхдийн эрхийн зөрчил байдаг. Нэг судалгаагаар бүх эрхийг нь гаргаж тавих боломжгүй. Манайхаас жилд анхаарал татаж байгаа асуудлыг гаргаж ирээд судалгаа хийдэг. Тухайлбал, унаач хүүхдүүдийн асуудал яалт ч үгүй анхаарал татдаг. Комиссын зүгээс байнга анхаарал хандуулж, холбогдох газруудад нь зөвлөмж шаардлагыг хүргүүлж, хяналт тавьж байна. Дээр нь хүүхдийн хөдөлмөртөй холбоотой уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүүхдүүдийн асуудал бий. Нэг үеэ бодоход уурхай дээр хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо буурсан. Яагаад гэвэл бичил уурхайчид нэгдсэн нэг зохион байгуулалтад орсноор ахиц дэвшил гарсан. Гэхдээ огт байхгүй байна гэхээр бас үгүй юм. Уурхайд хүүхэд мэр сэр байгаад байна. Энэ нь хүүхдийн аюулгүй байдал, сурч боловсрох, цаашлаад хөдөлмөрийн асуудлууд хөндөгдсөөр байгаа юм. Нөгөө талаар түгээмэл зөрчил гэвэл хүүхдийн боловсролын асуудал. Өөрөөр хэлбэл, боловсролын чанарын асуудлыг ярьж байна. Монгол Улсын боловсролын чанарын асуудал хүүхдэд хэр ээлтэй, хүртээмжтэй байна гэдэг зүйл яригдана. Үүнийгээ дагаад тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудал ч сүүлийн үед хөндөгдөж гарч ирж байна.
-Хүүхэд эрүүл мэнд, сурч боловсрох эрхээрээ хязгаарлуулж эрх нь зөрчигдлөө, бие махбодиороо хохирлоо гэж ярьж бичдэг хэрнээ яг хүүхдийн төлөө гэх тодотголтой төрийн болон ТББ-ууд бодит байдал дээрээ хэр хүрч, хүртээмжтэй ажиллаж чаддаг юм бол?
-Манайх үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг үнэлж дүгнэх боломжгүй. Комиссын хувьд хүүхдийн эрхийн чиглэлээр тогтмол хамтран ажилладаг төрийн болон олон улсын байгууллагууд байгаа. Ялангуяа эдгээр байгууллагад хамтарч хурдан морь унаач хүүхдүүдийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр энэ мэтээр ахиц дэвшилттэй хамтран ажиллаж байгаа гэж хэлнэ. Магадгүй хүүхдийн нэр барьж идэвх санаачлагагүй ажилладаг байгууллагууд байгааг ч үгүйсгэхгүй юм.
-Унаач хүүхдүүдийн асуудлаар танайх болон төрийн бус байгууллагууд шүүх болон аймгуудын засаг захиргаанд байнга зөвлөмж хүргүүлдэг. Гэвч хүлээж авахгүй уралдаан зохион байгуулж хүүхдийн амиар наадах, эрүүл мэндээр тоглох асуудал байнга гарсаар байдаг?
-Манайх хавар болон өвлийн уралдааны өмнө зөвлөмж хүргүүлдэг ч уралдаан болдгоороо болоод байна. Тэгэхээр энэ нэг талаасаа манай зөвлөмжөөр ч зогсохгүй, Монгол Улсын хуулийг зөрчсөөр байгааг харахаар хэрэгжилт сайн биш юмуудаа гэж хараад байгаа. Гэхдээ зөвлөмжийн үр нөлөө огт гарахгүй байна гэж хэлж болохгүй. Тухайлбал, зөвлөмжийн мөрөөр зарим аймгуудын Засаг дарга нар хавар болон өвлийн бүсийн уралдаан зохион байгуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн тохиолдол бий. Тийм учраас тодорхой хугацаанд үр дүнгээ өгч байгаа ч туйлын сайн болж байна гэж хэлж болохгүй юм даа.
-Хүүхдүүд өөрсдийн эрхээ хамгаалуулахаар танай байгууллагад гомдол гаргаж, хэр ханддаг вэ?
-Ер нь бол хүүхэд өөрөө гомдол гаргах эрхтэй. Хүүхэд гомдол гаргах эрхийн асуудлаар Хүүхдийн эрхийн тухай коневцийн нэмэлт протоколд Монгол Улс нэгдээд орсон. Тийм учраас хүүхэд болгон дотоододоо гомдол гаргах бүрэн эрхтэй гэж ойлгож болно. Гэхдээ одоогоор хүүхэд өөрөө гомдол гаргаад явж байгаа тохиолдол тийм ч түгээмэл биш. Үүнд комисс аль болох гомдол гаргах эрхийн асуудалд тохирсон байдлаар нь хүүхдийн эрхэд суурилсан хандлагаар явуулах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Хүүхдүүд бие дааж өөрөө гомдол гаргасан тохиолдол бий. Гэхдээ ихэнх тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигчээрээ дамжуулан гомдол гаргасан байдаг. Тухайлбал, сургуулийн боловсролын асуудал болон сургууль дээр гардаг дарамт шахалттай холбоотой асуудлууд бий.
-Гэр бүлийн хүчирхийлэл буюу бага насны хүүхэд бие махбодийн хүчирхийлэлд өртсөн тохиолдлыг их нууцалдаг. Ийм асуудалд орсон хүүхдүүдтэй яаж харилцаж хамтарч ажилладаг вэ?
-Энэ асуудалд өнгөрсөн онд манайх олон улсын “Гүүд небрс” гээд байгууллагатай хамтарч үндэсний хэмжээний судалгаа хийсэн. Судалгааны зорилго нь хүүхдийн эрхийн талаарх мэдлэг мэдээлэл, ойлголт, хандлага ямар хэмжээнд байна вэ гэдгийг судалсан. Тэгэхээр хүүхдийн ямар асуудал байна вэ гэдэг нь хөндөгдөөд гараад ирж байх жишээний.
Нэг жишээ дурьдахад, хүүхдүүдээс “Чи хэнээс айдаг вэ” гэсэн асуухад хамгийн их айдаг субеьктээр төрсөн эцэг, төрсөн ах дүүс хамаатан садан, хойд эцэг эхээсээ, сургуульд байдаг хэн нэгнээс айдаг гэж нэрлэсэн байгаа юм. Хүүхдүүдээ эцэг эхчүүд “Гудамжинд битгий яв, гадаа битгий тогло аюултай” гэж хэлдэг мөртлөө хүүхдүүд хамгийн аюултай орчноор гэр, сургуулиа нэрлэжээ. Тэгэхээр л үүний цаана гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэдтэйгээ зүй бусаар харилцдаг харилцаа байна гэсэн үг. Гэр бүлийн хүчирхийлэл Монгол Улсад нэлээд өндөр тоо хувьтай анхаарал татахуйц хэмжээнд байгаа нь үнэн. Хохирогч нь хүүхэд, эмэгтэйчүүд байдаг.
-Хохирогчийг хамгаалах асуудалд танай комиссын зүгээс хэр оролцоотой байдаг вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төв гэж бий. Мөн улсын хэмжээнд хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар гэх мэт хохирогчийг хамгаалах үүрэг хүлээсэн газрууд бий. Гэхдээ аймаг болгонд хамгаалах байртай юу гэвэл бас дутагдалтай юм. Улсын хэмжээнд ч гэсэн хохирогчийг хамгаалах байрны хүрэлцээ хангалттай хэмжээнд байхгүй.
-Хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд их өртдөг?
-Энэ бол нийгмийн эмзэг, айдастай сэдэв яах аргагүй мөн. “Бага насны охиныг төрсөн аав нь төрсөн ах нь хүчирхийлжээ” гэсэн сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл гардаг. Ийм асуудалд анхаарал хандуулах шаардлагатай. Манай зүгээс “Энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй шүү” гэдгийг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлдээ тодорхой тусгаж , зөвлөмжийн хамт өгсөн байгаа. Түүнээс гадна ҮАБЗ-д ч нууцын зэрэглэлтэй мэдээллийг тоо баримтыг хүргүүлсэн. Комиссын зүгээс гэвэл гэмт хэргийг шалгаж байгаа процессыг маш боловсронгуй болгох хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол энэ маш онцлогтой гэмт хэрэг. Хохирогч нь хүүхэд учраас маш эмзэг. Бүр бага насны охидууд ч бий. Тэгэхээр тийм хүүхдийг байн байн дуудаж ирээд болсон үйл явдлыг яриулж дахин дахин байцаахаар хүүхэд зугтаадаг. Тэр болсон аймшигтай зүйлийг ярихаасаа эмээгээд хэргээсээ татгалздаг. Нөгөө талаар ураг төрлийн хүчингийн асуудал маш их байдаг. Судалгаагаар гэмт хэрэг үйлдэгчдийн ихэнх нь ураг төрлийн холбоотой хүмүүс байсан. Дараа нь таньдаг хүн, огт танидаггүй хүн бага хувь эзэлж байх жишээний. Ураг төрлийн хүмүүс байлаа гэхэд өргөдлөө буцаагаад татчихдаг. Жишээлбэл, хойд аав нь хүчирхийлсэн байлаа гэхэд ээжийг нь дарамталж байгаад өргөдлөө татуулах. Айсан ээж ар гэрийнхээ амьдралыг бодоод хүүхдээ орхигдуулж байгаа юм. Бүр төрсөн аав, төрсөн өвөө ч хүчирхийлсэн тохиолдол бий. Гэвч хүүхдүүдийн өмнөөс томчууд нь шийдвэр гаргаад хэргийг татаад авчихдаг. Тийм учраас хатуухан хэлэхэд хуулийг л чангатгах хэрэгтэй дээ. Дээр нь хохирогчийг нийгэмшүүлэх, хамгаалах тогтолцоо маш муу байна. Хүүхдийн нууцын асуудал алдагдах асуудал ч их гардаг.
-Эцэг эхчүүд хүүхдэдээ гар хүрсэн тохиолдолд хүүхдийн эрх зөрчсөн асуудал болоод явчихдаг. Гэтэл монгол зан заншил, ахуйдаа хүүхдээ зодож шийтгэж хүмүүжүүлдэг байсан гэдэг?
-Эцэг эхчүүд нь хүүхдэдээ хүмүүжлийн зорилгоор гар хүрч байгаагаа хүүхдийн эрхийн зөрчил гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Энэ бол зүгээр хүмүүжлийн зорилгоор хүүхдээ зодсон, тэр хүний төлөө хийж байгаа зүйл гэж ярьдаг. Гэтэл үүнийг хүүхдийн эрхийн зөрчил гэдгийг хүүхэд нь ч мэдэхгүй, эцэг эх нь ч мэдэхгүй байгаа юм. Хүүхэд ч хүлээн зөвшөөрсөн хандлага байгаа. Хүүхэд зодох нь монгол уламжлал биш юмаа. Судлаачдын үзэж буйгаар Монголд хүүхдээ зодож хүмүүжүүлдэг зан үйл эртнээсээ байгаагүй юм билээ. Харин ч зоддоггүй, үгээрээ хүмүүжүүлнэ гэж ярьж ирсэн. Нэгэн эрдэмтэн судлаач “Монголын уламжлалд хүүхдээ зоддог арга байхгүй ээ” гэж ярьсан. Энэ зодох асуудал бол явц дундаа гарч ирсэн үйлдэл байх. Тийм учраас хүүхэд зодох асуудал уламжлал биш. Уламжлалаар хаацайлах ямар ч боломж байхгүй.
О.Сайхан
24news.mn