2024 оны 11 сарын 24
Зочин
Ц.Тамара: “Гудамжныхан” гэх тодотголтой 500 гаруй хүнийг нийгэмшүүлж, амьдралтай болгосон

“Өвгөнтийнхөн” гэх тодотголтой урагдаж ноорсон хувцас­тай, сахал үсэндээ баригдаж, нүүр ам нь барзайж харласан хэсэг хүмүүс архиар бор ходоодоо дүүргэж өдөр хоногийг өнгөрөөдөг. Эдгээр хүмүүсийн аж амьдралыг эрхэм уншигч та бүхэн хотын аль ч хэсгээс харж болно. Өөрөөр хэлбэл иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож, өвгөнтийнхөн нь хаяагаа тэлсээр, тоо нь өдөр ирэх тусам олширсоор л байгаа. 

Тэдэнд амьдрах оромж, амьдралд итгэх итгэл, ирээдүйн сайхан төсөөлөл, сэтгэлийн тэнхээ байхгүй. Тиймээс тэд өдөр хоногийг архи ууж, хог түүж өнгөрүүлдэг.

Гэхдээ бүгд биш. Тэдний дунд архинаас болж амьдралаа алдсан одоо больё, архинаас гаръя, сайхан амьдаръя гэх хүмүүс цөөнгүй байх ч тэднийг хүн гэж тоож харьцах нэг ч хүн байхгүй. Мөн очих газар, хийх ажил ч олдохгүй. Ах, дүү хамаатан садан, үр хүүхэд нь байх ч нэгэнт архины хамааралтай болчихсон болохоор хүлээж авдаггүй учраас хүссэн хүсээгүй архитай нөхөрлөн өдөр хоногийг өнгөрүүлдэг байна.

Тэгвэл, үр хүүхдүүд элгэн садан нь хүн гэж үздэггүй гудамжны гэх тодотголтой тэдгээр хүмүүсийг нөмөртөө авч хооллож, ундлан нийгэмшүүлж, нэг ч гэсэн хүнийг сайн сайхан замд хөтөлчих юмсан гэх чин хүсэлтэйгээр өнөөдрийг хүртэл амьдарч өөрийн бус өрөөлийн төлөө өдөр хоногийг өнгөрөөж яваа Тамара эмээгийн тухай та магадгүй сонссон байх.

Тэрбээр өдгөө 70 гаруй наслахдаа хүртлээ тасралтгүй 18 жил орон гэргүй, тэнэмэл иргэд, өрх толгойлсон ээж хүүхдүүд, архины гүн хамааралтай хүмүүсийг нийгэмшүүлэх ажилд амьдралаа зориулж, тэднийг эхийн сэтгэлээр хайрлаж асарч ирсэн буянтай нэгэн юм.

Тиймээс бид өөрт хамааралгүй архичин, тэнүүлчин хүмүүсийг асарч халамжлах нь байтугай,төрүүлсэн эхээ үхээч хэмээн харааж, төрсөн үрээ дэлгүүрт төөрүүлж хаядаг болсон энэ цөвүүн цагт бусдын төлөө амьдарч, нэг ч гэсэн Монгол хүн сайн сайхан амьдраасай гэх цагаахан хүсэл тээн өнөөдрийг хүрсэн Ц.Тамара эмээтэй уулзахаар нийслэл хотын зүүн зах Баатархайрхан уулын хормойд орших түүний гэрийг зорьсон юм.

Биднийг очиход уулын энгэрт хашаагүй хатгаагүй эгнүүлэн барьсан 10 гэр ярайн угтлаа. Тэрбээр, хамгийн баруун захын хаалга нь онгорхой гэрт биднийг хүлээн суусан юм.

-Таныг орон гэргүй, тэнэмэл иргэд, өрх толгойлсон ээж, хүүхдүүд, архины гүн хамааралтай хүмүүсийг нийгэмшүүлэхээр тэднийг хүлээж авч үнэ төлбөргүй байр, хоолоор хангадаг тухай дуулаад тантай уулзахаар зорьж ирлээ. Энэ ажлаа хэзээ эхлүүлсэн түүхээс тань асуумаар байна?

-Би цэцэн хааны удам, Заюу тайжийн дөрөв дэх үе. Тэр гень надад байдаг юм шиг байгаа юм. Мөн би айлын ганц хүүхэд ээж аавыгаа хөгширсөн хойно нь гарсан хүүхэд нь би. Тэр утгаараа намайг маш сайн хүмүүжүүлсэн. Миний сонсож өссөн үгнүүд одоо ч гэсэн чихэнд маань хоногшчихсон байдаг. "Тэрийг тэгж болохгүй. Тэр хүнд туслах хэрэгтэй. Хүнийг уранхай дээлтэй, яртай нүүртэй гэж ялгаж болохгүй. Хүн гэдэг утгаар нь хүлээж аваад хайрлах юм бол чиний амьдрал тэгшрэнэ" гэж байнга хэлдэг байсан тэр надад нөлөөлсөн байх.  Түүнээс гадна би ганц хүүтэй байлаа. Хүүгээ хэтэрхий энхрийлж эрхлүүлснээс болоод бор дарсанд орж хүү маань сураггүй болсон. Тухайн үед би өөрийгөө их муу ээж юм байна гэж бодсон. Учир нь би тухайн үед хүүхдээ элдвээр хэлж, байнга үглэдэг байсан. Тиймээс би тэр үйлдэлдээ харамссан. Тэгээд л архинд хамааралтай хүмүүсийг хайрлах хэрэгтэй юм байна гэж бодсон. Орон гэргүй хүмүүс маш өрөвдмөөр шүү дээ. Гэхдээ орон гэргүй хүмүүс дотор өөрсдийнхөө буруугаас болсон нь ч бий амьдралын эргүүлэгт ороод халтирчихсан хүн нь ч их. Тиймээс би тэр хүмүүст чадах чинээгээрээ тусалж, болж өгвөл зөв замд оруулчих юмсан гэж боддог.

-Таньд тухайн үед буцаж очих боломж олдвол та хүүтэйгээ яаж харьцах вэ. Уурлаж загнахгүй юу?

-Би хүүхэдтэйгээ яг хамт архи уудаг архичин хүн шиг нь харьцана. Тэгээд эвээр ярьж ойлгуулна. Архины хамааралтай хүмүүст хамгийн чухал зүйл нь сэтгэл зүйн эмчилгээ чухал байдаг. 

-Таныг зорьж ирсэн хүн болгоныг та хүлээж авдаг уу. Өвлийн улиралд энэ тоо бүр ихэсдэг байх. Та энэ олон хүнд ингэж чин сэтгэлээсээ үйлчлэхийн тулд санхүүжилт, орлогоо хаанаас олдог юм бэ?

-Тийм ээ. Би хэзээ ч чи архичин, чи муухай байна гэж хэнийг буцааж үзээгүй. Намайг аврал, энэрэл эрээд ирж байгаа хүмүүсийг би наашаа гээд л угтдаг. Манайд ирэх хүмүүсийн өвлийн улиралд ихсээд дулааны улиралд багасчихдаг. Одоогоор манайд 10 гаруйхан хүн байна. Орлого гээд байх юм байхгүй ээ. Би 370 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. 2018 оныг дуустал тэтгэвэрийнхээ зээлийг авчихсан байгаа. Одоо бол надад ямар ч орлого байхгүй. Захын махны лангуунаас шулсан яснууд гуйж авч шөл гаргаад, "ээж аав минь өнгөрчихлөө. Буян үйлдэх гэсэн юм аа. Яаж туслах уу" гэсэн хүмүүст боломжтой бол хоёрдугаар гурил, хэдэн цувдай л байвал болно доо гэж захиад л өдөр хоногийг өнгөрүүлж байна даа. Гэхдээ хааяа сайхан сэтгэлт хүмүүс, байгууллага хамт олон бидэнд тусалдаг юм өө. Тэр энэ гээд нэрийг нь хэлэх гэхээр заримыг нь үлдээчих гээд байдаг болохоор нэр цохож хэлмээргүй байна. Тэдэндээ бас баярлалаа гэж хэлмээр байна.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би дөрвөн хүүхэдтэй. Нэг хүү, гурван охинтой. Нэг хүү маань сураггүй болоод их олон жил болж байна. Харин гурван охин маань байдаг. Нэг нь одоо надтай хамт энд амьдарч байна. Харин хоёр охин маань нэг нь налайхад, нэг нь дүүргийн ойролцоо амьдарч байна. Үр ач нийлээд 10-уулаа болсон.

-Таны хүүхдүүд болон хамаатан садан тань энэ ажлыг нь дэмждэг үү?

-Би буруу юм хийгээгүй. Хүнд буянтай ажил хийж байгаа болохоор намайг дэмждэг. Би айлын ганц хүүхэд болохоор хамаатан садан гээд байх хүн байхгүй ээ. Мөнгө хэрэг болсон, зайлшгүй шаардлагатай үедээ хүүхдүүдээсээ мөнгө гуйж авна. Тэгээд л хүүхдүүд маань бид нарыг өндийлгөхгүй, өөрөө өндийхгүй дандаа ингэж амьдрах юм гэж хааяа үглэдэг л юм.  Гэхдээ би хүнд тустай явж байвал баян явж яадаг юм гэж хэлдэг.

-Шантрах, харамсах үе гарч байв уу. Архинаас хамааралтай болчихсон хүмүүсийг хажуугаас нь харахад хэцүү байдаг. Гэтэл та тэд нарыг тэжээнэ, амьдралтай залгуулна. Энэ бүгд хүнд гэдэг нь тодорхой. Эд хогшлыг чинь аваад зарчихдаг тохиолдол гарч л байсан биз дээ?

-Байлгүй яахав. Эрсдэл бол байна шүү. Гол гонсойлгоод аваад явчхыг нь яана. Гэхдээ тэд нар чинь эргээд мөлхөөд ирдэг. Нэг ирнэ, хоёр ирнэ, гурав дахиа ирэхдээ ойлголоо дахиж ингэхгүй гэж хэлбэл жинхэнээсээ дахиж уухгүй гэсэн үг юм. Архины хамааралтай болчихсон хүнийг гурван жил арчилж байж сайн хүн болгодог. Миний муу үрчгэр хар нүүрийг харчхаад архинаас шууд гарна гэж юу байхав. Надаар загнуулна, үглүүлнэ, чимхүүлнэ бүр алгадуулна. Энэ ч дээ, хүн болохгүй болов уу гэсэн хүн гурван жил надтай байгаад л сайхан болчихдог. Тийм болохоор энэ ажлыг би орхиж чаддаггүй юм.

-Эдгээр хүмүүсийн архи ууж, тэнүүлчин амьдралаар амьдарч байгаа шалтгаан нь юу вэ?

-Зах зээлийн нийгэмд шилжих үед олон үйлдвэр дампуурч олон хүн ажилгүй болж түүнээсээ үүдээд нэг хэсэг нь архичин болж орон гэргүй болсон шүү дээ. Харин орчин үеийн залуучууд ажил олдохгүй, ажилгүйн улмаас бор дарсанд шунаж архичин болж байна.

-Ямар үед хамгийн хэцүү байдаг вэ?

-Эдгээр хүмүүстэй хамт байхад надад тийм ч хэцүү байдаггүй. Харин төр засаг дэмжихгүй байх л надад хамгийн хэцүү байдаг даа. Би орон гэргүй тэнэмэл иргэдэд зориулсан “Дээшлэх хотхон” I, II-ыг байгуулахаар Сонгино хайрхан дүүрэгт 3 га, Налайхын Гордокт 2.4 га газар авсан. Ингээд өөрөө олон жил гүйж хөөцөлдөж байж зураг төслийн компаниудаар зураг төслийг нь хийлгээд, 18 сая төгрөгөөр дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлэсэн. Ингээд орон сууцны барилгаас бусад бүх асуудлаа жин тан болгочихсон. Гэтэл улс төсвийг нь шийдэж өгөхгүй байна. Холбогдох хүмүүс нь намайг хүлээж авч уулзахгүй зугтаад байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнууд, орон гэргүй, тэнэмэл, өнчин ядуу, архичин гэгдэж, нийгмээс гадуурхагдан амьдарч буй иргэд,  зориулан Баянзүрх дүүрэгт орон сууцны хотхон бүхий асрамжийн газар барихаар бас л зураг төсөл бүх юм нь бэлэн болчихсон байгаа. Нийслэлтэй уулзаад хөрөнгө оруулалтыг нь шийдүүлэх асуудлаар ярьж байна. Бас л ажил удаашралтай байна. Асрамжийн газрыг маань хандиваар босгоё гэж ярьж байгаа. Одоо ганц хоёрхон бичиг баримт дутуу байна. Тэрийг бүрдүүлээд өгчихвөл бас нааштай болох гээд байна. Асрамжийн газрын багтаамж нийтдээ 500 хүнийх бөгөөд бүрэн ашиглалтад оруулахад 3 тэрбум төгрөг хэрэгтэй. Нэгдүгээр блокт архины хамааралтай хүмүүс, хоёрдугаар блокт өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, орон сууц хэрэгтэй байгаа, дарамтанд орсон, хүүхдээ дагуулсан зэрэг хүмүүс амьдрах юм байна. Тиймээс сайхан сэтгэлт олон түмнийгээ асрамжийн газрыг маань босгоход 1000 төгрөг ч болтугай сэтгэлээрээ хандив өргөөч ээ  гэж хүсмээр байна. 

Хүнд юм өгөөд байхаар өгсөн юм хэд дахин өсөж ирдэг. Би нэг хүнийг хайрласны төлөө 10 хүний хайрыг авдаг.

 

-“Дээшлэх хотхон” I, II-ыг барихад хэчнээн төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа юм бол?

-Нийтдээ 50 орчим тэрбум төгрөг шаардлагатай байна. Миний энэ хийсэн зураг төсөл, газар энэ тэр гээд хийсэн ажлуудыг мөнгөөр үнэлвэл ойролцоогоор 600 сая төгрөг болно. Би их олон жил, олон хүнээс гуйж, уйгагүй явсаны эцэст энэ бүхнийг хийж чадсан. 2013 онд улсын баяр наадмаар 54 тэрбум төгрөгийг зүгээр л баярлахад зарцуулсан. Уг нь бол дээрх хоёр орон сууцны барилга баригдвал 1200 өрхийн нийтдээ 5000 орчим хүн дулаахан тав тухтай орох оронтой болох юм.

-Тань дээр ирээд архинаас гараад өнөөдөр сайхан амьдарч байгаа хүн хэр олон байна?

-Байлгүй яах вэ. Над дээр ирээд нийгэмшээд сайхан амьдарч байгаа хүмүүсийн тоо 500 гарсан. Тэднийгээ сайн сайхан явааг нь харах сайхан байдаг юм. Би анх энд ирэхдээ 20 гэртэй байсан. Одоо 10 л үлдсэн. Гайгүй сайхан амьдарч байгаа хүмүүстээ гэр өгөөд гаргачихдаг юм.

-Гудамжны амьдралаар амьдраад зэрлэгшчихсэн яахаас ч буцахгүй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Та айдаггүй юм уу?

-Би огтхон ч айдаггүй. Харин эд маань надаас айн шүү дээ. Намайг бас хүндэлдэг юм шиг байгаа юм аа.

Харин дараа нь бид түүн дээр ирээд жил гаран болж байгаа А гэх эмэгтэйтэй уулзсан юм. Тэрбээр ой гарантай охинтойгоо хамт байдаг аж.

-Та эмээ дээр ирээд хэр удаж байна вэ?

-Жил гаруй болж байна. Анх нэг танил эгчээсээ сонсоод охинтойгоо хамт ирсэн.

-Энд ирснээр таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Маш их зүйл өөрчлөгдсөн. Одоо би өөрийн гэсэн гэр оронтой болсон. Эмээ надад гэр өгсөн. Одоо охиноо цэцэрлэгт өгчихвөл ажил хийгээд мөнгө олоод сайхан амьдарна гэж бодож байна.

-Одоо бол хүүхдээ хардаг юм байна шүү дээ. Ямар ч орлого байхгүй юу?

-Ямар ч орлого байхгүй ээ. Бүх юм нь цаанаасаа. Хоол унд, боок, саван бүгдийг нь эмээ бэлдээд өгчихдөг юм.

-Эмээ дээр архины хамааралтай хүмүүс их ирдэг. Ийм хүмүүстэй ойрхон байхад хэцүү байх юм уу?

-Анх яаанаа л гэж боддог байсан. Гэхдээ тийм хэцүү биш ээ . Харахад аймар хүмүүс ч гэсэн энд ирэхээрээ огт архи уудаггүй. Эмээгийн үгэнд их ордог. Энд байх үедээ огт архи уудаггүй. Хааяа ус дөхүүлж өгөөд их дэмтэй байдаг юм.



 

 

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.