Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах 200 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Хэрлэнчимэгтэй ярилцлаа.
-Цэцэрлэгийнхээ тухай танилцуулаач?
-Манай цэцэрлэг “Ургах наран” хороололд байрладаг, Баянзүрх дүүргийн XИ хорооны хамран сургах тойргийн 403 хүүхдээс 371 нь хамрагдсан 38 багш, ажилчидтай. Дэлхийн банкны Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн “Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд 2014 оны аравдугаар сарын 29-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай цэцэрлэг урлан бүтээх үйл, ардын зан заншлаар дамжуулан хөгжүүлж, төлөвшүүлэх явдал юм. Үүгээрээ дамжуулан хүүхдийн зан төлөвт эерэг хандлагыг суулгахыг зорьж байна.
-Хүүхдүүдийг урлан бүтээх үйл, үндэсний зан заншлаар төлөвшүүлдэг гэлээ. Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?
-Зураг зурах, наах, хайчилбар, нугалбар, гарын доорх материалаар юм хийх зэргээр багш нар маань дагнан ажиллаж, өөрийгөө хөгжүүлдэг. Ингэснээр мэргэшиж, хүүхдүүддээ энэ талын мэдлэг, чадварыг ээзмшүүлэхээр ажилладаг. Тухайлбал, манай дунд ангийнхан хаягдал цаас, нэг удаагийн аяга, халбагаар бүтээл урлаж байна. Багш нь энэ үйлээр хүүхдүүдээ илүү хөгжүүлсэн болохоор энэ анги маань бусад ангиасаа илүү хөгжсөн байна.
Бас нэг анги маань зураг талдаа илүү давамгай чадварлаг. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зөвлөгөө, туршлага солилцох дүүргийн хэмжээний үйл ажиллагаанд дунд ангийн А.Алтанчимэг багш маань зургийн хичээлийн төрлөөрөө оролцож, нэлээд өндөр амжилт гаргасан. Үүнээс гадна манай Д.Өнөржаргал багшийн “Чулуу” сэдэвт хичээл дүүрэгт шалгарч, шилдэг туршлага болох “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагаа” номын эмхэтгэлд туршлага болж орсон.
Х.Оюунчимэг туслах багш гараа угаах дадал хэвшлээр “Гараа угаацгаая” нэртэй дуу зохиож, үүгээрээ дүүргээс шилдэг сургалтын хэрэглэгдэхүүний батламж гардаж, мөн “Урлагаар хүүхдийн зан төлвийг хөгжүүлэх нь” гэсэн илтгэл нь дүүрэгт шалгарч, илтгэлийн эмхэтгэлд багтсан байгаа.
-Багш нарын нийгмийн хангамж, цалин хөлс хэр байдаг юм бол?
-Ер нь их хэцүү шүү дээ. Өдөржин тасралтгүй ажилладаг. Нэг ч хүүхдийг эзэнгүй орхих эрхгүй, ангиас ч гарах эрхгүй, маш их ачаалалттай ажиллаж байгаа энэ хүмүүсийн цалин яаж ч бодсон хүрэлцэх боломжгүй. Гэхдээ л манай багш нар ямар ч тохиолдолд хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө болгоно доо гээд зүтгэдэг, үнэхээр гайхалтай хүмүүс. Харин миний хувьд багш нарынхаа хэрэгцээ шаардлагыг харгалзаад бусад газруудаас багш нартаа дэмжлэг хүсч, олон нийтийн байгууллага, хороо, Засаг дарга гээд олон газарт хүсэлтээ тавьдгаар л хязгаарлагдах юм даа. Багш нарын нийгмийн асуудлыг төр засаг анхаарах л байх гэж боддог.
-Хүүхэд хөгжиж буй буянтай энэ өргөөнд тулгамдаад байгаа бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах боломжтой талаар , тэдгээр компаниудад ямар санал хүргэхийг та хүсэх бол?
-Манай цэцэрлэгт тулгамдаад байгаа гол асуудал нь тоглоомжуулалт юм. Хүүхэд ерөөсөө тоглоомоор л хөгжинө. Тоглоомоо тоглонгоо л хүүхдүүд маань санаагаа гаргаж, сурна, бусдадаа сургадаг. Тийм л учраас тоглоомны хүрэлцээ жаахан муу байдаг. Тулгамдсан асуудлаа манай хамт олон өөрсдийн нөөц бололцоогоор шийдвэрлэж ажилладаг.Түүний нэг нь “Талын нүүдэлчдийн эх булаг” төрийн бус байгууллагатай хамтраад бид 1000 номтой Номын өргөөтэй болъё гэсэн төсөл хэрэгжүүлсэн.
Хүүхдүүд суугаад номоо унших буйдан, номын тавиур зэргийг тус төслөөс авсан. Үүн дээр манай эцэг эхчүүд болон багш ажилчид хүчээ нэгтгээд, ном хийх, ном цуглуулах аян өрнүүлж, 1000 номтой болж, баяраа ч хийсэн. Дүүргээс, мөн Хэнтий аймгийн цэцэрлэгүүд ч манай 1000 номын баярт оролцож, туршлагаа солилцсон.Номын санчаар Ж.Энхмарт ажиллаж байна. Ингэхдээ бид хүүхэд бүртээ карт нээж, багш нар маань хүүхдүүддээ нэгдсэн байдлаар ном уншиж өгч байна.
Яагаад ном уншиж өгч байна гэвэл хүүхдүүдийнхээ хэл яриа, танин мэдэхүйг хөгжүүлэх зорилготой. Хүүхдүүд сахилгагүйтээд байгаагийн шалтгаан нь ерөөсөө л ээж аавынхаа анхаарлыг татах гэж тэр. Ээж аавууд маань хүүхэддээ тавих анхаарал нь бага, нэг бол компьютер ширтээд сууна, эсвэл утсаа оролдоод суучихдаг. Бүр болохгүй болохоороо хүүхдэдээ утсаа өгөөд тоглуулчихдаг. Тэгж утсаа өгч тоглуулж байхын оронд хүүхдэдээ ном уншиж өгч сургаасай.
Үүнээс гадна камержуулалт их чухал байна. Манай багш нар компьютер, интернэтийн орчинд маш сайн ажиллаж байна. Манай бүлэг бүр өөрийн facebook хуудастай. Мөн Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэг гэсэн facebook хаяг ажиллаж байгаа.
Эцэг эхчүүд маань камержуулалтыг маш их хүсдэг. Яагаад гэхээр хүүхдийг нь хэн нэг хүүхэд маажчихсан байвал шууд л багш руу дайрдаг. Гэтэл багш хүн хүүхдээ маажаад зогсож байхгүй нь тодорхой шүү дээ. Зарим нь ойлгоод “Би хоёрхон хүүхэдтэй өдөржин байх гэж яаж ядардаг билээ, гэтэл 20-30 хүүхэдтэй өдөржин болдог багшид ямар буруу байхав, маажих ч яахав, гар хөлөө хугалчихаагүй л бол боллоо” гэдэг хүн байхад, зарим нь нүүр нь жижигхэн шалбарсны төлөө “Чи миний хүүхдийг маажчихлаа” гээд ороод ирдэг хүн ч бий.
-Ер нь хүүхдүүддээ анхаарал тавьдаг цаг гаргадаг эцэг эхчүүд хэр олон байна вэ?
-Завгүй гээд л байвал хүнээс хэзээ ч зав гарахгүй шүү дээ. Яагаад хүүхэд нь уурлаад, бухимдаад байгаа, яагаад эцэг эхийнхээ юмыг эвдээд байна гэхээр эцэг эхийнх нь анхаарал дутаад байгааг хэлээд байна шүү дээ. Би улсад 25 жил ажиллаж байна. Тэгэхэд хүүхдийг л харж, судалж ажиглаж ажиллаж байна. Ингэхэд хэний хүүхэд үймүүлээд байна гэхээр хүүхэддээ цаг зав бага зарцуулдаг ээж аав нь завгүй хүүхдүүд нэлээд хөдөлгөөнтэй байдаг юм уу даа гэж боддог.
-Тэгвэл завгүй эцэг эхчүүдэд хандаж та аминчлан юуг захих вэ. Бид яг одоо цэцэрлэгийн насан дээр нь л хүүхдүүддээ анхаарал хандуулахгүй бол оройтчихсон байдаг гэж судлаачид ярьдаг юм билээ?
-Хүүхдийн уураг тархины хөгжлийн 70-75 хувь нь 0-5 насанд хөгжиж, төлөвшдөг. Энэ насанд л хүүхэддээ анхаарал хандуулах, хөгжүүлэх хэрэгтэй юм. Хүүхэдтэйгээ харилцахдаа нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Та нэг л өдөр өндөр настай болно. Хэн таныг хайрлах юм гэвэл таны хүүхдүүд л таныг хайрлана. Иймээс одооноос хүүхдүүдтэйгээ ойр байх хэрэгтэй. Хүүхдүүдээ утас, янз бүрийн хүүхэлдэйн киногоор аргацаахын оронд хүүхдүүдтэйгээ тоглоосой, хүүхдүүдтэйгээ ном уншаасай, ялангуяа, ардын зан заншлаа сургаасай.
Ярилцсан танд баярлалаа.
24news.mn