2024 оны 11 сарын 24
Зочин
Б.Чулуунтамир: Сард зөвхөн хулгайн гэмт хэргээс болж нэг тэрбум төгрөгийн алдагдал учирдаг

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамиртай хулгайн гэмт хэрэг ихэсч буй шалтгаан болоод урьдчилан сэргийлэх эрх зүйн орчны талаар ярилцлаа.  

-Хулгайн гэмт хэрэг буурахгүй, жил ирэх тусам нэмэгдэж байгаа мэдээлэл бий. Шалтгаан нь юу байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд жилд 27 мянга гаруй гэмт хэрэг үйлдэгддэг. Түүний 33 хувийг хулгайн гэмт хэрэг дангаараа эзэлдэг. Энэ нь ард иргэд, албан байгууллагуудад жилд 13 орчим тэрбум төгрөгийн алдагдал үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, сард зөвхөн хулгайн гэмт хэргээс болж нэг тэрбум төгрөгийн алдагдал учирдаг гэсэн үг. Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн тусгай ангид 283 гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг.

Энэ тоог 100 хувь гээд үзэхэд Эрүүгийн хуулийн 145 буюу хулгайн гэмт хэрэгтэй холбоотой зүйл анги л гуравны нэгийг эзэлж байна гэдэг маш том тоо. Хулгайн гэмт хэрэг ихэсч байгаа хоёр үндсэн шалтгаан байгаа. Нэгдүгээрт, нийгмийн ядуурал, ажилгүйдэл, тогтворгүй байдал. Хоёрдугаарт, амар хялбар аргаар мөнгө олохыг хүсдэг, компьютер, мөрийтэй зэрэг тоглоом, хар тамхи, мансууруулах бодист донтсон хүмүүс энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн үйлдэж байна. Он гарснаас хойш гэхэд л 6869 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 3.5 тэрбум төгрөгийн хохиролтой 2175 хулгайн хэрэг гарсан байна.

-Хулгайн гэмт хэрэг ихэсч байгаа шалтгааны нэг нь Эрүүгийн тухай хуульд хулгайн гэмт хэрэгтэнд ногдуулах ялын бодлого сул байгаа явдал. Үүнтэй та санал нийлэх үү?

-Тиймээ Манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага хэмжээний хулгай хийвэл Захиргааны хариуцлагын тухай хуулиар ял шийтгэл ногдуулдаг. Мөн хөдөө орон нутагт нэг төлөг 100 мянган төгрөг хүрэхгүй үнэтэй байгаа. Айлын хэдэн жил халуунд халж, хүйтэнд хөрж тэжээсэн төлгийг хулгайлчихаад 15 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрч байгаа тохиолдол байна. Цаана нь эд зүйлсээ алдсан хүн, малаа алдсан малчин хохироод үлддэг.

Тэгэхээр хуулийн ийм зөөлөн бодлого халаасны болоод бусад жижиг хулгайг өөгшүүлээд байгаа юм. Уг нь бол бусдын эд зүйлийг хулгайлсан хүнд зохих ял шийтгэлийг нь л ногдуулах ёстой. Бодлого зөөлөн байгаагаас гэмт этгээдүүд ял завшиж, бусдыг асар их зүйлээр хохироож байгаа. Жишээ нь, нэг оюутан гурван жилийн өмнө нэг сая төгрөгөөр нөөтбүүк авсан байгаа юм.

Дурсгалтай, хэрэгтэй зүйлсээс нь гадна сургууль төгсөх дипломын ажил нь нөөтбүүкт нь хадгалаатай байсан. Гэтэл хулгайд алдчихсан. Хулгайчийг нь илрүүллээ гэхэд гурван жилийн өмнө нэг сая төгрөгөөр авсан нөөтбүүкийн үнэлгээ 200 мянган төгрөг гарах жишээтэй. Хулгайч аль хэзээний нөөтбүүк доторх юмнуудыг нь устгаад бусдад зарчихсан. Хулгайч нь бусдын үнэ цэнтэй зүйлийг хулгайлаад хэдхэн төгрөгөөр зарчихаад, ял шийтгэл хүлээх болохоор торгуулийн арга хэмжээ авахуулаад өнгөрдөг. Нөгөө оюутан дипломын ажилгүй болсноос сургуулиасаа жилийн чөлөө аваад хохироод үлдсэн.

-Хулгайн гэмт этгээдүүдийн арга нарийсч, олонх нь бүлэг, зохион байгуулалттай болсон гэдэг. Энэ талаар тодорхой баримттай мэдээлэл өгөөч?

-Арга нь нарийссан. Хөрөнгөтэй, мөнгөтэй, боломжийн айлуудыг урт, богино хугацаагаар судалдаг, харуул хамгаалалт нь сул байгаа аж ахуйн нэгж, дэлгүүр, банк санхүүгийн байгууллагуудыг бүртгэлжүүлж, танддаг зохион байгуулалттай бүлэглэл олширсон. Хулгай хийхдээ ч зохион байгуулалттайгаар үйлддэг болсон.

Тухайлбал, Хаалга, цоож эвддэг, хулгайлж авдаг, эд зүйлсийг нь тээвэрлэдэг, аваачсаныг нь нуун далдалдаг, нуусан зүйлсийг нь зарж борлуулдаг, цаашлаад хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсээр атлаа авдаг гэх мэтээр тус тусдаа үүрэгтэй, нарийн зохион байгуулалттай, сүлжээ гэмт хэрэгтнүүд бий болсон. Үүнээс гадна хулгайлах эд зүйлээ төрөлжүүлдэг болсон байна. Жишээ нь, машины толь, авто сэлбэг, мал, бурхан шашны эд зүйл, алт, мөнгө, үнэт эдлэл, барилгын материал, багаж, зэвсгийн, гар утасны, бэлэн мөнгөний гэх мэтээр төрөлжиж, дан ганц түүнийгээ хулгайлдаг, тухайн төрлийнхөө худалдаа, наймаа хийдэг ченжүүдэд зарж, борлуулдаг болсон.

-Хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсээр байж худалдаж авдаг, хулгайчдыг энэ үйлдлээрээ өөгшүүлдэг ченж нэртэй хүмүүст ямар хариуцлага ногдуулдаг юм бэ?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлээр ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага ногдуулдаг. Тодруулбал, 155.1.Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Энэ нь ч мөн сүлжээ гэмт хэрэг үйлдэгчдэд хэтэрхий зөөлөн шийтгэл болж байгаа юм.

-Бүлэглэл, сүлжээ болтлоо өргөжсөн хулгайн гэмт хэрэгтэй цаашид хэрхэн тэмцэх вэ. Яаралтай, бодит арга хэмжээ авахгүй бол иргэд хохирч, хулгайч нар ял завшсаар байх нь?

-Нийт гэмт хэргийн гуравны нэгийг дангаараа эзэлж буй хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж байна. Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай 1997 оны хуульд шаардлагатай зарим өөрчлөлтийг хийж, олон зүйлийг тодорхой болгохоор Хууль зүйн яаман дээр Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна.

Үүнээс гадна Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн хүрээнд Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх дэд хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Хөршийн хяналт” гэсэн хөтөлбөр давхар батлаад хэрэгжүүлж байна. Хөрш нь хөршийнхөө эд зүйлийг харж, хамгаалж, мэдээлж байх зорилготой. Энэ нь хулгайн гэмт хэргийг таслан зогсооход маш том тус нэмэр болдог. Мөн орон сууц, гэр хороолол, хотхонуудын камержуулах, шинээр баригдаж байгаа орон сууцны хороолол, хотхоныг бүрэн камержсан байх шаардлага тавьж байна.

Бас нэг сайн мэдээ нь айлууд хэд хэдээрээ нийлээд, гудамжаараа хамтраад ойр орчноо камержуулж эхэлж байна. Үүний нэг жишээ нь Чингэлтэй дүүрэгт 10 гаруй айл нийлээд санаачлагаараа гудамжаа камержуулаад, камерын хяналтаа хэсгийнхээ цагдаагийнд байршуулсан байна.

-Иргэд хамтраад гудамж, талбайгаа камержуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэдэг сайхан мэдээ байна. Ингэснээр тухайн гэр хорооллын бүсийн гэмт хэрэг эрс буурч уу?

-Камержуулсан, гэрэлтүүлэг тавьсан гудамж талбайд зөвхөн хулгай гэлтгүй бусад бүх төрлийн гэмт хэрэг огцом буурдаг. Аймаг, орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагууд үүнээс санаа аваад хамтраад камержуулалтаа сайжруулах хэрэгтэй байгаа юм. Тэгвэл орон нутаг дахь хулгайн болоод бусад гэмт хэрэг буурна.

Өөр нэг чухал зүйл нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах газар, Үндэсний дата төв, цагдаагийн байгууллага хамтраад гэмт хэрэгтэй тэмцэх цахим бүртгэлжүүлэлт хийхээр ажиллаж байна. Тодруулбал, иргэдийн ухаалаг төхөөрөмжийг бүртгэлжүүлнэ. Ухаалаг утас, нөөтбүүк, таблет, компюьтер гэх мэт зүйлсийн EMI кодыг цахим хэлбэрээр бүртгэж, хулгайд алдагдсан тохиолдолд кодоор нь илрүүлэн таних ажиллагаа хийх юм. Бүртгүүлсэн тохиолдолд аль ч төрлийн ухаалаг төхөөрөмжийг хулгайд алдсан даруйд EMI кодоор нь хайж, илрүүлэх боломжтой болно гэсэн үг.

Үүнээс гадна бүртгэлд оруулсан ухаалаг төхөөрөмжүүдээ даатгалд хамруулдаг байхаар төлөвлөж байна. Ингэснээр гар утсаа хулгайчид алдсан иргэн даатгалын байгууллагаар хохирлоо төлүүлдэг болох юм. Үүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин нь манайд бүрдсэн.

-Сүүлийн үед илрүүлсэн томоохон гэмт хэргээс дурдвал?

-Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд 200 гаруй үйлдэлтэй хулгайн бүлэглэлийг саяхан илрүүллээ. 50-100 үйлдэл бол одоогийн нийт илэрч байгаа хулгайн бүлэглэлийнхний дундаж тоо.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн үүрэг, оролцоо ямар байх ёстой талаар хэлж өгөөч?

-Хулгайн гэмт хэрэг гарахгүй байх гол зүйл бол иргэн хариуцлагатай, өөрийнхөө үнэтэй эд зүйлээ эрсдэлээс хамгаалахад байдаг. Эд хөрөнгөө хамгаалалтын төмөр, тор, хайсаар хамгалах, гэрэл гэгээтэй, харуул, хамгаалалттай орчинд машинаа тавих, өөрийнхөө болон хөршийнхөө эд хөрөнгийн хадгалалтад байнга анхаарах, бусадтай нэгдэн аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн дураар санаачилж, хэрэгжүүлж байх хэрэгтэй юм.

-Хулгайн гэмт хэрэг хамгийн их гардаг аймаг аль нь вэ?

-Хөвсгөл, Төв, Архангай, Өвөрхангай, Дорноговь аймагт хулгай хамгийн их гардаг. Баян-Өлгий, Говь-Сүмбэр, Говь-Алтайд харин энэ төрлийн гэмт хэрэг бага гардаг. Нийслэлийн хувьд Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт хамгийн их, Багануур, Багахангайд хулгай бага гардаг.

-Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүүхдүүд хулгайн хэрэг хийх нь ихэссэн. Энэ талаар?

-Эцэг, эх асран хамгаалагч нар нь насанд хүрээгүй хүүхдээ хараа хяналтгүй орхидог, хайхардаггүй, зарим нь архи, согтууруулах ундааны хамаарлаасаа болж хүүхдээ гаргуунд нь хаядаг, тэднээр хулгай хийлгэдэг асуудал их гарч байгаа. 2016 онд улсын хэмжээнд 970 гаруй хүүхэд гэмт хэрэгт холбогдсоноос 537 нь зөвхөн хулгайн гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн байсан. Эдгээрийн 50 нь сургуульд огт сураагүй болон завсардсан хүүхдүүд байсан. 

- Ярилцсанд баярлалаа

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.