1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр одоогийн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг буюу Их нуруудын хотгорт нэгэн үйл явдал болжээ. Бүртийх үүлгүй, нам гүм цаг агаартай өдөр монгол элс гэв гэнэт шуугин оволзож нүүр нүдгүй шуурч эхэлж. Энэ үеэр тус нутагт эсэргүү хэмээн эгэл ардыг барихаар хайж явсан ногоон малгайтнууд элсний их шуурганаас айж эрлээ орхин буцаж. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумаас Завхан аймгийн Дөрвөлжин сум Сутай хайрхан хүртэл үргэлжлэн тогтсон монгол элс ийнхүү булигласны учир юу байв гэхэд шавилхан биетэй саальчин бүсгүй Бүжинлхам Бөжөө аавыгаа эсэргүү хэмээн барих гэж явааг мэдээд их элсэн дээр гарч хэнгэрэг дэлдсэн нь энэ аж. Энэ бол Бүжинлхам Бөжөө удганы эрдэм чадал, зан үйлийн талаарх хууч, домог ярианы нэг нь. Харин өнөөдөр бид бүхэн Бүжинлхам Бөжөө удганы онгод шүтээн, зан үйлийг өвлөн биелүүлж яваа шарын шашны удган Ц.Сарантуяатай уулзаж ярилцсан нь энэ. Нийгэм хаалттай, шашин шүтлэг хориотой тэр цагт сэхээтний гэр бүлд өсөж хүмүүжсэн энэ эмэгтэйд удмын онгод шүтээн нь хүүхэд ахуй цагаас нь илэрч олон жил адармаатай, хэцүү үйл явдлуудыг туулж ирсэн байна. 2000 оны эхээр Ц.Сарантуяагийн бие нь муудаж онош тодорхой бус шалтгаанаар эмнэлгээс эмнэлэг дамжиж, БЗД-ийн түргэнд өдөртөө 2-3 удаа дуудлага өгч унаж татдаг шинж тэмдэгтэй амьдарч байж. Энэ өвчний хажуугаар түүний нүдэнд, зөн совинд ойр дотныхны нь бүү хэл зөрөөд өнгөрсөн хүмүүсийн амьдрал, болж бүтэхгүй байгаа бүхэн нь харагдаж, илчлэх эрхгүйгээр тарчлааж байж. Ингээд 2001 онд Говь-Алтай аймгийн уугуул ...Наранбаатар ламтай уулзаж танилцсанаар 13 наснаасаа эдэлсэн учир битүүлэг хачирхалтай амьдралынхаа утгыг тайлжээ. Ц.Сарантуяа удган хүнсний технилогич мэргэжилтэй. Завхан аймгийн хүнсний үйлдвэрт насаараа ажилласан хүн. Зан сайтай, ухаалаг сайхан энэ эмэгтэй “Эгч нь байгалиас заяасан авьяасаараа аймгийнхаа театрт хөгжимчин хийж МУГЖ Ц.Батсүхийн хөгжимчин явлаа” гэж инээмсэглэн суулаа. Арга дом зурхай судлалын “Гайхамшигт билгүүн” төвийн үзмэрч, Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн гишүүн удган Ц.Сарантуяагийн ярианд анхаарлаа хандуулья.
-...Наранбаатар лам таныг Энэтхэг багшаараа үзүүлсэн гэдэг. Тэр талаар яриач?
-Наранбаатар лам намайг Энэтхэг улсад амьдардаг багштайгаа утсаар холбогдож асуусан. Гэтэл тэр хүн намайг байгаа газраасаа мэдрээд шавьдаа “Чи наад хүнээ өвчин зовлонгоос нь салга, өөрийнх нь явах ёстой замаар явуул” гэсэн юм билээ. Тэгээд багш маань хүний мэдэрч буй бүх юмыг аргадан судалдаг газар чинь их том төв бий. Тэнд аваачиж шалгуулсан, намайг хоёр гурван жил судалсан. Орон нутаг, удам угсаа, ах дүүс нь ямар хүмүүс байна вэ гээд л. Эцэст нь намайг Бүжинлхам Бөжөө удганы удмыг үргэлжлүүлэх ёстой удган хүмүүн юм байна гэдгийг тодорхойлж эмэг удганыхаа үйл хэргийг үргэлжлүүлэх замд оруулж өгсөн дөө. Ингээд өвчнөөсөө ч салсан даа. Дээд тэнгэрийн хишиг заяа түшиж би их зөв буусан.
-Шарын шашны удган гэдэг нь юугаараа онцлог вэ?
-Бүжинлхам бөжөө эмэг маань ч гэсэн лам нартай хоорондоо эрдэм солилцож шидэт тарниар үйл хийдэг шарын шашны удган байсан. Би ч гэсэн адилхан. 2004 оноос үйл ажиллагаа таслахгүй хийж байгаа. Одоогийн залуус та бүхэнд маш дөхөм ойлгуулахад лүүжин тавих гэдэг чинь бөөгийн эрдмийн ном юм. За мөн лус аргадна, гал тахина, амин золиг хийнэ. Шарын шашинтай бөөгийн эрч хүчээр эрдмээрээ солилцдог, бид.
-Өнөөдөр жаахан болохгүй л бол онгодоо ав гэдэг. Би үүнийг туйлшрал гэж хардаг?
-Би ч гэсэн санал нийлж байна. Одоо мөнгөний үнэр авчихсан. Унаж туссан хүн болгоныг бөөтэй холбодог. Тийм юм байдаггүй юмаа. Би энэ бүхнийг өөрийнхөө биеэр үзэж туулсан. Дээрээс нь онгод сахиус тэнгэрээрээ дамжиж удган ээжээсээ энэ бүхний утга учрыг сонсдог, сурдаг.
-Таныг сүсэгтэн олон лус аргаддаг удган гэж нэрлэдэг. Энэ ямар учиртай вэ?
-Нэг талаас лусыг хүссэн бүхэн аргадаж зөөлрүүлж чаддаггүй. Нөгөө талаас хүмүүс өөрийн мэдэлгүй газар лусаа хилэгнүүлж хорлолд өртөж байдаг. Лус гэдэг хий үзэгдэл биш биет амьтан. Нар мандана, жаргана. Энэ бол амь. Цэцэг ургана, намар хатна, энэ ч бас амь. Долоодугаар сарын сүүлч наймдугаар сарын 20-ны хооронд бүх ургамлын иш газар лусаас эрч хүчээ аваад шимээ тээчихсэн байдаг. Тэгэхэд бид нар мэдлэггүй хэнэггүй байдлаасаа болж тасдаж гэмтээж хаяна. Дээрээс хамаагүй хугална, тайрна, ус руу цагаан идээ, малын махны цус хүртэл оруулна. Энэ бүхнийг чинь газар лусын эзэд мэддэг юм. Ажил амьдрал нь бүтэхгүй, бие нь өвдөөд, ухаан санаа нь самуурсан олон хүнийг эдгээсэн дээ. Лусын 81 чанар, лусад 81 бэлэг өргөнө гэж байдаг. 81 бургас зороод дээд талд цэнхэр, дунд нь цагаан торго, хөлийг нь улаан утсаар хэрээд лусын эргэлтэд тохируулж өргөдөг. Ингэж бэлэг барихдаа малын гургалдайгаар лусын амьтан төлөөлүүлж, дал дөрвөн өндөр, хонины сүүлний годонтой хэсгийг өргөдөг. Лусын амьтан гэдэг нь нисч буй шувуунээс эхлээд нохой хүртэл орно. Нохой бүр тэнгэрийн үнэнч элч шүү дээ.
-Лус савдагийг хилэгнүүлснийг яаж мэдэхэв?
- Онгодоороо үнэрлэж мэднэ.
-Би удган таны хийдэг томоохон үйлүүдийг нэг нэгээр нь тайлбарлуулж хүмүүст хүргэмээр байна. Галын тахилга хийлгэх нь ямар тустай юм бэ?
-Хүн бүр 12 жилээс өөрт заяасан жилээ аваад л амьдарч яваа. Амьдралын энэ өдөр хоногууд үйл явдлууд бүгд сайн муу, болох болохгүй үр дагавартай байдаг. Энэ түмэн учрал тохиолыг л тэгшилж сайхан болгож буй үйл. Галаа тахиулсан айлын ажил төрөл нь сайхан бүтнэ. Гэр бүл найз нөхдийн дунд хэл ам хэрүүл тэмцэл хаагдана. Холоос ирэх олзыг дуудаж ойртож, ирсэн гарзын үүдийг хаана. Их сайхан болдог, галаа тахиулсан айлууд.
-Амин золиг гэж юуг хэлдэг вэ?
-Амин золигийг манай лам нар ном тоослодог шиг хөнгөвчилчихсөн байна. Миний хувьд арвайн гурилыг шар тос элсэн чихрээр багсарч, нүд хөмсөг, сормуус хийж, хар өвсөөр амилуулж хийдэг. Алтан унжлагат хэмээх тахиа жилд хар нохойны ам баруун урд зүгт байгаа. Тэр хаанаас юу ирнэ тэрийг шиншлээд авчих гээд байж байдаг. Тэгэхээр тухайн айлыг бүтэн жилийн турш муу муухай бүхнээс ангид байлгаж, хүн, малын гарзгүй байлгахаар амин золигийг хар нохойн ам руу бие төлөөлөгч болгон явуулж байна гэсэн үг. Амин золигийг нүцгэн биеэр нь явуулна. Эсвэл хувцаслаад явуулж ч болно. Хар нохойн ухаан санааг нь үймүүлж хуурах гээд байна хэрэг юм. Амин золиг хийлгэсэн байхад айл хотол, ах дүүсээрээ тайван сайхан амьдарч болдог.
-Манайхан хараал хүрчихлээ гэж их ярьдаг...?
-Хараал гэдгийг маш олон төрлөөр буцаах, хаах, сэргийлэх боломж байдаг. Манайхан чинь муудалцахаараа бие биенийгээ иднэ, залгина энэ тэр гэж муухай хэлдэг. Гэтэл энэ нь зүгээр нэг хэлэх биш нэгнийхээ сэтгэлзүйгээр тоглож байгаа юм. Тэгээд цаад хүн нь хараал хүрчихлээ гээд л шаналаад хямраад эхэлдэг. Ийм үед яах вэ гэхээр шууд гэртээ очоод сүү буцалгаад уучих. Нэг засал. Үнэхээр сэтгэлзүйд чинь өөрчлөлт байгаад байвал эсгий хайчлаад хаалганыхаа зүүн талынхаа хатавчинд хийчих. Муу юм танай руу орохгүй. Эсвэл бор давсыг гэр байшингаа тойруулаад дөрвөн буланд нь асгачих. Иймэрхүү энгийн заслууд нэг хэсэгтээ л гадны хэл ам, хэрүүл тэмцлийг хааж чаддаг. Хүн чинь сэтгэлээрээ сүсэг бишрэлээрээ амьдардаг амьтан. Тийм учраас ядаж л энгийн сайн аргуудаар өөрийгөө хамгаалаад сурчих хэрэгтэй. Хүмүүст хараал хариулах, хараалаас хамгаалах жирийн энгийн аргуудаас хэлж, зааж өгмөөр санагддаг.
-Манайхан амьдрал нэг л болохгүй байна гэж олонтаа ярьдаг. Нэг л болж өгөхгүй байгаагийн цаад учрыг та хэрхэн тайлбарлах вэ?
-Хүмүүс хэлдэг. Зөндөө л лам, бөөгөөр явлаа нэмэр алга гэж ярьдаг. Тэр удган сайн, энэ удган муу гэж болдоггүй юмаа. Өөрийн сахиусыг ард иргэдээр хүндлүүлж, хүний сахиусыг хүндэлж байж харилцаа үүсдэг. Монголын ард түмэн хэнэггүйгээсээ болж л эрсдэлд ордог. Мөнгө, эд хөрөнгө, албан тушаалын хойноос хөөцөлдөж явахдаа жилийн 365 хоногийг нь даагаал явчих ганц удаагийн заслаа хийлгээгүй л явдаг. Жишээ нь энэ жил 1981 оны тахиа жилтэй эмэгтэйчүүдэд газрын үүд нээгдсэн. Нээгдсэн л гэсэн бол хаалгах л ёстой байхгүй юу. Манай лам нар цагаан сараар засал номыг телевизээр маш сайн хэлж өгдөг. Хүн гэдэг амьтан нүцгэн ирсэн, нүцгэн л буцна. Амьд байх хугацаандаа амар тайван, элэг бүтэн, сэтгэлээ баясгаж амьдрах ёстой л гэж би боддог. Өөрсдийн хэнэггүй байдлаасаа болж утсан чинээ улаан амиа хаяж нуруутай нуруугүй хэдэн цаасны араас гүйж яваад хорвоогоос халиад байна шүү дээ.
-Жилийн заслаа заавал хийлгэх ёстой юм байна. Өөр юуг анхаарах вэ?
-Заслаа хийлгэсэн хүн бол юунаас ч айлтгүй ээ. Энэ ертөнцийг сахьсан сахиусууд байж байдаг. Гомбо, Намсрай, Лхам, Жамсран бурхан биднийг үргэлж сахиж явдаг. Үүнийг мэдчихсэн нөхцөлд шинийн 8, 10, 15, 25, 29, 30 өдрүүдэд зул өргөхөд гэгээ гэрэл амьдралд нь ирж мэдэгдэнэ.
-Долоон бурханд сүү өргөхөд учир бий гэж та хэлж байсан. Тайлбарлаж өгөөч?
-Хүмүүс ерөөсөө долоон бурхан руу чиглүүлээд л сүү өргөчихвөл болоо гэж өөрсдийгөө хуурдаг. Яаж өргөх вэ гэхээр долоон бурхан байраа олоод шанаганы хонхор нь яг дээшээ харсан цаг мөчид сүү өргөдөг. Одоо хаврын дунд сард 00.45-01:20 цагийн хооронд тэгширнэ. Яг энэ цагт бүхий л амьдрал, ажил үйлсээ даатгаад нэг ч удаа болов сүү өргө. Гэхдээ бас учиртай. Эхний од Санжаанамсаг нэртэй бурхан, хулгана жилтэй хүмүүсийг ивээдэг. Хоёр дахь од бол Жүгдэржав бурхан, үхэр гахай жилтнийх. Гурав дахь од бол Танжжав бурхан нохой, бартай хүнийг ивээн тэтгэдэг. Дөрөв дэх од нь Хорвоонжиг туулай, тахиатай хүмүүс багтана. Тав дахь од Бурхан багш бич, луутай хүмүүс ивээгддэг. Зургаа дахь одыг Санжодсүрэн, хонь, могой жил орно. Долоо дахь Санжочсүрэн нэртэй бурхан од бөгөөд морьтай хүмүүсийг ивээдэг. Тэгэхээр долоон бурхан од тэгширч шанага дээшээ харсан үед өөрийн одны нэрийг хэлж өөрийн нэр усаа хэлж тухайн одынхоо тарнийг уншаад сүүгээ өргөнө.
-Засал ном хийлгэхдаа бид өөрсдөө юуг анхаарах ёстой вэ?
-Би бол заслаа хийлгэхээр ирсэн хүмүүст хэлдэг. Би хийж өгч болно. Харин чи амьдралаа дээшлүүлье, үр хүүхдээ сайн сайхан байлгая, хань ижлээ тогтвортой явуулья гэвэл миний хэлсэн бүхнийг маш сайн хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол миний ч, чиний ч цагийн гарз гэж хэлдэг. Надаар арван хэдэн жил заслаа хийлгэж байгаа айлууд олон байна. Жилд хийдэг заслууд маань амьдралд нь үр дүнтэй өгөөд байгаа болохоор намайг зориод ирдэг. Харин ямар ч сэтгэлгүй хүн бол хэцүү. Богд ууланд сүү өргөөд ороод ирээ гэхээр гаргаад бушуухан цацчихаад ороод ирнэ. Гэтэл тэр уулыг зурагтаар харж байгаа юмшиг нүдэндээ буулгаад өөрийн дотоод сэтгэлийнхээ эрч хүчийг гаргаад хийх хэрэгтэй юм.
-Нийгэмд бусдаас цэрвэдэг, болгоомжилдог нийтлэг хандлага бий болчихсон. Та анзаардаг л байх?
-Маш олон хүн ийм асуудлаар ханддаг. Надад нэг чихэр өгөхөөр идчихсэн юмаа. Тэгсэн чинь бие өвдөөд гэх жишээний. Сайнаасаа саар нь давамгайлсан энэ цагт хүн хүний өгсөн юмыг муу санаж аваад хэрэггүй. Энэ яагаад надад өгөв гээд бодсон л бол шууд хогийн саванд хий. Энэ өвс хөдлөөд байна уу даа гээд бодчихоор л хөдлөөд байх шиг харагддаг байхгүй юу. Тийм болохоор өөрийн доторх мэдрэмж, чанарыг гаргаж өөртөйгээ ярих хэрэгтэй. Өөрөө өөрөөсөө л шалтгаална. Хүн өөрөө өөрийгөө гэмтээдэг. Гадаа ингээд салхи салхилж байхад “Баян хайрхан, хангай дэлхий ээж минь” гэж сүсэглэн аргадахын оронд “Муухай шуураад, ямар муухай өдөр вэ” гэж ярьдаг. Хангай дэлхий чинь амьд учраас улам уур нь хүрнэ биз дээ. Тэгэхээр хүн өөрөө юу ярих, юу хийх, юу бодохоо хүртэл цэнэдэг байх хэрэгтэй юм.
-Тахиа жилд ямар жилтэнгүүд илүү анхаарах ёстой юм бол?
-Нохой, гахай, туулай, могой, жилтэй хүмүүс тусгай засалтай. За тэгээд бүх тахиа жилтнүүд анхаарна. Сайн муу нийлж сав дүүрнэ гэгчээр ерөнхийдөө зурхайчдын гаргасан цаг тооны бичгийг сайн мөрдөх унших судлах хэрэгтэй. Цогтбаатар ламын календарь их сайн. Тахианууд аль болох эвийг хичээх хэрэгтэй. Хар хөх өнгийн эд зүйл авч хэрэггүй. Тэнгэр хангайдаа сүүгээ өргө. Ганга өвсөө уугиулж бай. Алтан ганжуур уншуулах хэрэгтэй. Амин золигийн засалтай.
-Зун болохоор нутгийнхаа уул усыг тахих зан үйлийг маш ихээр хийдэг болсон. Үүнийг хэрхэн яаж хийвэл зохилтой вэ?
-Эцэг эх, өвөг дээдсийн төрсөн газар нутагийг тахиж шүтэх нь маш сайн үйл юм. Бид нар зургадугаар сарын 22-нд нарны тахилгаар энэ үйлийг эхэлдэг. Өөд болсон эцэг эхийн чинь сүнс баярлана, тэр хавиар нутаглаж байгаа ахан дүүс, нутгийн зон олонд хүртэл буян заяа нь хүртэнэ. Гэхдээ гурван жил дараалан тахиулах нь зүйтэй юм. Нутгийн настай хүмүүсээс тэр уул усны тухай маш сайн асууж мэдлэгтэй болох хэрэгтэй. Уул хайрханыг тахих олон арга бий. Тухайлбал лусын бумбаар тахихад та нарт бүү хэл надад хүртэл буян хишиг нь ирэх жишээтэй.
-Та сүсэгтэн олон түмэнд хандаад юуг анхааруулж хэлмээр байна бас юуг зөвлөмөөр байна вэ?
-Хүмүүс бид байгалийн бүтээгдэхүүн гэдгээ байнга санаж явах учиртай юм. Хувь тавилан заяа төөргийн дагуу амьдардаг гэдэг ч зарим тохиолдолд тавилан заяагаа засаж залж болох боломж бидэнд байдаг. Жишээ нь хүн бусдыг хортой могой шиг гээд хараагаад байвал үхэхийн дохио. Хүн гэнэт алт монетнаас татгалзаад чулуу модон зүйлд дурлаад байвал дотор эрхтэн эмхэрч байна гэсэн үг. Өглөө гэрээсээ гарахдаа дандаа сайхан юм бодож явах хэрэгтэй. Өөрөө өөртөө гай бүү дуудаж бай. Зурхай, цаг тооны бичиг гээд сайхан гарын авлагууд зөндөө бий. Тэрийг авч унш, хар. Бурхан багшийн ботийг нэг уншчих. Хойд насандаа бид юу ч болж төрж болно. Тэгэхээр энэ цагаа зөв өнгөрөөх хэрэгтэй. Шунал сэтгэлдээ хязгаар тавих хэрэгтэй. Өөрийн хөдөлмөрлөсөн хэмжээндээ таарсан хэрэглээ, эд зүйлдээ сэтгэлээ хангаж сур. Өнөөдөр залуус нэрээ хэлж чадахгүй хүүхдээ сая төгрөгний үнэтэй утсаараа тоглуулж шуналд сургаж байна. Тэр утсыг авна гээд уйлж байгаа чинь шунаж байгаа хэрэг. Тэгэхээр аливаа юманд баримжаатай л байгаад сурчих.
-Ярилцсанд баярлалаа.