2024 оны 11 сарын 24
Зочин
Т.БАРХҮҮГ БАРАХГҮЙ ЮМ БАЙНА

 "Боловсрол суваг” телевизээр ням гариг бүрийн үдэш цацагдаж байсан "Яг түүн шиг-2” шоуны сүүлийн дугаар өчигдөр/2017.06.04/ болж, ялагч тодорлоо. Шилдэг найман оролцогчоос зургаа нь финалын шалгаруулалтад үлдээд байсан юм. Х дугаарт үлдсэн зургаан оролцогчдод нэгэн боломжийг олгосон бөгөөд тэднийг өөрийн хамгийн сайн дуучны дүрд хувирч, дууг амилуулах байсан билээ. Шоу эхэлсэн цагаас үзэгчдийг байлдан дагуулж байсан "Х-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү "Аerosmith” хамтлагийн Steven Tyler-ийн I Don’t want to Miss a Thing дууг "яг л түүн шиг” дуулж, үзэгч, шүүгч, оролцогчдоос 57 оноо буюу хамгийн өндөр оноог авч чадсанаар энэ удаагийн шоуны ялагч болсон юм. Т.Бархүү өмнөх есөн дугаарын гуравт нь ялалт байгуулаад байсан бөгөөд сүүлийн шалгаруулалтад өөрийгөө дахин харуулж, шилдэг гэдгээ харууллаа. Энэ удаагийн шоуны удаах байрыг БНСУ-ын "Монтант” хамтлагийн гишүүн, дуучин С.Гантогоо удаалсан. Тэрбээр сүүлийн шатанд дэлхий дахинаа алдаршаад байгаа G-Dragon дуучны гурван дууг дуулсан. Кореа поп урсгалыг дэлхийд таниулж яваа дуучны дууг "Яг л түүн шиг II” шоуны тайзнаас амилуулж чадсан С.Гантогоо энэхүү шоуны хамгийн хүчтэй оролцогчийн нэг байсан юм. Сүүлийн шалгаруулалтад өөрийн давуу байдлаа ашигласан ч 46 оноогоор дэд байранд орлоо. Гэхдээ энэ удаад оролцогч Г.Ганхүү өөрийгөө мөн рок хэмнэлд аваачсан бол дуучин Б.Халиун, төгөлдөр хуурч С.Алимаа нар ч чадварлаг гэдгээ харуулсан. Финалын шалгаруулалтад үлдсэн "Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар өмнөх дугаарт рок дууг дуулж, олныг алмайруулж чадсан. Харин энэ удаа "Киви” хамтлагийн дуучин Укагийн "Маргаашийн нар руу” дууг дуулахдаа дүрд нь хувирсан юм. Өөрийгөө эрс өөрчилж чадсан Г.Мэнд-Амар энэ удаа өөрийнхөө хоолойгоор дуулж, дүү С.Гантогоог дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. 

 "Боловсрол суваг” телевизийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд тус телевизийн уран бүтээлчид "Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр "Яг түүн шиг” шоуг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр эхэлж, хоёр сарын турш үзэгч, сонсогчоо доргиож чадсан шоу өндөрлөлөө. 

Шоуг гайхалтай болгож, үзэгчийн дэлгэцийн өмнө татаж чадсан энэхүү шоуны талаар нийтлэлч Баабар ялагчийн шагнал гардуулах үедээ ингэж хэлсэн юм. "Үнэхээр яг л түүн шиг байлаа. Би энд нэг зүйлийг онцолмоор байна. "Халтар царайт” киног гарах үед Монголын үзэгч ямар байлаа. Тухайн үед хүн ам өнөөгийнх шиг цөөн байж. Гэтэл өнөөдөр энэхүү шоуг үзэхийн тулд Монгол орны өнцөг булан бүрт нэг сая гаруй телевиз асаж, тэр хэрээр үзэгчтэй байлаа. Үнэхээр гайхалтай байна” гэсэн юм.

Үнэхээр хоёр сарын турш ням гаригийн үдэш үзэгч түмнээ дэлгэцийн өмнө уяж, дараа дараагийн дугаар хүртэл ярих зүйлтэй болгосон "Боловсрол суваг” телевизийн хамт олондоо талархлаа. Ирэх жил "Яг л түүн шиг III” дугаар дээрээ эргэн уулзацгаая.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.