Монгол Улсад Хор судлалын алба 2008 онд байгуулагдсан. Улам бүр хотжиж, нягтаршиж буй хөгжил дэвшлийн эрин үед энэ судлал туйлын шаардлагатай байдаг. Хор судлалын алба байгуулагдаад удаагүй ч 64 стандартыг батлуулжээ.
Хамгийн энгийн жишээ нь, та бидний яриад байдаг ус хадгалдаг цэнхэр, шар савны хортойг тогтоож хүнсний сав баглаа боодлын стандартыг бий болгосон газар. С.Өнөрсайхан доктор энэ албаны даргаар ажиллаж байгаад саяхан ажлаа өгчээ. Тэрээр "вакум цонх, дрож, цагаан будаа гээд олон зүйлийн хүний биед үзүүлж буй хоруу чанарыг судлах хэрэгтэй л байгаа юм" гэж ярина лээ.
Харамсалтай нь өнөөдөр хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд байгаа гэж ярьдаг ч яг хэдий хэмжээнд байна, ямар хорт бодис ялгаруулж, иргэдийг хэрхэн хордуулж байна гэдэг талаар дорвитой судалгаа алга л байна.
Харин өнөөдрийн бидний ярилцсан сэдэв хар тугалга. Даваа гарагийг ийм сэдвээр эхэлж байгаадаа хүлцэл өчье. Гэвч нэгэнт аюулын харанга дэлдэж байгаа тул арга алга.
Та энэхүү ярилцлагыг СОНСОЖ, УНШИЖ бас ҮЗЭЖ болно.
Хар тугалга хүний эрүүл мэндэд үнэхээр муу юм уу, эсвэл байх ёстой элемент юм уу?
Энэ бол Менделеевийн үелэх системийн 82 дугаарт бичигддэг, та бидний амьдралд өдөр тутам таардаг элемент. 20-р зуунд хар тугалганы хоруу чанар, хүний бие махбодид үзүүлэх хорт чанарыг нь нэлээд судалсны үндсэн дээр “хүний биед байх ёсгүй хорт элемент мөн” гэдгийг тогтоосон.
Манай судлаачид хар тугалгатай холбоотой судалгааны материалаа олон улсын сэтгүүлүүдэд хэвлүүлэх гэхээр “хэдийнээ шийдэгдсэн зүйлийг бид нийтлэхгүй” гэдэг гэсэн. Бид яагаад энэ талаар одоо ярих нөхцөлд орчихов оо?
Манай Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн 1998 оноос хар тугалганы судалгааг хийсэн. Б.Бурмаажав докторын судалгаагаар “Монгол хүүхдийн цусанд дунджаар 16 мкг/дл буюу ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс их байна” гэдгийг нотолж, энэ нь агаар, хөрс, цасанд агуулагдах хар тугалганы агуулгатай хамааралтай байна гэдгийг нотолсон байдаг. 2015 онд бага насны хүүхдийн цусан дахь хар тугалганы агууламжийг дахин судалж, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр байна гэдгийг тогтоосон. Мөн хөрсөн дэх хар тугалганы бохирдлын хэмжээ жил ирэх тусам өсч байгааг судалсан.
Маш өндөр гэдэг нь хэд?
ДЭМБ-аас хүүхдийн цусанд хар тугалга 5 мкг/дл-ээс хэтрэхгүй байх ёстой гэж зааж өгсөн байдаг бөгөөд энэ судалгаагаар бага насны хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы дундаж агууламж 16 мкг/дл илэрч байгаа нь их тоо л доо. Хөрсөнд гэхэд 1993 онд 95.7мг/кг хар тугалга агуулагдаж байсан бол 2000 онд 256.1 мг/кг болж өссөн тоо баримтыг дурдсан хэвлэлийн тойм өгүүллүүд байдаг. АНУ-д 1960 онд энэ асуудлыг судлаад хар тугалга нь хүүхдийн сэтгэн бодох чадвар буюу IQ-тэй шууд хамааралтай гэдгийг тогтоосон. Олон улсад хар тугалганы хольцтой будгийг хэрэглэхийг 1970 оноос хойш хориглосон. 1980-аад оноос өмнө баригдсан, хар тугалганы хольцтой будаг бүхий барилгуудыг нурааж болохгүй, нураавал тоосонцор хэлбэрээр хүний амьсгалын замаар бие махбодод нэвтэрч хордуулах учир тэр байшингуудыг тэр чигт нь нураалгүй орхисноор орхигдсон хотууд хүртэл Америкт бий болсон байдаг. Хар тугалганы бохирдолтой хотуудын 15-20 жилийн дараах хүн амын дундах гэмт хэргийн гаралт шууд хамааралтай байна гэдгийг ч судлан тогтоосон. Тиймээс олон улсад энэ асуудлыг үнэхээр их анхаардаг.
Наяад онд МУИС-ийн Ц.Даржаа багшийн хийсэн судалгаагаар “Улаанбаатар хотын баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд хар тугалганы бохирдол нэлээн өндөр байна” гэдгийг тогтоосон байдаг. Шалтгаан нь тэр үед хар тугалганы хольцтой шатахуун хэрэглэдэг байсан. Дэлхий нийтээр одоо хар тугалгыг бензинд нэмэхийг хориглосноор бензин сайжруулагчаар метанол гэх мэт өөр бодисыг хэрэглэх болсон. 2010 онд ДЭМБ-аас гаргасан хар тугалгатай шатахуун хэрэглэдэг орнууд гэдэг газрын зурагт манай улсыг “мэдээлэл байхгүй” гэж тэмдэглэсэн байсан. Тиймээс тухайн үед ЭМЯ, БОЯ-ны Агаарын чанарын албанаас шатахуун импортлогч компаниудад үнэлгээ хийж, бүтээгдэхүүнийг дээжийг Япон улс руу илгээсэн. Яагаад гэвэл манай улсад шатахуунд агуулагдах хар тугалганы хэмжээг судалдаг лаборатори байдаггүй. Шинжилгээний хариу нь “хар тугалгагүй” гэж тодорхойлогдсон.
24news.mn