"Өөр мэдээ” булангийн зочноор загвар өмсөгч, "Андра Академи”-ийн гүйцэтгэх захирал Х.Бадамгэрэлийг урилаа.
-Залуучууд хүсэл мөрөөдөл, зорилгодоо хэрхэн тууштай, үнэнч байх ёстой вэ. Таны "Бусдын гараар мөрөөдлөө битгий баллуурдуулаарай” гэсэн үгийг уншиж байсан юм байна?
-Тууштай, зүтгэлтэй хүнийг хувь тавилан шагнадаг гэдэгт би итгэдэг. Арван жилийн өмнө өнөөдрийн намайг хэн ч төсөөлөөгүй байх. Тэр үед би дуу цөөнтэй, бүрэг, өөртөө итгэлгүй, хүнд өөрийгөө ойлгуулж, хүний өмнөөс эгцэлж харж чаддаггүй хүүхэд байсан. Хүн өөрийгөө өөрчлөхийг хүссэн цагаасаа, өөрчилж эхэлсэн цагаасаа эхлээд маш их аз жаргалыг мэдэрдэг. Мөн өөртөө хэрэгтэй зүйлсээ хийж эхэлдэг.
Бидний өмнө олон саад бэрхшээл тулгарна. Гэхдээ хүсэл мөрөөдөл, зорилгодоо үнэнч, зүтгэлтэй байгаа цагт үр дагавар нь ямар нэг байдлаар мэдрэгддэг. Үр дагавраа эерэг байлгахын тулд хамгийн гол нь шантрахгүй л байх ёстой.
Тууштай, зүтгэлтэй хүнийг хувь тавилан шагнадаг гэдэгт би итгэдэг. Эмэгтэй хүн өөрийгөө хайрлаж өөртөө цаг гаргаж эхэлсэн мөчөөсөө эхлээд аз жаргалыг илүү ихээр мэдэрдэг. Өөртөө сайхан үг хэлж өөрийнхөө сайхан чанаруудыг улам бэхжүүлэх хэрэгтэй юм билээ.
-Олон хүнтэй, тэр дундаа өсвөр насныхантай байнга харилцдаг хүний хувьд асуухад залуус хэр тууштай, зорилгодоо хүрэх тэвчээртэй байна вэ?
-Миний хувьд өсвөр насны хүүхдүүдэд хичээл зааж, байнга харилцдаг учраас хүүхдүүдийн сэтгэлзүйг мэдэрдэг. Ихэвчлэн аливаад бууж өгдөг хандлагатай болсон нь ажиглагддаг. Магадгүй тэдэнд өндөр шаардлага тавьдаг байх. Үнэхээр хариуцлагагүй үйлдэл гаргасан бол би хатуу ханддаг, шүүмжилдэг.
Хариуцлага хүлээх, хүний үг сонсох чадваргүйгээс болоод арай өөр нөхцөл байдлыг хүсдэг хүүхдүүд байдаг. Хүний үг даах чадвар гэдэг бол хүнд байх ёстой хамгийн наад захын чанар. Болохгүй, чадахгүй байна гэдэг үгнээс болоод буруу хараад урвайгаад сууна гэдэг сул дорой байгаагийн шинж. Зорилготой хүн сул дорой байж болохгүй. Аль болох хөрвөх чадвартай байх хэрэгтэй.
Залуучууд, хүүхдүүд маань хатуу үгийг сонсож, хүлээж авч чаддаг байх ёстой. Тэр хэрээрээ эргээд хариуцлагатай амжилттай байгаасай гэж хүсдэг. Хариуцлага хүнд амжилтыг авчирдаг, олон боломж нээж давуу тал авчирдаг учраас шавь нартай тэр хэмжээний шаардлага тавьдаг. Миний хувьд аливаа зүйлийг цаг тухай бүрд нь хийхийг илүүд үздэг, зарчимч учраас хамтрагчдаасаа ч гэсэн тэр хэмжээний зүйл шаарддаг.
-Андра модель агентлаг хувь хүний хөгжил, балет гээд өргөжин тэлж байна. Цаашид төлөвлөсөн зүйл мэдээж олон байгаа байх?
-Манайх зөвхөн агентлаг биш хувь хүний хөгжлийн академи болсон. Одоогийн байдлаар загварын, балет, хувь хүний хөгжил гэсэн гурван үндсэн салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа хүний ур чадварыг хөгжүүлэх сургалтууд хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хувь хүний хөгжлийн сургалтыг миний хань эдийн засагч Г.Мөнхбаяр, сэтгэлзүйч Г. Наранбаатар, жүжигчин Н.Энхтуяа, миний бие гэсэн дөрвөн үндсэн багштайгаар олон хүнийг өөртөө итгэлтэй өөрийгөө илэрхийлэх чадвартай болгох зорилт тавин үйл ажиллагаа явуулж байна.
-Сүүлийн үед загвар өмсөгчид кинонд тоглох болж. Та ч бас "Валентины захидал” кинонд дүрээ мөнхөлсөн. Цаашид кино урлагийн салбарт хүчээ сорих бодол бий юу?
-Би өөрөө мэргэжлийн жүжигчин биш болохоор кинонд тоглох, дүр бүтээх гэж ярихаасаа эмээдэг. "Валентины захидал” кинонд оролцох боломжийг найруулагч Д.Баярсайхан ах олгож байсан. Эргээд харахад хийж бүтээсэн зүйлээс маань залуу үеийнхэн зөв үлгэр дуурайлал, урам зориг аваасай гэж хүсдэг. Хүн ер нь бүтээлгүй амьдрах харамсалтай.
Тиймээс хийсэн юмтай үр бүтээлтэй байхыг хүсдэг учраас Андра агентлагаа өргөжүүлж нийгмийнхээ сайн сайхны төлөө, бас хувь хүний ур чадварыг хөгжүүлэх өөртөө илүү итгэлтэй болгох сургалтуудыг хийж байна. Цаашдаа Андра хувь хүний хөгжлийн академиа их сургууль болгоно гэж төлөвлөж байгаа.
-Тантай уулзсаных загварын зах зээлийн талаар ярихгүй өнгөрч болохгүй. Монголын загварын салбар хэр хөгжиж байна гэж хардаг вэ?
-Монголын загварын салбар цомхон гэж хэлж болно. Загвар өмсөгчдийн хувьд 4-5 агентлаг ч юм уу хувь хүнээс шалтгаалах хандлага байдаг. Харин загвар зохион бүтээгчдийн хувьд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мундаг дизайнерууд бий. Тэд аль хэдийн дэлхийд нэрээ дуудуулж, бахархам амжилтуудыг гаргаад явж байна. Загварын салбар маань өргөжин тэлэхийн хэрээр их сайн боловсон хүчин төлөөллүүдийг бэлтгэх гэж зорьдог.
Загварын өмсөгчдийн хувьд ч гэсэн дэлхийн хэмжээний мундаг моделиуд олон бий. Бидэнд тулгардаг гол бэрхшээл бол гадаад хэлний асуудал. Гадаад хэл сайн сурч байж илүү боломж нээгдэх учраас заавал эзэмших ёстой хэрэглээ гэж боддог. Тэр хэрээрээ загварын салбарт шинээр мундаг хүүхдүүд төрөн гарч байна. Өнөөдрөөс илүү олон амжилтыг гаргана гэдэгт итгэдэг.
-Таны хувьд ойрын хугацаанд мэргэжлийнхээ дагуу олон улсын урилга, уралдаанд оролцох урилга, төлөвлөгөө бий юу?
-Хүүхэдтэй хүн миссийн тэмцээнд оролцож болдоггүй. Гэхдээ хүүхэдтэй нөхөртэй хүмүүс оролцдог тэмцээн байдаг. Миний хувьд тэмцээн уралдаанд оролцох бодол одоохондоо алга. Харин модель талаасаа олон улсын томоохон арга хэмжээнүүдэд бол жил болгон оролцдог. Миссийн хувьд шинэ залуу хүүхдүүдийг илүү дэмжиж гаргаж ирэх зорилготой байдаг.
-Эргээд бодоход загварын ертөнц таны амьдралд юу өгсөн бол?
-Загварын ертөнц миний амьдралыг маш их өөрчилсөн. Орвонгоор нь эргүүлсэн гэж хэлж болно. Аливаа зүйл тухайн хүний ухамсар хүмүүжлээс их шалтгаалдаг. Ухамсартай байж чадах юм бол энэ салбарт та ч гэсэн зөв хөгжих боломжтой гэж хэлье.
-Та сошиал ертөнцөд идэвхтэй байж залууст ном уншихыг уриалдаг. Таны ширээний номыг сонирхож болох уу?
-Дейл Карнегийн номуудыг ширээний номоо болгодог. Харилцааны ур чадварын талаас зөв гаргалгаануудыг бичсэн байдаг. Мөн сэтгэлзүйч Г. Наранбаатарын номуудыг шимтэн уншдаг.
Одоо бол Б.Шүүдэрцэцэг зохиолчийн романуудыг уншиж байна. Дараагаар нь Г.Аюурзанын зохиолуудыг уншина гэсэн төлөвлөгөөтэй байна. Түүхийн сэдэвтэй зохиолууд таалагддаг. Ном уншихын ач холбогдол үгээр хэлэхийн аргагүй их учраас залуу хүний хувьд ном уншихыг эрмэлздэг.
Х.Бадамгэрэл: Эмэгтэй хүн өөрийгөө хайрлаж, цаг гаргаж эхэлсэн мөчөөсөө аз жаргалыг мэдэрдэг | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |
24news.mn