2017 оны зургадугаар сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч олонхийн санал аваагүй учраас хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болоод байна. Үүнтэй холбоотой Үндсэн хууль судлаач Т.Нандинцэцэгтэй ярилцлаа.
-Олон нийтийн дунд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалттай холбоотой таамаг, эргэлзээ дагуулсан асуултууд хөвөрч байна. Үүний нэг нь хоёр дахь шатны санал хураалтын ирц хүрэхгүй бол сонгууль хүчингүй болж, дахин шинээр сонгууль явуулна гэх яриа. Ирц хүрэхгүй бол хуулийн хүрээнд ямар гаргалгаа байгаа вэ?
-Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явагдаж байна. Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна” гэж заасан. Анхан шат гэхээр сонгогчдын олонхийн саналаар Ерөнхийлөгчийг сонгох шат, үүний дараа УИХ сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль гаргахыг хоёр дахь шат гэж ойлгоно. Энэ талаар Сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тодорхой заасан. Тэгэхээр дахин санал хураалттай холбоотой асуудал бол анхан шатны сонгуулийн хүрээнд яригдаж байгаа асуудал юм.
Сонгууль бол 4 жил тутам заавал явагддаг ээлжит сонгууль, ээлжит сонгуулийн хугацаанаас өмнө явагддаг ээлжит бус сонгууль, УИХ-ын гишүүн, орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилготой нөхөн сонгууль, сонгуулийг хүчингүйд тооцсоны дараа явагддаг дахин сонгууль гэсэн төрөлтэй.
Сонгогчид 06 дугаар сарын 26-ны өдөр ээлжит сонгуулийн санал хураалтад оролцсон. Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй учраас дахин санал хураалт явуулахаар болсон. Үүний эрх зүйн үндэслэл нь Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 5 дахь заалт болж байгаа.
Ирцийн тухайд гэвэл “Дахин сонгууль явуулахад аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар нэгжээс ээлжит, ээлжит бус, нөхөн сонгуулиар гаргаж хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг ашиглана” гэж Сонгуулийн тухай хуулийн 63.7 дахь хэсэгт заасан байгаа. Энэ жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр бол үндсэн сонгогчдын тоо 1978298 байна. Энэ хүмүүс дахин санал хураалтад оролцох боломжтой. Эдгээр сонгогчдын олонхи нь сонгуульд оролцож саналаа өгснөөр тухайн сонгууль эрх зүйн хүчин чадалтай болно. Ирц бүрдэхгүй байна гэдэг нь нэр дэвшигчдийн аль нэг нь олонхийн санал авах боломжгүй байгааг илтгэдэг.
-Дахин санал хураалтын ирц хүрэхгүй бол яах вэ? Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэмэлт санал хураалт явуулах уу?
-Энэ асуудал дээр янз бүрийн байр суурь их гарч байгаа. Судлаачийн хувьд нэмэлт санал хураалт явуулах үндэслэлгүй гэж үзэж байгаа. Энд хоёр зүйлийг л анхаарах хэрэгтэй.
Нэгдүгээрт: Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хэрэв хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол дахин сонгууль явуулна” гэсэн заалт бий. Энэ зүйлд дахин сонгууль явуулах үндэслэлээс гадна маш чухал нэг зүйлийг заасан байна. “Хоёр дахь санал хураалт” гэдэг ойлголт. Энэ бол маш чухал эрх зүйн үр дагавартай. Нэмэлт гэж нэрлэнэ үү? өөр юу гэж нэрлэсэн ч бай дахин санал хураалтын дараа дахиад санал хураах ажиллагаа явуулж болохгүй. Дахин санал хураалт явуулаад л анхан шатны сонгууль дуусна. Дахиж ямар нэг шалтгаанаар тухайлбал ирц хүрэхгүй гэдэг ч юмуу санал хураалт явуулах Үндсэн хуулийн зохицуулалт байхгүй. Ерөөсөө л Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт дээд тал нь хоёр л удаа явагдаж болно гэдэг зохицуулалт шүү дээ.
Хоёрдугаарт: Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд энгийнээр хэлбэл Монгол Улсын нийт сонгогчид нийтээрээ нэг л тойрог болж сонгуульд оролцдог онцлогтой. Бүхэл шинжтэй үйл ажиллагаа. Тиймээс УИХ-ын сонгууль шиг олон тойрог болгоод аль нэг дээр нь ирц хүрэхгүй байхаар нэмэлт санал хураалт явуулаад шийдчих асуудал биш. Тиймээс дахин санал хураалтын ирц хүрэхгүй бол дахин сонгууль явагдана гэж ойлгож болно.
-Дахин сонгуулийн хувьд ирцээс гадна 50 +1 хувийн санал авах чухал байгаа. Хэрэв өмнөх сонголт давтагдвал яах вэ?
-Ер нь сонгуулийн ирц болон сонгогчдын олонхийн санал авах асуудал аль аль нь маш чухал эрх зүйн үр дагавартай. Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд “ээлжит, ээлжит бус сонгуулийг хүчингүйд тооцсоны дараа шинээр явагдах, эсхүл хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын олонхийн санал аваагүй” тохиолдолд дахин сонгууль явагддаг. Хэрэв дахин сонгуулийн ирц хүрэхгүй байх тохиолдолд Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгууль явагддаг нийтлэг журмаараа явагдана. Эдгээр нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадахгүй үр дүнг харуулсаар байхад намуудын зүгээс дахин нэр дэвшүүлэх нь боломжгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх практикаас үзэхэд 1997, 2001, 2013 оны сонгуульд 3 нэр дэвшигч, 2005 оны сонгуульд 4 нэр дэвшигч өрсөлдөж байх үеийг 2017 оны сонгуультай харьцуулахад ирцийн хувьд арай илүү бөгөөд нэр дэвшигчдийн авсан саналын тоо харьцангуй зөрүүтэй байсныг харж болно.
-Нэр дэвшигчдийн хэнийг нь ч сонгохгүй байх эрхтэй, “Цагаан сонголт” хийе гэсэн уриалга ч байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Иргэд төрийг удирдах эрхээ шууд байдлаар хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд сонгогчид нэг хэсэг нь санал өгөхгүй байх, нөгөө хэсэг нь “цагаан сонголт” гэж яриад байгаа “хэнийг ч дэмжээгүй санал”-аа өгсөн, үлдсэн хэсэг нь аль нэг нэр дэвшигчийг дэмжсэн саналаа өгсөн байдлаар тодорхойлогдож байна. Би санал өгөхгүй гэдэг чинь санал мөн үү? гэвэл мөн. Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид багш “Иргэдийн оролцоо бол сонгуулийн эрх зүй, тогтолцооны үр дүнгийн гол шалгуур мөн” гэж хэлсэн нь бий. Сонгох эрх бол хүний үндсэн эрх, тухайн сонгогч нэг бүрийн санал маш чухал. Тэрхүү санал нь дэмжсэн, дэмжээгүй, эс үйлдэхүйгээр илэрсэн эсэх асуудалд оролцох, сонголтод нөлөөлөх гэж оролдох эрх хэнд ч байхгүй. Энэ бол тухайн сонгогч өөрийн итгэл үнэмшлээр шийдвэрлэх асуудал юм.
Б.Аззаяа
24news.mn