"Зөн билгийн тулаан –Монголд” шоу нэвтрүүлгийн шилдэг дөрвөн оролцогч болон зохион байгуулагчид сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
NTV телевиз Их Британиас гаралтай "Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байгаа юм.
Уг нэвтрүүлгийн зохиогчийн эрхийг Нидерландын "Тв медиа партнерс” болон Норвегийн "Голланд & Нордикс фильм” компани эзэмшдэг бөгөөд АНУ, Австрали, Болгар, ОХУ зэрэг дэлхийн 20-иод улсад албан ёсоор үзэгчдэд хүрчээ.
Ингээд тус нэвтрүүлгийн шилдэг оролцогч Г.Анударьтай цөөн хором ярилцлаа.
-"Зөн билгийн тулаан –Монголд” шоу нэвтрүүлэгт орсноор өөртөө ямар давуу талыг бий болгосон бэ?
-Энэ тэмцээнд оролцож, өөрийн зан үйлийг олонд таниулах нь миний хамгийн том зорилго байсан. Харын шид гэдэг нь ямар нэг хараал жатгатай холбоогүй, бүгд сайн сайхны төлөө явдаг гэдгийг харуулахыг хүссэн.
Дэлхий дээр байгаа бүх шашны урсгал нэг чигт явж байдаг. Үүнийг хүмүүст эерэг талаас нь харуулж, ойлгуулахыг зорьсон. Шулам бол эхийн талаас өвлөж төрдөг, удамшлын зүйл. Удамдаа чадвартай хүмүүс байдаг гэсэн үг. Бөөн мөргөл ч ялгаагүй удмаа дагаж, өвлөгддөг.
Түүнтэй адил шулмын чадвар, шулмын гень эхийн талаасаа өвлөж, эмэгтэйчүүдээ дагаж төрдөг. Хэн хүссэн нь шулам болдоггүй.
-Шулам гэж та өөрийгөө нэрлэх юм. Шулам гэхээр яагаад ч юм сайнаар огт төсөөлөгддөггүй. Магадгүй миний ойлголт ч буруу байхыг үгүйсгэхгүй?
-Харын засал, харын дом гэхээр хараал хийдэг гэж ойлгодог. Цагааных гэхээр шившлэг шившдэг, маань уншдаг, сүү өргөдөг болоод явчихдаг. Тэгэхээр цагааны шулам бол илүү их энергийн талдаа байдаг. Харынх бол илүү ахуйн талдаа байдаг. Түүнээс хараал ерөөл хийдэг гэдэг утгаар биш. Би үүнийг хүмүүст ойлгуулах гэж нэвтрүүлэгт орсон.
-Шулмын чадвартай гэдгээ хэзээнээс мэдсэн бэ?
-Шулмын чадвар удамд минь байсан болохоор намайг төрөхөд өвлөгдөж ирсэн. Энэ чадвараа би ухаан ороод мэдсэн. Хий юм хардаг байсан. Гэхдээ жоохон хүүхэд байсан болохоор амьд эсэхийг ч мэддэггүй байсан.
Монголд шулмын чадвартай өөрсдийгөө нууж амьдардаг эмэгтэйчүүд маш их бий. Яагаад гэхээр хүн үзэж харна гэдэг нь маш их хатуужил тэсвэр тэвчээр, ёс зүй, энэрэнгүй байдлыг шаарддаг.
-Ямар мэргэжлээр, аль сургуулийг төгссөн бэ. Мэргэжлээрээ ажиллаж байв уу?
-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч пи ар менежерийн мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа МОНЦАМЭ-д ажиллаж байсан. Дараа нь "Би бол би” гээд амьдрах ухаан бясалгал сэтгүүлд ажилладаг байсан. Дараа нь Z24-д ПиАр менежер хийж байсан. Одоо бол энэ мэргэжлээрээ ажилладаггүй.
- Энэ төрлийн хүмүүсийг энергиэ маш их алддаг гэж сонссон. Харин та энергиэ хэрхэн нөхдөг вэ?
-Би энергиэ тодорхой цаг хугацаанаас хамаарч өөр өөрөөр нөхдөг. Өөрөөр хэлбэл, шоунд орохоос өмнө усаар энергиэ нөхдөг байсан. Тэмцээний дунд үеэс эхлээд маш ихээр энергиэ алдсан. Тэр эрчээрээ энергийн цоорол үүсэж байгаа юм. Иймээс хоолоор нөхдөг болсон доо
-Энэ сарын 9-нд "Зөн билгийн тулаан-Монгол” нэвтрүүлгийн шилдэг оролцогчийн цомыг хэн атгах бол. Магадгүй та хэд хэн нь түрүүлэхийг аль хэдий нь мэдсэн байх?
-Тийм ээ. Анх шоунд орох гээд бүртгүүлж байхад надад нэг бодол төрсөн. Би хоёрдугаар байранд орно гэдэг мэдрэмж төрсөн. Мэдээж миний хүсэл бол нэгдүгээр байранд орох шүү дээ.
-Хэн гэдгийг нь хэлэх боломжтой юу?
-Үгүй. Хэлэх боломжгүй.
Ярилцсанд баярлалаа.
24news.mn