2024 оны 11 сарын 24
Зочин
Н.Наранбаатар:Наадмын нээлт Монголчуудын зүрхэнд орж, тархитай нь ярих болно

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа.


-Та хоёр дахь жилдээ наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар ажиллаж байна. Энэ жил наадмын нээлт ямар байх бол гэсэн хүлээлт наадамчин олонд далдхан байх шиг?

-Төрийн наадам хийнэ гэдэг чинь дуртай хүний ажил биш. Миний хувьд төрийн наадмын ерөнхий тавилтыг өөрчилье гэж бодсон. Монгол тавилтуудыг бий болгохыг зорьж байна. Энэ утгаараа төв цэнгэлдэхэд тулга мөнхөд асах ёстой гэж үзсэн. Тулгын галыг яаж асаах нь тухайн найруулагчийн зохиомж байгаасай гэж хүссэн юм. Өнгөрсөн жил бид илүү түүхчилсэн хэлбэрээр, сюрприз сэтгэл хөдлөлд илүү анхаарсан. Энэ жил эзэн Чингис хаан мэндэлсний 855, Монголын нууц товчооны 777 жилийн ой гэдгээрээ онцлогтой түүхийн он цаг тохиож байгаа. Тийм болохоор агуулга тал руу илүү анхаарч байна. Цаг хорин минутын хугацаанд гурван сая монголчуудын зүрх рүү орж, тархитай нь ярих болно.

-Наадмын нээлтээр дамжуулж монголчуудад яг юуг хүргэхийг зорьж байна вэ?

-Монголчууд бид хаанаас эхлэлтэй, ямар хүний үр сад билээ. Ямар тэнгэрээс заяатай, хэрхэн яаж амьдрах ёстой вэ. Юуг шүтэж, юуг хайрлах билээ. Юуг эрхэмлэх ёстой билээ гэдэгт ач холбогдол өгсөн. Товчхондоо хүн аавыгаа дурсаж, ээжийгээ хайрладаг байгаасай гэж хэлэхээр, харуулахаар нээлтийнхээ зохиолыг гаргасан. Нээлт л бол нээлт. Бидэнд гайхамшигтай түүх байна. Энэ түүхийг бид хэдэн арван жил идээд барахгүй. Ийм түүхтэй улс дэлхийд ховор. Энэ сайхан түүхээ онцолсон. Юугаар илрэхийг ирээд үзэх хэрэгтэй.

-Наадмын нээлтэд “Дэлгэр монгол орон”, “Бүүвэйн дуу” эгшиглэнэ гэсэн. Их содон сонсогдож байна л даа?

-Наадмын нээлтийн үеэр “Бүүвэйн дуу”, “Дэлгэр монгол орон” зэрэг утга, агуулга өндөр ая дуунууд эгшиглэх болно. “Бүүвэйн дуу” бол энэ хорвоо ертөнцийн хамгийн анхны дуу авиа. Эх хүний үрдээ хүссэн сайн сайхан бүхэн энэ аянд багтдаг. Сүүлийн үед монголчууд их шүүмжлэгч, хар юмыг өлгөж, тосож авдаг болжээ. Аливаа юмны гэгээн цагааныг олж харах сэтгэл биднээс алсарсаар байна. Үүнийг эргүүлэн олж авах нь хайр, энэрэл, уучлал, бие биесээ дэмжих эхлэл юм. “Үйл бүхний дээд нь дэмжих, бүтээх, туурвих. Үнэн бүхний туйл нь төрөх, орших, үхэх” хэмээн говийн ноён хутагт Данзанравжаа хэлсэн байдаг. Гэтэл бид өнөөдөр яагаад харанхуй болов гэдэгт уран бүтээлчийнхээ хувьд санаа зовниж энэ дуугаар, наадмын нээлтээр гурван сая хүний сэтгэлд гэгээн бодол тусгахыг хичээлээ. “Дэлгэр монгол орон” дуу бол эх орон, газар шороо, монгол хүнээр бахархсан дуу. Яагаад бид жилд ганц болдог төрийнхөө наадмаар энэ бүхнээрээ бахархаж болохгүй гэж.

-Өнгөрсөн жилийн наадмын нээлт 1990 оны ардчилсан хувьсгалыг орхигдуулсан гэдэг шүүмжлэлийг олноос хүртсэн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Өнгөрсөн жил тэгш ойнууд тохиосон өндөр жил байсан. Хүннүгийн үеэс эхлээд эзэн Чингис хаан, XIII зуун, тусгаар тогтнол, ардын хувьсгал гээд томоохон түүхийн үйл явцыг түүж авсан. Хүмүүсийн хүсэл сонирхлыг ойлгож, алдаагаа ухамсарлаад энэ жилийн наадмын нээлтэд ардчиллыг илүү символический байдлаар оруулж байгаа.

-Төв цэнгэлдэхэд Бурхан халдун шүтээн, морин хуурч өвгөн, идлэг шонхор гээд олон бэлгэдлийн зүйлс байрлуулжээ. Энэ бүхнээр хүмүүст юу хүргэхийг хүсч байна вэ?

– Нэг ийм үг байдаг. Төвд хүн шидээрээ, хятад хүн бэнчингээрээ, монгол хүн бэлгээрээ гэж. Монгол хүн бүр Бурхан халдун шүтээндээ тэр бүр очоод байж чаддаггүй. Энэ сайхан хайрханаа ард түмэн минь удахгүй наадмын талбайдаа харж, итгэл бишрэл төрөх байх. Морин хууртай өвгөн бол бидний аман зохиол, ардын түүхийг өгүүлж байгаа юм. Сүмбэр уулыг дов байхад, сүн далайг шалбааг байхад гээд эхэлдэг шүү дээ. Ардын аман зохиолд бидний соёл, ёс суртахуун, хэм хэмжээ багтаж байдаг. Театрын урлаг эртний Грекээс өмнө Монголын аман зохиол, үлгэр туульсад илэрч байсныг харуулж байгаа юм. “Гэсэр”, “Жангар”, “Эрийн сайн” гээд туульс бий. Яагаад бид үүнийгээ наадам дээрээ харуулж болохгүй гэж. Энэ гайхамшигтай аман зохиолууд монголчуудыг эртнээс бусдаас түрүүлж сэтгэж байсныг харуулах тод баримт гэж би үздэг. Тиймээс, аман зохиолоор тэр дундаа “Жангар” туулиар нээлтээ хийнэ гэж ойлгож болно. Эзэн Чингис хаан мэндэлсний 855 жилийн ой тохиож буй учраас, энэ түүхийг илтгэх өгүүлэмж нь мөн гэж үзэж байгаа. Гэхдээ наадмын нээлтийн талаар олон зүйл яримааргүй байна. Наадмын өглөө ард түмэн минь өөрсдийн нүдээр үзвэл сонирхолтой байх.

-Бэлгэ дэмбэрэлтэй наадмын нээлт болох нь ээ. алдарт эхийн одонтой 80 ээж бүжиглэж байгаа нь юуг бэлгэдэж байгаа вэ?

-Энэ бол энэ жилийн наадмын бас нэг онцлог, үзүүштэй, хамгийн сайхан хэсэг байх болно. Ээжүүд маань сайн дураараа, өөрсдөө хувцсаа бэлтгэж оролцож байгаа. Монголын үр сад олон болж, эрүүл саруул өсч торних нь Монголын ирээдүй сайн сайхан байхын эхлэл гэж бодож байна.

-Наадмын нээлтийг ямар уран бүтээлчид нээх вэ?

-Мэдээж төрийн наадамд шилдгүүд оролцоно. Энэ онд хамгийн мундаг байсан, амжилт гаргасан уран бүтээлчид сонгогддог. Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж яваа, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Харанга” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн, “Хар сарнай”-ийн С.Амармандах нар оролцоно. Театрын уран бүтээлчид, алдартай 33 уртын дуучин, 33 морин хуурч, төв Гандантэгчэнлин хийдийн лам нар мөн оролцоно.

-Наадмын нээлтэд хичнээн хүн оролцож байгаа вэ?

-Бүжигчид, жүжигчид, цэрэг армийнхан, авьяаслаг хүүхдүүд, одонтой ээжүүд гээд 1500 орчим хүн оролцож байна. Энэ олон салбарын хүмүүсийг учирлаж, ухааруулж нэг зүгт харуулна гэдэг амаргүй ажил. Гэхдээ би энэ ажлыг 17 жил хийж байна шүү дээ. Миний ажлын л нэг хэсэг юм. Тэгээд ч олимп, наадмын нээлт гэх мэт иймэрхүү томоохон үйл явдлын нээлтийг театрын найруулагчид тавьдаг. Учир нь энэ бол массын урлаг юм. Хамт олон минь надтай хамт байна. Барьц алдаад байх зүйлгүй цаг хорин минутын хугацаанд олон зүйл хүргэхийг хичээж ажиллаж байна даа.

 

Эх сурвалж:ӨДРИЙН СОНИНЫ ДУГААРТ

Б.Наранчимэг

dnn.mn

 

 

 

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.