2024 оны 11 сарын 24
Зочин
Ж.Хайдав: Хүн хэтэрхий догдолж, баярлахаараа мэх хийж чаддаггүй юм билээ

Увс аймгийн Зүүнговь сумын харьяат “долоон хар”-ын нэг хэмээн ам дамжин яригдаж байсан Монгол Улсын арслан Жамбалын Хайдавтай ярилцлаа.

-Улсын баяр наадам тун удахгүй болох нь. Та хэнийг харж байна вэ?

-Сүүлийн үед тэр энэ гэж хэлэх аргагүй болсон. Залуучууд сайн бэлтгэл хийж техникжчихсэн. Гэхдээ улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, улсын харцага Ц.Содномдорж нарыг нэрлэж байна. Тэд тун онцгой байж болзошгүй.

Тэднийг нэрлэхээр хэн нь түрүүлэх вэ гэдэг асуудал бас гарна. Тэгэхээр тааж болдоггүй юм энэ болоод байгаа. Дээхнэ дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарыг ид байхад энэ хоёрыг л нэрлэдэг байлаа. Дараа нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нар яригддаг болсон. Тэд бусдаасаа үнэхээр тасархай явсан юм чинь аргагүй л дээ. Тэгээд ч тухайн үед бөхийн бэлтгэл сургуулилт тэр бүр тууштай хийгдэж байгаагүй.

-Нөгөө байгалиараа барилдана гэдэг нь үү?

-Тийм. Морь уургалах, уулнаас мод бэлтгэх, буулгах, ачаа хөсөг татах зэрэг бидний гол бэлтгэл болдог байлаа. Гэтэл өнөөдөр энд тэндгүй бөхийн клуб, дэвжээ байгуулагдсан байхад хэн сайн хөдөлмөрлөсөн нь дээшээ гарч барилдана. Мөн багаас нь тэмцээнд оролцуулахаар жигд хөгжихөөс аргагүй л дээ.

-Зургаан залуу заан гэдэг шиг таны үеийнхэн ч ширүүн өрсөлдөгчид байсан гэдэг биз дээ?

-Яг тийм. Шижигнэсэн залуучууд байсан. Гэхдээ хоёр “Мөнх” бараг 20 жил улсын наадам болон бусад барилдаанд ээлжлээд түрүүлчихдэг байв. Тэгэхээр биднээс дээш гарч барилдах хүн ховор байсан. Намайг 1963 онд ХААИС-д элссэний намар үндэсний бөхийн сургуулийн аварга шалгаруулах барилдаан болсон юм. Би нэг их тоогоогүй хэрнээ барилдах гээд бүртгүүлчихлээ. Манай сургуулийн 644 бөх барилдсан. Тэдний дунд дүүгүүр Д.Гомбосүрэн, Ч.Бат-Очир нар байв. Эхлээд оноолтоор барилдуулж байгаад сүүлийн найман бөхийн тойргоор барилдуулчихсан. Би анх шахуу барилдаж байгаа болохоор өөртэйгээ таарсаныг даваад байна гэж бодсон чинь түрүүлчихдэг байгаа. Тэрнээс хойш жаахан урамшсан.

-Түүнээс өмнө барилдаж байгаагүй юм уу?

-Тийм. Наймдугаар ангид байхдаа ангийнхандаа бүгдэд нь унадаг байсан. Дээлээ урж ирчихээд ээждээ загнуулдаг байлаа. Харин аравдугаар ангид орсон чинь өнөө хэдийгээ авч шиддэг болсон байж билээ. Өмнө нь олон барилдсан болохоор задарч л дээ. Тэр үед манай хажууханд арын дүйтэй нэг өвгөн намайг харчихаад “Энэ ер нь барилдах шинжтэй шүү” гэж хэлдэг байсан. Түүнээс хойш л бөхийн спорт руу хөл тавьсан даа.

-Танд тухайн үед үзүүр түрүүнд үлдэх боломж байгаагүй юу?

-Байгаагүй. Тэр үед улсын аварга Д.Хадбаатар ч байлаа. Аавын хаалга татахаасаа өмнө улсад нэг түрүүлчихээд, гарч ирээд дахиад түрүүлсэн. Тэр л хоёр завсарт гарвал гарах байсан байх.

-Хадаа аваргыг ясны бөх байсан гэж хүмүүс ярьдаг юм билээ?

-Тийм ээ. Хэрэв Хадаа буруу замаар ороогүй бол ямар ч байсан таван удаа улсад түрүүлэх байсан гэж би боддог юм. Арван хэдэн жил хэцүү нэртэд байсан. Энэ асар их хугацаа шүү. -Ахмад бөхчүүдийн талаар сонсох сайхан байна. Та тэд нарын хэнтэй нь илүү ойр дотно нөхөрлөдөг байв?

-Х.Баянмөнх бид хоёр нэг нутгийнх болоод ч тэрүү, дотно. Бүр нэг жил хот бараадаж ирж билээ. 1961 онд зааланд барилдаан болоход Увсын нэр дээр барилддаг бөх бид хоёроос өөр өөр байгаагүй. Тухайн үед би арав, Баянмөнх долдугаар анги төгсөөд ирсэн байсан юм. Бид хоёрыг зааланд орж ирэхээр засуул болон ахмад бөхчүүд “Энэ хоёр гозгор хархүү юм дуулгана шүү. Сайн барилдах шинжтэй" гэж ярьдаг байлаа. Х.Баянмөнхөөс гадна улсын арслан Л.Сосорбарам надтай дотно.

-Л.Сосорбарам арслантай хэрхэн танилцаж байв?

-Намайг ХААИС-д оюутан байхад Л.Сосорбарам манай сургуульд багшилдаг байсан. Тухайн үед ид ч барилддаг байсан. Намайг оюутан гэж бодолгүй, бөхийн тухай сайхан ярилцана, заана. Улсын заан У.Пүрэвээ ч надтай дотно байсан. Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир гуай бид хоёр бас сайхан найзууд. Барилдахаараа танихгүй юм шиг өрчихөөд барилдаан дуусахаар би чамд, чи надад унасан шүү гэж бодохгүй, инээлдээд л гарцгаана. Гараад шагналынхаа мөнгөөр аль ойрхон дэлгүүрээс хиам, талх авч гараараа тасдаж хувааж идчихээд л харьцгаадаг байлаа. Тэр үед ресторан энэ тэр ховор. Архи бүр цээртэй.

-Та хэдэн онд начин цолны босго алхсан бэ?

-1965 онд улсын арслан П.Дагвасүрэнгээр тав давсан. Харин дараа жил нь С.Цэдэвсүрэн начинд тавын даваанд унасан. Түүнээс хойш дөрвөн жил начнаа баталсан. Тэр үед Ө.Эрдэнэ-Очирт хэд хэд нухуулсан. Дараа нь Х.Баянмөнх бид хоёр хотоос холгүй майхан барин бэлтгэлээ сайхан хангасан. Гэтэл нэг их үер болж бидний бэлтгэлийн форм алдагдсан удаатай.

эгвэл арслан цолоо хэдэн онд авсан бэ?

-Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор шөвгийн дөрөвт үлдсэн гээд энэ цолыг олгосон юм. Түүхэн ойгоор гэсэн үг шүү дээ. Гэхдээ дараа жил нь цолоо хамгаалсан л даа.

-Зааны давааг алхчихаад дөрөвт үлдээд шууд арслан цол авна гэж та төсөөлөөгүй байсан уу?

-Төсөөлөөгүй. Заан цолны болзол хангачихаад наймын даваанд С.Цэрэн аваргатай таарахдаа би юу ч хийж чадахгүй унасан.

-Яагаад?
-Цолондоо ханачихгүй юу. Наадмаас хоёр хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд зориулж Тэрэлжид барилдаан болдог юм. Тэнд би С.Цэрэнг хаяж түрүүлсэн. Түүнээс хойш энд тэндхийн наадмыг би түүсэн дээ, нэг хэсэг. Дараа жил нь улсын наадмаар С.Цэрэнтэй дахин таарч би давсан. Хүн хэтэрхий догдолж, баярлахаараа мэх хийж чаддаггүй юм билээ.

-Таныг ид байхад хоёр Мөнхөөс гадна Д.Дамдин аварга “хариагүй” байсан байлгүй ...

-1960-аад оны эхээр биднийг гарч ирэхэд Д.Дамдин аварга ир нь жаахан буусан байсан. Улсын наадамд таван удаа түрүүлчихээд байсан цаг шүү дээ. Тэр үед Ж.Мөнхбат улсын заан цолтой байсан. Харин Х.Баянмөнх 1963 онд улсын начин болж, тэр жилийнхээ спартакиадаар Л.Сосорбарам арслантай үлдэж түрүүлээд заан цол хүртсэн. Их түргэн хугацаанд өсч гарсан шүү.

-Таныг “хавираа Хайдав” гэж нэрлэдэг байсан юм билээ. Энэ таны унаган мэх үү?

-Ер нь тэгж хэлж болно. Хав дөрвөлжин барьцтай болчихвол хүний хурд тогтчихдог юм. Ийш тийш хурдан хөдөлж чадахгүй. Тийм үед би хавирдаг байсан. Намайг тийм барьцтай болохоор бөх сонирхогчид “Энэ барилдаан Хайдавынх боллоо” гэж хүртэл хүлээн зөвшөөрдөг байсан.

-Та ямар мэхэнд хамгийн сайн үлдэж чаддаг байв?

-Дэгээ хийсэн хүнд амархан ойчихгүй шүү. Тэгсэн хэрнээ шургаад ороод ирсэн хүнийг дагуулаад гуядчихдаг байсан. Улсын заан Ё.Ишгэн бид хоёр сайхан найзууд байлаа. Түүнтэй хэд хэд таарсан. Нэг удаа улсын аварга шалгаруулах барилдаан дээр таарваа. Тэгээд над руу дайраад ороод ирэхээр нь дагуулаад тонгорчихсон. Тэгсэн өвдөглөж суучихаад босолгүйгээр надруу хараад байж билээ. Юу болчихов гэж бодсон байх л даа. Дараа нь надад “Ах лам ер нь эвгүй шүү” гэж байсан. Манай Д.Сэрээтэр бараг хамрын нүхээр шургаж орчихоор айхтар нөхөр байлаа шүү дээ. Харин Д.Түвшин заан суганд гараа хийчихвэл дайраад хамаад явчихна. Бид тэрийг нь мэддэг болохоор сугаа хавчаад л өрдөг байлаа. Их л хурдтай, бяртай байсан хэрэг.

-Та нэлээд эрт зодог тайлжээ?

-Зодог тайлах юу байх вэ, барилдахаа л больсон юм. Хөгширсөн хойноо барилдахаар биеийн гоо сайхан алдагдана. Тэгээд ч залуучуудад зам тавьж өгөх хэрэгтэй. Гэхдээ барилдахаа больсоны дараахан ч гэсэн бөх үзээд сууж байхад давчихмаар бөх цөөнгүй харагддаг л байсан.

-Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу?

-Хөгшин маань манай залгаа сумынх. Хадам аав ээж манай аав ээжтэй нэг сургуульд ажилладаг байсан юм. Эртний танилууд. Хөгшин маань халдвар судлалын үндэсний төвд ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. С.Наряд гэдэг. Байгууллагынхаа тэргүүний ажилтан, магистр, профессор ч гэнэ үү, олон шагнал авсаан.

-Хүүхдүүдийн хувьд?

-Хоёр охин, нэг хүүтэй байсан. Том охиноо алдчихсан юм аа, ах нь. Одоо охин Нэргүй, хүү Баярхүү нар маань бий.

-Хүүгээ бөх барилдуулъя гэсэн бодол байсан уу?

-Байсан. Сүмогоор хэсэг явуулсан. Гэр орноосоо хол, бэртэл гэмтэл гээд хэцүү юм билээ. Тэгээд буцаагаад аваад ирсэн. Уг нь сайхан бие хаатай залуу бий.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.