Монголын бурхан шашны шинэ төвийн тэргүүн, Их хүрээ хийдийн хамба З.Санждорж цаг үеийн асуудлаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийж, тайлбар өглөө. Түүнийг “Хүрээ цам-Даншиг наадам”-ын өмнөх өдөр Гандантэгчилэн хийдийн хамба Д.Чойжамцын нарийн бичгийн дарга, лам Б.Бүрнээд зодуулсан гэх мэдээлэл гарсан. Үүнийг дагаад хүрээ, хийд, лам нарын ёс зүйн асуудал хүчтэй яригдаж байгаа юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-“Хүрээ цам-Даншиг наадам”-ын үеэр яг юу болсон бэ. Тодорхой тайлбарлана уу?
-Даншиг наадам олон зууны уламжлалтай, бурханы шашны соёлтой олон талын холбоотой наадам. Анхны даншиг наадам одоогоос гурван жилийн өмнө болоход Их хүрээ хийдийн лам, хуврагууд барилдах нь барилдаж, балин хийх нь хийх зэргээр бүх арга хэмжээнд нь идэвхтэй оролцсон. Зарим уралдаан, тэмцээнд нь тусгай шагнал хүртэж байсан. Өнгөрсөн жил хоёр дахь даншиг наадамд дотоод ажлаас үүдэн миний бие оролцож чадаагүй. Энэ жилийн гурав дахь даншиг наадамд оролцохоор хийдийнхээ гэсгүй Баярмагнайг дагуулан Гандантэгчинлэн хийдэд очиж хувраг Б.Бүрнээгээс наадмын хөтөлбөр авах гэтэл нударгын хариу өгсөн харамсалтай зүйл болсон. Эхлээд да лам Х.Бямбажавтай уулзсан юм. Тэгэхэд “та нарт өгөхгүй, танай хийдэд тийм боломж байхгүй” гэсэн. Тэгээд Б.Бүрнээтэй уулз гэсэн. “Би “Бүрнээ бид хоёр уулзахаар зөрчилдөнө.Та энүүгээр нь өгчих” гэсэн. Тэгээд хоёр ламаа дуудаж” Эднийд бололцоо байна уу” гэхэд “Байхгүй. Яахав чойрт хоёр хүн бүртгэвэл бүртгэе” гэсэн. “Мандат өгөх үү” гэхэд “Дуусчихсан, шууд оччих” гэсэн. Ингээд тэндээс гартал манай 16 дугаар хорооны цагдаа н.Очирбат хөтөлбөр авахаар явж таарахаар нь хамт олон нийттэй харилцах алба руу очиход цагдаад хөтөлбөр өгчихөөд бидэнд болохоор “Байхгүй” гэсэн. Цагдаагийн хөтөлбөр рүү тонгойгоод хараад зогсч байтал гаднаас Б.Бүрнээ лам орж ирээд үгийн солиогүй нударгалсан. Гарахад араас өшиглөсөн, хөөрөг, орхимж, малгай, нарны шүхэр гээд авч явсан зүйлүүдийг маань гаргаж шидсэн. Энэ бүгд камерын бичлэгт үлдсэн, би хуулийн байгууллагад өгсөн. Бусдад үлгэр дууриал болж байх ёстой Бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн лам нар өөрсдөө ийм ёс зүйгүй байна. Олон жилийн өмнө ч иймэрхүү зүйл гарч байсан, би шашныхаа нэр төрийг бодоод тэвчиж ирсэн. Та бүхэн сонсч мэдсэн байх. Иймд би хар бараан зүйлийг давтаж ярихаас илүүтэй энэ жилийн Даншиг наадмын талаар хэлэх юм байна. Бурхан шашны соёлын энэ том арга хэмжээнд маш цөөхөн лам оролцлоо. Анхны Даншиг наадамтай харьцуулахад сэтгэл дундуур байна.
-Яагаад?
-Анх зарлахдаа 1000 лам оролцоно гэсэн. Гэтэл тийм байсангүй. Зохион байгуулалт тааруухан боллоо. Манайхан хариуцлага хүлээхдээ дургүй байдаг. Шашны байгууллага ч бай, ер нь ямар ч хүмүүс ийм. Тиймээс бүх юм сайхан боллоо л гээд байна. Цаашид өргөн дэлгэр, утга агуулга сайтай болгох хэрэгтэй. Дотоод, гадаадад шашны нэр хүнд унаж байгааг бодолцох нь зүйтэй. Даншигт оролцохыг хүссэн олон лам бий. Харамсалтай нь надтай адил дарамтад орсон уу, зохион байгуулалтын буруугаас болов уу,900 лам нь оролцож чадаагүй, дөнгөж 100 лам хамрагдсан. Оролцож чадаагүй лам нар дотор тодорхой авьяастай, уншлага ном сайтай, сонгодог монгол бичгээр бичдэг, олон том ном гаргасан, даяан хийдэг зэрэг хосгүй эрдэмтэй хувраг олон бий.
-Шашны төв байгууллагын байр суурь ямар байсан бол?
-Шашны удирдах төв байгууллага 1991 онд байгуулагдсан. Бурхан шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөл 1991 оноос хойш өнөө хүртэл 26 жил огт хуралдаагүй, ажлаа дүгнээгүй. Ийм байдалд нэг удирдлага хэт давуу эрх эдэлж, бусдыгаа шахдаг, гар хүрдэг, шашны ёс зүйд байхгүй зүйл гаргах зэрэг сөрөг зүйлүүд гарч байна. Бурханы шашинтан лам нар өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Ганц нэг хүн бусдынхаа нэр хүндийг хөөдөж болохгүй.
-Та олон жилийн өмнө ийм зүйлүүд бас гарч байсан гэлээ. Юу болсон юм бэ?
-2010 оны дөрөвдүгээр сард Б.Бүрнээ бид хоёрын хооронд бас л үл ойлголцол болсон. Иймд шашныхаа нэр хүндийг бодож, хоёулаа хамт сууж байгаад бичиг бичсэн байдаг юм. Д.Чойжамц хамба зөвлөж, Б.Бүрнээ өөрийн гараар бичсэн. Тэр бичигт “Бурхан шашны нэр хүндийг цаашид унагаахгүйн үүднээс хувраг Б.Бүрнээ, З.Санждорж нар харилцан бие биеэ хүндэтгэж, өнөөдрөөс эхлэн нэг нэгийнхээ нэр хүндэд үл халдаж ажиллана. Мөн нийт лам нарынхаа нэр хүндийг хүндэтгэх үүднээс харилцан тохиролцов. Гэрээг зөрчвөл хуулийн байгууллагад хандана” гээд гарын үсгээ зурсан байдаг. Гэтэл түүнийгээ баримтлахгүй дахин дахин гар хүрээд байгаа учраас би хуулийн байгууллагад хандахаас өөр арга алга.
-2010 онд юунаас болж зөрчилдсөн юм бэ?
-Тэр үйл явдал 2008 оноос эхэлсэн. Бид хуулийн дагуу Бурханы шашины шинэ төвөө бүртгүүлсэн. Гэтэл 2008 оны тавдугаар сард Гандантэгчинлэн хийд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүсэлт гаргасан. Түүндээ намайг баахан муулаад, З.Санждорж гэгч этгээдийн Бурхан шашны шинэ төвийг бүртгүүлэх хүсэлтийг тал бүрээс судлан үзэхийг хүсье гэсэн байдаг. Ингэж шахдаг, шинэ төв гараад ирэхээр дургүйцдэг явдал нь одоо ч үргэлжилж байна.
-Таныг шашны сургуулиас хөөгдсөн, хулгай хийсэн гэх мэт мэдээлэл цацагддаг. Энэ бодитой юу?
-Намайг бурхан шашны асуудлаар юм яриад, шаардлага тавихаар сөргүүлсэн мэдээллүүд хэвлэлд гардаг. Би шашны дээд сургуулийг улаан дипломтой төгссөн, ромбоо зүүгээд Даншиг наадамд очсоныг та бүхэн харсан байх. Тэрийг би өөрөө зохиогоогүй, өөрсдөөс нь л гардаж авсан. Тиймээс би тэднээс “Энэ хуурамч уу” гэж асуудаг. 2009 онд Б.Бүрнээ ламын гараар могой бариулсан зүйл цагдаад очсон байдаг юм. Я.Түмэнжаргал гэх хүнтэй холбоотой баримт авна гэж архивт ороод дээр нь миний нэрийг бичээд хулгай хийсэн гэх ухааны холион бантан хутгаад сонинд гаргахаар өгсөн байдаг. Тэр зүйлүүд хэвлэлд зөндөө гарсан. Тийм зүйл огт болоогүй, надад бүх баримт нь бий.
-Тэгэхээр ер нь энд Б.Бүрнээ лам та хоёрын хувийн асуудал яваад байна уу.Хийд, шашны асуудал яваад байна уу?
-Энэ хоёр хүний хонзонгийн асуудал огт биш. Б.Бүрнээ ламын цаана удирдагч байгаа. Тэр хүн л очоод зод, хуурамч бичиг аваад цагдаад өг, хэвлэлд гарга гэж явуулаад байна. Б.Бүрнээг би өрөвдөж байна.
Б.Бүрнээ: ТИЙМ ЗҮЙЛ БОЛООГҮЙ
Үйл явдлын мөрөөр Гандантэгчилэн хийдийн хамба Д.Чойжамцын туслах Б.Бүрнээ ламтай утсаар холбогдож тухайн үед юу болсныг тодруулав. Тэрээр “Нэг зүйлийг хэлэхэд, бид З.Санждорж лам руу зорьж очоогүй гэдгийг хэлье. Зарим хэвлэлд ташаа мэдээлэл гарсан байна лээ. Юу болсон бэ гэвэл, одоогоос гурав хоногийн өмнө буюу “Их хүрээ-Даншиг наадам”-ын урд өдөр З.Санждорж лам манай дээр ирсэн. Наадмын хөтөлбөр авна гэсэн. Даншгийг Гандантэгчинлэн хийд ганцаараа зохион байгуулаагүй, Нийслэлийн ЗДТГ-тай хамтарсан. Тиймээс манайх хөтөлбөр тараасан зүйл байхгүй. Бүх хөтөлбөр мэдээлэл нь интернэтэд тавигдсан байсан. Тэндээс бүгдийг татаад үзчих боломжтой. Гэтэл З.Санждорж лам өөрөө Гандантэгчинлэн хийд дээр ирж бужигнууллаа. Гол нь нийслэлтэй хамтарч зохион явуулж байгааг болиулах санаа агуулсан шиг билээ. Бид 102-т дуудлага өгсөн, цагдаа ирсэн. Өөрөө юмаа шидээд байснаас биш бид З.Санждорж ламын эд зүйлийг авч чулуудсан зүйл байхгүй” гэв. “Энэ талаар Гандантэгчилэн хийд албан ёсны байр сууриа хэзээ олон нийтэд мэдээлэх вэ” гэсэн асуултад “Олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ. Тэр үедээ зарлана” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
24news.mn