2024 оны 11 сарын 24
Зочин
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх өөрөө “Топор” нэртэй тагнуулч “МУУЖГАЙ”

 

[thumb]http://tonshuul.mn/uploads/posts/2017-08/1503028338_20916820_1617132505025854_1354948777_n.jpg[/thumb]

 

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай ярилцлаа.

-МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр Шадар сайд У.Хүрэлсүх таныг өөрийг нь тагнасан, мөрдсөн гэж ярьсан гэсэн. Тагнаж чагнасан хүмүүс нь тантай ойр ажиллаж байсан гэх юм. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Асуултанд хариулахын өмнө хэдэн зүйл хэлье. Би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажилд томилогдсоноос хойш зөвхөн өмнөх ажилдаа л анхаарч, нам доторх элдэв хов, хэрүүлээс хол явлаа. Гэтэл сүүлийн үед тагнасан гэх сенсацид Хүрэлсүх өөрөө намайг татаж оруулж, ил далд хэвлэлээр дайраад байх юм. Энэ нь намайг хэвлэлд тайлбар өгөх, байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй байдалд орууллаа. Тиймээс танд ярилцлага өгч байна. наашаа ирэх замдаа юу ярихаа хүртэл хэсэг бодлоо. Нэг л хэрүүлийн хариу маягийн юм болчих вий гэж санаа зовж байна. Гэхдээ дуугүй байж бас болохгүй нөхцөл үүссэн.

Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар иргэд “Бидний ажил, амьдралд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх арга замыг Ардын нам тодорхойлж, хэрэгжүүлж чадна” гэж итгээд Ман-д 65 суудал өгсөн. Бид ч амлалтаа ажил хэрэг болгохоор Засгийн газраа байгуулсан. Ардын намыг дийлэнх олонхоор нь сонгох өөр нэг шалтгаан бол 2012-2016 онд эрх барьсан Ардчилсан нам эрх мэдэл, хөрөнгө мөнгө булаалдаж, хөнжил дотроо жийлцэж, хөрөнгө оруулагчдыг үргээж, Засгийн газраа тогтвортой байлгаагүй. ардчилсан нам дотроо эв түнжингүй, хэрүүл тэмцэлтэй явж ирсний хохирогч нь эдийн засаг хийгээд ард түмэн болж үлдсэн. Манай намыг ядаж дотооддоо эв нэгдэлтэй, засаг төр нь тогтвортойн дээр эдийн засгийн бодлогоо тодорхойлоод иргэдийн амьдралыг сайжруулна гэдэгт итгэж сонгосон. Энэ итгэлийг бид зөв бодлого зүтгэлээр өнгөрсөн нэг жилийн дотор эдийн засгийг хасах 1.3 хувиас нэмэх 4.2 хувь болгоод байна. Харамсалтай нь сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нөхцөл байдал хүнд байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үгнээс болж БНХАУ-тай геополитикийн хувьд ноцтой асуудал үүсч энэ нь манай гадаад худалдаа, эдийн засагт ноцтой хохирол учруулаад эхэллээ. Хоёрдугаарт, Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хамтарсан найруулгаар 65-ын бүлгийн цөөн хэдэн гишүүн албан тушаалын төлөө нам дотроо урваж шарваад эхэлсэн. Засгийн газрыг огцруулна гээд хэдэн гишүүний гэр орноор явж, архи дарс болж, гарын үсэг зураалаад явж байна. Энэ бүхний ард Монгол Улсын Шадар сайд Ухнаа овогтой Хүрэлсүх бий. За, тэгэхээр энэ хүнд засгаа мурьж, өөрийн зам мөрөө хөөхөд шалтаг шалтгаан хэрэгтэй болно доо. Тэр шалтаг нь тагнасан, чагнасан гээд Ерөнхий сайдаа гүтгэж, үүнийгээ үнэмшилтэй болгохын тулд тагнуулд ажиллаж байсан намайг татаж оролцуулаад байгаа юм.

Тийм зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Намайг өөрийг нь тагнасан гэж үнэхээр хардаад байгаа юм бол яагаад Хүрэлсүх өөрөө өдий болтол холбогдох газарт нь миний нэрийг цохоод шалгуулах өргөдөл гомдол гаргахгүй байгаа юм бэ. Өргөдөл өгөхгүй байхыг бодвол зүгээр л бохир улс төр. Тэр нөхрийг тагнах сонирхол, шалтгаан хэнд ч байхгүй. Хүрэлсүхийг тагнаж мууг нь үзэх гээд байх ямар ч шаардлага байхгүй. Тэртээ тэргүй тэр нөхрийн муу нь ил. Шаардлагатай гэвэл би мууг нь хэлдэг газар нь хэлж чадна. Хүрэлсүхийн төрсөн эгчийнх нь хүү, цагдаад ажилладаг Амарсанаа, нэг яаманд газрын дарга хийдэг төрсөн дүү нь гээд хэсэг нөхөд ахынхаа санаачилгаар ийм тагнуултай драм зохиосон. Тэр нь баригдаад хэргээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм биш үү. Тагнуултай кино их үздэг юм уу хаашаа юм. Тагнуултай кино бага үз.

У.Хүрэлсүх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярт буюу дүүдээ бичсэн албан бичиг бичсэнийг уншсан. Амь нас, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах гэх мэтчилэн алиа алиа зүйлс бичсэн байна лээ. Үндэсний аюулгүй байдал гэдэг бол Хүрэлсүх огт биш. Хаана нь ч хүрэхгүй.

-Олон нийтийн дунд “Херо” Баатар, Шадар сайд У.Хүрэлсүх нарын бичлэг шуугиан тариад байгаа. Гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулсан нь үнэн юм байна гэх байр суурь ч гараад байна л даа?

-Хуулиар хамгаалагдсан тодорхой субьектууд байдаг. Үүнд Шадар сайд орно. Ийм хүмүүст гүйцэтгэх ажил буюу тагнуулын ажил хийх нь хуулиараа хориотой. Мөн хуулиар эрх нь олгогдоогүй хүн гүйцэтгэх ажил хийх хориотой бөгөөд ийм үйлдэл хийвэл Эрүүгийг тусгай зүйл ангиар зүйлчлэгддэг. Ийм ноцтой гэмт хэрэг хийсэн мэтээр намайг гүтгээд байгаа юм. Энэ нь ч хуулиар хориотой. Тэгэхээр ийм хатуу хуультай, зөрчвөл олон жилээр шоронд хоригдох “тэнэг” байхгүй гэдэгт итгэлтэй байна. “Херо” бичлэгээ алдлаа л гэдэг. Санаатай, санамсаргүйг нь хэн мэдлээ. Ямар ч байсан Хүрэлсүхийн утас чагнагдах боломжгүй. Харин Хүрэлсүх өөрөө “Топор” гэх нууц нэртэй, Х.Баттулгын МАН-д шургуулсан гар хөл болсон тагнуулч нь гэдэг нь тодорхой болчихлоо. Иймэрхүү нөхрийг тагнуулынхан “муужгай” гэдэг юм. Баатар, Хүрэлсүх хоёрын бичлэгийг сошиалаас сонсоод ямар хөгийн урвагч новш, муужгай вэ л гэж бодсон. Уур ч хүрэх, гомдох, юу юу ч болов, хэсэгтээ л шоконд орсон.

-Энэ бүхэн тэгээд МАН-ын даргын суудлын төлөөх амбиц, нүүдэл гэж ойлгож болох уу?

-Тийм л дээ. Гэхдээ итгэл үнэмшил, журмын нөхдөөсөө урваж, муужгайдан байж улайрна гэдэг чин юу гэсэн үг вэ. Хүрэлсүхийн хувьд хүн чанар, нөхрийн өмнө хүлээсэн хариуцлага, ёс зүй, зарчим түрхэн зуур гарт баригдаад гарах албан тушаалаас хямдхан юм байна. Ардчилсан намын гишүүдээс Х.Баттулгаа дэмжээгүй нөхөд байсан. Гэхдээ тэд Хүрэлсүх шиг манай намынхантай хуйвалдаж муужгайдаагүй. Дэмжээгүй нь зүгээр л сонгуульд оролцоогүй. Хүрэлсүх бол хөгийн новш байж. Ийм үг хэлж байгаадаа танай сониний уншигчдаас хүлцэл өчье. “Топор” нэртэй муужгайн асуудлыг түр орхиод Хүрэлсүхийг намын дарга, дараагийн Ерөнхий сайд гэж төсөөлөхөд, үүнийг хийж чадах уу гэдгийг ажил хэрэгч талаас нь харъя. УИХ-д тойргоос хоёр, жагсаалтаар нэг сонгогдож байсан. Улс төрд хөл тавьснаас хойш дөрөв дэх удаагаа Засгийн газрын гишүүнээр ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын сайд, Онцгой байдлын сайд, хамтарсан Засгийн үед Шадар сайд байсан бол одоо ч мөн Шадар сайдын алба хашиж байгаа хүн. МАН-ын хувьд намын даргаас бусад бүх өндөр албан тушаалд байсан. Энэ албан тушаалуудыг хашиж байхдаа хүний амьдралд өгөөжөө өгсөн, монголд хэрэгтэй яг ямар хууль санаачилав, мэргэжлийн хяналтад яг ямар бодлогын өөрчлөлт хийв. Харамсалтай нь 1980 оны орос стандарт хэвээрээ л байна. Онцгой байдлын хувьд түймэр дээр очиж зургаа авахуулдаг. Түүнчлэн фургоны асуудалд орохоос гадна, хүний амь нас урьдчилан сэргийлэх яг ямар бодлогын арга хэмжээ авсан бэ. Зөвхөн өнгөрсөн нэг жилд хорь орчим хүн хордож, осолдож нас барлаа. Улс төрийн намын албан тушаалтан байхдаа намдаа нэг ялалт авчирсан уу. Харин ч Н.Энхбаярыг намаас хөөх ажиллагааг санаачилж, залуучуудын ард нуугдан тэднийг турхирч, намаа яаж хоёр хуваасан билээ. Энэнээс болж 2012 онд МАН ялагдаж, АН ялж, үр дүнд нь аж ахуйн нэгжүүд дампуурч, ард иргэд яаж ядуурав. Үүнээс үүдэлтэй балгийг арилгах гэж Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Засгийн газар яаж зовж, ард нь гарав.

Хүрэлсүх 2012 онд нам ялагдуулсаныхаа дараа гадаад руу яваад өгсөн. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа МАН-ын байрны гадаа хэсэг нөхдийг турхирч гэр бариулан намынхаа эсрэг ажиллаж, яаж муухай харагдууллаа. Энийг би Хүрэлсүх Австралиас удирдсан юм байна даа гэж сүүлд бодох болсон. 2014 онд эрх баригч АН задарч, засагт манай намыг урихад гэнэт гадаадаас ирээд Шадар сайд болно гээд зүтгэсэн. Тэр үед цөөнхийн буюу манай намын 26 гишүүний ихэнх нь “зугтсан нь биш зүтгэсэн нь” гэдэг зарчим үйлчлэнэ гээд Хүрэлсүхийг хүлээж аваагүй. Тэр үед намын дарга, өнөөдөр Хүрэлсүхээр муужгайдуулаад байгаа М.Энхболд түүнийг зүтгүүлсээр байгаад Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Шадар сайд болгосон. 2016 оны УИХ-д намын нөхөд хэн хүнгүй нэр дэвшиж зүтгэхэд, “би нэр дэвшихгүй” гээд уурлан байж бултсан. Дараа нь 30 хүрээгүй Д.Гантулга хүртэл гараад ирэхэд энэ хүн амаа барьсан. Ачаа үүрэх болохоор алга болчихоод ямбыг нь эдлэх болохоор гитар бариад гараад ирдэг. Ийм зарчимгүй байж болохгүй ээ. Би энэ үед УИХ дахь цөөнхийн бүлгийн дэд дарга байсан хүний хувьд голтой ярина. Ядаж УИХ-д Хэнтий аймгаас хоёр удаа сонгогдохдоо тэнд үлдээсэн Хүрэлсүхээр овоглох, сонгогчид нь талархах яг ямар ажил хийсэн юм бэ. Одоо юу хийж байна вэ. Айлын эрх хүүхэд шиг аашлаад л. 2011 онд намын генсек байхдаа наадмын үеэр намын дарга, Ерөнхий сайд болно гэж аашилж л байсан. Бодит үнэн, дүгнэлт ийм л байна. Та дүгнэлтээ бас хий. Ардын намд итгэсэн, хүлээлттэй байгаа иргэдээс тэр хүний амбиц үнэтэй гэж үү.

-Гэхдээ та хоёрт ойрхон байх үе байсан гэлцдэг...

-2004 онд танилцсанаас хойш бид хоёр сайн муугаа үзээд 10 гаруй жил ах дүү шиг явж ирсэн. Би дээрээ ахгүй, айлын том хүүхэд. Хуурай ч гэсэн сайхан ахтай юм шиг санагдах үе байсан. Тэр үеийн намын дарга намайг дэмжихгүй байхад Хүрэлсүх улс төрийн хувьд намайг дэмжиж ч байлаа. Үүнд нь талархалтай хандах хэсэгхэн хугацаа байсан уу гэвэл тийм гэж хэлнэ. Гэтэл түүний хэд хэдэн үйлдлээр намайг миний дүү гэхээс илүүд мөнгө гэж хардаг юм байна даа гэж дүгнээд холдож эхэлсэн.

-УИХ дахь МАН-ын зарим гишүүд Засгийн газрыг огцруулна гээд байгаа. Тэгэхээр засагт болохгүй зүйлс байгаа юм биш үү. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн яав гээд байна л даа?

-Юу нь болохгүй байгаа юм. Ганц нэг салбарын сайдуудын хувьд асуудал гаргахад нь хариуцлага тооцоод явцын дунд өөрчлөлт хийгээд явж байна. Энэ байдаг л зүйл. Хариуцлагагүй ажиллаж байгаа нөхдүүдэд халаа сэлгээ хийх ёстой. Чаддаг хүмүүсээр нь багаа бүрдүүлэх шаардлагатай.

Мэргэжлийн Засгийн газар нэг өдөр байгуулагдчихдаг юм биш. Хүнийг ажиллуулна, үнэлэлт дүгнэлт өгнө. Болохгүй бол халаа сэлгээ хийнэ. Байдаг л процесс. Энэ асуудалд найз нөхөд, журмын нөхөр гээд танил тал тохой татсан байдлаар хэрхэвч хандаж болохгүй. 3.1 сая иргэнийхээ өмнө хөгжлийг цогцлоох асар том хариуцлагыг бий болгох үүрэг хүлээсэн. Асуудлаа бид шийдээд явж байна. Итгэл нь алдарсан гадна дотны хөрөнгө оруулагчид энэ засагт итгэх байдал эрс нэмэгдэж байна. Дахиад асууя. Энэ Засгийн газрын яг юу нь болохгүй байгаа юм бэ. Үнэхээр болохгүй байсан юм бол бид өөрсдөө сайн дураараа ажлаа өгөөд явж чадах хүмүүс. Харин болж, бүтэж байгаа зүйлийг нураах гээд байгаа бол бид хамгаална. Би халуун гал тогоонд нь байгаа хүн. 65 гишүүний нэг нь. Тиймээс гарын үсэг зурсан гээд байгаа хэсэг хүний цаана ямар наймаа явж байгаа нь тодорхой.

-Ямар наймаа гэж. Өнөөх л сайдын суудал уу?

-Хүрэлсүхийг намын дарга, Ерөнхий сайд болгох ажилд нь дэмжлэг үзүүлээд шагналд өөрөө сайд болох. Эсвэл өөрийн хамсаатнаа дэд сайд, төрийн нарийн, агентлагийн дарга, Эрдэнэтээс эхлүүлээд төрийн өмчит компанид удирдлагаар тавих юм. Хууль бус хүсэлт тавьчихаад, бүтэхгүй болохоор энэ засаг миний бизнесийг дэмжихгүй байна гээд гарын үсэг зурсан гишүүн ч байна. Энэ засагт орж чадаагүйдээ харамсч, согтчихоод уйлж байсан нөхөр өнөөдөр нулимсаа арчаад шар хор тээн хор найруулж явна. Гэх мэт улайрсан зургаан гишүүн бий. Энэ хүмүүс 2016 оны сонгуулиар ард түмэн юу юу гэж амлаж тэдний итгэлийг аван гарч ирлээ дээ. Гарч ирчихээд иргэдийнхээ төлөөх зүтгэл нь энэ үү. Үнэхээр инээдэмтэй. Цаг нь болохоор хэн хэн сайд болно гэж, хэн хэн Дэд сайд, төрийн нарийн, агентлагийг өмчилж авна гэсэн улс төрийн зураглал гаргаж гарын үсэг зурсныг ил болгоноо. Энэ тэр чигтээ наймаа. Улс төрийн урвалтаас гадна бас нэг бохир нь энэ. Харин зарим нь Хүрэлсүх “топор” муужгайдсаныг мэдэж, түүнийг сая таньсан зарим нь гарын үсэг зурсанаасаа буцаж буй хүмүүс бас байна.

-У.Хүрэлсүх яг тэгээд эсрэг намынхаа хүнд үйлчилсэн юм уу?

-Өөрөө Бага хурал дээр үүнийгээ худлаа гээгүй. Б.Баатар, У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэгийг үзээд уурлах гэхээсээ илүү асар их гомдсон. Энэ нам 200 орчим мянган гишүүнтэй, итгэл үнэмшил дээр тогтсон нам юм шүү дээ. Өмнөөс нь ичмээр ч юм шиг, уурламаар ч юм шиг ёстой хэлэх үг олдохгүй юм. Зарчмынхаа хувьд ийм өөдгүй новш байж болохгүй. Ийм хүн л намын дарга болно гээд байгаа ш дээ. Би энэ ярилцлагаараа түүнийг эсэргүүцэх эсэргүүцлээ эхлүүлж байгаа гэдгээ хэлчихье.

-Өмнө нь тэгээд энэ талаар ярьж байхгүй яасан юм, та?

-Би өнөөдөр гэнэт дуугараад байгаа юм биш. 2015 оны хавар хэвлэлийн хурал зарлаад Ухнаа овогтой Хүрэлсүх нам, залуучуудыг холбоог задалж, самарч байна гэж хэлж л байсан. 2015 оны намын залуучуудын байгууллагын хүрээнд болсон асуудлууд Хүрэлсүхээс л болсон. 2015 онд мөн л намын даргад зүтгэх гэж хор найруулж байсныг харин тэр үед бид зогсоож чадсан гэж боддог. Тэр үед залуус бид задарч, улс төрийн зодоон хийж байсан. Гэхдээ бид адилхан л залуу хүмүүс. Үе тэнгийн залуус алдаж онохын алийг тэр гэхэв. Алдаа дутагдлаа засна, нөхөрлөлөө сэргээгээд явчихна. Хаях зүйлсээ хаяад, засах зүйлсээ засаад явах нь төр түмний төлөө ажиллаж байгаагий хувьд бидний үүрэг. Харин “топор” муужгайн хувьд бол үгүй болсон. Эргээд эвлэх, учир начираа ололцох тийм орон зай түүний муужгайдалтаас болж надад үлдээгүй. М.Энхболд дарга болон олон журмын нөхдийн буянаар өдий зэрэгтэй яваа хэдий ч эцсийн мөчид бүгдээс нь урвалаа. Үүнийгээ 60 тэрбумтануудаас урвалаа гэж төлбөртэй хэвлэлийн маркетинг явуулж байна. 2000 оны Их хурлын сонгуулиар тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяраас эхэлж намд хандив босгох нэрээр албан тушаалыг үнэлж эхэлсэн. Албанд очсон нөхдөөс мөнгө салгаж хувьдаа ч завьшиж, баяжиж байсан. Хүрэлсүх үүнийг тойроогүй. Би твиттертээ “Төрөөс тэрбумтан төрдөг бол ТББ-аас тэрбумтан төрдөг боллоо” гэж бичиж байсан нь энэ хүнд ч хамаарах асуудал. Тэр үед хүмүүс У.Хүрэлсүхийг хэлж байна гэж хардаж л байсан. Үгүй гэвэл Хүрэлсүх олон тэрбумын хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарла л даа. Олон жилийн өмнө 25 дугаар суваг телевизийн нэвтрүүлэгээр “Солонгост ажилдаг эгч маань надад мөнгө явуулдаг” гэж ярьж байсан. Эсхүл ямар ч бизнесгүй гэх хүн эгчээрээ тэжээлгэсээр байгаад тэрбумтан болчихов уу. Хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаад өг. Чадахгүй бол би туслаад өгье. Намайг ингэж хэлсний төлөө тэр “топор” гүтгэлээ, нэр төр хохироолоо гээд хууль хяналтын байгууллагад өг л дөө. Тийм тохиолдолд би энэ бүгдийг нь хэлээд өгнө. Асуудал байхгүй. Бодохоор л дургүй хүрэх юм. Би цэргийн хүн байсан. Цэрэг байсан хүний ч хүү. Цэрэг хүн ямар байдгийг би мэднэ. Хүрэлсүх өөрийгөө цэргийн хүн, хурандаа цолтой гэж ярьж, зургаа авахуулах дуртай. Яахав, УИХ-ын гишүүд чинь Таван толгойн цэргийн баазад хоёр өдөр бай буудаж, архи ууж байгаад цол нэмдэг. Тэгэж л хурандаа болсон. Ямартаа ч цэргийнхэн дотор өргөсөн тангараг, үерхсэн нөхдөөсөө урвадаг, шарвадаг хөгийн новш байдаггүй юм. Хүрэлсүх үхсэнийх нь хурандаа байдаг юм. Монгол цэргийн нэр хүндтэй дүрэмт хувцсыг дахин өмсөх эрх энэ хүнд байх ч үгүй.

-Шадар сайдын ажлаа өгнө, тэгээд тэмцэнэ гэж Бага хурал дээрээ хэлсэн гэсэн. Үнэн үү?

-Тийм. Хэлсэн болохоос өгөөгүй байна. Одоо харин нэг мөр Хүрэлсүх намаас гарах өргөдлөө хамт өгөөд өөрийнх нь тэнэгтэлтэнд бий болсон МАХН-даа орно уу, яана уу бүү мэд. Ямартай ч намаас зайлах хэрэгтэй. Өрөөлтэй тэмцэх биш өөрийнхөө арчаагүй байдалтайгаа тэмц. Бага боловч ухаан байдаг бол зас. Намдаа, төр засагтаа үзүүлж болох ганц гавьяа нь өөрөө өргөдлөө өгөөд, намын гишүүдээс уучлалт гуйгаад явах нь хамгийн зөв арга. Хэрэв тэгвэл би энэ хүнтэй ядаж мэнд устай зөрнө. Түүнд үлдсэн ганц зөв арга зам нь энэ. Зүгээр л зайлаад өг. Эсхүл улс төрөөс хол бай. Тэтгэвэртээ гар. Нүгэл их үйлдсэн хүн. Буян хийж дэнслэх талын зүйл бод. Улс төрөөс хол байснаараа бараг буян болно доо.

-Цаашдаа ер нь юу болох бол?

-Ойлгомжтой ш дээ. Энэ ярилцлага гармагц “топор”-ын цэргүүд хэвлэлд мөнгө хаяж түгээлтийг зогсоох гэж үзнэ. Намайг дайрч доромжил гэж төлбөртэй мэдээлэл цацна. Залгаад намрын урт шар улс төртэй өдрүүд үргэлжилж өвөлтэй золгоно. Дөнгөж эхэлж байна.

Ярилцсан Э.ЭНХБОЛД

 Эх сурвалж: Өдрийн сонин

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.