2024 оны 11 сарын 24
Зочин
С.Амарсайхан: Надад төрийн албаар амь зууж, төсвийн хөрөнгөөр бизнесээ хөгжүүлэх гэж уйлж дуулах шаардлага байхгүй

-Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч С.Амарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэгт юу болоод байна вэ. Төлөөлөгчдийн нэг хэсэг ИТХ-ын ээлжит болон ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага тавьж, нөгөө хэсэг нь хуралдуулахгүй гэдийгээд байгаа бололтой харагдах юм?

- Бид ажил хийе, асуудал шийдье л гэж байгаа юм. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн цөм, улс орны хөгжил дэвшлийн толь нь болсон Нийслэлчүүдийн ажил, амьдрал, улс төр, цаг үеийн ямар ч нөхцөлд тасралтгүй үргэлжилж байх ёстой биз дээ. НИТХ нутгийн өөрөө удирдах ёсоо сахиж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх үүргээ биелүүлэх хүрээнд тогтмол хуралдаж, тэр хэрээрээ урагшилж, ахиж байх ёстой нь хэнд ч ойлгомжтой зүйл. Гэтэл буцалж, өрнөж байх ёстой нийслэлийн ажил үндсэндээ зогсонги байдалд ороод байна. Өнгөрсөн 5 сараас хойш хурлын тэргүүлэгчид цаашлаад ээлжит болон ээлжит бус хурлуудын аль нь ч хуралдсангүй, асуудал шийдсэнгүй. Тэр хэрээр Хурлаар хэлэлцэж шийдвэрлэгдсэн байх ёстой асар олон ажил шийдлээ, эзнээ хүлээсээр байна. Ийм учраас Хурлыг хуралдуулъя гэсэн шаардлага тавьж байгаа. Төлөөлөгчид ч бас санал нэгдэж байгаа гэж би хувьдаа ойлгож байна. Удахгүй хуралдах байх.

-НИТХ, Нийслэл эзэнгүйдээд байна гэж зарим төлөөлөгч ярьж байна. Хэвлэл мэдээлэл, олон нийт ч ийм ойлголттой байгааг юу гэж тайлбарлах вэ? 

-НИТХ-ын үндсэн чиг үүрэг нь  нийслэлийн урт хугацааны тотвортой хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх гүйцэтгэх удирдлагын багийн үйл ажиллагаанд нь хяналт тавьж, үр дүнг нь тооцож, буруу зөвийг нь засч залруулж байх ёстой гэдгийг та бид маш сайн мэднэ. Өнөөдөр НИТХ-ын удирдлага, зохион байгуулалтын зарчим алдагдсан, цаашлаад нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан гүйцэтгэх эрх үүрэг бүхий хурал хийгээд гүйцэтгэх удирдлагуудын хоорондын ажлын уялдаа холбоо байхгүй байна. Асуудал эрхэлсэн дарга нарын эрх, үүргийн хувиарлалт оновчтой бус, гүйцэтгэл хангалтгүй албан тушаалтны албаны болоод хувийн ёс зүйн асуудал даамжирсан зэрэг нь нийслэлд засаглалын хямрал үүсгэх хэмжээнд хүргэх гэж байгааг нуух шаардлагагүй.

-Та бүхэн өнгөрсөн сонгуулиар “Аз жаргалтай Улаанбаатар” гэдэг гоё нэртэй мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Мөрийн хөтөлбөр чинь хэр хэрэгжиж байна вэ. Энэ нь цаашид хэрэгжих боломжтой гэж та үзэж байна уу?

-Яг энэ цаг үед, өнөөгийн нөхцөл байдалд тэр мөрийн хөтөлбөр хэрэгжинэ гэдэгт би хувьдаа эргэлзэж байна. Аз жаргалтай гэдэг нэр өгч, хэдэн замын уулзвар засаад, гутлаа андуурч өмсдөг хүүхэд шиг нэг өдөр зүүн эргүүлэхгүй гээд дараа өдөр нь болиулснаар аз жаргалтай хот болчихдог юм биш. Нийслэлийн асуудалд ингэж сэтгэлийн хөөрлөөр хөндөж, гадны орныг сохроор дуурайж болохгүй л дээ.  Бид түгжрэл бохирдол нь туйлдаа хүрсэн хот нэртэй хорт талбар биш иргэд оршин суугчид бүх талаараа амар амгалан, хүн амьдархад зориулсан хотыг л утгаар нь хөгжүүлэхэд ухаанаа зарах ёстой. Түүнээс аль эрт, эсвэл маш түргэн шийдчих худаг ус, гэрэл чийдэн, зам талбай гээд ахуйн асуудалтайгаа зууралдаад, хэдэн дарга нар нь асуудлаа хамтарч шийдэхгүй бие биенээсээ илүү тодрох гээд буруу шоудаад түүгээрээ зорилгоо хязгаарлаад байж болохгүй. Илүү өргөн хүрээнд харах, төлөвлөх хэрэгтэй байна. Өнгөрсөн онд НИТХ-аар бидний хэлэлцэж баталсан бодлого төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжих боломжтой. Гэхдээ дахин сайтар судлах, нягтлах, хэрэгцээ шаардлага, ач холбогдол, үр өгөөж болон өнөөгийн хөрөнгө, санхүүгийн нөөц боломж, ирээдүйн үр өгөөжтэй нь уялдуулан эргэж харах, хэлэлцэж шийдвэрлэх олон асуудал байгаа. Хамгийн гол нь бид цаашид нийслэлийн засаглалийн чадвахи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилго, бодлогыг өөрсдийн дотоод нөөц бололцоо, сул ба давуу талууд, эерэг сөрөг зүйлүүд, гадаад дотоод хүчин зүйлүүдтэйгээ хэрхэн уялдуулан тооцож яаж оновчтой тодорхойлох, хэрэгжүүлэх, яавал урт хугацаанд үр өгөөжийг нь тогтвортой хүртэх вэ гэдэгт л анхаарч, нухацтай хандах ёстой. Өөрөөр хэлбэл, Нэг хот, нийтлэг эрх ашиг, нэгдсэн бодлого төлөвлөлт, оновчтой хэрэгжүүлэлт, бодитой үр дүн гэсэн зарчмыг баримтлаж цаг алдалгүй ажиллах шаардлага байна. Үүнд, НИТХ-ын 45 төлөөлөгчийн, тэр дундаа олонхи болсон МАН-ын 34 төлөөлөгчийн үүрэг оролцоо нэн чухал. Иргэд, сонгогчид энэ 45 төлөөлөгчдөд л хотын ирээдүйн хувь заяа, өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндийг даатгасан. Тийм учраас бид хүссэн ч эс хүссэн Нийслэлийн асуудалд илүү санаачлага оролцоотой, идвэхитэй бас хариуцлагатай хандах үүрэгтэй. Үүний зэрэгцээ Төлөөлөгчид иргэд, сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх, хамтарч асуудлыг шийдвэрлэх, илүү бүтээлч ажиллах, оролцоо, нөөц боломжийг нь ч бүрдүүлэх шаардлага бас бий.

-Таныг НИТХ-ын дарга болно гэсэн мэдээлэл цацагдсан. Тийм болохоор та ингэж яриад байна уу?

-Би хувийн эрх ашгийн төлөө бус иргэнийхээ үүргийг биелүүлж, нийслэлчүүдийн өмнө хүлээсэн хурлын төлөөлөгчийн хувиар ажил хийе, асуудал шийдье, аль болох шудрага байя, болж өгвөл бүтээлч амьдарья л гэсэн бодолтой явдаг. Хэн нэг хүн дарга байх, үгүйн тухай явцуу байдлаар нөхцөл байдлыг дүгнэх хэрэггүй.  Зарим нь албан тушаалыг ажил биш эрх мэдэл, асуудлын шийдэл биш өөрт л оногдсон боломж гэж хараад тэр агуулгаар асуудалд хандаж байгаа нь өнөөгийн өөрөөсгөл ойлголтыг бий болгоод байна. Арга ч үгүй л дээ. Дарга даамал болсон хүмүүсийн дийлэнхи нь хэн нэгний амьдралд ирдэг явдаг улс төр, эрх мэдэл, албан тушаалд мансуурч, эмээл хазааргүй давхиад байгаа учраас л бид өөдлөхгүй бас итгэхгүй байна. Иргэн хүн хотоо ямар байгаасай гэж хүсдэг тэр хүсэл, хүлээлт бусад иргэд бас төлөөлөгчдийн л нэгэн адил надад бий. Тиймээс нийслэлийн ажил гацахгүй, саатахгүй, хэн нэгэн хүний хувийн эсвэл албаны эрх ашиг, сонирхолоос ангид явах нь чухал.

-ИТХ-ын дарга болох боломж, нөхцөл нь бүрдвэл татгалзахгүй биз дээ?

-Ц.Сандуй өргөдлөө өгсөн сургаар янз бүрийн мэдээлэл гарч, олон хүнийг энэ албан тушаалд очих  гэж байна гэж санаатай, санаандгүй ярьж, бичиж байгаа. Энд зөвхөн Амарсайханы тухай яригдаагүй. Тэгэхээр над дээр анхаарал хандуулах шаардлагагүй. Хэн нэгэн хүн хүссэн эс хүссэний зоргоор шийдчихдэг ч асуудал биш. Хэн болохыг намын удирдлага,  НИТХ дахь намын бүлгийн 34 гишүүн, 45 төлөөлөгчийн олонхи хамтарч шийдэнэ.  Миний хувьд хотын ажил, амьдралын юу нь болж бас юу нь болохгүй байна гэдийг ялгахтайгаа болсон, иргэд юу хүсдэг, тэдэнд юу амалснаа ч байнга санадаг, ажил урагшлах ёстой, хурдтай мөн шийдэлтэй ажиллах ёстой гэдэг байр суурьтай явдаг олон төлөөлөгчдийн л нэг. Албан тушаалаар амьдралаа сайжруулах шаардлага надад байхгүйгээс хойш ажил явуулж, асуудал шийдэхэд яагаад оролцож болохгүй гэж.

-Таныг дарга болоод хувийн бизнесээ дэмжиж, асуудлаа шийдэх гэж байна гэсэн ойлголт төрүүлэх мэдээлэл цацсан харагдсан?

-Намайг янз бүрээр л хардаж сэрдэж, элдвээр гүтгэж, харлуулах явдал хэрээс хэтэрч байгаа. Би хар бол чи ч бас хар гэдэг сэтгэлгээгээр эргэн тойрноо бүхэлд нь өөртэйгөө хамт харлуулах зорилго тээсэн, бас нүүр хархаарай инээд алдаж, нуруу хархаараа шөвөг дүрдэг нэр бүхий нэг хоёр хүн, тэдний гар хөл болсон цөөн хүмүүс бидний дотор бий. Тэд  ах дүү, гэр бүлийнхнийг минь ч гүтгэлэгтээ хамаатуулж ихээхэн таашаал авч байх шиг байна. Хүлээцтэй, тэвчээртэйгээр хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлийг нь хараад л явж байна. Би хүнтэй муудалцлаа гэж өс санаж, нөхөрлөлөө гэж магтан хоролдог хүн биш.  Дандаа төлбөртэй гүтгэлэг явж байгаа. Үүнийг улс төр, төрийн албаар амь зогоож, төсвийн хөрөнгө, тендерийн мөнгөөр ар гэрээ авч яваад сурчихсан, тэрнээсээ холдвол амиа хорлоход ч бэлэн, ойртвол амаа олохгүй дайрдаг, өөрийн хөлс хүчээр амьдралаа босгоогүй, бусдын хөдөлмөр зүтгэлийг үнэлэх чадваргүй, албан тушаалгүй бол амьдрал нь сүйрчих гээд байдаг зарим нэг хэсэг нь намайг дарга болчих вий гэж амь тавих гэж байх шиг байна. Би дарга болно гэж нэрээ мартаж, болсонгүй гэж үгээ барж, үйл тамаа үздэг нь  биш. Надад хийх бүтээх ажлаас их юм алга. Намайг харлуулах гэж хэвлэлд зардаг хайран мөнгөөрөө өөртөө хэрэгтэй, нийгэмд тустай хэдэн ном авч уншиж, зөвхөн нэг биенийхээ төлөө биш нийтээрээ сайн сайхан амьдрах хандлагын тухай судла, суралц гэж тэр хүмүүст үүгээр дамжуулан зөвөлье. Надад төрийн албаар амь зууж, төсвийн хөрөнгөөр бизнесээ хөгжүүлэх гэж уйлж дуулах ямар ч шаардлага байхгүй. Бид ах дүү, гэр бүлээрээ өөрсдийн амьдралаа бүтээчихээд өрөөл бусдад хэрэгтэй, нийгэмд үлдэх олон сайхан ажил,  үйлс хийсээр ирснийг мэдэх хэсэг нь сайн мэднэ.

-Ц.Сандуй огцрохоос айгаад ИТХ-ыг хуралдуулахгүй байна гээд байсан. Тэр өргөдлөө өгчихлөө. Одоо хуралдаад, түүнийг огцруулах, эсэхээ шийдээд явж болохгүй байгаа юм уу?

-Өргөдлөө намын Удирдах зөвлөлд өгсөн гэдэгээ бүлгийн хурал дээр хэлсэн. НИТХ-ын тэргүүлэгчдэд болон намын бүлэгт албан ёсоор чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн зүйл одоогоор байхгүй байна. Нэгэнт өргөдлөө өгч байгаа бол нийслэлчүүдээ болон хурлаа хүндэтгээд ИТХ-ын дарга өөрөө хурлаа зарлаад, цаг алдалгүйгээр асуудлаа шийдэх хэрэгтэй.

-45 суудлын 34-ийг нь авч, үнэмлэхүй ялалт байгуулсан нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг даргаа огцруулна гэж гарын үсэг зурсан, зураагүйгээрээ хуваагдчихаад албан ёсоор хурлаа хийж чадахгүй байгаа. Та нар албан бусаар ч болов уулзаж ярилцаж, ойлголцох оролдлого хийж байна уу?

-Бид хуваагдаж, талцаагүй. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг 2-3 хуваагдаад талцчихсан юм шиг ойлголт төрүүлэх оролдлого зарим нэг хүмүүсээс гарч байгаа нь үнэн. 16 хүн Ц.Сандуйтай хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхэд гарын үсэг зурсны төлөө тэднийг дайсан гэж харах, эсвэл зураагүй хэдийгээ даргыг аялдан дагагч, хамгаалагч гэж буруутгах  асуудал огт байж болохгүй. Бид бусдын үзэл бодлыг хүндэтгэх ёстой. Хүн хүний үзэл бодол, тухайн цаг үеийн асуудалд хандах хандлага гэдэг харьцангуй ойлголт. Бүх хүн, бүх зүйл бие биедээ таалагдах албагүй. Зурсан нь зурснаараа, зураагүй нь зураагүйгээрээ л яваа. Зурсан зураагүй гээд биесээ үгүйсгээд туйлшраад байгаа зүйл төлөөлөгч дотор маань байхгүй. Төлөөлөгчид байнга уулзаж, ярилцаж, санал бодлоо солилцож байгаа. Асуудал шийдье гэсэн зарчмын байр суурин дээрээ нэгдэж байгаа гэж ойлгож байгаа.

-Ц.Сандуй даргыг огцруулахаар гарын үсэг зурсан 16 хүний нэг нь та. Хүн бүрт өөр өөрийн бодол байсан байх. Та яагаад гарын үсэг зурсан бэ?

-Энэ бол нэг хүний албан тушаал, нэг намын дотоод асуудал, хоёр хүний хоорондын ярианы хэмжээнээс халиад, үндэсний эрх ашиг, нийгмийн ёс суртахуун, ирээдүйн монгол хүний үнэ цэнийн тухай асуудал болж хувирсан тул гарын үсэг зурсан. Өнөөдөр бид үүнийг ярихгүй, хөндөхгүй өнгөрвөл дараагийн удаа үүнээс ч эмгэнэлтэй байдал үүснэ.  Энд нэгнээ унасан дээр нь өшиглөж байгаа асуудал огт байхгүй. Нэгийгээ хамгаалах гэж байна гээд тэр хүнээ ч бүр баллаад, амьдарч буй нийгэмээ ч золиослох шаардлага бидэнд байхгүй гэж үзсэн.

-МАН бүх шатандаа бужигнаж байна. Засгийн газраа огцруулчихлаа. Энэ нь намын шинэчлэлийн процесс уу, албан тушаалын дайн уу. Намын гишүүний хувиар үзэл бодлоо хуваалцаач?

-Нийслэлд өрнөж байгаа асуудлыг Засгийн газартай холбох шаардлага байхгүй. Шат шатандаа л асуудлаа шийдэх ёстой. Нэгэнт нийгмийн өмнө илт өрнөж байгаа болохгүй, бүтэхгүй зүйлсээ аль болох богино хугацаанд засч ажлаа явуулах нь бидний үүрэг. Ямар арга замаар, хэл амаа хэрхэн ололцож, хэр үр дүнтэй хамтарч ажиллах нь намын гишүүдийн хүсэл зоригоос гадна намын удирдлагуудын ур ухаан, харилцан ойлголцлоос шалтгаална.

-Та нарыг ойлголцож чадахгүй мунгинасаар байтал төсөв хэлэлцэх хугацаа хаяанд ирлээ. Төсвөө баталж чадахгүй байх вий гэсэн болгоомжлол төрж байна?

-Ийм болгоомжлол байхаас аргагүй. Ирэх сарын 15-наас өмнө 2018 онд нийслэлийг хөгжүүлэх Засаг даргын үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах ёстой. Үүн дээр үндэслээд ирэх оны төсвөө батална. Үндсэн чиглэлд төлөөлөгчдийн саналыг аль долдугаар сард авчихсан байх ёстой атал өнөө хүртэл аваагүй. Үндсэн чиглэл баталж чадахгүй байх нөхцөл бүрдчихээд байна. Ингэвэл төсөв хэлэлцэх боломжгүй болно. Ирэх жил Улаанбаатар хотод төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт байхгүй, нийгмийн асуудлаа шийдэх талаар алхам хийх боломжгүй л болно  гэсэн үг. Тиймээс тулгамдсан асуудлуудаа хэлэлцээд явъя гээд байгаа нь тэр. Юм ярихаар л нам, албан тушаал гэж харж болхгүй л дээ.

-Тантай уулзсаных, асуухгүй байж болохгүй нь. Ц.Сандуйг огцруулах ажлыг таныг зохион байгуулж байна гэсэн хардлага бас байгаа?

-Ил тод гарын үсгээ зурсан хүн ард нь нуугдаад явна гэж байж болох уу. Нуугдсан бол гарын үсгээ зурахгүй л байна биз дээ. Надад хүнээс нуугдаад ийм юм хийгээд явах шаардлага, улс төрийн болоод хувийн сонирхол байхгүй. Энэ асуудлыг хөндөх ёстой гэж үзэж, гарын үсэг зурсан нь үнэн. Хүссэн хүсээгүй энэ асуудал хэзээ нэг цагт хөндөгдөх л байсан.

өгсгөлд нь нэг асуулт байна. Танай “Оюуны ундраа” компани олон салбарт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын анхны аж ахуйн нэгжүүдийн нэг, одоо ямар ямар чиглэлээр үйл ажиллагааг явуулж байна вэ?

-Манай компани анх 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл тогвортой үйл ажиллагаа явуулж, цаг үетэйгээ аль болох хөл нийлүүлж, өсөж хөгжиж, өргөжин тэлж яваа аж ахуйн нэгжүүдийн л нэг. Манайх 1700 орчим хүнийг ажлын байраар хангаж тийм хэмжээний өрхийн асуудлыг нааштайгаар шийдэж ирсэн. Өнгөрсөн хугацаанд бусдаас хулгайлж, төрөөс хумслахгүйгээр бизнесийн салбарт зүтгэж ирлээ. Алдаж онож өдий хүрэхдээ аль ч төрийн үед төрөөс нэг ч тендер, зээл тусламж авалгүйгээр уул уурхай, барилга, үл хөдлөх хөрөнгө, мэдээлэл технолгоги, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж,  олон мянган ажлын байрыг бий болгож, улс орны хөгжилд хувь нэмэрээ оруулж яваа компани. Манайх сүүлийн 20-иод жил ховор металлийн олборлолт, боловсруулалтын чиглэлээр дагнан ажиллаж ирсэн,энэ чиглэлдээ тэргүүлэгч үндэсний компани. 2007 оноос хойш мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулж Улаанбаатар хотын 100 гаруй мянган айл, өрхүүдэд сүүлийн үеийн тоон системийн ТВ-ийн олон сувгийн утасгүй үйлчилгээг хүргэж байна. Одоо мэдээлэл технологийн дараа үеийн шийдлийг эх орондоо нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхлэхийн зэрэгцээ  Улаанбаатарт кино театрын шинэ сүлжээ нээж хүүхэд залуучуудад чөлөөт цагаа өнгрүүлэх таатай нөхцөл бүрдүүлэх,  аялал жуулчлалын төвийн цогцолбороо ашиглалтад оруулах  зэрэг олон ажил, сайн төслүүдийг хэрэгжүүлэн улс болон нийслэлийнхээ хөгжлийн төлөө л манай хамт олон нэгдэн ажиллаж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.