2024 оны 11 сарын 24
Зочин
Япон улсын автомашин экспортын “Be Forward” компани Хаанбанк хамтран ажиллана

ХААН Банк болон Япон улсын автомашин худалдааны Be Forward компанийн хооронд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд Be Forward компанийн монгол дахь салбарын захирал М.Жаргалсайхан, ХААН Банкны бүтээгдэхүүний удирдлагын газрын захирал Б.Дөлгөөн болон бусад албаны хүмүүс оролцлоо.
“Be Forward” компани нь японы автомашины худалдааны тэргүүлэгч компани бөгөөд тус компанийн Монгол дахь салбар www.1000mashin.mn веб сайтаар дамжуулан автомашин худалдаалах, худалдан авах, автомашины лизингийн үйлчилгээг онлайнаар шийдүүлэх зэрэг цогц үйлчилгээг үзүүлэх юм.
“Be Forward” компанийн Монгол дахь салбарын залуус Монгол улсын автомашин худалдан борлуулах үйл ажиллагааг цахим орчинд мэргэжлийн түвшинд, хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, цаг хугацаа, зардал хэмнэсэн автомашин худалдаа үйлчилгээний АВТОДИЛЕР бүхий эко системийг хэрэглэгчдэд санал болгож байна.
Энгийнээр хэлбэл шинээр орж ирсэн болон Монгол улсад улсад 2 жил хүртэлх хугацаанд ашиглаж байсан дугаартай автомашинаа борлуулах, тухайн автомашиныг авах хүсэлтэй хэрэглэгчийг онлайн орчинд холбож өгөх болон худалдан авалтыг ХААН БАНК-ны ЛИЗИНГ-ийн үйлчилгээнд хамруулах боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа аж.
Энэ үеэр ХААН Банкны Бүтээгдэхүүн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Г.Ганцог дараах мэдээллийг өгсөн юм.


-Хамтын ажиллагааны ач холбогдол, зорилтын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Автодилерийн үйлчилгээ нь иргэдэд автомашинаа худалдах, өөрийн хүссэн баталгаат автомашинаа худалдан авах, санхүүгийн хэрэгцээ буюу зээлийн хүсэлтийг нь судалж шийдвэрлэх үйлчилгээг нэг доор шийдсэн цогц шийдэл юм. Өөрөөр хэлбэл нэг цэгээр хоёр асуудлаа шийдэх боломжтой гэсэн үг.
Банкны зүгээс бүх төрлийн автомашинд зээлийн таатай нөхцөл санал болгож байгаа. Санхүүгийн хэрэгцээнд нь тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээний олон төрлийн сонголт бүхий систем бэлэн болоод байна. Өнөөдөр энэхүү онлайн системийг бий болгон хөгжүүлж байгаа www.1000mashin.mn сайттай хамтран ажиллах болсондоо баяртай байна.

-Уг үйлчилгээг нэвтрүүлснээр харилцагчид ямар давуу тал үүсэх вэ? 
-Иргэдийн хувьд автомашин худалдан авах гэж автомашины захуудаар явах, зарын дагуу очиж үзэх, санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ зэрэг хүндрэлүүд байнга тулгардаг. ХААН Банк болон /Be forward/ -н хамтран хэрэгжүүлж буй автодилерийн үйлчилгээнд хамрагдснаар дээрх асуудлаа шийдвэрлэх ба www.1000mashin.mn автомашин худалдаа, үйлчилгээний цахим системд хандан япон улсаас импортоор орж ирсэн эсвэл орж ирээд тодорхой хугацааг өнгөрүүлсэн улсын дугаартай, улсын үзлэгт хамрагдсан автомашинуудаас сонголтоо хийн зээлийн хүсэлтээ цахимаар шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа юм. ХААН Банкны хувьд бүх төрлийн автомашины лизингийн зээлийг хамгийн таатай нөхцлөөр, шуурхай судалж шийдвэрлэнэ.

М.Жаргалсайхан: Автомашины зах зээлд стандарт бий болгоно 
Хамтран ажиллах гэрээг үзэглэх үеэр “Be Forward” компанийн монгол дахь салбарын захирал М.Жаргалсайханаас цөөн асуултад хариулт авлаа. 


-ХААН Банктай хамтран ажилласнаар автомашины бизнес эрхлэгч болон энгийн хэрэглэгчдэд ямар шинэ боломж бий болох вэ?

-Бид хамтын ажиллагаагаа гэрээнд гарын үсэг зурснаар албан ёсоор эхлүүлж байна. Өнгөрсөн хавраас буюу гуравдугаар сараас эхлэн туршилтын байдлаар хэрэгжүүлсэн. Энэхүү системийг онлайн орчинд явуулах нь Монголын автомашины зах зээлд маш шинэлэг зүйл болж байгаа. Ингэснээр худалдан авагч, худалдаалагч аль аль тал нь цаг хугацааг бодитоор хэмнэхээс гадна банктай харилцах, санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болгоно.
Мөн манайд автомашины зах зээлд, ялангуяа хуучин автомашины худалдаанд техникийн болон зах зээлийн үнэлгээний стандарт маш хомс. Хэн нэгэн автомашин эзэмшигчийн юмуу энэ чиглэлээр бизнес эрхэлж хүний үзэмжээр явж ирсэн. Тэгвэл бид автомашины зах зээлд стандарт бий болгох цаг болсон гэж үзэж энэхүү ажлыг эхлүүлсэн. Нэмж хэлэхэд энэхүү системд зөвхөн манай импортын автомашиныг нэвтрүүлэхээс гадна бидэнтэй хамран ажилладаг автомашин импортлогчдоо бүрэн хамруулахаар зорьж байна. Энэ нь тэдний борлуулалтыг өсгөх бас нэгэн шинэ боломж гэж харж байгаа.

-Ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээнд найдвартай, баталгаатай байдал чухал. Танайх найдвартай байх тал дээр ямар баталгаа өгч чадах вэ?
- Бид Япон улсын автомашин болон сэлбэг худалдааны экспортлогч BEFORWARD компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч. Автомашинийг Япон дахь компаниас шууд татан авалт болон захиалгаар нийлүүлдэг, нөөцийн хувьд өндөр, зах зээлд нэгэнт танигдсан, Дэлхийн жишигт нийцсэн өндөр технологийг хөгжүүлсэн, брэнд имижтэй, өөрсдийн агуулах, хүргэлт, төлбөр тооцооны системтэй. Э
нэ бүх суурь баазыг бий болгосноор хэрэглэгчдэд илүү ойр шуурхай, найдвартай үйлчилдэг. Бүтээгдэхүүний үнэ, чанарыг ч онцгой анхаарч Монголын зах зээлд эрэлттэй, чанарын өндөр үзүүлэлттэй автомашинууд худалдаалдаг.

-Цаашдаа автомашины онлайн худалдааг шинэ түвшинд гаргахад ямар зорилт тавьж байна вэ?
-Хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил олон бий. Автомашинтай холбоотой бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн, дэвшилтэд технологийн шийдлүүдийг ашиглаж www.1000mashin.mn веб сайтаар дамжуулан цахим орчинд бий болгох, түүгээр үйлчлэх шинэ санаачлагаа хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ бүгдийг зөвхөн “Be Forward” дангаараа хэрэгжүүлэх биш энэ чиглэлд хамтран, онлайн орчинд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлэх зорилготой бүхий л байгууллагуудтай хамтран ажиллаж, амжилтанд хүрэх зорилт тавин ажиллаж байна.


Б.Сондор

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.