2024 оны 11 сарын 24
Зочин
Д.Даваасамбуу: Мильтон Фридманы хэлснээр Монголын төрд үл үзэгдэх гар хэрээс хэтэрчээ

Эдийн засагч Д.Даваасамбуутай ярилцлаа. Тэрбээр  Сангийн сайд, БНХАУ-д  зөвлөх,  Их Британид Элчин сайд, УИХ-ын  дарга Д.Дэмбэрэлийн зөвлөх зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан. Өдгөө тэрбээр их сургуульд багшилж, эдийн засаг, санхүүгийн судалгаа хийж, хөтөлбөр, төслүүд дээр ажиллаж байна.  

Засаг солигдсоноор  ОУВС-гийн хөтөлбөрт ямар нэг өөрчлөлт орох болов уу?

 Шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдахаар хөтөлбөр үргэлжлэхээс өөр аргагүй.

ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх хэд хэдэн шаардлага бий.

  • Нэгдүгээрт,төсвийн сахилга батыг ОУВС, донор орнуудын тусламжтайгаар сахиж сурах,
  • хоёрдугаарт гадаад өрийн дарамтыг хэтлэх,  
  • гуравт төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон санхүүгийн байдлыг тогтворжуулахад ОУВС-гийн хөтөлбөр тусална.
  • Дөрөвт,  дэлхий дахины Монгол дахь итгэл нэмэгдэнэ.

Сүүлийн жилүүдэд даамжирах шинжтэй болоод буй эдийн засгийн бодит байдлаас хэтрээд буй улс төрийн амлалт буруу байсан гэдгийг ОУВС-гийн дэмжлэгтэйгээр нийгэмд ойлгуулах шаардлага байна. Улстөрчдийн амлалтын уршгаар Монгол Улсын урсгал төсөв үргэлж алдагдалтай байж ирсэн.  Айл өрхөөр яривал олсныгоо хоолондоо зарцуулж дуусчихаад гаднаас зээл авч байна. Хүмүүсийнхээ цалин, тэтгэврийг тавихын тулд гаднаас өндөр хүүтэй зээл аваад төлж байна шүү дээ. Би ганцхан жишээ ярья. 2016 оны дөрөвдүгээр сарын үед байхаа гадаадаас бонд босгоод 500 сая ам.долларыг гаднаас зээлээр авсан. Хүү нь жилийн бараг 11хувь. Жилдээ 55 сая ам.доллар буюу 130-140  тэрбум төгрөгийг зөвхөн зээлийн  хүүнд зарж байна.  Хэрэв энэ зээлийг нүүрсний нэмэгдэл орлогоор төлчихвэл ийм мөнгө төсвөөс жил бүр гараад байхгүй болно. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл өндөр хүүтэй зээлийг эхлээд  валютынхаа нөөцөөс төлчих . Тэгвэл валютын нөөц  2-3 жилийн дараа нэмэгдэнэ гэдгийг наад захын бизнес мэднэ.  Мөн төсөвт дарамт багасна.   Дээрээс нь ханшийн нэмэгдэл зардал гарна гэдгийг тооцох учиртай. Бид ардчилал, зах зээлийн харилцааны мөн чанарыг сайн судлан шинжлээгүйгээс болоод баахан олон хэрэггүй бүтэц байгуулчихсан.Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үүнийгээ засах хэрэгтэй. Ард түмний нуруун дээр хэтэрхий их ачаа дарамт болж байна.  Хамгийн наад зах нь,   Улаанбаатар хотод нэг л ИТХ  байхад хангалттай. Гэтэл дүүрэг бүрт ИТХ-тай. ИТХ-ын төлөөлөгчид нь төрийн албан хаагчдаа дарамтлаад сууж байдаг болсон. Яг ийм зарчим бүх 333 суманд үйлчилж байгаа.  Дүүрэг, сумын хурлаар хуваарилах төсөв, хөрөнгө мөнгө үндсэндээ байхгүй. Хориод жилийн өмнө  сумын ажлыг 10 гаруй хүн л хийдэг байсан . Гэтэл өнөөдөр түүнээс хэд дахин олон хүн тэнд ажиллаж, ард түмний нуруун дээр сууж, дарамт учруулж байна. 

Саяхан л  сумын хариуцлагатай нарийн бичгийн дарга төрсөн, тэтгэвэрт гарсан,нас барсан бүх бүртгэлээ хийгээд шилжилт хөдөлгөөнөө хариуцаад явдаг байсан.

Одоо үүнийг хэчнээн хүн хийж байна? Сумынх нь өөрийн орлогоос илүү цалин, зардалтай татвар, даатгалын байцаагчид, хөдөлмөрийн нийгмийн ажилтан, тэтгэврийн байцаагч, байгаль хамгаалагчид, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, төрийн сангийн дарга, сумын  орлогч гээд давхардсан, бие биендээ саад болсон нүсэр бүтэц хөдөө орон нутагт байна. Тэд бас тус тусдаа байшинд сууж, түлээ нүүрс, дизель түлш шатааж, дулаан цахилгааны зэрэг зардлыг нэмэгдүүлнэ.  Өнөөдөр Монгол Улсын төсвөөс санхүүждэг хүний тоо  бараг 200 мянгад хүрсэн дуулдана.  Уг нь бол  зуун  мянга хол давахгүй тооны хүнээр төр, нийгмийн ажлыг амжуулж болмоор судалгаа байдаг. Улсын үйлдвэрийн газруудад Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/  гэдэг бүтцийг болих хэрэгтэй. ТУЗ гэдэг орон тоо, бараа шахахыг хичээдэг бас нэгэн төвөгтэйхэн бүтэц бий болсон   нь үнэн. Мөн Төрийн өмчийн зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар гэсэн ажилд саадтай бүтцүүд ийг эргэн харж үзмээр санагддаг.

Зах зээлийн орнуудад Сангийн яам нь эдийн засаг, сан, төсвийн бодлогоо, яамд нь техник, технологи,  хөдөлмөрийн нөөцөө, боловсон хүчний бодлогоо  зохицуулаад явдаг. 

Манай ийм бүтэцтэй байхаар УИХ-аас 2015 онд баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулиар шийдсэн. Гэтэл 2016 оны сонгуулийн дараа дахиад л янз бүрийн бүтцүүдийг сэргээж, өдгөө бас зарим улс төрийн хүчин баталсан хуулиа үл тоосон зүйл ярьж дуулдана. Авлигатай тэмцэх газар,шүүх, прокурор, мөрдөн байцаах, цагдаагийн эдийн засгийн хэрэгтэй тэмцэх газар, мэргэжлийн хяналт, төрийн аудитын, санхүүгийн хяналтын зэрэг олон  байгууллага, дээр нь яамд, агентлаг дагасан байцаагчид, мэргэжилтнүүд хамтран ажиллахын оронд бие биеэндээ саад, чирэгдэл учруулдаг болсон гэцгээж байна. Тэд бас шан харамж харна, дарамт учруулна.

Нобелийн шагналт эдийн засагч Мильтон Фридманы хэлснээр Монголын  төрд үл үзэгдэх гар хэрээс хэтэрчээ.

Ийм олон саадтай бүтцээс болоод Засгийн газрын, зарим яамдын  ажлын ачаалал дийлдэхээ байсан. Статистик болон цахим мэдээлэлд байдаг мэдээллийг төр, захиргааны байгууллага тус тусдаа  нэхнэ, бичиг цаас шаардана,  дарамт учруулна. Энэ бүхэнд шинжилгээ хийж, ард түмний нурууг хөнгөлөх боломжийг судалмаар байна. Үүний тулд маш сайн судалгаа хийдэг, эрдмийн талын, төрийн ажлын туршлагатай баг бүрдүүлж, судлуулан шийдлийн төсөл  гаргаж хэлэлцэхийг Засгийн газраас хүсмээр байна. 2008 оны сонгуулиар  хоёр нам нэг нь нэг сая, нөгөө нь 1.5 сая төгрөг өгнө гэж амласан. Иймэрхүү буюу төстэй элдэв амлалт эдийн засгаа татаж унагаана гэдгийг олон хүн ярьдаг боллоо.

Төсөв, төлөвлөгөөг  УИХ-аар хэлэлцэх үед эсвэл сонгуулийн үед эдийн засаг сайжрах гэж байна, орлого нэмэгдэх гэж байна гээд  зардлаа нэмчихдэг.

Ийм байдлаар бидний ажил өрнөсөөр, эцсийн дүндээ урсгал төсвийн алдагдал ДНБ-ий таван хувьтай, нийт төсвийн алдагдал нь 15  хувиас хэтэрч, үүнийгээ гадна, дотны зээлээр санхүүжүүлж, өрийн хямралд орлоо. Таваарын бүтээгдэхүүний эрэлтээс үүсэлтэйгээр эдийн засаг наашилж, 2004-2007 оноос төсөв, төлбөрийн баланс нь ашигтай болж байсныг баллуурдаж, эд хөрөнгө олох, элдэв дутагдлаа хамгаалахын тулд хоосон амлалтаар ард түмнийг хуурч, удирдах албанд хүрдэг буруу жишигт газар авах төлөвтэй. Энэ бүхнээс гарахад дэлхий дахины тэргүүний туршлагыг олж, эх орондоо хэвшүүлэх хэрэгтэй.   

-Төсвөө алдагдалгүй болгох, зарлагаа танах асуудлуудаар ОУВС-гийн өмнө ямар үүрэг хүлээсэн бол...?

-Монгол улс төсвийн алдагдлаа багасгаж, улмаар гадаад өрийн дарамтаас гарах, эдийн засаг хөгжих, ажлын байр нэмэгдэх нөхцөл боломж бүрдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг ОУВС-тай тохиролцсон гэж ойлгож байгаа.  Улс  бүхнийг тэжээдэг мэт сэтгэлгээнээсээ салах, зах зээлийн харилцаанд шилжсэн орон болох үүрэг хүлээх ёстой байх. Зах зээлд юуг даатгах, төр юугаа хийж чадахаа тохирсон биз ээ .Хоёр дахь нь эдийн засгийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ баян, хоосны ялгааг багасгах  гол зорилгод ОУВС-тай хамтарсан бодлогоо чиглүүлэх ёстой. Төсвийн дэмжлэгийг ялгавартай болгож, нийгмийн эмзэг бүлгээ харж үзэж, боломжтой хүмүүсээ тэвчиж амьдрахыг шаардаж, тэдэнд  давхар мөнгө өгөхгүй гэж тохирсон юм билээ. Үлгэрлэвэл  хүүхдийн мөнгийг 80 хувь нь аваг, боломжит 20 хувьд нь хүүхдийн мөнгө өгөхгүй гэдгээ хэлэлцээртээ тохирсон юм билээ. Гурав дахь зүйл бол төсвийн шинэчлэл. Энэ талаар дээр хэлсэн. Энэ олон сонгууль хийдгээ больё. ОУВС-тай хэлэлцээр хийснээс хойш хоёр сонгууль болсон. Жишээ нь, орон нутаг, суманд  сонгууль ер нь хэрэггүй . Монгол Улс нэгдмэл нэг л улс. Хотын сонгууль, аймгийн сонгууль, улсын сонгууль гэж байгаад тэр нь нэг зэрэг болдог баймаар. Парламентын засаглалтай  Монгол улсад Ерөнхийлөгчийн давхар бүтэц хэрэг байна уу  гэдгийг нухацтай авч үзүүштэй.  Олон улсын жишгийн дагуу парламентаас  Ерөнхийлөгчийг томилдог болох тухай яриа байдаг юм билээ. Дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль болоход л энэ асуудлаа шийдсэн баймаар байна.

-ОУВС  манайд харьцангуй зөөлөн хандаад байгаа гэсэн. Уг нь хатуу зарчимтай биз дээ?

-  ОУВС-г хэт хатуу  байж гишүүн орныхоо эдийн засгийг хүндрүүлдэг гэсэн гэсэн шүүмжлэл бий.

Иймээс сүүлийн үед ОУВС баян, хоосны ялгааг багасгая, нийгмийн баримжааг сайжруулья гэсэн бодлого барих болсон.  

Гэтэл үнэндээ бол ядуу хэсгийг биш, баячуудыг харж үздэг тогтолцоо руу бид халтирч  байна шүү дээ . Жишээ нь бүх төрлийн төр, засгийн дэмжлэг, сургууль соёл, эмнэлэг зэргийн үйлчилгээг мөнгө хөрөнгөтэй эхний ээлжинд хүртэж, яг хэрэгтэй хэсэг нь ялгагдаад үлдэж байна. Үүнд харин хяналт хэрэгтэй.  Сонгуулийн тоог цөөлж,  тендэрээ багасгамаар байна .

Тендер бүрийг шан харамж, нэмэгдэл шаарддаг гэдэг.

УИХ-ын зарим гишүүдийн санаачилсны дагуу тендэрийн тоог  багасгах судалгаа хийж байгаа. Өдөр бүр, сар бүр, жил бүр тендэр гэж салбагнуулаад гадны барааг шахдаг л механизм бий болчихсон шүү дээ. 

Үндэсний үйлдвэрлэл, орон нутгийг хөгжүүлэх зорилгоор удаан хугацааны гэрээнд шилжмээр байгаа юм.

-Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж МАН мөрийн хөтөлбөртөө оруулаад эхний удаа энэ амлалтаа биелүүлээгүй. Таныхаар мэргэжлийн Засгийн газар гэдгийн гол утга учир юу вэ?

-Дэлхийн эдийн засгийн  форумаас 130-аад орны өрсөлдөх чадварыг саяхан тодорхойлж гаргасан. Монгол Улсын өрсөлдөх чадвар сүүлээсээ арван хэдэд орсон байна лээ.

Монголын оноог хойш татсан хамгийн гол зүйл бол:  

  • нэгт, төсвийн сахилга бат муу,
  • хоёрт, хуулиа хэрэгжүүлдэггүй,
  • гуравт, засаглах чадвар маш муу.

Эдгээр асуудлыг төрд байгаа хүмүүс мэдэж байгаа. Мэдлэг чадвар ч тийм муу биш. Гол нь улстөрчид  мэдлэг чадвараа үндэсний эрх ашгийн төлөө ашиглахгүй байна. 

Миний бодлоор мэргэжлийн Засгийн газар бол: 

  • нэгд, сэтгэлээсээ ажиллах,
  • хоёрт, мэргэжлийн байгууллагыг зөв ажиллуулж сурах,
  • мэргэжлийн хүмүүсээ улстөрчдийн өмнө хамгаалдаг байх асуудал юм.

 Хэчнээн тэр салбарын, мэргэжлийн байгаад эдгээр шалгуурт нийцэхгүй л бол явахгүй.Үнэхээр “мэргэжлийн” Засгийн газар байгуулах гээд байгаа бол эхний ээлжинд эдгээр асуудалд л анхаарчих ёстой байх.

-  Дундаж давхаргыг нэмэгдүүлэх хөтөлбөр хэр оновчтой явж байгаа вэ, манайд?

-Энэ бол хамгийн зөв бодлого. Зарим нааштай алхмууд ОУВС-гийн санаачилгаар хийгдэнэ лээ. Харамсалтай нь манай нөхдүүд сайн тайлбарлахгүй байх шиг санагдсан. Төсвөөс цалинждаг , ажилд саадтай зарим бүтцийг цөөлж, хэмнэсэн мөнгөөрөө,  жишээ нь багш, эмч нарынхаа цалинг нэмэхийг бодох хэрэгтэй. Хугацаа хэрэгтэй. Олон хүн их сургуулиар бэлтгэчихээд тэднийгээ шингээх гэж орон тоо нэмдэг явдал ч байна гэдэг. 100-гаад  их дээд сургуульд бараг 200-гаад мянган оюутан сурч байгаа гэнэ лээ. Манайх шиг 3 сая хүнтэй улсад ийм олон их дээд сургууль байх нь эрүүл зүйл үү.Нэг даргад 4 ажилчин байх ёстой атал нэг ажилчинд 4 дарга бий болжээ. Энэ  эрүүл ёс уу. Гэтэл мэргэжилтэй ажилчин ердөө 40-өөд мянгыг бэлтгэж байна. Ийм тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй байна. Төсвөөс бүх оюутнуудад  зээл олгоно гэсэн,бас. Төрд ийм мөнгө алга , байлаа ч дипломтой ажилгүйчүүдийг тэлэхийг дэмжих ямар хэрэг байна вэ? Уг нь бол 10-15 мянган оюутан л суралцаж байхад хангалттай мэт. Харин тэднийгээ сайн дэмжих хэрэгтэй.   

Гутлын инженер, арьс ширний инженер, ноосны инженер, эсвэл эрдэс түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгодог инженер техникийн ажилтнуудаа  бэлтгэхдээ л тэр мөнгөө өгөөч ээ.

Түүнээс бус сонгуульд ялахын тулд 200  мянган оюутанд зээл өгч төсөвтөө дарамт учруулж болохгүй шүү дээ .  Бүр эртнээс мэргэжлийн баримжаа өгдөг  Германы туршлага бий.Та  том болоод маш сайн мэргэжлийн ажилчин болбол өөрт чинь, улсад ч хэрэгтэй гэдгийг нийгэмдээ ойлгуулж, ийм чиглэлээр бодлого явуулдаг гэсэн.

Эцэст нь энэ бүхнээ базаад хэлье. Сонгууль, хууль, тендер, албан тушаалтан болон их, дээд сургуулийн тоог цөөрүүлж чанаржуулбал хувь хүмүүс, ялангуяа малчид хуримтлалтай болж, ард түмний нуруу тэнийж, эв нэгдэл бэхжиж, эрх тушаалтны ноёрхол багасна.  Ингэснээр төрд үл үзэгдэх гар нэвчжээ гэсэн Мильтон Фридманы дүгнэлтийг дэмждэг эдийн засагчийн сэтгэлийг амраах учиртай.

Ярилцсан Т.Бүдээхүү

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.