2024 оны 11 сарын 24
Зочин
Н.Алтанхуяг: Ууланд авирахыг хориглох биш хөгжүүлэх шаардлагатай
Отгонтэнгэр хайрханд болсон эмгэнэлт осолтой холбогдуулан уулын аялал, авиралтын талаар зөвлөлдөх уулзалтыг  Шадар сайд Ө.Энхтүвшиний санаачилгаар Төрийн ордонд зохион байгууллаа.

Уулзалтад Шадар сайдаас гадна БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, МХЕГ, Стандартчилал, хэмжил зүйн төв зэрэг холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, Монголын уулчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Тулга болон уулчдын 20 гаруй холбоо, клубын төлөөлөл, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаш тэргүүтэй мэргэжлийн уулчид оролцлоо.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, “Ослоос эсэн мэнд үлдсэн уулчдын бие сайжирч байна. Тэдний маань хувьд сэтгэлзүйн хувьд их хүнд байгаа. Эмнэлэгийн шаардлагатай тусламж авсан. Өнөөдрийн уулзалтад мэдээж тэд оролцох боломжгүй. Өнөөдөр бид энд ямар байгууллага ууланд авирах зөвшөөрөл өгөх юм, сонирхогчид хаана, ямар өндөртэй ууланд гарах вэ, зөвшөөрлийг хэн, яаж олгохов зэрэг асуудлаар санал солилцоно. Энэ удаагийн осол яг юу болсон талаар тухай бүрт нь бид мэдээлж байсан. Осол болсон анхны дуудлага аравдугаар сарын 22-ны өдрийн 14.33 цагт ирсэн. 17 иргэнийг цогцсыг сүүлийн байдлаар аравдугаар сарын 25-нд Улаанбаатарт тээвэрлэн авчирсан. Онцгой комисс 7 удаа мэдээлэл өгсөн. Эрэн хайх ажиллагаанд 300 шахам хүн, 30 техник, 2 нисдэг тэрэгтэйгээр ажилласан. Цаашид уулчдын холбоодод хяналт тавих, даатгалд хамруулах чиглэлд төр, хувийн хэвшлүүд хамтарч ажиллах хэрэгтэй байна. Урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг сайн явуулах нь чухал байгааг харлаа. Энэ мэт хэд хэдэн бүлэг асуудал байна. Ямар нэгэн байдлаар зөвлөлдөх уулзалтыг урьдаас бэлтгэсэн зүйлс байхгүй. Цаашид бид яах вэ гэдэг дээр уулчид, төрийн байгууллага, та бүхний саналыг сонсохыг хүсч байна. Осол болсны дараа дараа Засгийн газрын хуралдаанаар 17 уулчин амиа алдсан асуудлыг хэлэлцэж, ууланд авирахыг зохицуулсан дүрэм, журам боловсруулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарт үүрэг болгосон гэдгийг та бүхэндээ дуулгая” гэв.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ:

-Ууланд авирахыг хориглох биш хууль, журмын дагуу аялал хийхийг дэмжинэ. Гарч байгаа журмаа мөрдөх, хариуцлага тооцох асуудалд нэгдсэн ойлголттой болмоор байна. Журам, зааврыг өндөр уулын бүс, дундын бүс гэсэн хоёр ангиллаар гаргах төлөвлөгөөтэй байгаа.

БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА:

-Уулын спорт бол аялал жуулчлалын нэг том бүтээгдэхүүн. Нөгөө талаас ард түмэн энэ спортоор хичээллэж байгаа тул манай яам мэргэжлийн түвшинд ажиллаж, олон талаас нь харж асуудлыг шийднэ.

“ОРГИЛ ӨӨД” КЛУБЫН ТЭРГҮҮН H.АЛТАНХУЯГ:

-Манай клубээс нэг хүн амь эрсэдсэн. Дөнгөж сая хөдөөлүүлээд ирлээ. Уулчид маань Онцгой байдлын газартай хамтарч ажиллах шаардлагатай байна. Ууланд авирахыг хориглох биш хөгжүүлэх шаардлагатай. Уулын хормойд Онцгой байдлын аврагч байршуулах, хөтөч байрлуулах гэх мэт үйлчилгээг төлбөртэй байдлаар зохицуулж болно. Ингэхгүй бол ямар нэг эрсдэл гарлаа гэхэд Улаанбаатараас ирэх гэсээр байтал цаг алддаг. Миний саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд анхааралдаа авах байх гэж найдаж байна.

АХМАД УУЛЧИН Ж.БАЯНЦАГААН:

-Би уулын спортоор хичээллээд 50 жил болсон хүн. Өнгөрсөн хугацаанд ийм харамсалтай тохиолдол гарч байсангүй. Монгол Улсад мэргэжлийн уулчин байхгүй, мэргэшсэн боловсролтой уулчид байдаг. Манайд уулын сургууль байхгүй. Угтаа бол ОХУ-д гурван жил суралцаад, хоёр жил дадлага хийж байж уулчин гэдэг мэргэжил эзэмшдэг. Ууланд явж байгаа хүмүүсийг бүртгэлжүүлэх, захиа даалгавар өгөх асуудал дутмаг байжээ. Ууланд авиралтыг төлбөртэй болгож, татварын системд нэвтрүүлэх талаас нь хэд хэдэн удаа оролдож үзсэн. Сангийн яаманд очоод гацдаг.

“2014 онд шинэчлэгдсэн Уулын спортын үндэсний холбоонд нэг ч уулчин хүн байгаагүй. Урьд хийж байсан ажлыг үргэлжлүүлээд явах байх гэсэн хүлээлт байсан. Тухайлбал бүртгэлийн асуудал дээр хэчнээн уулчин, ямар клубээс, хэнээр ахлуулж явах талаар нэгдсэн мэдээлэл, бүртгэл байдаг байсан. Үүний цаана спортын цол зэргийг олгох асуудал байдаг. Саяын авиралтад хэн явсан нь мэдэгдээгүй бөгөөд хоёр дахь өдрөөсөө л нэрийг нь тодруулсан. Холбоонд шинээр орсон улсууд тодорхой ажлууд хийсэн ч дутуу дулимаг байжээ. Уулчдад сургалт сурталчилгаа хийх, захиа даалгавар өгөх тал дээр дутуу байж гэж үзэж байна. Цаашид Засгийн газраас өндөр ууланд авирах талаар бодлого, чиглэл гаргаж, бичиг баримт боловсруулж өгөөч гэсэн саналтай байна. Уулын спортоор хичээллэж байгаа залуусыг осол авааргүй байлгах хэрэгтэй. Өндөр ууланд авирч байгаа тохиолдолд байгальтайгаа л уралддаг. Өндөр ур, чадвар мэдлэгтэй байх ёстой. Ууланд авирч байгаад цаг хугацаа, орон зайгаа үнэлээгүйгээс болж алдаа гаргадаг. Бидний үед хагас цэргийн зохион байгуулалттай байдаг байсан. Дур дураараа явбал нэг мэдэхэд л ангалд амиа алдана. Илэн далангүй хэлэхэд манай залуу уулчид интернэтээс мэдээлэл авчихаад ахмадуудынхаа үгийг үл ойшоох асуудал байгаа шүү”

УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Б.ТУЛГА:

-Ж.Баянцагаан уулчны хэлсэн мэргэжлийн уулчин байхгүй гэдэг шүүмжлэл бол үндэслэлгүй юм. Уулын спортын цар хүрээ тэлсэн байна. Энэ олон хүнийг ганцхан байгууллага хянах боломжгүй. Тиймээс бид сургалт, сурталчилгааны тал дээр сайтар анхаарах хэрэгтэй. Манай холбоо 55 жилийн түүхтэй. Уулын спорт асар өндөр эрсдэл, хариуцлага байдаг. Үүнд хаданд авиралт, мөсөнд авиралт зэрэг спорт авиралтын төрлүүд мөн багтдаг. Спорт авиралтын төрлүүд олимпийн төрөлд багтдаг. Уулчид маань нэн тэргүүнд хамтран ажиллах, үйл ажиллагаагаа нэгтгэх шаардлага гарсан. Хүмүүсээ сургаж бэлтгэх тал дээр бид ажиллах ёстой. Тийм ч учраас манай холбооноос уулын гарын авлагыг хоёр жилийн өмнө гаргасан байгаа. Мөн дэлхийн уулын спортын гарын авлагыг орчуулж байна. Уулын холбооны асуудлыг ярихад санхүүжилтийн асуудлууд гарч ирдэг. Одоогоор сайн дурын болон татварын санхүүжилт дээр төвлөрч байна. Төр засгаас гаргаж буй тогтоол шийдвэрүүд бодит амьдрал дээр хэр зэрэг хэрэгжих вэ гэдгийг бодож байх хэрэгтэй. Зүгээр л хорьчихоор уулчид хулгайгаар, авиралтын биш улиралд явснаар өөрсдөө эрсдэлд орох нөхцөл бүрддэг. Тиймээс энэ уулзалт төрөөс бүх уулчид дагаж мөрдөх нэгдсэн баримт бичгийг гаргахад чухал ач холбогдолтой гэж бодож байна” гэв.

ОБЕГ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Т.БАДРАЛ:

-2015 оны ослын дараа бид уулчидтайгаа одоо яах ёстой юм бэ гэж ярилцаж байсан. Бид уулын холбоотой нийлээд 15 уулчин аврагч бэлтгэсэн. Олон улсын стандартыг ч судалж үзсэн. Одоо би саналаа хэлэхэд үнэхээр мэргэжлийн уулчид, холбоод байгаа бол бүгдээрээ нийлээд яаралтай ажлын хэсгээ байгуулаад дүрэм журмаа цэгцлээд явах хэрэгтэй байна. Тэр холбооныхоо асуудлыг дараа болцгоо. Хоёрдугаарт, үнэхээр уулчид маань өндрийн авиралт хийхээр явах гэж байгаа бол Онцгой байдлын албандаа мэдэгдээд яв, бид хүмүүсээ аваачаад байрлуулчихья. Бид бэлэн байгаа шүү. Гэхдээ жилийн дөрвөн улиралд тэнд байрлуулаад байх боломж байхгүй. Тиймээс Гангаамаа гавьяатын хэлсэнчлэн хэзээ хэзээ авирах боломжтой вэ гэдэг батлагдсан цагаа өгчих, маршрут, стандартаа өгчих. Тэгвэл бид аврагчидаа аваачаад байрлуулья. Мөн 2015 онд үүссэн асуудалтай холбогдуулаад Засгийн газрын тогтоолоор Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд Онцгой байдлын шинэ анги байгуулж байгаа. 36 уулчин аврагчийн бүрэлдэхүүнтэй. Одоо бидэнд та бүхний гаргасан батлагдсан маршрут, стандарт хэрэгтэй. Түүнчлэн саяын осол дээр хамтран ажилласан, хамтран ажиллах санал тавьсан уулын холбоод, уулчиддаа маш их баярласан шүү. Одоо та нар ажлын хэсгээ байгуулаад, дүрэм журам, стандартаа гаргачих. Энэ тал дээр бид хамтарч ажиллахад бэлэн байна” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.