“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдоос дараах зүйлийг тодрууллаа.
-Танай компани Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 50 хувийг төлсөн байна. Үлдсэнийг нь хэзээ төлж барагдуулах вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр Хөгжлийн банкнаас авсан 200 сая ам.долларын 50 хувийг хугацаанаас нь өмнө төлж, барагдууллаа. 100 сая ам.долларыг төлөвлөгөөт хугацаанаас өмнө төлж, барагдуулснаар “Эрдэнэс Тавантолгой” компани дотоод өрийнхөө 50 хувийг дарсан. “Чалько”-гийн өрийг өнгөрсөн гуравдугаар сард төлж барагдуулсныг та бүхэн мэдэж байгаа. Ингэснээр гадаад зах зээлд ямар ч өргүй болсон гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв уурхайн нэвтрэлт, хил гаалийн ямар нэгэн давагдашүй хүчин зүйл нөлөөлөхгүй бол ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд Хөгжлийн банкны үлдсэн 100 сая ам.долларын өрийг дарахаар төлөвлөсөн. Тэгээд цаана нь ашиг орлого үлдвэл хувьцаа эзэмшигчдийн хурлаар 1072 хувьцааны ногдол ашиг олгох эсэхийг шийднэ.
-Та иргэн бүрт олгосон 1072 хувьцааг эргэлтэд оруулж, арилжаалах боломжтой гэж ярьж байсан. Энэ талд ямар ажлыг хийж байна вэ?
-Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн асуудлыг шийдвэрлэх, бүртгэлийг дуусгах асуудалд ажлын хэсэг байгуулж, үүрэг өгсөн. Энэ ажлын хэсэг арваннэгдүгээр сард ажлаа тайлагнах ёстой. Эхний ээлжид “Эрдэнэс Тавантолгой” компанид яг хэдэн хүн, хэдэн хувьцаа эзэмшиж байгааг нэг бүрчлэн гаргана. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа нэлээд хөдөлсөн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, нэг хэсэг нь ахмад настанд, нөгөө хэсэг нь оюутны сургалтын төлбөрт зарцуулагдсан. Сонгуулийн өмнө хүртэл зарим хувийг нь бэлэн мөнгө хэлбэрээр тараасан. Тиймээс бүртгэлийн асуудлыг бүрэн цэгцэлж, үүний дараа компанийн баланс дээр албан ёсоор тавих ёстой. Дараа нь ногдол ашиг өгөх, Хөрөнгийн биржийн хоёр дахь арилжаанд оруулж байж хувьчлах уу гэдгийг Засгийн газар шийднэ.
-Компани нээлттэй болж байж хувьцаагаа хөрөнгийн зах зээлд гаргана. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” хаалттай компани биз дээ?
-Тухайн үедээ хувьцаат компани гээд 976 хувьцааг хүмүүст тараачихсан. Гэтэл үүнийгээ баланс дээрээ бүртгэх ёстой. Одоогоор манай компанид хувьцаа эзэмшигчдийн баланс бүртгэгдээгүй байгаа. Тэгэхээр нийт хэдэн хувьцаа байна гэдгээ нэн түрүүнд мэдэх ёстой. Үүний дараа Хөрөнгийн биржид бүртгүүлж, хувьцаат компани болно. Үүнийг энэ онд багтаан шийднэ байх гэж харж байна.
-Тавантолгойд олборлолт хийдэг компаниуд квотоо зөрчөөд байна гэсэн мэдээлэл байгаа. Үүнд тайлбар өгөөч?
-Тавантолгойн бүлэг компаниас гурав нь нүүрс экспортолдог. Нэг нь угааж, нөгөө хоёр нь уурхайн амнаас ачиж экспортолж байгаа. Өнөөдрийн байдлаар хил гаалиар дунджаар 500-600 машин гарч байна. Тиймээс хил дээрх дарааллыг багасгах, дээр нь машины жолооч нарыг ая тухтай байлгах, амраах зорилгоор квот тогтоосон. Үүнтэй холбоотой манай компанид 45 хувийн квот ногдсон. Гэхдээ нийт тээвэрлэлтийн 60-70 хувь нь манайхаас гардаг. Тиймээс квотоос шалтгаалж манайд нэлээд бөөгнөрөл үүссэн. Уурхайд ачаатай, ачаагүй 400-500 машин дугаарлаад зогсч байна. Ер нь хилийн нэвтрэлт муу хэвээрээ байна. Өнөөдрийн байдлаар 70-80 км урт дараалал үүсчихсэн байгаа юм.
-Одоо тогтоосон квотыг шинэчлэх талаар ярьж байгаа гэсэн?
-Квотыг дотооддоо л зориулж Уул уурхайн яам, Авто тээврийн үндэсний төвөөс тогтоосон.
-Квот тогтоосноор компанийн үйл ажиллагаа, эргэлтэд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Манай компани сардаа сая тонн нүүрс гаргаж байсан. Квотоос илүү хил дээрх нэвтрэх чадварын асуудал экспортыг эрс муутгаж байна. Хятадын талаас квот тогтоосон хэмжээнд нэвтрүүлж байгаа болохоор бид илүү гаргая гэсэн ч чадахгүй. Квотоо нэмсэн ч гаргах нүүрсний хэмжээ багасах болохоор ямар ч ялгаагүй.
М.ЭНХ
24news.mn