УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
-ЯМАР Ч ЯАМАНД ЭМДС-ГИЙН МӨНГИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХ БАЙХГҮЙ-
-Эрүүл мэндийн даатгалын санг одоогийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяанаас гаргаж, Эрүүл мэндийн яаманд шилжүүлэх санал УИХ-аар яригдаж байна. Өмнө нь нийгмийн хамгааллын салбарыг удирдаж байсан хүний хувиар та энэ асуудалд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгах ёстой. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн хэрэгжих ёстой байсан. Гэвч шинэ Засгийн газрын зүгээс энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулчихсан юм. Өнөөгийн нөхцөлд Эрүүл мэндийн даатгалын санг аль нэг яамны харьяанд байлгах нь буруу. Ялангуяа Эрүүл мэндийн яамны харьяанд очих нь бүр ч буруу юм. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч л болно. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд тус сан харъяалагдаж байгаа нь Эрүүл мэндийн яаманд очсоноос арай дээр. Яагаад гэхээр энэ яамны чиг үүрэг нь өөрөө нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлдэг. Өргөн утгаараа даатгуулагчид, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэд, өвдсөн зовсон хүмүүсийг хамгаалах чиглэлийн яам. Нийцэх хэлбэр нь өөрөө зохицож байна гэсэн үг.
-Энэ санг Эрүүл мэндийн яамны харъяанд оруулж болохгүй шалтгаан нь юу юм бэ?
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгах, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийг УИХ-аас батлах гэхчилэн маш тодорхой байдлаар харилцааг нь заагаад өгчихсөн байдаг. Эрх зүйн зохицуулалт нь бүгд хийгдчихсэн байхад хөлбөмбөг тоглож байгаа мэтээр энэ санг нэг яамнаас нөгөө рүү нь өшиглөж болохгүй. Эрүүл мэндийн даатгал өөрөө 20, 30 мянган хүний асуудал биш. Монгол Улсын гурван сая иргэний асуудал. Монгол хүн эрүүл саруул байх нь энэ сангаас хамаарна. Энэ утгаараа Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах чухал асуудал юм. Хүмүүс хэт өнгөц ойлгоод, Эрүүл мэндийн яаманд энэ санг өгчихөөр сайхан болчих юм шиг санаад байна. Үгүй. Эрүүл мэндийн үйлчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын хоорондын харилцааг зохицуулах үүднээс бүх асуудлыг нь нэг саванд хийгээд хутгаж болохгүй биз дээ. Нэг талд, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, нөгөө талд хэрэглэгч буюу даатгуулагч зогсож байгаа. Энэ хоёрын хоорондын үйлчилгээний харилцааг Эрүүл мэндийн даатгалын сан зохицуулдаг. Гэтэл зохицуулагч байгууллагыг нь эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг байгууллагад нь өгчихөөр эмчлүүлэгч ямар ч хамгаалалтгүй болчихож байгаа юм.
-Эрүүл мэндийн даатгалын санг “Их мөнгө” гэж хардаг. Яг энэ утгаар яамд хоорондоо булаацалдаад байна гэх хардлага ч бий?
-Ямар ч яамны харъяанд байсан Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг захиран зарцуулах эрх байхгүй. Энэ сангийн мөнгө чинь өөрөө төсвийнх биш. Шимтгэл буюу даатгуулагчид ирээдүйд тохиож болох эрсдэлээс хамгаалахад чиглэсэн мөнгө. Үүсч болох эрсдэлээс сэргийлж, төрд хадгалуулж байгаа даатгуулагчийн хадгаламжийн мөнгө юм. Тийм учраас төсвийн мөнгөтэй адилтгах ямар ч боломжгүй. Зарим гишүүд “Эрүүл мэндийн яаманд энэ сан очсоноор Өрхийн эмнэлгийн үйлчилгээ сайжирна” гэхчилэн буруу яриад байна. Энэ чинь туйлын буруу ойлголт. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөөр эмч ажилчдын цалинг нэмэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчилнэ гэж бодож байгаа бол үүн шиг том нүгэл байхгүй. Хэрэв зээ ингэвэл, Монгол Улсын 3 сая иргэний эрүүл мэндийн аюулгүй байдлыг шууд худалдаж байгаатай адил зүйл болно.
-Тус сан дахь мөнгө таныг сайд байх үед тогтвортой, яг бодитой байдаг байсан уу?
-Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө тогтвортой байна гэж бол байхгүй. Яагаад гэхээр, шимтгэл төлөгчдийн тоо байнгын хөдөлгөөнтэй байдаг. Дээр нь Эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо байнга хөдөлгөөнтэй байдаг. Тийм учраас тогтмол тоо гэж байдаггүй юм. Гэхдээ ерөнхий дүнгээрээ нийгмийн даатгалын таван сан дотроо хамгийн өндөр шимтгэл төлөлттэй, тогтвортой, байнгын чөлөөт үлдэгдэлтэй сангаар нэрлэгддэг.
-Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл төсөв дээр зарим сангуудыг яам хооронд зөөх, тодорхой хуулийг хэрэгжүүлэх чиг үүргийг яамдад шилжүүлэх зэрэг саналууд оруулж ирлээ. Энэ нь өөрөө суурь хуулиудтайгаа хэр нийцэж байгаа вэ?
-Суурь хуулиудтайгаа шууд зөрчилдөж байгаа. Тухайлахад, бидний яриад байгаа Эрүүл мэндийн даатгалын санг бие даасан агентлаг болгоод, Эрүүл мэндийн яам руу шилжүүлж байгаа хувилбар. Бие даасан агентлаг гэж нэрлэж байгаа мөртлөө Эрүүл мэндийн яамны харьяанд өгч буй нь өөрөө Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн гол концевциос ухарч буй хэлбэр. Бид хүрсэн түвшнээсээ хойш ухарч байна. Энэ үйлдлээрээ Эрүүл мэндийн даатгалын бие даасан байдлыг шууд үгүй хийж байгаа юм. Хуучин коммунист тогтолцоо руугаа орж буй нэг хэлбэр энэ.
-ЯГ ҮНЭНДЭЭ 300 МЯНГАН ТӨГРӨГ ЧИНЬ ЗЭЭЛИЙНХ НЬ ХҮҮНД Ч ХҮРЭХГҮЙ-
-Засгийн газрын тогтворгүй байдлаас үүдэн ирэх оны төсвийг богино хугацаанд хэлэлцэн батлах шаардлага үүссэн. УИХ-ын гишүүдэд төсвийн талаархи мэдээлэл хэр ирэв. Гишүүд төсвөө уншаагүй, судлаагүй нь анзаарагдаж байна?
-УИХ-ын нийт гишүүдэд ирэх оны улсын төсвийн талаархи нэгдсэн танилцуулга огт хийгдээгүй. Төсвийн цэнхэр ном л гишүүдэд тараагдсан. Төсвийн номон дээрээс тойрогтоо хамаарах төсөвт зардлуудаа шүүж харсан гишүүд байна. Үүнийгээ хараагүй гишүүд ч байгаа. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд бүдэг бадаг мэдээлэл дунд төөрч будилаад л, буруу зөрүү санал өгөөд явж байх жишээтэй. Уг нь УИХ-ын гишүүд төсвийн талаар бүрэн төгс мэдээлэлтэй байж, хуулиудаа батлах ёстой. Харамсалтай нь ийм байдлаар хэлэлцүүлэг өрнөхгүй байна.
-Та тойргийнхоо төсөвтэй танилцав уу? Зарим гишүүдийн тойргийн төсвийг хэт танаж, заримыг нь өсгөх замаар ялган гадуурхсан гэх яриа байгаа нь үнэний ортой юу?
-Би тойргийнхоо төсөвтэй маш сайн танилцсан. Ганц тойрог гэлтгүй, сонгогдсон дүүргийнхээ хэмжээнд төсөв дээр анхаарч байгаа. МАН-аас сонгогдсон гурван гишүүнийхээ төсвийг ч гэсэн харсан. Ерөнхий байдлаар тэднийг дэмжээд л явж байгаа. Манай тойргоос сонгогдсон гурван гишүүний улсын төсөв дээр оруулсан санал нь минийхээс 2-3 дахин их байгаа. Гэхдээ би үүнд эмзэглэхгүй. Үнэхээр төсөв дээр батлагдаад дүүрэгт хөрөнгө оруулалт орж л байвал сайн. Эндээс хэн нэгэн хожиж, нэр алдар олох нь чухал биш. Том агуулгаар нь харж байгаа учир барьцаад, хэрүүл уруул хийгээд байх шаардлага байхгүй гэж үзсэн.
-Танай бүлэг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд хандаж, төсөвт хамаарах асуудлуудаар мэдээлэл авах, зарчмын байр сууриа илэрхийлэх алхмууд хийх үү?
-Бид тэдэнд зөндөө хандсан. Байнга л ярьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл энэ оны төсөв дээр хориг тавилаа. Эрх баригч нам олонхиороо хоригийг хүлээж авахгүй гэж үзлээ. Гэхдээ хоригийг хүлээж авахгүй байгаа үндэслэлээ өөрсдөө тайлбарлаж чадахгүй байна. Энэ оны төсвөөс 617 тэрбум төгрөгийн орлого даван биелсэн. Гэтэл үүнээс 497 тэрбум төгрөгийг нь тодотголд тусгаад зарцуулахаар оруулж ирсэн. Ердөө сар гаруйн хугацаанд энэ их мөнгийг шударга зарцуулж чадах уу гэдэг чинь асуудал. Ядаж л тендер зарлах хуулийн хугацаа алга. Энэд нөгөө л ашиг сонирхлын зөрчил, мөнгө идсэн уусан түүх давтагдаад л дуусна. Ийм л процесс өрнөж байна.
-Төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийн тухайд?
-Төрийн албан хаагчдын сарын цалингийн 50 хувьд хүрэхтэй үгүйтэй мөнгө. Гэтэл зарим гишүүд “Өр зээлээ төлнө биз” гэж байгаа юм. Даапаалаад байгаа юм уу, доромжлоод байгаа юм уу. Бүү мэд. Яг үнэндээ 300 мянган төгрөг чинь зээлийнх нь хүүд ч хүрэхгүй мөнгө юм. Ийм байдлаар төрийн албан хаагчдыг нэг удаа хуурч, доромжилж болохгүй.
Ж.МЯДАГБАДАМ
24news.mn