2024 оны 11 сарын 24
Зочин
Х.Амгаланбаатар: МҮЭХ-нд хэний нөлөөлөл орох гэж үзээд байсныг нийгэм харсан байх

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.

-АЖИЛ ХАЯЛТ ДАХИН ЗАРЛАХАД БСШУ-НЫ ЯАМ ӨӨРСДӨӨ ТАШУУР ӨГСӨН-

-Таныг МҮЭХ-ны удирдлагаар дахин сонгогдсон даруйдаа дотоод дүрэм, журамдаа өөрчлөлтүүд оруулсан гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-МҮЭХ-ны 22 дугаар их хурал дүрмийн хүрээнд болж өндөрлөлөө. Тус хуралд МҮЭХ-ны орон нутгийн 22 холбоо, мэргэжил үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан 14 холбоо гээд нийт 36 байгууллага болон 2300 орчим аж ахуй нэгж байгууллагын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороодын төлөөлөл болсон их хурлын төлөөлөгчид оролцсон. Энэ их хурлаар МҮЭХ-ны өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн гол ажлуудыг дүгнэлээ. Улс орны эдийн засгийн хүнд үе болоод засаг төр дөрвөн удаа солигдсон энэ хугацаанд МҮЭХ болоод одоогийн удирдлагын баг хангалттай хэмжээнд ажилласан гэж үзэж үнэлгээгээ өгсөн. Мөн ирэх дөрвөн жил, цаашлаад 2030 он хүртэлх хөгжлийн зорилтоо гурван үе шатаар хэлэлцүүлж амжилттай батлуулсан. Дүрэмд мэдээж өөрчлөлт оруулсан. Дөрвөн жилийн хугацаанд хөдөлгөөнгүй байдаг шийдвэрүүдийг дараагийн их хурлыг хүлээлгүйгээр, ерөнхийдөө зөвлөлийн жил бүр болдог хурлаар дүрмийн өөрчлөлтийг оруулж болно гэдэг эрх зүйн өөрчлөлтийг энэ удаа хийж чадлаа. Ингэснээр МҮЭХ-ны өдөр тутмын мөрдлөг болсон дотоод дүрэмд шаардлагатай тохиолдолд 4/3-аас доошгүй гишүүдийн саналыг үндэслэн нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой гэж шийдсэн. Гэхдээ 4/3 гэдэг маш өндөр босго. Дүрэмдээ байнга өөрчлөлт хийгээд, эрх зүйн орчин нь өөрчлөгдөөд байна гэсэн үг биш юм. Зөвхөн зайлшгүй шаардлага гарсан үед ерөнхий зөвлөлийн гишүүдийн болоод гишүүн байгууллагуудын 4/3-аас доошгүй гишүүдийн саналыг харгалзана.

-Өнөөдөр (XI/13)-өөс багш нар хугацаагүй ажил хаялт зарлалаа. Гэтэл нөгөө талд ойлголцолд хүрсэн гэж үзээд, зарим багш нар ажил хаялтад оролцохгүй байна шүү дээ?

-Яг одоо нийгэмд багш нарын цалингаа нэмүүлэх тэмцэл үргэлжилж байна. Нийгмийн зүгээс харахад Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо нь тохиролцоонд хүрсэн гээд ажил хаялт зарлахгүй гэж байхад Боловсрол, соёл шинжлэх ухааны үйлдвэрчний холбоо нь зөвшилцөөнд хүрээгүй гээд ажил хаялтаа үргэлжлүүлж байгаа нь нийгэмд талцал үүсгээд байна. Тиймээс дотоод эв нэгдлийг сахих асуудлыг мөн ярьсан. Хөдөлмөрлөх эрх, цалин хөлстэй холбоотой асуудал ярихаас аргагүй. Цалин хөлс нэмэгдүүлэх асуудал дан ганц багш нарын гэлтгүй бүхий л салбарт яригдаж байгаа асуудал. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлагыг МҮЭХ дэмжиж байгаа. Энэ ажил хаялтад МҮЭХ эрх зүйн зохицуулалтыг нь бүрдүүлж өгөх талаас хамтран ажиллаж байна.

-Багш нар ажил хаясантай зэрэгцээд УИХ-аас 300 мянган төгрөгийн урамшуулал хэлбэрээр олгохоор боллоо. МҮЭХ үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-УИХ-ын түвшинд энэ нь эцсийн шийдэл болж харагдаад байгаа юм. МҮЭХ-ноос эхлүүлсэн Хөдөлмөрийн хамтын маргааныг 2017-2018 оны улсын гурван талт хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцээр эхэлсэн. Энэ хэлэлцээрийн бүрэлдэхүүнд МҮЭХ-ноос зургаан хүн орсон. Энэ хэлэлцээнд ганц гарын үсэг зураагүй нь БСШУ-ы үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг юм. Гэхдээ дан ганц 300 мянга биш шүү дээ. Он гараад 56 тэрбумыг төсөвлөхөөр болсон. Энэ эх үүсвэрийг бид төсөвт суулгуулж чадсан. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 138 тэрбум төгрөг зэргийг бид шийдвэрлүүлж чадсан. Төрийн албанаас хоёр хүн тэтгэвэрт гарлаа гэхэд нэг хүн ажилд авна гэдэг УИХ-ын тогтоолын зарим заалтыг бид өөрчлүүлж чадсан. Мөн цалин нэмэгдүүлэх асуудлыг ирэх оны дөрөвдүгээр сард эргэн ярья гэдэг асуудлыг тохиролцсон. Энэ асуудлыг ярилцахад БСШУ-ы үйлдвэрчний эвлэлийн даргын зүгээс хэлэлцээрт гарын үсэг зурахгүй гэдгээ хэлсэн. Цаашид яах вэ гэдгээ харъя гэдэг хариу хэлсэн учир өнөөдрийн ажил хаялтыг салбарынхаа түвшинд хийж байна гэж харж байгаа. Энэ үйл ажиллагаанд БСШУЯ хариуцлагатай ажилласан гэж хэлж чадахгүй.

-Яагаад тэр вэ?

-МҮЭХ-ны салбарын өгсөн мэдээллээр салбарынхаа үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж, харилцан ойлголцод хүрээгүй байж Цалин нэмэгдүүлэх түр хороо гэх ямар нэг статусгүй, ТББ биш, санаачлагын бүлгүүдтэй харилцан ойлголцолд хүрлээ гээд гаргалгаа гаргаад олон нийтэд зарлаад байгааг БСШУ-ны үйлдвэрчний байгууллага тааламжгүй хүлээж авах нь аргагүй шүү дээ. Ямар учраас яамны сайд нь өөрөө Цалин нэмэгдүүлэх түр хороотой ярьчихаад БСШУ-ны үйлдвэрчний эвлэлтэйгээ ярихгүй байгаа юм бэ гэдэг нь өөрөө өнөөдрийн ажил хаялтад ташуур болчихож байгаа юм. МҮЭХ-ны салбарын дүрмээр олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу хийж байгаа ажил хаялт учраас бидний зүгээс зогсоо, боль гэх ямар ч боломжгүй.

 

-МҮЭХ-НД ХЭНИЙ НӨЛӨӨЛӨЛ ОРОХ ГЭЖ ҮЗЭЭД БАЙСНЫГ НИЙГЭМ ХАРСАН БАЙХ-

-МҮЭХ улс төржилтөөс ангид байх ёстой гэдэг асуудал багагүй яригддаг. Энэ удаагийн их хурлын өмнө ч улс төржүүлэх процесс ажиглагдлаа?

-Энэ асуудалтай холбоотойгоор МҮЭХ-ны удирдлагууд бүрэн эрхийнхээ хугацаанд улс төрийн нам эвслээс ангид байж, намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх заалт орууллаа. Ийм заалт оруулсантай холбоотойгоор багагүй бужигнасан. Тэгэхээр улс төржилт доод шатандаа байна л гэсэн үг. МҮЭХ бол үзэл бодлын нэгдэл биш. МҮЭХ бол эрх ашгийн нэгдэл гэдэг асуудлыг 22 дугаар их хурал дээрээ тавьж, бүх шатны үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд дэмжсэн. Сонгуульт хугацаандаа намын гишүүнчлэлээсээ татгалзаж, хүний эрх ашгийг хамгаалж, улс төржилтөөсөө татгалз гэдэг шаардлага тавьсан юм. МҮЭХ өнөөдөр 400 гаруй мянган гишүүнтэй. Бүгд л өөр өөр намын гишүүнчлэлтэй. Тэгэхээр намын гишүүнчлэл нь үзэл сурталд нь, ажилд нь нөлөөлдөггүй баймаар байна. Ийм л тогтолцоог бий болгохыг зорьж, эхний алхмуудаа хийлээ. МҮЭХ доороосоо идэвхижиж, дээрээ зохион байгуулалтад орж явдаг. Энэ зарчмаа ч саяын хурлаар тунхаглаж чадсан. Малгай байгууллагаа юу хийх вэ, бидний цалинг нэмэгдүүлэхэд МҮЭХ юу хийх вэ гээд хүлээгээд суудаг тогтолцоог өөрчилнө. Гишүүд өөрсдөө МҮЭХ-ны үйл ажиллагаанд хэрхэн оролцох вэ гэдэг идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх дөрвөн жил байхаар зорьж байна.

-МҮЭХ-ны 22 дугаар их хурлын өмнө таньтай холбоотой хэд хэдэн асуудал яригдсан. Тухайлбал, таныг АТГ шалгаж, баривчиллаа гэсэн. Энэ үнэн үү?

-МҮЭХ-ноос эхлүүлсэн хөдөлмөрийн хамтын маргаан цалин хөлсийг нэмэгдүүлэх ажил хаялт зэрэг асуудлуудтай цаг хугацаа нь таарч байгаа нь эдгээр санаачлагуудын хүчийг сулруулах үүднээс зохион байгуулсан гэж харж байгаа. МҮЭХ-ны их хурал руу чиглэсэн, удирлагын түвшинд өөрсдийн зааварчилгаар ажиллуулах хүнээ оруулах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн санаархал гэж харж байна. Хэвийн ажил үүргээ гүйцэтгэж байхад АТГ-аас баривчиллаа гэдэг асуудлыг хэвлэлүүдээр сенсацилж байгааг гайхаж л байлаа. Гэхдээ энэ мэт гүтгэлгүүдийн дараа МҮЭХ-ны удирдлагын багийг дахин сонгосон нь дээрх гүтгэлгүүд бодитой байна уу, үгүй гэдэгт өгч байгаа дүн юм. Миний хувьд энэ мэт ичгүүргүй гүтгэлгийн араас ач холбогдол өгөөд хөөцөлдөөд явах цаг ч байхгүй, ёс  зүй ч байхгүй.

-Та сая яриандаа өөрсдийн зааварчилгаар ажиллуулах хүнээ оруулах гэсэн хэсэг бүлэг хүмүүс гэгэлээ. Тэд хэн юм бэ. МАХН-аас нөлөөлөл оруулах гэж үзсэн гэдэг асуудал хэвлэлээр бас яригдаад өнгөрсөн. Үүнийг хэлж байна уу?

-Хэрвээ тийм гээд хэлчихвэл би өнөөх намайг гүтгэж гүтгэлэг явуулж байгаа хүмүүсээс өөрцгүй болчихно. Нийгэм МҮЭХ-нд хэний нөлөөлөл орох гэж үзээд байсан бэ гэдгийг харсан л байх. Мэдээж гүтгэлгийн шинжтэй олон асуудал гарахад хүмүүс намайг энэ асуудалд хариу дуугарахгүй юм уу. Та энэ асуудалд тайлбар хийхгүй байгаа нь МҮЭХ-ны нэр хүндийг унагаад байгаа юм биш үү гэж хэлж л байсан. Гэхдээ цаг хугацаа тэртээ тэргүй намайг тайлбарласан тайлбарлаагүй харуулна гэдгийг хэлсэн.

 

-САНХҮҮГИЙН БАРИМТ ДЭЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЭРХ НЬ ЕРӨНХИЙ НЯГТЛАНД БАЙДАГ-

-МҮЭХ-ны нягтлан бодогч Б.Гэрэлмаа хотын төвд байрлалтай газрыг хивсэнцэрээр сольчихсон гэх зэрэг хэд хэдэн ноцтой асуудал ярьсан байдаг. Та үүнд тайлбар хийхгүй юү?  

-Энэ хүмүүс өөрсдөө санхүү, хөрөнгөө барьж байсан шүү дээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч гэдэг албан тушаалд сонгогдсон хүнд санхүүгийн нэг ч баримтад гарын үсэг зурах эрх байдаггүй. Санхүүгийн баримт дээр гарын үсэг зурах эрх нь ерөнхий нягтлан бодогч болон МҮЭХ-ны дэд ерөнхийлөгчид л байдаг. Гэтэл гарын үсэг зурах эрхгүй хүн рүү нь дайраад байгаа нь логиктой ойлголт мөн үү. Тэр яриад байгаа хивсэнцэрээр газар сольсон, мал авсан зэрэг асуудлыг Хяналтын хороо болон хөндлөнгийн аудитын байгууллага шалгаад, ор үндэслэлгүй гэдгийг нь тогтоосон шүү дээ. Тэгэхээр зохиомол гэдэг нь ойлгомжтой харагдаж байгаа юм.

-МҮЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч гурван хүний рейтингийг судалгааны байгууллага тогтооход таныг сүүл мушгиж явсан атлаа дахин сонгогдчихлоо гэсэн шүүмжлэл бас гарсан. Та юу хэлэх вэ?

-Баасан гаригт гурван нэр дэвшигч эцсийн байдлаар үлдсэн. Гэтэл бямба, ням гаригт нь рейтингийн судалгаа нэртэйгээр судалгаа хийгээд, даваа гаригт хэвлэлээр МҮЭХ-ны рейтинг унасан гэдэг мэдээллүүд гарч эхэлсэн. Амралтын хоёрхон өдөрт судалгаа хийгээд тэр дундаа бүр гурван нэр дэвшигчийг саналаар нь эрэмбэлээд амжчихна гэхээр их давчуу биш үү. МҮЭХ-ны байгууллага амарчихсан байхад хаанаас ийм мэдээлэл, прогноз гаргасныг гайхсан. Түүнчлэн энэхүү судалгаа хийсэн байгууллагыг нь Улсын бүртгэлээс тодруулахад тухайн байгууллага бүртгэлгүй байсан. Ийм улайрсан, увайгүй үйлдэл хийж байгаа нь олны өмнө ил харагдаж байгаа. Рейтинг муутай байгаа хүн гишүүдээсээ 64 хувийн санал авч гарч ирэх үү гээд бодоод үзэх хэрэгтэй. Яах вэ, МҮЭХ-ны ерөнхийлөгчийн суудалд олон хүн санаархаж байсны нэг жишээ гэж л харж байна. Гэхдээ энэ байгууллага дархлаатай гэдгийг 22 дугаар их хурлаар харуулж чадсан.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ТАМИР

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.