2024 оны 11 сарын 24
Зочин
Ө.Цэрэнчунт: Хүн аливаа зүйлд тууштай байж чадвал амжилтад заавал хүрнэ

 

Дуурийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ө.ЦЭРЭНЧУНТТАЙ ярилцлаа

-Шинэ уран бүтээл хийж байгаагаа та фэйсбүүк хуудастаа зарласан байна билээ. Ямар уран бүтээл хийж байна вэ?

-Би шинэ уран бүтээл хийхийг байнга л зорьж хичээж явдаг. Өндөр гэгээн анхдугаар Богд Занабазарын бүтээл “Жанлав цогзол”-ыг багтаасан “Гэгээдийн бүтээл” цомгийг гурван жилийн өмнө гаргасан. Судар шиг харагддаг цомог байгаа. Цомогт анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын “Жанлав цогзол”, тавдугаар ноён хутагтын “Аврал гурван чухаг” болон ардын зарим дуу багтсан. Дээр үед гар утас, радио, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл байхгүй байсан учир бурхны номоо дуунд шингээж, олонд түгээдэг байжээ. Цаг хугацаа явах тусам аливаа зүйл мартагддаг. Тэгэхээр одоо цаг үеийнхэн үүнийг мартаж боломгүй санагддаг. Мартагдах гээд байгаа зүйлийг сэргээж, үндсэн урлаг соёл чинь ийм байдаг шүү гэдгийг үеийн залуус, дүү нартаа түгээх үүрэгтэй улс шүү дээ, бид. Хэдийгээр дуу дуулж, ард олныг цэнгүүлэх үүрэгтэй харагдах боловч, хүмүүс тэр болгон хэрэглээд, мэдээд байдаггүй нууцлаг, мартагдах шахсан урлаг соёлыг тээн, хойч үедээ өвлүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх үүднээс цомгоо гаргалаа. Энэ цомогт багтсан “Жанлав цогзол” бүтээлийг дуулснаа дүрсжүүлж, хүмүүст сонсгохыг хүссэн. Сонсгосноор дан ганц миний бие олонд танигдаж, таашаагдах гээд байгаа явдал огтоос биш юм. Учир нь, Өндөр гэгээн Занабазар тус номыг бүтээхдээ “Эл ном бүтээлийг дүнчүүр удаа уншвал Монголын заяа түвшин байх юм” хэмээсэн байдаг. Дүнчүүр гэдэг нь арван зуун сая гэсэн үг. Нэг хүн амьдралынхаа туршид арван зуун сая удаа уншиж, дуулж дуусгахад хэцүү байх. Тиймээс их олон хүн миний дуулсныг сонсч, даган дуулж сурвал бидэнд хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Х Богдыг хурдан тодруулахын тулд Заллага дуу, Эргэн төрөхийн ерөөл зэрэг ном байдаг юм билээ. Тэр номыг нь оролцуулаад “Зуун лангийн жороо луус” гэж Монголын хоёр дахь төрийн дууллыг хуучны хэв маягаар дуулсан байгаа. Энэ уран бүтээлийг олонд түгээчихвэл, Х Богд эргэн төрөхөд заллага нь болох юм уу гэж боддог. Энэ бол миний хувь хүн, уран бүтээлчийн л бодол юм.

-Уртын дуучин Э.Болормаатай хамтран тоглолт хийсэн. Ер нь та яг ямар чиглэлээр уран бүтээл туурвих бодолтой байгаа вэ?

-Сонгодог бүтээл гэдэг он удаан жил ард түмэн нийтээр сонгон хэрэглэж ирсэн бүтээл. Үүнийг зөвхөн ганц Европынх мэт ойлгож болохгүй. Монгол сонгодог бүтээлтэй, урлагтай орон юм. Гэтэл өөрсдийн гэсэн сонгодог бүтээлгүй юм шиг гадаадын дуурийг даган дуурайх хэрэггүй. Монголын сонгодог урлаг дэлхийн хэмжээнд эн дүйцнэ шүү дээ. Үндэсний уртын дуу, бүжиг зэрэг урлагийн бүх төрөлд сонгодог бүтээл бий. Гадаадад сурна гэдэг нь тэднийг даган дуурайна гэсэн үг огт биш. Гадаадад сурч, олон улсын стандарт системийг ойлгож, тэр хэмжээ хэмжигдэхүүнд Монголын бүтээлийг хэрхэн аваачих вэ гэдэг нь чухал юм. Өнөөдөр би ардын дуу дуулж, уртын дуучинтай хамтран тоглолт зохион байгуулснаар сонгодог уран бүтэээл хийхгүй байна гэж ойлгож болохгүй. Би Монголын үндэсний сонгодог урлагийг дуулснаар дэлхийн хүмүүст сонсогдох боломж бага ч гэсэн нэмэгдэх ёстой. Ийм л зорилгын тулд ажиллаж, уран бүтээлээ хийж байна.

-Монгол Улсын консерваторид багшилж байгаа. Өөрийгөө багш гэж дуудуулах ямар байна вэ?

-Орост сурч ажиллаж байхдаа мэр сэр хүнд хичээл зааж үзсэн. Бидний диплом дээр дуурь, филармонийн дуулаач болон дуурийн дуулаачийн багш гэсэн гурван мэргэжил бий. Тэгэхээр энэ мэргэжлийг эзэмшихийн тулд тодорхой хэмжээний дадлага хийж, дадлыг өөртөө бий болгосон. Намайг багшилж байна гэхэд гайхаад байх зүйлгүй. Багшилна гэдэг тухайн хүний сэтгэл санаа, сэтгэхүй, бие организмын байдал зэргийг мэдрэх асар их мэдрэмж шаардсан ажил. Тэр мэдрэмжийг бий болгож, тэр хүнд байгаа материалыг олон улсын стандарт боловсролд урвуулж чадах уу, үгүй юү гэдэг хүний хувь тавиланг шийддэг чухал ажил. Тиймээс зүгээр нэг цалин авахын тулд эсвэл ажилгүй суухгүйн тулд багшилна гэж болохгүй. Багшийн мэргэжил хүнээс асар их хариуцлага шаарддаг. Багшилсны үр дүн нь гарч байна. Оюутнууд маань сайн хичээллэж, сургалт боломжийн явна. Монгол хүүхдүүд маань их авяастай ч гэм нь жаахан хэнэггүй зантай. Тийм болохоор олон улсын хэмжээнд бүгд гарч, өрсөлдөж чаддаггүй байх гэж боддог.

-Яагаад багшлахаар болсон юм бэ?

-Ер нь залуучуудад сонгодог урлагийг яагаад заах хэрэгтэй байна гэвэл дэлхий ертөнцийн хүн төрөлхтний соёлын ижилсэл гэж байна. Та бид дэлхий ертөнцийн, жишээлбэл, Япон, Герман, Франц, Солонгосын иргэдтэй оюуны хувьд ижилхэн гэдгийг батлах нэг үзүүлэлт нь сонгодог урлагийг ойлгох байдаг. Тиймээс манай залуучууд, оюутнууд сонгодог урлагийг сонирхох, судлах, хаа нэгтээ сонсох шаардлага гарч ирж байна. Нөгөө талаар соёлын ач тусаас гадна хувь хүнд үзүүлэх олон давуу тал бий. Жишээлбэл, сонгодог хөгжим сонсдог хүн ядаж сууж сурсан байдаг. Мөн бодож байж үйлдлээ хийдэг зэрэг олон талын ач холбогдолтой. Гадаадын сонгодог урлаг бидэнд хэрэгтэй. Гэвч түүнээс илүүтэйгээр Монголын үндэсний сонгодог урлагаа гадаад оронд таниулах явдал илүү чухал гэж боддог.

-Багшийн хувьд шавь нартаа ямар зүйлийг сургахыг чухалчилдаг вэ?

-Хүн байлгах юмсан. Тэр дундаа монгол хүн байгаасай гэж хүсдэг. Худлаа хэлээд тэнээд явчихдаггүй, ямарваа зүйлийн өнгөнд хууртдаггүй, зөвхөн өнөөдрөө бодож шийдвэрээ гаргадаггүй ирээдүйг хардаг бие хүн байгаасай гэж боддог. Ийм байж гэмээнэ дараа нь сонгодог урлаг, дуу хөгжим ярина шүү дээ. Түүнээс биш цамцныхаа захыг угааж чадахгүй байж сонгодог урлаг гэж солиорч гүйгээд яах вэ дээ. Хүнд юуны түрүүнд сэтгэлгээ, бие хүний соёл гэж байх ёстой. Хүнд худлаа хэлэхээсээ ичдэг байх хэрэгтэй. Ичиж сурна гэдэг их том соёл юм. Ичиж чадахгүй болохоороо худлаа хэлж, хуурч мэхэлж, энэ нийгмийг бохирдуулдаг.

-Та хэн нэгнээс ичиж байсан уу?

-Амьдрал их олон янз, баян шүү дээ. Хүн сайн ч явна, муу ч явна. Ичих зүйл хүнд олон удаа гарна. Сургуулиа төгсчихөөд гадаадад очоод дуулж чадахгүй, өөрийгөө их мундаг гэж бодчихсон явах нь ичмээр шүү дээ. Ойр дотнын улсын гаргаж буй сайхан сэтгэлийг анзаарч талархлаа илэрхийлж чадалгүй явах нь бас л ичмээр зүйлийн нэг. Залуусын хувьд ичмээр зүйл олон гардаг. Гэхдээ ичмээр байгаагаа мэдчихээд түүнийгээ засахгүй явах нь бүр буруу.

-Та Г.Хайдав багшийн шавь. Саяхан багшийн тань 90 насны ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Багшаас танд өвлүүлсэн зүйл гэвэл юуг хэлэх вэ?

-Манай багшийг сонгодог урлаг, дуурийн дуулаачийг Монголд анх оруулж ирсэн гэж яриад байна. Тэр ч мэдээж. Гэхдээ түүнээс ч өмнө багш минь монгол эр хүн байхыг юуны түрүүнд шавь нартаа ойлгуулдаг хүн. Нэг ёсондоо би багшийг ганцхан дуучин гэхээс илүүтэйгээр соён гэгээрүүлэгч гэж ойлгодог. Монголд соёлыг түгээж яваа гайхалтай эрхэм хүн. Багшийг залуу байх үед зангиа зүүдэг хүн хэд ч байсан юм. Соёлтой байх нь юунд хэрэгтэй, эмэгтэйчүүдийг хүндлэх, хүн хүнээ хайрлах ямар чухал гэдгийг багш минь шавь нартаа хамгийн түрүүнд ойлгуулдаг. Тэгж байж сонгодог урлаг, дуурь, театр гэдгийг ойлгуулдаг. Багштай ярьсан санаа, ойлголт нь одоог хүртэл өдөр бүр бодогдож байдаг. Хүмүүс буруу ойлгоод байх шиг байна. Г.Хайдав багш их ганган хүн шүү дээ. Тийм байдлаасаа болоод ч тэр үү тухайн үед шүүмжлэгдэж байсан ч байж болно. Гэтэл хүн яагаад бүдүүлэг, эр хүн яагаад заавал заваан байх ёстой юм. Хүн бол хэлбэрээрээ бусдад танигддаггүй. Бяр чадалтай, том биетэй зэрэг нь хувь хүнд чухал байж магадгүй. Гэхдээ тухайн хүн дотоод сэтгэлийн мөн чанартаа хүчтэй байх нь чухал. Үүнийг ойлгоосой гэж би их олон талаас нь яриад байна. Яагаад гэвэл ийм зүйл л манай нийгэмд дутагдаад байна. Сэтгэлийн тэнхээ гэдэг зүйл алга болчихсон байна. Тэвчээр, тууштай байдал ч өнөөгийн нийгэмд алга болж байх шиг. Өнөөдөр хэн ашигтай, өнгөтэй байна түүн рүү бүгд хошуурч гүйцгээж байна. Өөрийн гэсэн хүсэл эрмэлзэл, тууштай байдал үгүй боллоо. Энэ бүх хугацаанд би нэг л зүйлийг ойлгосон. Хүн нэг зүйлд тууштай байснаар амжилтад заавал хүрдэг. Тууштай байж өглөө эрт боссоноор тухайн хүний эрүүл мэндэд хүртэл хэрэгтэй. Учиргүй гавьяа байгуулж, алдар цол олохгүй юм гэхэд өглөө эрт босч сурна гэдэг хүний эрүүл мэндэд тустай шүү дээ.

-Уран бүтээлчийн цаашдын зорилго юу байна вэ?

-Монголын ард түмнийг зөв соёлоор сэргээх нь миний уран бүтээлийн зорилго. Хүмүүс их энгийн хардаг. Баяр ёслолд цагийг зугаатай өнгөрүүлэхэд тусалдаг хүнийг урлагийн хүн гэж боддог юм. Үгүй шүү дээ. Тухайн хүнийг хүн байлгах, соёлтой, үнэн байлгахад урлагийн хүн биеэрээ үлгэрлэгч байх ёстой. Түүнээс биш ард түмний мөнгөөр гоё автомашин, ганган хувцас өмсчихөөд тэднээс хол тасархай харагдаж явахыг урлагийн хүн гэж хэлж болохгүй.

-Тэгвэл урлагийн гэж ямар хүнийг хэлэх вэ?

- Зарим нь зүгээр л нэг дуу хийгээд телевиз, радиогоор цацаж бөмбөгдөөд дараа нь тоглолт хийдэг. Тэгээд ард түмэнд тоглолтын тасалбараа зарж, мөнгийг нь авдаг. Энэ нь олон улсад дүйцэхүйц хэмжээний соёлыг ард түмэнд түгээж тухайн хүний амьдрал, сэтгэлд нь сайн сайхнаар нөлөө үзүүлж чадах уу гэдэг нь асуудал юм. Манай урлагийнхан ямар байгааг ард түмэн л мэдэж байгаа. Урлагийн хүн гэж ийм байх ёстой гэдгийг зарим нэг хүн үлгэрлэн үзүүлэх ёстой юм. Үүнийг сонсогчийн боловсрол гэдэг юм. Сонсогчийн боловсрол сайн байж гэмээнэ тухайн хүн тасалбараа авчихаад тэр тоглолт, дуучин сайн, муу байна гэж шүүх ёстой. Тухайн хүн нэг кг алим авлаа гэж бодъё. Алим муу байвал хэн ч гэсэн зарга хийнэ биз дээ. Гэтэл яагаад муудчихсан алим шиг ам барьж дуулж буй дуучны тоглолтыг дуугүй үзээд байдаг юм. Ард түмнийг хуурч явдаг тийм уран бүтээлчийг нийгэм шахаж гаргах хэрэгтэй.

-Ярилцлагын төгсгөлд таны хэлэх үгийг асуултгүйгээр сонсч болох уу?

-Ер нь сайн, зөвийн төлөө тууштай явах, шулуун шударга байдал Монголыг хөгжүүлнэ. Монголын соёл, урлагийг ч тэтгэнэ. Түүний төлөө бүгдийг зөв сэтгэлээр харах ёстой. Түүнээс биш хэн нэгэнд нэр олохын төлөө явах нь одоогийн цаг хугацаанд чухал биш. Залуучууд ухаантай болсон. Манай залуус мөнгөөр албан тушаалд оччихоод бусдын сайн сайхны замд саад болоод байхааргүй хэмжээнд төлөвшсөн. Үнэн ялах цаг ойртоод байна. Тэгэхгүй бол одоо хэн нэг нөхөр танил тал болон мөнгөөр ямар нэг шийдвэр гаргах албан тушаал дээр оччихоод яг ид ажиллаж, хөдөлмөрлөж зүтгэх, улсаа хөгжүүлэх залуустаа саад тээг болоод байгаа нь удахгүй эцэс болно гэдэгт найдаж байна.

 

Г.Нямсүрэн

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.