2024 оны 11 сарын 24
Зочин
Балетаар хичээллэснээр буруу хөгжсөн булчин, нурууны суултыг засч чадна

Балетаар хичээллэх мөрөөдлөө биелүүлэх боломжийг Урлагийн боловсролыг дэмжих төвийнхөн хүмүүст олгохоор болжээ. Тэд хоёр жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулж хүүхэд залуус төдийгүй балетаар хичээллэх хүсэлтэй хэн бүхнийг хамруулахаар ажлаа эхлүүлэх гэж байна. Монгол Улсын гавьяат жүжигчин, бүжиг дэглээч Л.Ганчимэгийн удирдлага дор балетын анхан шатны дасгалаас эхлүүлэн хичээллэх сургалт арванхоёрдугаар сард эхэлнэ. Энэ талаар Урлагийн боловсролыг дэмжих төвийн гүйцэтгэх захирал Д.ЭНХЦЭЦЭГТЭЙ ярилцлаа.

-Сонирхогчдод сонгодог урлагийн боловсрол, мэдлэг олгох зорилго бүхий “Балет миний хобби” хөтөлбөрт хамрагдагсад дасгал хичээлээ анхан шатнаас нь үзэх үү?

-Юуны өмнө “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Урлагийн боловсролыг дэмжих төвөөс хоёр жилийн хугацаатай сонирхолтой хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон нь “Балет-миний хобби” юм. Сургалтад хүссэн хүн бүр хамрагдах боломжтой бөгөөд балетын дасгал хөдөлгөөнийг анхан шатнаас нь сурахын зэрэгцээ гоо зүйн боловсрол эзэмшүүлэх боломжтой. Бага насандаа балетаар хичээллэх хүсэлтэй байсан ч чадаагүй хүн энэ сургалтад хамрагдан мөрөөдлөө биелүүлж болно. Хүүхдэдээ сонгодог урлагийн боловсрол олгох хүсэлтэй, тэр дундаа бүжгийн урлагийг сонирхож байгаа бол энэ сургалтад хамруулаарай. Үүний дүнд хүүхэд багаасаа бие дааж суралцахаас гадна цагаа зөв зохицуулж сурдаг. Хамгийн гол нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ. Тиймээс бид сургалтад хамрагдахаар ирсэн хүмүүст “Та сонирх, дурла, тууштай бай” гэдэг. Хөтөлбөрийн зорилго нь УДБЭТ-т ирэх үзэгчдийн боловсролыг дээшлүүлэх юм. Дуурийн театрынхантай хамтран ажиллаж буйн хувьд энэ хүрээнд мэргэжлийн багш нар сургалтыг удирдан явуулна. Тэд анхан шатнаас эхлээд хичээлээ заахдаа хүмүүсийн онцлогт тохируулан ажиллана. Үүний дараа багш нар суралцагчидтайгаа хамтран ямар нэг уран бүтээлд дүр бүтээх төлөвлөгөөтэй. Манай найруулагчаар Монгол Улсын гавьяат жүжигчин, бүжиг дэглээч Л.Ганчимэг ажиллахыг дуулгахад таатай байна.

-Дөрвөөс дээш хэдэн ч настай хүн балетаар хичээллэх боломжтой гэсэн. Сургалтад хамрагдахаар бүртгүүлж буй хүмүүс насны хувьд ямаршуу байна?

-Багштайгаа хэрхэн хичээллэж чадах эсэхээс шалтгаалан дөрвөн нас гэж заагаад байгаа юм. Түүнээс биш зарим эцэг эх хоёр, гурван настай хүүхдээ ч балетаар хичээллүүлэхээр авчирч байна. Бид 2010-2014 онд 93 дугаар цэцэрлэгт бага насны хүүхдэд бүжгийн урлагийг ойлгож мэдрүүлэх, бүтээлч зан чанарыг төлөвшүүлэх зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн үр дүнг жил бүр эцэг эх, багш нартаа тайлагнан, тоглолт хийж, 130 хүүхдийн бүрэлдэхүүнтэй “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг тавьж байсан юм. Ингэж ажилласнаараа бид бага насны хүүхдэд балетыг хэдэн настайгаас нь хэрхэн заах талаар мэдлэг туршлагатай болсон. Одоо манай сургалтад хамрагдахаар 40- 50 насныхан ч бүртгүүлж байна. Мэргэжлийн хүмүүс нас насны хүүхдийн онцлогт тохируулан дасгал хийлгэнэ. Бүжгээр хичээллэж байгаа хүн тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй. Тийм байж чадвал хэдэн ч настай байсан бүжгээр хичээллэхэд асуудалгүй болно.

-Олон хүнийг хамруулахын тулд сургалтын төлбөрөө бага байхаар зохицуулсан уу?

-Тийм шүү. Урлагийн боловсролыг дэмжих төв хөтөлбөрүүдээ хамгийн хямд байхаар зохицуулдаг. Гэхдээ төлбөр бага гээд чанаргүй сургалттай юм хэмээн ойлгож болохгүй. Аль ч насныхны оролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор сарын төлбөрөө 70 мянган төгрөг байхаар зохицуулсан. Бидний хэрэгжүүлж буй хөтөлбөр ашгийн бус, сургалтын явцад ашиглах зардалд төлбөрийг зориулах юм.

-Сургалт арванхоёрдугаар сарын 1-нд эхэлнэ. Заал талбайгаа хэрхэн зохицуулсан бэ? 

-Сургалт байгууллага болон хувь хүнд хандсан хоёр төрөлтэй. Хувь хүн Урлагийн боловсролыг дэмжих төвийн нэрний доор нэгдээд сургалтдаа хамрагдана. Байгууллагаараа хичээллэж байгаа хүмүүс өөрсдийн танхимдаа хичээлээ заалгана гэж ойлгох хэрэгтэй. Байгууллагын заал заавал балетаар хичээллэхэд шаардлага хангасан байх албагүй. Бид толь болон шалыг нь бэлтгэн багш нар маань хичээлээ заах юм.

-Хоёр жилийн хугацаанд суралцсан хамгийн шилдэг баг, суралцагчид өндөр шагналтай гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Сургалтад хамгийн сайн оролцсон багийнхан 10 сая төгрөгийн эзэн болно. Түүнээс гадна шилдэг бүжигчдийг тодруулна. Тиймээс хэрвээ манай сургалтад хамрагдахыг хүсвэл “Урлагийн боловсрол” фэйсбүүк хуудсанд хандаж бүртгүүлээд хичээллэх боломжтой. Мөн Урлагийн боловсролыг дэмжих төвийнхөнтэй холбогдон бүртгүүлж, мэдээлэл аваарай.

-Бүжгээр хичээллэснээр хүний өөртөө итгэх итгэл нэмэгддэг гэсэн. Энэ мэтчилэн бүжгийн боловсрол эзэмшсэнээр ямар үр өгөөжтэй байх вэ?

-Манай төвийнхөн хүмүүсээс санал аваад балетаар хичээллэх 10 шалтгааныг гаргасан. Үүний заримаас дурдвал, биеийн аль нэг хэсэг нь бөгтөр бөгөөд нуруу суулттай, хэвлийгээрээ бүдүүрээд байгаа бол балетаар хичээллэснээр эдгээрийг зөв голдиролд нь оруулж чадна. Хөлийн буруу хөгжсөн булчинг мөн засах боломжтой. Өвдгөө нугалж алхаад сурсан хүмүүс балетаар хичээллэснээр засч болно. Үүнээс гадна шинжлэх ухаанаар батлагдаагүй ч хүүхэдтэй болж чадахгүй байсан бүсгүйчүүд балетаар хичээллээд бие давхар болсон тохиолдол олон бий. Мөн жин ихтэй эсвэл бүжгийн эвсэлгүй байх нь хамаагүй балетаар хичээллэсэн хүмүүс дээр дурдсан зүйлсийг засч хэрэгжүүлж чадна.

 

Та болон таны хүүхдийн балетаар хичээллэх 10 шалтгааныг нэрлэе

-Алхаа гишгээ чинь буруу, хайш яайш мэт санагдаж өөрт тань таалагдахгүй

-Хөлийн булчин гадагшаа эргэж хөгжсөн

-Өсгийтэй гутал өмсөхөөр хөл өвдөж, өвдгөө нугалж алхдаг

-Нуруу аль нэг газраараа бөгтгөр харагддаг

-Буруу хэвшлээс мөр, дал тань муруй санагддаг

-Хэвлийн хэсгээрээ бүдүүрч байгаа

-Бүжиглэхийг хүссэн ч бие чинь хөшчихөөд байдаг

-Өөртөө итгэх итгэлээ урам зоригтойгоор нэмэгдүүлэхийг хүсдэг

-Насан туршдаа залуу сайхан байхыг хүсдэг

-Хөдөлгөөний дутагдлаас гарч эрүүл саруул, идэвхтэй амьдрахыг хүсдэг бол балетаар хичээллээрэй.

 

Б.Сэлэнгэ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.