Т.Атарсайхан: Эрдэм шинжилгээний ажилтнууд аж ахуйтай зууралдсаар үнэт цагаа алдаж байна
“Хөх далан хальс дэлхийн зах зээлд үнэт тарималд тооцогддог” хэмээн ярьж буй энэ залууг Т.Атарсайхан гэдэг. Тэрбээр Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Таримал ургамлын секторын эрхлэгчээр ажилладаг бөгөөд хамт олонтойгоо хамтран хөх далан хальсны сортын цэцэрлэг байгуулах, суулгац үржүүлэх нүсэр ажлыг эхлүүлж яваа эрдэмтэн юм.
-Бидний ярилцлага Шинжлэх ухаан технологийн сангийн “Эрдэмтэн” номын санд өрнөж байна. Энэ номын санд орон нутгаас зорьж ирж судалгааны ажил хийж байгаа явдал тань олзуурхууштай санагдлаа. Тэгээд ч залуу эрдэмтний амжилттай яваа нууц нь зогсолтгүй суралцах гэж дүгнэж болох уу?
Өвлийн улиралд л судлаач бидэнд номын санд сууж, судалгааны бүтээлээ үргэлжлүүлэх боломж олддог юм. Энэ боломжоо ашиглан орон нутгаас зорьж ирэн сууж байгаа маань энэ. Дашрамд хэлэхэд, Шинжлэх ухаан технологийн сангийн номын санд эрдэмтэн, судлаачдад зориулсан олон сайн бүтээл бий. Нөгөөтэйгүүр шинжлэх ухааны салбар нэгжийг авч явахад санхүү, судалгааны ажил, төсөл хөтөлбөрын талаарх мэдээллээр судлаачид өөрсдийгөө байнга цэнэглэх учиртай. Энэ үүргийнхээ хүрээнд нэлээд олон төсөл, хөтөлбөрийн санал боловсруулж ХХААХҮЯ, БСШУСЯ болон гаднын байгууллагад хандсан. Эдгээрийн нэг болох докторын судалгааны ажлаа бодит амьдралд буюу захзээлийн эргэлтэд оруулах бүр цаашлаад судалгааны үр дүнгээ баталгаажуулах, цаасан дээр орхихгүйн тулд хичээнгүйлэн зүтгэж байна. Иймээс 2016 онд инновацийн төслийн санал боловсруулж БСШУСЯ-д хандсан маань дэмжигдэж, өнөөдөр “Хөх далан хальсны сортын эх цэцэрлэг байгуулах, суулгац үржүүлэх” сэдэвт инновацийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 10 мянган суулгац үржүүлж иргэн, аж ахуйн нэгжид нийлүүлэх, нэг га талбайд сортын цэцэрлэг байгуулах зорилготойгоор ажиллаж байгаа юм. Төслийг хэрэгжүүлэх явцад ШУТИС-тай хамтран уг ургамлын биохими, хүнсний технологийн судалгааг хийж, жимсээр нь чанамал, жүүс бэлтгэх, хөлдөөж хэрэглэх, бүтээгдэхүүн болгох талаар анхааран ажиллаж байна. Судалгааны үр дүнд дараагийн төслийн санаа бодолд хөвөрч, хийж бүтээх ажил сэтгэлд ундарч байгаад бүр ч их баяртай явна.
-Хөх далан хальсны сортыг Монголд тариалах, нутагшуулах болсны учир юу вэ. Яагаад энэ ургамлыг онцлох болов?
-Энэ ургамлыг Монголд нутагшуулах ажилд Шинжлэх ухаан технологийн сангийнхан оролцож, 1000 суулгац модыг өнгөрсөн намар манай эрдэмтэн, судлаачидтай хамтран суулгасанд мэргэжилтэн хүний хувьд сэтгэл хангалуун байна. Хөх далан хальс нь хүйтэнд тэсвэртэй ургадаг жимсний төрөл юм. Магистрын судалгааны ажилдаа түшиглэн Канад, Япон, Сибирьт өргөн тарьдаг энэхүү сортыг Дархан-Уул аймгийн хөрсөнд нутагшуулж Монгол оронд хучихгүй өвөлжүүлж, жимсний ургамал гаргаж авах зорилгодоо хүрлээ. Энгийнээр ойлгоход, хөх далан хальсны сорт нь монголчуудын сайн мэдэх байгальд зэрлэгээр ургадаг чонын элгийн тарималжуулсан жимс юм. Манай хамт олон 2007 оноос хөх далан хальсны жимс тарьж, уг ургамлын генетик нөөцийн талаарх судалгааг хийж байна. Одоогоор berry blue, cinderella, золушка, герда, голубое, беретено зэрэг сортыг аж ахуйн болон биологийн шинжээр харьцуулсан судалгааг гурав, сорт судалгааг найман жил дараалан хийж нийт 11 дэх жилдээ энэхүү ургамлыг судалж байна. Энэ хугацаанд хөх далан хальс жимсгэний сортыг Монгол орны эрс тэс уур амьсгалд дасан зохицож ургах, өндөр ургац өгөх, үржих боломжтойг тогтоолоо.
Ялангуяа blue berry сорт нь манай орны нөхцөлд дасан зохицож, ургах шинжээрээ шалгарч 2016 онд ХХААХҮЯ-ны Улсын сорт сорилтын комиссын хурлаар ирээдүйтэй сортоор баталгаажуулсан юм. Тиймээс судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор БСШУСЯ-ны захиалгын дагуу “Хөх далан хальсны сортын эх цэцэрлэг байгуулах, суулгац үржүүлэх" сэдэвт инновацийн төслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн нь судлаач бидний хувьд ажил амжилттай байгаагийн илрэл юм. Гэхдээ залуу эрдэмтний хувьд цаашдаа судалж, суралцах зүйл их байна.
-Хөх далан хальсны жимсийг элэгний вирус эмчлэхэд ашигладаг гэж сонссон. Тэгэхээр энэ жимсийг эмчилгээний өгөөж өндөртэй ургамалд тооцдог гэсэн үг үү?
-2007 онд Канадаас хөх далан хальсны хоёр, ОХУ-аас гурван сортыг эх орондоо авчирч, тарьж судалсан. Жимс нь бүр эрт зургаадугаар сарын эхний арван хоногт боловсорчихдог юм билээ. Найрлагадаа С, А, Е, В-гийнтөрлийн аминдэм, кали, кальци, магни, төмөр зэрэг эрдэс, полифенол, антоциан, флавнойд зэрэг исэлдэлтийн эсрэг бодис харьцангуй их хэмжээгээр агуулдаг. Тиймээс төрөл бүрийн бактери, вирус устгах үйлчилгээтэй, байгалийн гаралтай антибиотик ихтэй бүтээгдэхүүнд тооцогддог юм. Энэ ч үүднээс элэг, бөөр, ходоод, халдварт өвчин, зүрх судас, мэдрэл болон харшил, үе мөчний олон төрлийн өвчинг анагаах чадвартайгаас гадна эмчилгээ сувиллын өндөр ач холбогдолтой. Бут нь цэцэглэлтийн үедээ -7, өвөлдөө -47 хэмийн хүйтнийг тэсвэрлэнэ. Энэ бүхнээс үзэхэд хөх далан хальс нь дэлхийн зах зээлд үнэт тарималд яагаад тооцогддог болсон нь судалгаа хийх явцад бүр ч их мэдрэгдэж байна. Тиймээс цаашдын ажлын зорилгодоо энэ ургамлыг Монгол орныхоо өнцөг булан бүрт тарьж, өндөр үр шимийг нь ашиглахыг хүсч байна.
Энэ зорилгынхоо төлөө хичээнгүйлэн зүтгэнэ. Ер нь намайг газар тариаланд хайртай болгож, энэ салбарын хөгжлийн төлөө зүтгэх үүрэг, хариуцлагыг аав, ээж хоёр маань суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл газар тариалангийн салбарын хөгжлийн талаар зааж, залуурдан яваа аавыг маань Ц.Түмэндэлгэр, ээжийг М.Сарантуяа гэдэг. Хоёулаа л Дархан-Уул аймгийн Газар тариалангийн салбарт анх илгээлтийн эздээр очиж, улсын аварга тариаланчид болтлоо өсч дэвжсэн байдаг. Одоо ч мөн энэ салбартаа хүчин зүтгэж байна. Хүүхэд байхаасаа л аав, ээж хоёрынхоо ажилд тусалж трактор, комбайны бүхээгт өссөн гэгээн мөчөө би хэзээ ч мартахгүй. Миний ирээдүйн зорилго бол энэ хоёр сайхан буурлынхаа өвлүүлж өгсөн газар тариалангийн ажлыг нэр төртэй үргэлжлүүлж, Монгол орныхоо таримал ургамлын генетик нөөцийг хамгаалах, баяжуулах, бүртгэл мэдээллийн санг сайжруулах ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэнэ. Тэгээд ч энэ зорилгодоо хүрэх гэж Таримал ургамлын генетик нөөцийн секторыг удирдан Хятад, Энэтхэг, Солонгос зэрэг оронд суралцаж мэргэжил дээшлүүлж, ихийг сурах гэж хичээж яваа юм шүү дээ.
-Та “Хөх далан хальс дэлхийн зах зээлд үнэт тарималд тооцогддог” гэж онцоллоо. Монгол оронд энэ ургамлын генетик нөөцийн хадгалалт, хамгаалалт өнөөдөр ямар төвшинд байна вэ?
-Хөх далан хальс нь зөвхөн Монгол орны хувьд биш дэлхий нийтэд маш чухалд тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлт ихээр явагдаж, хөрсний доройтол үүсч, ургамлын төрөл зүйлүүд устаж үгүй болж байгаа энэ үед хөгжингүй орнууд энэ салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, ургамлын генетик нөөцийг авч үлдэх, устахаас сэргийлэх, ирээдүй хойчдоо үлдээхийг зорьж эрчимтэй ажиллаж байна. Үүний адил бид Монгол орны байгалийн болон таримал ургамлын олон янз байдлыг судалж, эдгээрт үнэлгээ хийж, ургамлын удмын санг бүрдүүлсээр өнөөдрийг хүрлээ. Таримал ургамлын генетик нөөцийг цуглуулах, баяжуулах, амьдаар хадгалах, хамгаалах судлах талаар манай хүрээлэнгийнхэнд олон жилийн туршлага, үр дүн бий. Энэ бүхэнд дөрөөлөн хэлэхэд, одоогоор үрийн генбанкад 70 гаруй төрлийн 20500 сорт дээжийн үрийг амьдаар, талбайн генбанкад ургаагаар 70 төрлийн 135 гаруй, эмийн болон ашигт ургамлын 245 сорт дугаарын 1300 гаруй ургамлын дээжийг хадгалж, ашиглаж байна.
-Шинэ сорт нутагшуулж, эх цэцэрлэг байгуулна гэдэг амаргүй ажил. Энэ бүх ажилд дэм болох үүднээс багш нар тань юу гэж зөвлөдөг бол?
-БНХАУ-ын Өвөрмонголын Тариалангийн их сургуулийн ойн коллежид 2009 онд докторантурт элсэн суралцаж Хятадын Жань Чиү Лиань хэмээх зарчимч, шударга, манайхны хэлдгээр “чанга" багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн. Улмаар ургамал нутагшуулах, ойжуулах чиглэлээр суралцаж судалгааны ажлаа гүйцэтгэж 2013 онд докторын зэргээ “Хөх далан хальсны сортуудыг Монгол оронд нутагшуулах боломж болон үржүүлгийн 'аргыг судалсан дүн” сэдвээр хамгаалсан. Монгол талын багш гэвэл Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Н.Баярсүх юм. Би их азтай хүн. Дандаа туршлагатай, сайн багш нарын гараар дамжиж өдий зэрэгт хүрсэн байдаг. 2005 онд анх сургуулиа төгсч ажлын гараагаа эхлэхэд манай хүрээлэнгийн ахмад судлаач Д.Наянтай, доктор Ж.Намжилсүрэн, Ц.Алимандаръяа нарын сайхан хүн намайг “өлгийдөж" авсан. Энэ сайхан хүмүүсийн ачаар би 29 насандаа докторын зэрэг хамгаалж байлаа. Энэ эрхэм цолны нэр хүндийг хамгаалах, өндөрт өргөх гэж хичээж явна.
-Хятад улсад суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсны хувьд нэг асуултыг зориуд асууя. Энэ орны шинжлэх ухааны салбарын хөгжил болон эрдэмтэн, судлаачдаа анхаарах үнэлэмж нь хэр байдаг вэ?
-Хятад улсын чанартай боловсролын тогтолцоо, шинжлэх ухаанд оруулж буй хөрөнгө оруулалт гээд ололттой олон сайхан зүйлийн талаар тус оронд суралцаж байхдаа мэдэж авсандаа олзуурхдаг. Аливаа зүйлийг яг цагт нь хийж гүйцэтгэх, цаг баримтлах зэрэг олон сайхан чанарыг би Хятад улсад суралцаж байхдаа өөрийн болгож авсан. Ер нь тухайн хүн хичээж л чадвал түүнийг үнэлэх үнэлэмж нь их өндөр байдаг юм билээ. Ялангуяа тус улс шинжлэх ухааны салбараа хөгжүүлэхэд маш их дэмждэг. Тэр тусмаа эрдэмтдийн судалгааны ажлын үр дүн нь үйлдвэрлэлд нэвтрэхдээ маш хурдацтай нь анзаарагдсан. Гэтэл Монголд эрдэм шинжилгээний ажилтан аж ахуйн ажилтай зууралдаж, хамаг үнэт цагаа алдаж байна. Түүний зэрэгцээ судалгааны ажпын үр дүн нь үйлдвэрлэлд нэвтрэхдээ санхүүгийн асуудал, зах зээлээсээ шалтгаалж удаашрахын зэрэгцээ ихэнх судалгааны сайн материал нь цаас болон номын санд хэвтэж “өтөлдөг’’-ийг эрс өөрчлөх цаг болсныг хэлэх нь зүйтэй болов уу.
Б.Даариймаа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
24news.mn