2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
БНХАУ-ын Ерөнхий Прокурор монголын хар тамхины бүлэглэлийнхнийг хүчрэхгүй байна гэдгээ илэрхийлж байжээ

ХАР ТАМХИ-ийг хүчирч дийлэхээ больж буй тухай бүр зургаа долоон жилийн өмнө л ярьж байсан даа. Тэр үед Ерөнхий Прокурор байсан Д.Дорлигжав төвийн хэвлэл мэдээллийн удирдлагуудтай уулзаж ярилцахдаа маш тодорхой хэлсэн юм. 

-Монгол Улсын Ерөнхий прокурорыг БНХАУ-ын Ерөнхий прокурор Бээжинд хүлээн авч уулзахдаа нэг зүйлийг онцгойлон ярилцжээ. Энэ нь ХАР ТАМХИ. Хятадын прокурорын хэлснээр "Бид дотоодынхоо хар тамхитай хатуу ширүүн тэмцэж байгаа, гэхдээ барьж тогтооход тийм амар биш байна. Гэтэл сүүлийн жилүүдэд Монголын хар тамхины наймаачид хүч түрэн орж ирлээ. Тэд манай хар тамхины сүлжээнийхэнтэй нягт холбогдож, манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан зөөвөрлөх боллоо. Бид өөрсдийнхнөө дийлж ядаж байж танай хар тамхичидтай тэмцэхэд амар биш байна. Тиймээс хоёр тал хамтран энэ ХАР ТАМХИ-ны бүлэглэлийнхний эсрэг ажиллах шаардлагатай байна" гэжээ. Хятадын тал манай талд ийм хүсэлт тавьсан байгаа юм. Манайхныг хүчирхээ байх талруу ороод Монголын талтай хамтрах тухай...

Монголын Хар тамхины бүлэглэлийн талаар манай прокурорын өгсөн мэдээлэл нь...

-Монголын хар тамхичидын хэд хэдэн бүлэглэл бий болсон, тэдгээр нь улс төр, хууль, бизнесийнхэнтэй төдийгүй зарим эргүүгийн гэмт хэргийн бүлэглэлийнхэнтэй нягт холбоотой байж магадгүй. 

-Монголын хар тамхичдын хэрэглээ нэн өндөр болсон. Одоо тэр нэг өвс, мариуханыг тоохоо больсон. Химийн аргаар гаргаж авсан нэн өндөр үнэтэй Цагаан нунтаг хэрэглэж байгаа. Тэр цагаан нунтагийг нэг л татсан бол эргэлт буцалтгүй ордог. Бүр хутга буу өгөөд, чи одоо ээжийгээ алаад, дараа нь энийг аваарай гээд ганц тун цагаан нунтаг үзүүлэхэд ямар ч эргэлзэх юмгүйгээр, халирахгүйгээр ээжийгээ алах хэмжээнд хүнийг татдаг тийм аюултай хэрэглээ юм. Түүний хажууд мариухан, өвс бол хүүхдийн тоглоом. Түүнээс гарч болдог. 

-Манай хар тамхитай тэмцэх туршлага сүлжээ бага, хүчин ч сул байна.

-Даамжирвал улс орныг ч сүйрүүлж мэдэх энэ аюултай үзэгдэлтэй тэмцэхэд манай хууль хүчнийхний хүчин чадал мөхөсдөх талдаа байгаа.

-Одоо хар тамхины хэрэглээ улам эрчимтэй нэмэгдэх талруугаа болсон. Тиймээс нэгэнт хэрэглээд эхэлсэн хэрэглэгчидтэй тэмцэхийн хажуугаар урьдчилан сэргийлэх, ухуулан сэрэмжлүүлэх ойлгуулах арга хэмжээг сайтар зохион байгуулах хэрэгтэй байна. Тиймээс манай хэвлэл мэдээллийнхэн энэ талаар хамтран ажиллахыг хүсэж байна. Өөр өөрсдийн хариуцаж, эзэмшиж буй хэвлэл мэдээллийнхээ орон зайг ашиглаад Хар тамхины хор холбогдол, хувь хүн, нийгэмд үзүүлдэг сөрөг нөлөөллүүдийн тухай тодорхой давтамжтай, төлөвлөгөө зорилттой нэвтрүүлэг, нийтлэлүүдийг гаргаж, нийтлэлийнхээ бодлогод тусгаж, бидний ажилд тус дэм болооч ээ.

Тэр үеийн Монгол Улсын Ерөнхий Прокуророос хэвлэл мэдээллийн удирдлагуудад гаргасан санал хүсэлт ийм агуулгатай байсан. Тухайн үед зарим ТВ, сонинуудад Хар тамхины хор хөнөөлийн талаар цуврал нийтлэл, нэвтрүүлгүүд гарч байсан санагдана.

Түүнээс хойш нэлээд хэдэн жил өнгөрчээ. Өнөөдөр ямар болж буйг мэдэх юм алга. Өчигдөрхөн 220 сая төгрөгний хар тамхи тээвэрлэж явсан залуусыг баривчилсан тухай мэдээлэл гарсан. Энэ магад, мөсөн уулын орой ч байж мэдэх. Өвснөөс эхлээд, мөс, нунтаг цагаан... Хар тамхины хэрэглээ хүүхэд залуусын дунд эрчимтэй тархаж буй гэдэг. Зөвхөн хөрөнгө чинээтэй айлын хүүхэд залуус төдийгүй ердийн иргэд рүү ч нэвтэрчээ. Маш олон бүлэглэл, диллер, зуучлагчид, эцсийн хэрэглэгчид гээд нарийн зохион байгуулалттай сүлжээнүүд ажиллаж буй тухай мэдээллүүд бий. 

Яах аргагүй нийгмийн өмнө тулгарсан нэгэн аюулын харанга. Ямар ч байсан Цэрэн Tseren Enebish дахиад л эрсдэл гарган шүгэл үлээж, алдсан оносон ч, адлуулж хараалгасан ч гэсэн энэ аюулыг олон нийтийн анхааралд авчирч чадав.

Нийтлэлч Б.Наминчимэд

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.