2024 оны 04 сарын 27
Мэдээ, мэдээлэл
Нэг хэсгийн бус нийтийн асуудал - УТАА

Улаанбаатар хотод нэрлээд байвал асуудал мундахгүй. Гэвч тэдгээр дундаа иргэдийн эрүүл мэнд, санхүү мөнгөтэй шууд холбогддог нь утаа. Тийм ч учраас агаарын бохирдол асуудал дагуулах болсон цагаас эхлэн төр засаг тодорхой арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч ирсэн байдаг.

Анх Н.Алтанхуягийн Засгийн газрын үед нийслэлд түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглож, “Тавантолгой түлш” компанийг байгуулан сайжруулсан шахмал түлшийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэхдээ ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байв. “Энержи ресурс” компанийн хаягдал гэж хэлж болохуйц мидлингээр шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлэхдээ утааг 30-40 хувь бууруулах тооцоолол гаргаж байсан бөгөөд шахмал түлш энэ үүргээ гүйцэтгэсэн гэдгийг өдгөө мэргэжилтнүүд хэлээд байгаа.
 


Учир нь нэгэнт бууруулж чадах дээд хэмжээндээ хүрчихсэн учраас цаашид хэчнээн түлээд ч утааны хувь хэмжээ буурахгүй. Тийм ч учраас Засгийн газар, Эрчим хүчний яам, Тавантолгой түлшийнхэн энэ оны хоёрдугаар сараас эхлэн дараагийн түлшний буюу хагас коксоор хийсэн шахмал түлшний туршилтын галлагаануудыг шат дараатайгаар хийж ирсэн байдаг. Тэгээд туршилтын үр дүн сайн гарсан учраас энэ жилээс эхлэн Улаанбаатар хотыг хагас коксоор хийсэн түлшээр хангахаар болсон ч Б.Чойжилсүрэн сайдын хэлснийг цахим орчинд мушгин гуйвуулсаар 177.5 тэрбумаар нийтэд нь хийх байсан ажлыг Засгийн газраас Нисэх, Яармаг, Налайх, Дархан-Уул гэсэн хэдхэн цэгт 32 тэрбум төгрөгөөр хийх шийдвэр гаргасан. Энэ бол нэг талдаа нийтийн эрх ашгийн төлөө хийх байсан ажлыг цахим орчны санаатай, санаандгүй шүүмжээс болж хойшлуулсан гэсэн үг. Гэхдээ яахав, ямартаа ч хэсэгхэн ч болов газарт уг түлшийг түлж, тодорхой үр дүн гаргахаар болсон нь сайн хэрэг. Ер нь утааны эсрэг арга хэмжээг мэдсээр байж эсэргүүцэж, түүгээр улс төр хийдэг хэсэг бүлэг этгээдүүд бий. Харин мэдлэг, мэдээлэлгүйгээсээ болж эсэргүүцэж байгаа нь түүнээс их байгаа юм. Тиймээс иргэд, олон нийтийг мэдлэгжүүлэх, мэдээллээр хангахын тулд өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний яамнаас БНХАУ-ын хагас коксон шахмал түлшний үйлдвэрүүдтэй танилцах ажлыг зохион байгууллаа.
 


УТААНААС САЛАХ ХЯЛБАР АРГА-ХАГАС КОКС

Бидний хэдэн сэтгүүлчдийн хамгийн эхэнд очсон үйлдвэр бол “Хун Шайн Шүн Мэй” юм. шахмал түлшний технологийн тус компанийн хүчин чадал жилдээ 600 мянган тонн. Нэг ёсондоо яг л манайхны хүсээд буй/Улаанбаатар хотын жилийн хэрэглээ/ хэмжээний хүчин чадалтай гэсэн үг. Үндсэн хэрэглэгчид нь айл өрхүүд бөгөөд жилийн 10 дугаар сараас үйлдвэрлэлээ эхлээд сард 50 мянган тонныг үйлдвэрлэдэг байна. Ингэхдээ нэг тонныг нь 2200 орчим юань буюу нэг сая орчим төгрөгөөр борлуулдаг. Мэдээж түүхий эд нь хагас кокс. Энд нэг зүйлийг дахин улиглан хэлэхэд коксжих нүүрс, хагас кокс хоёр бол тэс ондоо зүйлс. Коксжих нүүрс нь байгальд байгаа түүхий эд бол хүрэн нүүрсийг 700 градусын хэмд халаахад хагас кокс гэсэн бүтээгдэхүүн гарна. Үүнтэй зэрэгцээд хий, давирхай гэсэн хоёр бүтээгдэхүүн гардаг аж. Хятад дахь үйлдвэрүүдийн голлох бүтээгдэхүүн нь сүүлийн хоёр нь. Учир нь хийгээр цахилгаан үйлдвэр байгуулж, үйлдвэрийн эрчим хүчээ хангадаг бол давирхайг химийн үйлдвэртээ нийлүүлдэг. Учир нь давирхай нь органик химийн үйлдвэрийн гол түүхий эд болдог бөгөөд давирхайг боловсруулан шатахуун, эм, бордоо, тэсрэх ба угаалгын бодис, будаг зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн болоод химийн бодисыг гарган авах боломжтой байдаг гэнэ.
 


 

Бидний очсон дараагийн үйлдвэр буюу Шанши нүүрс химийн үйлдвэрийн Шэнмү эрчим хүчний технологийн компани нь яг дээрх гурван төрлийн бүтээгдэхүүнийг бүгдийг нь ашигладаг аж. Жилд 800 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хагас кокс үйлдвэрлэхэд гарсан хийг цахилгаан станц руу явуулж эрчим хүч үйлдвэрлэдэг. Мэдээж давирхайгаар нь дээр дурьдсан бүтээгдэхүүнүүдийг гарган авна. Үндсэндээ манайд гол түүхий эд болох учиртай хагас кокс нь дайвар бүтээгдэхүүн болж, бидний ашиглаж чадахааргүй байгаа давирхай нь голлох бүтээгдэхүүн болдог байна. Тус үйлдвэрийн нийт өртөг нь 2006 оны ханшаар 250 орчим сая юань болж байж. Одоогийн ханшид шилжүүлбэл монгол мөнгөөр 500 орчим тэрбум төгрөг болно гэсэн үг. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Багануурын нүүрсний уурхайг түшиглэн 16-18 сарын дотор барихаар болсон Хагас кокс боловсруулах үйлдвэрийн нийт өртөг өдий дайны болно. Хэрэв бид энэхүү үйлдвэрээ барьж чадвал нийслэлийг хагас коксон түлшээр бүрэн хангаад зогсохгүй хийгээр гаргаж авсан 30-35 Мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцаараа үйлдвэрээ бүрэн хангана. Харин бидний хамгийн том асуудал бол давирхайгаа хэрхэх вэ гэдэг. Уг нь бол ийм төрлийн хамгийн үнэтэй бүтээгдэхүүн нь давирхай байгаад байдаг. Харамсалтай нь бидэнд түүнийгээ боловсруулах үйлдвэр, хүний нөөц, мэргэжилтэн байхгүй. Тиймээс боломжит зах зээлийнх нь үнээр гадагшаа гаргахаас өөр гарцгүй.   

БНХАУ-д хагас кокс боловсруулах нийт 300 гаруй үйлдвэр байдаг гэх. Харин бидний очсон “Ван Жон Вэй Еэй” үйлдвэр нь 1999 онд байгуулагдаж, 2011 оноос төслийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус компани 600 сая юанийн өртөгтэй бөгөөд жилдээ 900 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай юм байна. Нийт 20 га талбайг хамрах уг химийн аж үйлдвэр 220 ажилтантай. Бүтээгдэхүүнээ ширхэглэлээр нь дөрөв ангилж, хамгийн том бүхэлтэйг гангийн үйлдвэрт, хамгийн нунтаг бүтээгдэхүүнийг түлшний үйлдвэрт нийлүүлдэг аж. Хятадын томоохон хотуудын айл өрх, албан байгууллагууд одоог хүртэл коксон түлшээ хэрэглэсээр байгаа. Хэдийгээр зарим хэсгээ хий, цахилгаан гээд бусад эх үүсвэрээр хангаж эхэлсэн ч нийт улсаа бүгдийг нь ийм аргаар хангахад урт хугацаанаас гадна асар их хөрөнгө шаардлагатай. Тийм учраас хөрөнгө бага зарцуулж, утаа болон хорт бодисоос нь салах коксон шахмал түлшийг хэрэглэсээр байгаа нь энэ юм.
 


Нэг хэсэг урд хөршийн маань нийслэл Бээжин хот агаарын бохирдлоороо дэлхийд хол тасархай тэргүүлж байв. Тиймээс утааг арилгаж, утаанд агуулагдах хорт бодис/хүхрийн хий, дэгдэмхий, тоосонцор гм/-уудыг багасгах ажлуудыг шат дараалан хэрэгжүүлснээр өнөөдрийн түвшинд хүрчээ. Гэсэн хэдий боловч өнөөг хүртэл дээрх ажлууд үргэлжилсээр буй. Харин бид дотроо улстөржин хэрэлдэцгээсээр агаарын бохирдлоороо дэлхийд толгой цохих болсон. Нэг хэсэг “Азийн цагаан дагина” хэмээн цээжээ дэлдэж суусан бид өнөөдөр энэ үгийг хэлбэл дэлхийн шившиг болохоор болсон нь нуух аргагүй гашуун үнэн. Гэтэл үүнийгээ мэдсээр байж утаан дундаа униартанхан, улс төрөө ярьсаар уушги цээжээ сагсалзууланхан сууна. Уг нь жаахан юм боддог, ухаардаг бол утаанаас үүдэлтэй өвчлөл манай улсад хэр их болсон. Түүнээс улбаатай гадны оронд эмчлүүлж буй хөрөнгө мөнгө хэд байгааг олоод мэдэх бололцоотой. Гэвч тэгэхийг хүсдэггүй нь өнөөх л бидний муйхар зантай холбоотой.
 


Хятад, Өмнөд Солонгос, Турк гээд дэлхийн улс орнууд 100 орчим жилийн өмнөөс туршин батлаад, хэрэглээндээ нэвтрүүлээд, утаанаасаа салчихсан аргыг эх орондоо нутагшуулъя гэсэн хэсгээ “Туршилт” хийх гэлээ гэсэн үгээр сошиал орчинд булшилж байна. Зүй нь бол өөрсдөө шинэ технологи гаргаж, үйлдвэрлэлд нэвтрүүлж чадахгүйгээс хойш дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хөгжлийнхөө явцад нэгэнт туршин баталчихсан аргыг хэрэглэх нь санхүү болоод цаг хугацаа хэмнэх давуу талтай баймаар юм. Ахин хэлэхэд агаарын бохирдол, утаа гэдэг нь өөрөө нэг хэсэгхэн хүний бус нийт ард түмний, хүн бүрийн асуудал билээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.