2024 оны 10 сарын 15
Мэдээ, мэдээлэл
МАНАН-гийн тухай
Монголчууд улс орондоо юу болоод байгааг бүхлээр нь, томоор нь, анатомиор нь харахгүй байна. Нэг л юм буруу байна, үүнд МАНАН буруутай гэдгийг бол харин хар ухаанаараа, зөнгөөрөө, мэдрэмжээрээ ойлгоод байна.
 
Гэхдээ яг МАНАН-гаа харахгүй байна л даа. Уулыг дэргэдээс нь бэлд нь эсвэл хормойд нь зогсож байгаад хардаггүйтэй адил энэ МАНАН системийг бүхлээр нь олж харахын тулд нэлээд алсаас дурандах хэрэгтэй юм. Тэгэхгүй бол МАНАН гэх мангасын хуруу, хумсны төдий л хэсгийг нь хараад, төөрөлдөөд байна. Яг эртний үлгэрт Загарвадийн хааны мэргэд зааныг хэрхэн төсөөлдөг үлгэр лугаа адил. Хаан мэргэдээ цуглуулаад битүү саравчинд хийсэн зааныг тодорхойл гэжээ. Нэг нь хөлийг нь тэмтэрч үзээд мод юм гэж, нөгөө нь сүүлийг нь барьж үзээд могой мэт гэж, харин нэг нь хошууг нь барьж үзээд бүдүүн олсорхуу амьтан ажээ гэж. Бас нэг нь соёог нь тэмтрээд үлгэрлэвээс махь (үхэр) лугаа адил хэмээгээд хэн хэн нь өөрийн зөвийг батлах гэж маргасаар зааныг юу болохыг тодорхойлж чадаагүйтэй адил. 
 
 МАНАН бол амьд организм, амьд мангас юм. Үндсэн хуулиар газрын доорх бүх баялаг гагцхүү ард түмний өмч гэж хуульчилсан хэрнээ хорь орчим гэр бүл эзэмшиж байна. Тэр бүлд багтдаг, гадаадад аялахаа хөрш айлд зочлохын чинээ боддог, мөнгөнийхөө тоогоо ч мэдэхгүй шахуу ийм нэг тансаг амьдралтай хорин мянган хүн бий. Эд бол хүн амын нэг хувь хүрэхтэй үгүйтэй хэсэг.
 
Энэ бүлэглэлийн толгойд хоёрхон хүн байна. Ц.Элбэгдорж, С.Баяр гэдэг эрх баригч хоёр намд нөлөөтэй “Сиамын ихрүүд” энэ клубыг, бүлэглэлийг толгойлж байна. Үүнийг л МАНАН гээд байгаа юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ тухай ярихдаа “Маш том, маш том бүлэглэл” гэж дуу алдсан билээ.
 
Хэрэв ердөө 20 гэр бүл юм бол яагаад маш том гэж? Яагаад гэвэл энэ бүлэглэлийн гарт Монголын экспортын гол бүтээгдэхүүн зэсийн ордууд тэр чигээрээ (үүнд “Эрдэнэт” УБҮ ч орно), нүүрсний томоохон ордууд, банкууд, нефть импортлогч компаниуд, үүрэн телефоны голлох операторууд, Монголын нийт хадгаламжийн 98 хувь, оффшорт хуримтлагдсан мөнгө 100 хувь, бас гадаад дахь үл хөдлөх хөрөнгө, барьцаалахад бэлэн стратегийн ордуудын лиценз, бусад активууд байдаг. Энэ мөнгөөрөө тэд төрийг өөрийг нь бас эрхшээдэг. УИХ-ын бүрэлдэхүүнийг, Засгийн газрыг, цагдаа, тагнуул, прокурор, шүүх, АТГ ч тэдний саварт атгаастай тул үнэхээр хүчирхэг мангас юм. Яг л үлгэрт гардаг шиг, амь нь байдаг алтан өндгийг алт, мөнгө, хүрэл хайрцганд цоожлон түлхүүрийг нь далайн ёроолд хадгалаад, мөнөөх хайрцгаа нуусан цайзаа галт луугаар хамгаалуулдаг шиг л хүчний байгууллагууд МАНАН мангасын амийг сахин хамгаалж, тийш халдах гэсэн хэнийг боловч зайлуулж байдаг.
 
Хамгийн гол нь тэд гадаадын санхүү-улстөрийн өргөн дэмжлэгийг Монголд, чухамдаа өөртөө төвлөрүүлэн татсанаар ихээхэн хүчирхэг болсон юм. Энэ хоёр хүн бол нам биш боловч тус тусын намын олон нийтийг өөрийн зорилгод ашиглах өргөн нөлөөтэй. Энэ хоёр хүн төр биш боловч төрийн эрх мэдлээр дамжуулан улс орны доторх үйл явц бүрийг залж чиглүүлэх өргөн эрх мэдэлтэй юм.
 
Энэ бол “Рио Тинто” гэдэг компаниас хөрөнгө мөнгө авч ард олныг шулдаг, Үндсэн хуульд заасан мөнөөх “Гагцхүү ард түмний мэдэлд байдаг газрын доорх баялаг”-ийг цөөхүүлээ хувааж иддэг хэсэг мөн. Энэ мангас 2008 оны сонгуулиар амилж боссон билээ. Сонгуулиар МАН 45 суудалтайгаар засгийн эрхийг хангалттай авсан мөртлөө долоон сарын нэгний будлианаар таван хүнээ цагдаагаар алуулсны дараа “Үндсэн хууль” зөрчиж Ц.Элбэгдоржтой хуйвалдаж бий болгосон МАНАН.
 
Энэ мангас анх үүсэхдээ таван хүний амиар шүншиглүүлсэн юм. Чухам С.Баярын “стандарт бус Засгийн газар” гэгч байгуулагдаж, “Оюутолгой”-н гэрээг Монголд ашиггүй, өөрт ашигтай байдлаар хийсэн ба тэндээс оногдох хөрөнгө дэмжлэгийн ачаар Монголд үнэмлэхүй ноёрхдог болсон юм. Стандарт бус Засгийн газар байгуулахдаа л ард түмний сонголт ба зөв шударгын төлөөх тэмцлийг нухчин дарахаар гараагаа эхэлж, Үндсэн хуулийг уландаа гишгэсэн. Тэр цагаас Үндсэн хуулиас гадуур “давхар засаглал” Монголд тогтсон юм. Үндсэн хуульд заасан баялгийг хууль бусаар эзэмшихийн тулд Үндсэн хууль зөрчсөн стандарт бус шийдвэр гаргахаас өөр замгүй байжээ гэдэг нь өнөөдөр ил тод харагдаж байна. Чухамдаа тэр үед таван хүний амь нас, шударга ёсыг Засгийн газраар сольсон Ц.Элбэгдоржийн улайрсан зүтгэл энэ МАНАН-г байгуулахын төлөөх эрмэлзэлд тулгуурлаж байжээ.
 
Учир нь хуйвалдаан 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг унагаснаар үргэлжилсэн. Н.Энхбаярт зай байгаагүй, харин түүний оронд найман жил завсаргүй ажиллах Ц.Элбэгдорж хэрэгтэй байснаас энэ нам дамнасан МАНАН бүлэглэл үүссэн билээ. Гэхдээ шударгаар хэлэхэд Н.Энхбаяр өөрөө нам дамнасан бүлэглэлийн суурийг тавьсан, загварыг гаргасан, гэвч түүнтэй хамт түүний бий болгосон сүлжээ задран унаад нам нь ч захирагдахаа больж ад шоо үзэж эхэлсний үр хөврөл бол МАХН юм. Тэр өөрөө төрүүлсэн үр могойдоо идүүлсэн өрөвдөлт хувь тавилантай нэгэн билээ. 
 
Гэхдээ эд нар нэгдээд ганцхан зүйл хийсэн нь “Оюу Толгой”-г гадныханд өгсөн л биз, өөр яасан юм гэх хүн таардаг. Чухам энэ үеэс энэ ороолон амь орсон юм аа. Мөнгө л тэднийг нэгтгэсэн. 
 
 
Тэр цагаас улстөрийн намуудын үүрэг роль улстөрийн тавцанд үгүйсгэгдэж, тэдний захиалгыг хэрэгжүүлэгч “охин компани” төдий болсон юм. МАНАН гэдэг бол Монгол Ардын Нам, Ардчилсан Нам гэсэн хоёр нам биш юм аа.
 
Чухамдаа эдгээр намууд дотор МАНАН-г эсэргүүцсэн, намын төдийгүй үндэсний эрх ашгаа хамгаалсан лидерүүд төрөн гарч энэ МАНАН-тай тэмцэж, унаж, хонгилдуулж, сонгуулийн хар машинд “сортлогдож” байсан юм. Энэ бүхний эцэст нэгд, тэднийг аялдан дагаж эрх мэдэлд хүрэхийг эрмэлзэгч хэсэг, хоёрт тэдэнтэй тэмцэж, нам төрийн бодлогыг Монголд авчрахыг эрмэлзэгч хэсэг бий болсон билээ. 
 
Одоогийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тулаан яг энэ фронтод, ийм заагт болж байна. Нэг талд үндэсний эрх ашгаа хамгаалагч АН-ын олонх ба МАН-ын цөөнх, бусад намын эх орончид, нөгөө талд МАНАН-гийн дуулгавартай тоглоомын хүүхэлдэй, тэдэнд барьцаалагдснаа мэдээгүй МАН-ын олонх ба АН-ын цөөнх хэсэг, сонгогчдын шалгуураар энэ албан тушаалд үл тэнцэх хэсэг, энэ хоёрын заагт МАНАН-д худалдагдаж, тэдэнд үйлчилсэн “намгийнхан”, мөн МАНАН-гаа бүтнээр нь олж харж чадаагүй, энэ бүхний учрыг бүрэн ухаагүй цөхрөлд автсан нийгмийн хэсэг гуйвж дайвж байна. 
 
Хамгийн ашигтай “Оюутолгой” төсөл нь Монголд байхад “Рио Тинто”-д Монголын Ерөнхийлөгчийн сонгууль огтоос хамаагүй, үүнд мөнгө зарахгүй гэж та нар гэнэнээр бодож байгаа юм биш биз?! С.Баяр яаран Лондонгоос ирсэн, 10 тэрбумаар үнэлэгдсэн МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эрх ердөө л хэдхэн цагийн дотор гэнэт эзэнтэй болсон нь тохиолдлын хэрэг гэж бодож байгаа юм биш биз?!
С.Баяр ажилгүй бол амьдарч чадахгүйдээ, насаараа төрд зүтгээд ахуйгаа шийдэж чадаагүйдээ Лондонд Элчин сайдаар очсон уу? Бүр нарийвчилбал “Оюу толгой”-н гэрээг хийчихээд яг Христийг цаазлах тушаал өгсөн Понти Пилат шиг, Христийг 30 мянган зоосоор арилжсан Иуда шиг улсаа зарчихаад ЗГ-аараа гараа угаагаад “холдсон” юм. Тэр энэ алхамаараа өөртөө ёс суртахууны зөвтгөл олох гэж хичээсэн нь харагддаг, Иуда болж түүхэнд үлдэхгүйн тулд. Гэвч өнгөрсөн парламентад Оюу толгойн гэрээг шүүмжлэгчид олшироход “дахин төрж” Дубайн гэрээг байгуулаад Лондонд бүгсэн хэрэг. Сайнаар харвал МАНАН-гийн нэг хөл нөгөө хөлөө яг байх ёстой газарт нь өөрийнх нь хүсэлтээр илгээсэн нь тэр, муугаар харвал тэр “барьцаанд дуудагдсан” юм. Үүгээрээ С.Баяр энэхүү гэрээг хэний өмнө хар толгойгоороо хариуцсан нь илэрсэн гэж бодож байна. Монголчуудын өмнө лав биш! 
 
Ингэж Монголын улстөрийн удирдлага Лондонд шилжсэн гэж үзэх үндэстэй. Үүний зэрэгцээ энэ МАНАН бүлэглэл Монголын экспортын хамгийн ирээдүйтэй гол бүтээгдэхүүн зэсийн салбарыг тэр чигээр нь гартаа оруулж авахын төлөө үхэлдэн тэмцэлдэж байна. Энэ бол “Эрдэнэт”-ийн төлөөх тэмцэл юм. Мөн “Рио Тинто”-гийн эрх ашгаар төсөлд шаардлагатай нүүрсний, улмаар дам дамаа эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг Монголд бий болгох үүднээс эрчим хүчний нүүрсний ордын төлөөх ажлыг яг Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн эхэлж байна.
 
Хэдий МАН 65 суудалтай эрх барьж байгаа боловч тэр зүгээс бас эрхбиш эх оронч эсэргүүцэл тэмцэл жам ёсоор үүсч байгааг бид харж байна. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал тэдгээр тэмцэгчид дараагийн сонгуулиар баталгаатай цэвэрлүүлнэ гэдгийг яг ийм юман дундуур туучаад гарсны хувьд би 100 хувийн баталгаатай хэлж чадна. Мэдээж, МАНАН-гийн тавьсан саналыг хүлээж авбал тийм зүйл болохгүй л дээ. Нэг хэсэг нь “МАНАН” санал тавиасай гэж хүсч “тэмцдэг” тал ч бас бий.
 
МАНАН-гийн нэг тал болсон Ц.Элбэгдоржийн үйл ажиллагааны жим нь өмнөх “гологдол” Н.Энхбаярын сүүлийн долоон жилд туулсан замд нийлэхээр яарах мэт харагдаж байна. Одоо “Мавр хэргээ хийсэн, мавр хэрэггүй”. Ц.Элбэгдорж өмгөөлөл хамгааллаа буруу газраас эрснээс, улам цаашаа мухар нүх рүү зүтгэж байгаагаа ч ойлгохгүй болтлоо айдаст автсан байна. Чухам үүнийг нь буцаах, зогсоох гэм нүглээ угаахыг шаардсан миний бүхий л үйлдлийг дайсагнан харж байгаа нь хэтэрхий их айдаст автсаных. Төрийн хамгаалалт Их тэнгэрээс гадна баруун урд зүгт ч бас бий. Энэ байдлаараа тэр намаасаа ч тасарч ганцаардаад, тортой “төрийн хамгаалалтаас” өөр юу ч үгүй үлдэх зам нь шулуудчихлаа. Н.Энхбаярт бол ядаж МАХН байсан, харин түүнд мөнгөнөөс өөр сэтгэл татах юу үлдэв? Хэрэв тэр Н.Энхбаярын араас замнаж намаа хагалах гэж оролдох нь АН-д хамгаас хүндээр тусах вий гэж болгоомжлуулах хүн ч алга, зүгээр л үнсэнд хаясан шалз шиг өршөөлгүй орхиж байна даа. Үнэндээ би түүнийг үзэн ядаагүй, харин ч энэ бүх­нээс аврах гэсэн юм шүү дээ. 
 
Би Сүхбаатарын талбайд 10 хоног суулт хийхдээ юуны өмнө ард түмэн болоод эрх баригчид тэр дундаа Ц.Элбэгдорж өөрөө үүнийг ойлгож байгаа эсэхийг мэдэх, хоёрт ойлгоогүй бол таниулах, гуравт, хэрэв нийтээр ойлгоогүй бол улс даяар ард түмэнд илчлэх зорилт тавьсан юм.
 
Хэрэв М.Энхболд Ц.Элбэг­доржийг огцруулах асуудлыг авч хэлэлцэхгүй бол, түүнийг хамгаалж үлдээд халуун суудлыг нь залгамжлахыг эрмэлзэх юм бол гарцаагүй МАНАН-гийн тоглоомонд орсны шинж юм. М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж байгаа дараагийн барьцаа нь тэр өөрөө гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Одоо Монголын баялгийг худалдагч ба худалдан авагч талын төлөөний этгээдүүд нэгдвэл Монголд юу болох нь тодорхой. Түүнд энэ барьцаанаас гадуур ажиллах ямар ч бодол санаа, сэтгэл, төлөвлөгөө байхгүйг бүгд харж байна. Тэр бол гуравдагч золио, түүнийг золихын тулд наана нь С.Ганбаатарыг “шатрын хүү болгон хаяж”  давхар зольж бай­на. Үүнийг ядаж олон жилийн тэмцэлд үзэл санаа нь хатаагд­сан байх гэж найддаг С.Ган­баатар маань харахгүй бай­гааг бодвол 10 тэрбумаар дал­ласан “Рио Тинто”-гийн ховс үнэ­хээр гайхалтай нөлөөтэй мэт.
 
Өнөөдөр улстөр ба санхүү, эдийн засгийн эрх мэдлээ эргүүлэн авах сонголтын өмнө бид нийтээрээ тулаад байна. Үүнд гарцаагүй өчүүхэн төдий ч болов үндсэрхэл, үндэсний мэдрэмж ямар нэг хэмжээгээр шаардлагатай. “Бүү мэд, мэдсэн хүний үгэнд бүү ор” гэж манай дайснууд, баруун Хятадын хар Тангудууд хараасан юм гэдэг. Орчин цагт бол энэ барууны, тодорхой хэлбэл “Рио Тинто”-гийн пропаганда, үзэл суртал болон бидний толгой дээр бууж байна.  Мэдсэнээ эс хэлбэл мөн тэр мэт нүгэлд унах болов уу гэсэндээ үүнийг хэлж байна. Харин та нар мэдсэн монгол хүнийхээ үгэнд орох уу, буруу мэдүүлсэн “МАНАН”-гийн үгэнд орох уу гэдгээ л сонгох цаг тулчихлаа...   
 
Гантөмөрийн УЯНГА

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.