2024 оны 10 сарын 15
Мэдээ, мэдээлэл
“Алтан цом”-ын эзэн болсон Архангай аймгийн баг 200 сая төгрөг гардав

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн финалын барилдаан өчигдөр /2023.06.04/болж, зургаан тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Архангай–Булган аймгийн багууд алтан цомын төлөө өрсөлдлөө. Таван тойргийн турш өргөө дүүрэн үзэгчтэй, өрсөлдөөн дүүрэн барилдаантай өрнөсөн хоёр багийн тулаанд Архангай аймгийн баг 16:9-өөр ялалт байгуулж, анхны алтан цомын эзэн болов.

Архангай аймгийн багт улсын гарди М.Бадарч /3/, улсын харцага Б.Зоригтбаатар /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /5/, аймгийн хурц арслан С.Сүхбат /1/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /4/, нийт 16 даваа авсан бол Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /1/, улсын начин Х.Цогтгэрэл /2/ улсын начин Б.Түмэндэмбэрэл /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Д.Амаржаргал /2/, улсын начин Э.Сумъяабат /2/, улсын начин Б.Түвшинтөгс /2/, нийт есөн даваа авцгаасан юм.

Цуврал барилдаанд тэргүүлсэн Архангай аймгийн баг Алтан цом, 200 сая төгрөг, дэд байрт шалгарсан Булган аймгийн баг 50 сая төгрөг тус тус гардлаа.

Мөн хэсгийн барилдаанд хамгийн олон буюу 10 барилдаанаас 10 давсан улсын харцага Ц.Бямба-Отгон, шигшээ барилдаанд хамгийн олон буюу 45 барилдаанаас 39 давсан улсын начин Д.Хүдэрбулга нарт МҮБХ-ны Батламж, мөнгөн шагнал гардуулсан бол “Бэлгэдлийн баг” буюу үзэгчдээс хамгийн олон санал авсан зургаан бөхөд мөн "Батламж" гардуулав.

Бэлгэдлийн багт улсын харцага:

  • Б.Зоригтбаатар /1930 санал/,
  • улсын гарди М.Бадарч /1393 санал/,
  • улсын заан М.Лхагвагэрэл /1085 санал/,
  • улсын начин Э.Батмагнай /1081 санал/,
  • аймгийн арслан Э.Мөнхжаргал /1028 санал/,
  • сэлгээнээс орсон бөхчүүдээс улсын арслан Р.Пүрэвдагва /1692 санал/ тус тус авч "Бэлгэдлийн багийн гишүүн"-ээр тодорсон юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.