2024 оны 04 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Сайд Молай Монголыг орхиж Азарбайжаны шигшээд барилдана

Азербайжаны спортын хэвлэлүүд сүүлийн үед нэгэн зүйлийн талаар их бичиж байна. Энэ нь Монголын иргэн болсон байсан жүдоч Саид Моллаи Азербайжаны жүдо бөхийн холбоонд өргөдөл бичиж, тус улсын нэрийн өмнөөс барилдах хүсэлтээ илэрхийлсэн мэдээ байлаа.

Саид Моллаи Бакуд уригдаж, эрүүл мэндийн шинжилгээнд орсон бөгөөд Европын АШТ-д оролцох шигшээ багтай хамт бэлтгэл хийсэн байна.
 


Одоогийн байдлаар Азербайжаны жүдо бөхийн холбооноос Олон улсын холбоотой энэ талаар хэлэлцээ хийж, хэзээнээс Саид Азербайжаны багт барилдаж болохыг тодруулж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр одоо Болгарын Софид болж байгаа Европын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд Азербайжаны баг Саидыг барилдуулахаар 81 кг-ын жингийн Мурад Фатиевыг хассан ч зөвшөөрөл ирж амжаагүй гэнэ.

Саидын шинэ шигшээд барилдах хамгийн ойрын тэмцээн нь Туркт наймдугаар сард болох Исламын орнуудын наадам байж магдагүй гэж шинжээчид бичжээ.

Саид Моллаи Иранд төрсөн ч азербайжан гаралтай. Иранаас дүрвэж, 2019 оноос манай улсын шигшээ багт орсон. Токиогийн олимпод Монгол Улсын нэр дээр зодоглон, мөнгөн медаль хүртсэн билээ. 

Эх сурвалж: Зиндаа.мн

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.