2024 оны 10 сарын 15
Мэдээ, мэдээлэл
Нийслэлийн өмчит автобусны жолоочид тэтгэвэрт гарвал 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно.

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн шуурхай ажилтны зөвлөгөөн дээр автобусны жолоочийн орон тоо нийслэлд хүрэлцээгүй байгаа тул зарим арга хэмжээг авахаар төлөвлөж байгаагаа дуулгалаа. Тухайлбал, нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр боллоо. Мөн Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил хайж бүртгүүлсэн  В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна. Энэ зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үүрэг болголоо. Мөн жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэв.

Мөн “Гуравдугаар сарын 15-н гэхэд автобусны гаралтын тоог 1200-д хүргэнэ. Ч чиглэлд явах автобусны тоог нэмнэ. Өмнө нь татвар төлөгчдийн мөнгөөр авсан автобусыг хувийн компанид үнэгүй өгдөг байсан бол энэ удаа төлбөртэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй өгсний үр дүнд Нийтийн тээврийг хөгжүүлэх санд таван тэрбум төгрөг цуглаад байна. Энэ тоо оны эцэст 25 тэрбум төгрөг болно. Дээрх мөнгийг автобус авах, таксины үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд зарцуулна. Зургаадугаар сар гэхэд дунд оврын автобусны тендер зарлаж, гэр хорооллын захын чиглэлд явуулна” гэсэн юм.

Шинэ автобусууд орж ирснээ явуулахгүй байна гэх шүүмжлэлийг иргэд хэлж байгаа. Тэгвэл шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахын тулд эзэнжүүлж, бүртгэлжүүлэхээс  гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй эргэн төлөлтийг тохирох, төлбөрийн картын систем суурилуулах шаардлагатай байгаа юм. Энэ нь тодорхой хугацаа шаардаж байгаа гэж албаныхан тайлбарлалаа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.