2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
БУРИАДАД ОСОЛД ОРСОН МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙГ ӨНӨӨДӨР АВЧИРНА

Монголын спортын багийн хүүхдүүд Эрхүүд болсон  Станислав Копыловын нэрэмжит тэмцээнд оролцчихоод  буцаж явах замдаа  Улаан-Үд-Хиагт чиглэлийн хурдны замд осолд орсон хэрэг өчигдөр гарчээ.

Хүүхдүүд микро автобусанд зорчиж явсан бөгөөд жолооч нь Ниссан маркийн суудлын тэрэгтэй мөргөлдсөн байна. Ослын үеэр микроны жолооч амиа алдаж, 12 тамирчин, гурван дасгалжуулагчдад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ.

Буриадын Залуус, спортын асуудал хариуцсан яамнаас өгсөн мэдээллээр тамирчин хүүхдүүд гэмтэж бэртээгүй бөгөөд өнөөдөр гэртээ ирэх аж. Хүүхдүүд Гусино нуурын зочид буудалд амарч байгаа бөгөөд  өнөөдөр Сэлэнгээс автобус ирж хүүхдүүдийг авах юм байна. Улмаар Хиагт хүргэж өгөөд Монголын талын автобусанд суулгахаар болжээ. Харин ослын шалтгааныг тодруулахаар Буриадын цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа юм байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.