Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөл болон аймгийн удирдлагуудаас чөлөөт бөхийн Дэлхийн аварга П.Орхонд гурван өрөө байр бэлэглэлээ. Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул бөгөөд өнгөрсөн наймдугаар сард Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн 63 кг-д аваргын алтан медаль хүртсэн амжилтыг нь Нутгийн зөвлөлөөс нь ийнхүү мялаажээ.
П.Орхон аваргын хувьд зөвхөн 2017 онд гэхэд Иван Ярыгины алтан гранпригийн тэмцээний алт, Оюутны Улсын аваргын алт, Монголиа Опен тэмцээний алт, Польшийн нээлттэй тэмцээний алт, Испанийн Мадридын гранпригийн алт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн эзэн болсон амжилтуудаараа нутаг орныхоо нэрийг тив, дэлхийн хэмжээнд дуурсгасан юм.
24news.mn