Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө “Насны хишиг”-ийг олгохоор хуулиндаа тусгаж өгсөн билээ.
Өнгөрсөн жилээс олгож эхэлсэн “Насны хишиг”-т шинээр хамрагдах болзол хангасан ахмадуудын бүртгэл эхэлсэн бөгөөд шинээр хамрагдагсад 2018 оны долдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 65 нас хүрсэн байх шаардлагатай аж. Харин өмнө нь “Насны хишиг”-т хамрагдан мөнгө авч байсан ахмадууд ахин бүртгүүлэх шаардлагагүй.
“Насны хишиг” авах ахмадуудын насыг ангилж, ангилал дагуу хишгийг нь тогтоосон байдаг. Үүнд:
-65-69 настай ахмад настан 50 мянга,
-70-79 настай ахмад настан 80 мянга,
-80-89 настайахмаднастан 150 мянга,
-90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөг олгодог.
“Насны хишиг-т шинээр бүртгүүлэх ахмадууд тус хишгийг олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдөлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очино. Хэрэв өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлэх хэрэгтэй байдаг аж. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өөрийнхөө иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарын хамт маягт бөглөж өгснөөр бүртгэл баталгаажих юм.
Хорих ангид ял эдэлж байгаа ахмадуудын хувьд мөнгө нь дансанд байршина. Эдгээр ахмадууд “Насны хишиг”-ээ авахыг хүссэн тохиолдолд гэр бүлийнхээ гишүүн буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах боломжтой.
Шинээр бүртгүүлэгсэд Цагаан сараас өмнө “Насны хишиг” авах хүсэлтээ гаргаснаар баяраас өмнө мөнгө авах бөгөөд үүнээс хойш бүртгүүлсэн иргэд Үндэсний их баяр наадмын өмнө хишгээ хүртэх юм байна.
24news.mn