2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Авлигачидтай тэмцэхээ хойш тавьж, авгайтай тэмцэлдэх АТГ

АТГ-ын нэр хүнд шаланд унаж, шавхайнд хутгалдлаа, Г.Баасангийн мэдээллээс улбаатайгаар. Үүнд тус газрынхан тун их эгдүүцэж байх шиг. Ялангуяа авлигын акулуудтай тэмцэх ажиллагааг удирдагч. Тиймээс ч мэдээлэл түгээсний араас шууд л мэдэгдэл гаргаж, шүүхэд хандаж, хэвлэл мэдээллийнхнийг цуглуулан Г.Баасантай тэмцэлдэнэ гэдгээ зарлалаа.

Авлигын акулуудтай тэмцэх газар ингэж ч жижгэрэх гэж. Хэн хүний нүднээс далд хэтэвчээ түнтийлгэдэг нөхдүүдийг мөрдөж, илрүүлэн шийтгэх ёстой газар нэг эмэгтэйн хэлсэн үгтэй тэмцэхээр яарч байх гэж гэсэн яриа нийгэмд үүсэв. Тус газрын зүгээс нэр хүндийг нь унагалаа гэх үндэслэл тавьж байгаа гэнэ. Агуу их, гараг ертөнц даяар нэр хүндтэй л байгууллага байсан бололтой. Тиймээс Г.Баасан гэдэг эмэгтэйдээ тэмцэлдэж, нэр хүндээ эргүүлэн олж авч, дэлхийд дуурсгах шинжтэй. Шүүхэд өгөөд амжсан энэ асуудалд олон нийт тийм ч таатай хандахгүй байгааг энд дуулгах нь зүйн хэрэг биз.

АТГ гэж нэрийдсэн байгууллагын үйл ажиллагаа өнөөг хүртэл хэр амжилттай яваа билээ. Монгол Улсад үүссэн авлигын зуд өнөөдөр арилсан уу гэж юун түрүүн асуух хэрэгтэй. Мөн олон нийтэд ил болсон авлигачдыг барьж, шийтгэл хүртээв үү, хэд вэ гэсэн асуулт ч бий. Саяхныг эргэн дурсахад сонгуулийн дараахан үүссэн 60 тэрбумын асуудал хаачив. Оффшорчдыг зарлахгүй суугаа гээд л асуудлууд бий. Энэ мэтчилэн дурдвал авлигачидтай тэмцэх ажил чамгүй их. Гэтэл авлигачидтай биш авгай хүүхний хэлсэн үгтэй тэмцэлдэж суугаа нь инээдтэй. Өнөөдөр Монгол Улс авлигын индексээр тийм таатай байр суурьт байгаа билүү. АТГ ямар хэмжээнд ажиллаж байгаа нь үүнээс харагдана.

Тухайн байгууллагатай холбоотой асуудлыг Г.Баасан маш зоригтой гарган тавьж, ажлаа хий хэмээн ташуур өгсөнд баяр хүргэх хэрэгтэй мэт. Яагаад гэвэл асуудлыг бодиттойгоор хэлчих тийм зоригтон өнөөдрийг хүртэл байсангүй. Улаанбаатар төмөр замын асуудлаас авахуулаад чамгүй олон зүйл ил болоогүй явсныг дэлгэчихлээ. Энэ нь л газрын нэр хүндэд халдсан болчихов уу даа. Ер нь, төрийн байгууллагын нэр хүнд гэж юу байдаг юм бол. Иргэдийн төлөө, эх орны төлөө гэсэн ганц уриа л байдаг санагдана. Ийм атал нэр хүнд гэх юм. Эсвэл Х.Энхжаргал даргын нэр хүндийн асуудал үүнд хамаатай болж байна уу.

За ямартай ч АТГ авлигын акулуудтай тэмцэхээ больж, Г.Баасан гэдэг эмэгтэйдээ л тэмцэлдэж оны ажлаа эхэлж байгаа юм уу даа. Амжилт хүсье АТГ-т. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.