Энэ долоо хоногоос фэйсбүүкт өөрчлөлт орж байна. Уг өөрчлөлтөөр дэлхий дахинд болон тухайн улс оронд хамгийн найдвартай гэсэн мэдээллийн байгууллагуудын баттай эх сурвалж бүхий мэдээ , мэдээллийг newsfeed буюу үндсэн цонхонд харуулах, найз нөхөд , гэр бүлийнхний сэтгэгдэл бичигдсэн постыг эхэнд бизнесийн сурталчилгааг сүүлд нь харуулах зэргээр шинэчлэлт орохоор болжээ.
Оны эхэнд “Фэйсбүүк” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг Фэйсбүүкийн системд томоохон өөрчлөлт хийж байгаагаа зарласны хүрээнд ийнхүү хүмүүс хоорондын харилцаанд илүү ач холбогдол өгч, гэр бүл болон найз нөхдийнхөө хуваалцсан пост, бичсэн сэтгэгдэл зэргийг хамгийн эхэнд харах боломжийг хэрэглэгчдэдээ олгох аж. Шинэчлэгдсэн алгоритмын өөрчлөлтөөр Newsfeed хэсэгт харагддаг мэдээ цөөрч, өмнө нь Newsfeed-ын агуулгын 5%-ыг бүрдүүлдэг байсан бол 4% болж буурахаар болжээ.
Түүнчлэн хэрэглэгчдэд харагдах мэдээ мэдээллүүд дээр цензурь тавьж, “итгэл даах” редакциудын мэдээг түлхүү үзүүлэхээр болсноо зарласан байна. Орчин үед олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан худал сенсаци, хуурамч мэдээлэл газар авах болсон тул тэдгээрт хяналт тавьж, хэрэглэгчдэд илүү найдвартай эх сурвалжаас мэдээ мэдээлэл олж авахад дөхөм болгохын тулд ийм шийдвэрт хүрснээ мэдэгджээ.
Харин итгэлтэй эх сурвалжуудад ямар байдлаар цензурь тавьж, хэрхэн сонгох вэ гэдэг нь хүндхэн асуудал болж байгааг тэрээр мэдэгдэлдээ дурдсан байна. Фэйсбүүк компанийн зүгээс өөрсдөө эсвэл гадны мэргэжилтнүүдээр итгэлтэй гэсэн эх сурвалжуудыг сонгон хүмүүст хүргэх талаар бодолцож үзсэн ч энэ нь эцсийн дүндээ шудрага, үнэн зөв дүгнэлт гаргаж чадахгүй гэж үзсэн тул бүх хэрэглэгчдээсээ санал асуулга явуулсны үндсэн дээр итгэл даах сурвалжуудыг сонгохоор болсноо зарлажээ.
Санал асуулгын хүрээнд хүмүүсээс тодорхой нэгэн эх сурвалжтай танил эсэхийг нь хамгийн түрүүнд асууж лавлах бөгөөд хэрэв танил гэвэл тухайн эх сурвалж хэр найдвартай эсэх дээр санал асуулга явуулсны эцэст үнэлгээ өгч сонгохоор болсон байна.Фэйсбүүкт гарсан энэхүү өөрчлөлт нь хэрэглэгчдийн хүлээн авах мэдээ мэдээллийн тоог бууруулахгүй бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн итгэл даах агентлагуудыг тоймлон хүргэхэд чиглэгдэх юм.
24news.mn