2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Б.ЦЭРЭННАДМИД: АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТУХАЙ БОДИТ БИШ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА

Өнөөдөр үндэсний мэдээллийн төвд Архангай аймагт тодорхой алба тушаал хашдаг хүмүүс хэвлэлийн бага хурал хийлээ. Үүнтэй холбоотойгоор аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид болон Төрийн Захиргааны Удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодорж нараас тодрууллаа.

-Аймгийн Засаг дарга хууль бус шийдвэр гаргаж байгаа талаар хэдэн иргэн мэдээлэл хийлээ. Энд аймгийн удирдлагуудын зүгээс байр сууриа илэрхийлбэл?

Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид:

-Өнөөдөр Архангай аймгийн ХДТ-ын даргаар, ЕБС-ийн захирлаар ажиллаж байгаа болон бусад хүмүүс хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өгснийг саяхан олж харлаа л даа. Үүнд Архангай ЗДТГ-аас албан ёсны хариу мэдээлэл өгье. “Архангай аймаг өрсөлдөх чадвараараа сүүлээсээ хоёрт орсон байна. Архангайд хүн өлсөж үхэж байна” гээд… Өрсөлдөх чадварын талаар судалгааг гаргасан судалгааны төвтэй бид дахин холбогдоод ард иргэдээ албан ёсны мэдээллээр хангана. Бид урьдчилсан байдлаар холбогдсон. Нийт 50 гаруй ААН-үүдээс судалгаа авч, 181 үзүүлэлтээр судалгааг гаргасан гэсэн. Дараагийн дугаарт ТББ-ын төлөөлөл гэж нэг хүн ярьж байсан. Тэр хүн бол Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намын даргын албан тушаалтай. Зохион байгуулагчаар оролцож байгаа боловуу гэж харж байна. Архангай аймагт хүн өлсөж үхсэн гэж мэдээлж байна лээ. Хэрвээ ийм явдал гарсан бол үнэхээр харамсалтай байна. Энэ хүнтэй эргээд холбогдож мэдээллийг авна. Ямар үндэслэлээр энэ мэдээллийг мэдээлж байгаа вэ гэдгийг асууж лавлана. Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн захирал Д.Мөнхжаргал, ХДТ-ын дарга Ж.Нямсүрэн нар мэдээлэл хийж байна л даа. Нэг юм анхаармаар байгаа юм. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол гэж байгаа. Энэ нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтанг сонгон шалгаруулах журам юм. Энэ журмын дагуу томилогдоогүй, шууд томилогдсон дарга нар байгаа. Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн захирал Д.Мөнхжаргалын хувьд бол 2015 онд аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн захирамжаар томилогдсон байдаг. Энэ захирамжийн 3 дугаар заалтаар Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн захирлын ажлыг хүлээлгэн өгөх ажлыг тухай үеийн НХХ-ийн дарга Ш.Нямдаваад, ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж, дүнг танилцуулах ажлыг Боловсролын газрын дарга А.Амгаланбаатар нарт үүрэг болгосон байдаг. Үүний дагуу тухай үед ямар ч сонгон шалгаруулалт явагдаагүй учраас энэ ажлыг бид зохион байгуулж явуулсан. ХДТ-ын даргаар ажиллаж байгаа Ж.Нямсүрэнгийн тухайд сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилогдчихсон. Энэ нь өөрөө хууль бус байгаа юм лдаа. Бид бол Нямсүрэн ч юмуу, Мөнхжаргал гэж хувь хүний асуудлыг огт ярихгүй. Аймгийн төрийн албаны зөвлөл, аймгийн Засаг дарга, удирдлагуудын зүгээс хуулийг хэрэгжүүлэх, хуулийн хүрээнд шийдвэр гаргах тал дээр анхаарч ажиллаж байна. Иймэрхүү асуудал гарахаар хууль зөрчсөн томилгоотой асуудлууд гарч ирж байгаа юм. Ийм ч учраас аймгийн төрийн албаны зөвлөлөөс аймаг даяар хяналт шалгалтыг зохион байгуулж, зөрчилтэй томилогдсон хүмүүсийг хуулийн дагуу сонгон шалгаруулалтад оруулж томилох ажлыг зохион байгуулж байна. Мөнхжаргал, Нямсүрэн нар сонгон шалгаруултандаа ороод цаашид энэ албан тушаалдаа ажиллах уу үгүй юу гэдгээ шийдээд явах бүрэн боломж бий. Сонгон шалгаруулалтгүй томилоно гэдэг чинь тухай үеийн үзэмжээрээ тухайн хүнийг шууд томилчихсон явдал байхгүй юу. Тэгэхээр бид сонгон шалгаруулалтаа явуулна. Тухайн байгууллага дотроосоо сургууль, театрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтанд орох хүмүүс байвал бүрэн боломжтой. Мөнхжаргал, Нямсүрэн хоёрт ч гэсэн боломж бий. Дараагийн дугаарт Хайрхан сумын захирлаар ажиллаж байсан Г.Баярбат гомдол гаргаад холбогдох мэдээллүүдийг ярьж байсан. Энэ хүний хувьд аймаг, сумын Засаг даргатай, БСУГ-ын даргатай гээд дөрвөлсөн гэрээ байгуулдаг. Энэ гэрээг аймаг, сум, БСУГ-аас дүгнэхэд ажил үүргээ хангалтгүй хийсэн гэж дүгнэгдсэн. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын зүгээс сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн Хайрхан сумын ЕБС-ийн төсөв хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэдэг нь санхүүгийн дотоод аудитаар гарч ирсэн. Үүнийг үндэслэж Баярбатыг 2017 оны 7-р сард ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэрнээс ажил үүргээ хангалттай биелүүлээд явж байгаа хүмүүс дээр ийм асуудал гараагүй.

Мөн энэ хэвлэлийн бага хурал дээр аймгийн Засаг дарга сар болгон гадаад руу төсвийн мөнгөөр аялдаг гэж байсан. Ийм гүтгэлгийн шинжтэй, тооцоо судалгаагүй мэдээг ярьж байгаад аймгийн ЗДТГ-ын даргын хувьд харамсаж байна. Надаас ийм мэдээлэл ч аваагүй. Өнөөдрийг хүртэл аймгийн Засаг дарга гадаадад томилолтоор явж, ямар нэг арга хэмжээнд оролцохдоо ЗГ, ЗГХЭГ-ын зөвшөөрөл авч оролцдог. Явахдаа аймаг орон нутгийн төсвөөс нэг ч төгрөг гаргаж яваагүйг албан ёсоор хэлье.

Мөн амйгийн Засаг дарга, ЗДТГ машинаа засахад хэдэн зуун саяаар нь мөнгө төлөвлөж, батлуулдаг. Тэрийгээ үр ашиггүй зарцуулдаг гэх зэргээр ярьсан. Энэ бас л тооцоо судалгаагүй, үндэслэлгүй мэдээлэл гэдгийг аймгийн ЗДТГ-ын даргын хувьд албан ёсоор хэлж байна. Хэдэн зуун саяар нь засвар авдаг машин гэж юу байхав. Мөн “Аймгийн Засаг даргын буруутай үйл ажиллагаанаас болж машин нь эвдэрсэн. Тэрийгээ төсвийн мөнгөөр засуулсан” гээд бас л үндэслэлгүй мэдээлэл явж байна. Үүнийг далимдуулж бодит мэдээлэл өгье. Аймгийн хэмжээнд албан тушаалын унаа хэрэглэдэг нь аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга хоёр байдаг. Тус тусдаа жолоочтой. Осол аваар гаргасан явдал бол цэвэр жолоочийн буруутай үйлдэл юм. Буруутай этгээд бүх хохирлыг барагдуулсан байгаа. Тэрнээс ЗДТГ-аас машины засварт ямар нэг хөрөнгө мөнгө гаргаагүй, осол гаргах үед Засаг дарга машинд яваагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

Сонгон шалгаруулалтгүй томилоно гэдэг нь тухайн иргэнд давуу тал олгоод өөр бусад иргэдийг оролцууж чадахгүй байна. Тиймээс бид 2013 онд батлагдсан төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолийг үндэслэн төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын журмыг хэрэгжүүлэх үүднээс энэ шийдвэрийг гаргаж байна. Холбогдох хүмүүс одоо ажиллаж байгаа болон ажиллах хүсэлтэй иргэдийн хувьд ажлын байран дээрээ сонгон шалгаруулалтад орох боломж нь нээлттэй байгаа. Ер нь сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох үүднээс шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал ЕБС-уудад ажиллаж байгаа багш нарыг ажиллуулах журмыг 2017 оны 9 сард батлан хэрэгжүүлж байна. Энэ нь багш нарыг ажиллуулахдаа хүртэл сонгон шалгаруулж авна гэдэг журам юм. Бидний хийж байгаа ажлын хувьд ард иргэдэд нээлттэй, хаана ямар ажлын байр гарч байна тэр болгоныг иргэдэд нээлттэй мэдээлж, хэн нэгэн даргын таньдаг хүн төрийн албан тушаалд томилогддог асуудлыг таслан зогсоох талаар шат дараатай арга хэмжээг зохион байгуулж байна гэдгийг албан ёсоор хэлье.

-Архангайд сумын Засаг дарга нар шүүхээр яваад ажлаа хийж чадахгүй байна гэж байсан?

-Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодорж:

-2016 оны 10 сард болсон орон нутгийн сонгуулиар сумдын ИТХ-ууд бүрэлдэн тогтож анхдугаар хуралдаануудаа хийж сумын Засаг даргаа сонгож аймгийн Засаг даргад уламжилсан байгаа. Булган, Цэнхэр, Цахир сумын ИТХ-ын ээлжит хурал нь хуралдааны процесс нь маргаантай хууль бус болсон гэсэн гомдлыг нам эвсэл, төлөөлөгчдөөс шүүхэд гаргасан байдаг. Шүүхэд тухайн хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд өмнөх Засаг даргынх нь бүрэн эрхийнх нь хугацаа дууссан учраас бид нар тэр Засаг даргыг чөлөөлж орлогч дарга нарт нь ажлыг түр хариуцуулсан. Одоо бол шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдэж тухайн сумын ИТХ-аас томилогдсон Засаг дарга нар нь албан ёсоор батламжлагдаад ажлаа хийгээд явж байна. Одоогийн байдлаар манай аймагт ажилдаа томилогдоогүй ч юмуу, шүүх цагдаагийн байгууллагад хандсан Засаг дарга алга. Хайрхан сумын Засаг дарга одоо томилогдож байна. Ингэхээд ирэхээр өнөөдрийн байдлаар бүх дарга нар ажлаа хэвийн гүйцэтгэж байна гэсэн үг.

Ундарга компаний тухайд аймгийн аудитын газраас Ундарга компаний төлөөлөн удирдах зөвлөлд 2017.04.07-нд албан тоот ирсэн. Дараа нь мөн аудитын газраас 2017.04.10-нд хариуцлага тооцуулах тухай албан шаардлагыг Ундарга компанид хүргүүлсэн байдаг. Мөн Авлигатай тэмцэх газраас 2017.04.20-нд Ц.Мөнхнасан даргын нэр дээр “Хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” гэсэн албан тоот ирсэн. Үүний дагуу Ундарга ХХК-ий захирал байсан Б.Булганчимэгийг 2017.05.08-нд ажлаас нь чөлөөлсөн.

Ундарга гэдэг компани сүүлийн 3 жил дараалан аймгийн аудитын газрын дүгнэлтээр хязгаарлалттай гэдэг дүгнэлт авсан байна. Бид зайлшгүй хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах шаардлага гарсан. Энэ үүднээс Б.Булганчимэг гэдэг хүнийг ажлаас нь халсан байгаа юм. Хэвлэлийн бага хурал дээрээ зүгээр байхад нь ажлаас халсан юм шиг ярьж байсан. Авлигатай тэмцэх газрын болон аудитын газраас удаа дараа ирүүлсэн албан тоот, үндэслэлүүд нь энд бүгд байна л даа. Мөн тухайн үеийн Ундарга компаний захирал байсан Б.Булганчимэгийн хувийнх нь “Цогт-Өнжүүл” ХХК байдаг. Цогт өнжүүл компанитай холбоотой Авлигатай тэмцэх газрын албан шаардлага дотор зөндөө зүйлүүд байгаа юм. Холбогдох хуулийн байгууллагуудаар шалгагдаад явна аа. Цогт Өнжүүл компаниар Ундарга компани өөрийн хийх ёстой ажлыг хийлгэсэн гээд мөнгө төгрөгтэй холбоотой олон асуудал байгаа. Цэцэрлэг хотынхон бүгд мэднэ дээ. Бөхбилэгтийн сад гэж. 2013 оноос хойш Эрдэнэбулган сумын орон нутгийн хөгжлийн сангийн 268 сая төгрөгөөр засварласан байдаг ч улсын комисст бүрэн хүлээлгэж өгөөгүй. Одоо ч тэнд бүтэн юм гэх зүйл огт байхгүй байна. Бас л шүүхийн шатанд маргаантай явж байна. Бас Тариат сумыг жишиг сум болгох 5 тэр бум төгрөгийн ажил байна. Цогт Өнжүүл компаниий гүйцэтгэх ёстой ажил одоо хүртэл хийгдээгүй, ашиглалтанд ороогүй, шүүх дээр л явж байна. Энэ ажил дээр мөн л төр хохироод явж байна. Төсвөөс маш их хэмжээний мөнгө гаргуулсан. Мөнгө нь хүрэхгүй байна гээд дахин мөнгө нэмж авсан гээд их юм бий. Энэ бүх асуудлууд холбогдох газруудаараа шийдэгдээд явах байх аа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.