2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Ирэх сарын 1-ээс мэдүүлж эхлэх АНУ-ын Н-2 визийн журамтай танилцаарай

АНУ-д ажиллах боломж нээгдэж байгаа нь монголчуудын хувьд мөнгө хийх нэг гарц болон харагдаж байгаа. Өмнөд Солонгосоос гадна орлогын өөр нэг эх үүсвэр хууль журмын хүрээнд бий болно гэдэг нэг талаас сайн хэрэг. Харин нөгөө талаасаа цөөхөн монголчуудын маань гадагшаа чиглэсэн урсгалыг нэмэгдүүлж буй хүчин зүйл болж байна. АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын яамнаас H-2 визний ангилалд Монгол Улсыг багтаасан нь ямартай ч олон монголчуудын хувьд хүлээлт болж, юм үзэж нүд тайлангаа эх орондоо үнэгүйдүүлсэн хүч хөдөлмөрөө бусдаар үнэлэлүүлэх  боломж ирж байна хэмээн харж байгаа.

Н-2 визийг манай иргэд ирэх сарын нэгнээс мэдүүлж эхлэнэ.  Тиймээс үүнтэй холбоотойгоор АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Н-2 виз мэдүүлэх ерөнхий журмын талаар дараах зөвлөмжийг гаргажээ. Ээхүү зөвлөмжийг хүргэж байна.

Алхам 1: Түр хугацаагаар ажилчид авах шаардлагатай байгаа компани эсвэл зуучлагч байгууллагаа АНУ-аас  олно.  АНУ-ын Элчин Сайдын Яам нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй болно.

Алхам 2:  H-2 виз нь "petition” буюу урьдчилан зөвшөөрөгдсөн өргөдөлд үндэслэн олгогддог визний төрөл юм. АНУ дахь ажил олгогч эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас ажиллах хүчний зөвшөөрөл авах бөгөөд улмаар цагаачлалын бус түр хугацааны ажилчин авах өргөдлийг (I-129 маягт, https://www.uscis.gov/sites/default/files/files/form/i-129.pdf) АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын албанд гаргана.  Зөвхөн I-129 өргөдөл батлагдсан тохиолдолд  боломжит ажил горлигч нь АНУ-ын виз мэдүүлнэ.

Алхам 3:  Ажлын гэрээтэйгээ танилцаж I-129 маягт буюу өргөдөл  нь батлагдсан эсэх болон хүчинтэй хугацааг шалгах хэрэгтэй. Зах зээлийн судалгаа хийж ажил олгогч таньд зах зээлийн ханштай дүйцэх хэмжээний цалин олгох эсэхийг баталгаажуулна. Англи хэл дээр бичигдсэн ажлын гэрээ хүлээн авч гарын үсгээ зурах ёстой бөгөөд хэрэв Англи хэл ойлгодоггүй бол Монгол эсвэл өөр ойлгодог хэл дээрхи гэрээн дээр бас гарын үсгээ зурсан байх шаардлагатай.

Алхам 4: I-129 өргөдөл нь батлагдсан эсэхийг нотолсоны дараа DS-160 электрон визний анкетыг бөглөн Хаан банкинд визний хураамж болох 190 доллартай тэнцэх төгрөг тушаана. (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-visafeeinfo.asp).

Алхам 5:  H-2 ангиллын визний ярилцлагын цагаа товлоно (https://cgifederal.secure.force.com/).

Алхам 6:  Виз мэдүүлэгч нь АНУ-ын Элчин Сайдын Яам/ Консулын хэлтэст визний ярилцлаганд орно.  Визний ярилцлаганд ирэхдээ хүчин төгөлдөр  паспорт, АНУ-ын визний шаардлага хангасан нэг хувь цэж зураг (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-photoinfo.asp) болон I-129 өргөдлийн баримтын дугаар зэргийг авчирна.

Алхам 7:  Виз олгогдсон тохиолдолд визээ авч АНУ-ын хил дээр очин H-2 түр хугацааны ажилтны визээр нэвтрэх зөвшөөрөл хүснэ.

Алхам 8:  Ажлын гэрээ дуусгавар болсны дараа H-2 визний статус зөрчих аливаа үйлдэл хийлгүй АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас өмнө Монголд буцаж ирнэ. Хэрэв илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол

https://travel.state.gov/

https://search.uscis.gov/

http://www.ustraveldocs.com/  цахим хуудсуудаас авах боломжтой бөгөөд H-2 визний ангилалд Монгол Улсыг багтаасан нь итгэл хүлээлгэсэн хэрэг юм. Иймд визээ ямар нэгэн байдлаар буруугаар ашигласан эсвэл зөрчсөн тохиолдолд АНУ-ын Дотоолын Аюулгүй байдлын яам визийг цуцлах эрхтэй гэдгийг тус ЭСЯ-наас мэдэгджээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.