НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Хуралдааны ирц 60 хувьтай эхэлсэн юм.
Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулаад байна. Нийслэлийн хүн амын 20 хувь угсармал барилгад амьдарч байна. Засварын ажлыг хийж явахгүй бол 10 жилийн дараа барилгын насжилт хэтрэхээр байгаа юм. Улаанбаатарын инженерийн дэд бүтцийг хэрэгжүүлэхийн тулд цогц бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
2020 он хүртэл хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц, түрээсийн болон түр суурьших орон сууц , шинэ сууршлын бүсийг хөгжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган дахин барилгажуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулж, дэд бүтцийн төв байгуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Эдгээрт зориулах зардлыг жил жилээр төлөвлөн нийслэлийн болон улсын төсөвт суулгах, олон улсын зээл, буцалтгүй тусламжаар шийдвэрлэнэ” гэж дурдсан юм.
Э.БАТ-ҮҮЛ: БИДНИЙ ҮЕИЙН АЖЛЫГ НИЙСЛЭЛЧҮҮД САНАЖ БАЙГАА ШҮҮ
Хуралдааны дундуур НИТХ дахь АН-ын бүлгээс хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал дүгнэлтээ танилцуулах үеэрээ НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах үндэслэлийг дэвшүүлж буйгаа онцолсон юм.
Уг танилцуулгад “Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд НИТХ-ын дарга нь НИТХ-ын өдөр тутмын үйл ажиллагаагаа зохион байгуулж чадахгүй байгаагийн улмаас нийслэлийн захиргааны байгууллагууд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг дэмжихгүй, үл хүндэтгэсэн байдлаар асуудалд хандаж байна.
Нийслэлийн харьяа байгууллагад мэдээлэл авахаар хүргүүлсэн албан бичгүүдэд цаг хугацаандаа хариу өгдөггүй, албан бичгийн дагуу мэдээлэл бэлтгэж ирүүлдэггүй асуудал удаа дараа гарсаар байна. Иймд цаашид НИТХ-ын үйл ажиллагааг хэвийн болгож, хариуцлагажуулах үүднээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг АН-ын бүлэг өргөн барьж байна” гэж тодотгосон байна.
НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл “Бидний өмнөх хийж байсан ажлуудыг дүгнэлт дээрээ ямар ч үндэслэлгүй гутааж, доромжилж байгаад харамсаж байна. Ажлаа л яримаар байна. Нэг нь нөгөөгөө үгүйсгээд л явах юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд олон ажил хийх шаардлагатай. Бидний үеийн ажлыг Нийслэлчүүд санаж байгаа шүү.Нийслэлийн үйл ажиллагааг НИТХ-аас ихээхэн хамааралтай. НИТХ засаг даргынхаа дээр байж, ажлаа явуулах ёстой” гэсэн юм.
НИТХ-ын дарга С.Амарсайхан “Бид өнөөдөр Нийслэлийн асуудлыг хэлэлцэж байна. Ганц С.Амарсайханы асуудал биш. Би энэ албыг авсан шиг аваад, өгсөн шиг өгч чадна. НИТХ дахь АН-ын бүлгийнхэн эхлээд өөрсдөө хуралдаа суу. Зарим нь хувийн асуудал яриад ороод ирдэг. Түүнийг нь биелүүлэхгүй болохоор элдвээр мушгиад эхэлдэг. Шийдэгдэх боломжгүй асуудлууд оруулаад ирэхээр нь хүлээж авах боломжгүй гэдэг. Хувийн асуудлаа тулгаад үүд сахиад суудаг. Үүнээс болж С.Амарсайханыг огцруулах асуудлыг хөндөж байгаа бол та бүхний буруу. Бид зарчмаа барих ёстой. Хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм.
Мөн энэ үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Дахин төлөвлөлийн хүрээнд орон сууцгүй болчихсон 400 гаруй айл өрх байгаа. Хөтөлбөрөөр энэ мэт асуудлуудыг засч залруулаад, ажлаа урагш нь явуулна. Тухайлахад, Багануур дүүргийн асуудал байна. Багануур дүүрэг өөрөө Нийслэлийн төвлөрлийг сааруулах хамгийн чухал нөлөөтэй байршил.
Дүүргүүд алслагдсан байх тусмаа агаар хөрсний бохирдол бага учраас давуу тал болж байна. Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд дэд төв байгуулах ажлыг энэ онд нэлээд сайн явуулахаар төлөвлөсөн байгаа. Өөрийнхөө газар дээр тав тухай амьдрах боломж байгааг иргэдэд харуулах нь хамгаас чухал байна. Ирэх онд энэ чиглэлд нэлээд ажлууд хийнэ. Алслагдсан гурван дүүрэгт сервис сентер байгуулах ажлыг мөн хийхээр төлөвлөсөн байгаа” гэж дурдсан юм.
Г.ИТГЭЛ
24news.mn