Монгол Улсын Төв болон Зүүн бүсийг эрчим хүчээр бүрэн хангадаг Багануурын уурхайд шунаж, булааж авахыг хүсэгчдийн довтолгоо хүчээ авч эхэллээ. 2006 оноос эхлэлтэй энэхүү луйврын ажиллагаа өнөөг хүртэл сунжирсаар байгаа нь гайхалтай.
Үлгэр таван боть номоос бүрдэнэ. Хүүхдийн чихрийг булааж авчхаад, энэ чихэр минийх гэж зүтгэж байгаатай яг адилхан. Хүүхэд чихрээ эргүүлэн авахын тулд эсэргүүцэж уйлахад энэ уйлах ёсгүй гэж гүрийхтэй адил хэрэг Багануурын уурхайд өрнөөд байна.
Бодит үлгэр ингэж эхэлнэ... Багануурын уурхайд анх 1974-1975, 1988-1989 онд хайгуул хийгдэж, 2014-2016 онд нэмэлт хайгуулын ажил хийж, 81 £ сая тоннын хүрэн нүүрсний нөөцтэй болох нь тогтоогдсон байдаг. Тус ордын хайгуулд зарцуулсан 94 мянган ам.долларыг 1999 онд “Багануур” ХК зохих журмын дагуу бүрэн төлж барагдуулжээ.
Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг шууд зөрчин 2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд Ашигт малтмалын газрын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр “Алтай гоулд” компанид Багануурын ордод хайгуул хийх лиценз олгожээ.
Үүгээр ч зогссонгүй улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох журмыг мөн л зөрчжээ.
Ганцхан жилийн дараа буюу 2007 оны арваннэгдүгээр сарын 7-нд хайгуулын нэг ч өрөмдлөг хийгээгүй, хайгуулын ажлын тайлангүй, Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл шийдвэргүй “Алтай гоулд” компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулан авч, улмаар 2010 онд “Алтайн гянт” компанид тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн байдаг.
Ингэж авахад олон ч хууль зөрчсөн нь илэрчээ. Нэгдүгээрт, тухайн үеийн “Алтай гоулд” гэдэг компани хайгуулын лиценз авахын тулд Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга болон Төв аймгийн Засаг даргаас бичиг аваад худал материал бүрдүүлсэн байдаг. Гэтэл Төв аймаг болон Баяндэлгэр сумын Засаг даргын зөвшөөрсөн ганц ч бичиг архивд байхгүй нь илэрчээ.
Тодруулбал, Баяндэлгэр сумын Засаг дарга “Багануурын уурхай Баяндэлгэр сумын нутагт хамаардаггүй” гэсэн утга агуулга бүхий бичиг өгснийг нь өөрчлөөд зөвшөөрсөн болгосон нь хэргийн нотлох баримтаар нотлогджээ. Ингээд хайгуулаа ч хийж амжаагүй компанид тухайн үеийн Ашигт малтмал, газрын дарга Л.Болд Ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай өгчхөж. Энэ нь цаасан дээр үлдэж, өнөөдрийн гол хэрүүлийн бай болоод байгаа юм.
Цаашаа хөгийн гэмээр үйл явдал өрнөнө. 2007 онд “Алтайн гянт” компанид олгосон талбайг давхардуулаад Багануурын уурхай дахин олгосон байдаг. Түрүүлж талбай авсан дээрх компани нэхэмжлэл гаргаад шүүхээр өөрийн талд шийдүүлчихсэн байна. Ингэж явсаар 2012 онд Уул уурхайн сайд “Алтайн гянт" компанид хууль бус тусгай зөвшөөрөл олгосон гэж үзээд хүчингүй болгох чиглэлийг Ашигт малтмалын газарт өгч, тушаал ёсоор гүйцэлдүүлжээ.
Гэвч хүчингүй болчхоод байхад "Алтайн гянт" компани гомдол гаргаж одоог болтол шүүхээр шийдүүлэх гэж оролдсоор байгаа аж. Тэдний маргах шалтгаан нь “Бид ном журмынх нь дагуу тусгай зөвшөөрөл авсан. Тиймээс бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна” гэх тайлбар тавьдаг байна. Ингээд нэхэмжлэлийнх нь дагуу 2012 онд анхан шатны шүүх хэлэлцэх гэтэл ’’Алтайн гянт” компанийн итгэмжилсэн төлөөлөгч нь ирээгүй байна. Ингэж явсаар шүүхээс асуудлыг хойш тавьжээ. Гурван жилийн дараа буюу 2015 онд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан ч, 2016 оны аравдугаар сард хөөн хэлэлцэх хугацааг сэргээжээ.
Ингэж сэргээхдээ “Алтан гянт” компанийн төлөөлж байгаа хүн гурван жилийн хугацаанд өвчтэй байсан гэдгээ “Сонгдо” эмнэлгийн эмчийн магадлалтайгаар нотолжээ. Дээрх явдлыг харахад илт зохион байгуулалттай гэдэг нь тодорхой. Ингээд “Алтайн гянт” компани 2016 оны арваннэгдүгээр сарын 7-нд хэрэг үүсгэж жил гаруй явсан байна. Энэ хугацаанд гурван шатны шүүх болж, 5-6 хавтаст хэрэг үүссэн гэх. Дээр нь 2017 он хүртэл шүүх хурал арван удаа хойшилжээ.
Ингээд тус оны наймдугаар сард анхан шатны шүүх хурал болсон ч шүүгч нь "шүүхээс давсан нөхцөл байдал үүссэн" гэдэг үндэслэлээр түтгэлзээд аль ч талд нь шийдээгүй байна. Улмаар явсаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны аравдугаар сарын 26-нд болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүх талаас нь шинжлэн судалж, шударгаар шийдвэр гаргажээ.
Гэтэл нөгөө “Алтайн гянт” компани Дээд шүүхэд гомдол гаргав. Харин Дээд шүүхийн бүрэлдэхүүн хэсэгт Худалдлаа хөгжлийн банкны Хуулийн газрын захирал байсан М.Батсуурь гэдэг хүн ороод ирж. Энэ хүн Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн юм. Энэ эрхэм хурлыг даргалж 14 хоногоор хойшлуулав. Ингэж шийдэхдээ “Алтайн гянт” компанийн хэргийг анхан шатны шүүх рүү буцаах хүсэлтийг нь хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Ингээд олон жил сунжирсан үлгэр дахиад эхлэх нь тэр.
“Алтайн гянт” компанийн цаана “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч “Монголын Зэс” корпораци бий. “Монголын Зэс” корпораци нь Худалдаа хөгжлийн банктай холбогддог. “Монголын Зэс” корпорацийн гүйцэтгэх захирал нь Ц.Пүрэвтүвшин гэх цэл залуухан хуульч залуу. Энэ залуу “Алтайн гянт” компанийн гүйцэтгэх захирлын албыг мөн адил хашдаг. Дээрээс нь Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь нь Худалдаа хөгжлийн банканд ажиллаж байсан нь зохион байгуулалттайгаар хэргийг удаашруулсан гэж харагдаад байгаа юм. Мэдээж Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурийн илт эрх ашгийн зөрчилтэй шийдвэр гаргасан нь ч тодорхой. Бүх талаас нь нотолсон, ойлгомжтой асуудлыг огт харахгүй байна гэж баймгүй. Тэр бүү хэл, Дээд шатны шүүх хурлын дараа “Алтайн гянт’’ компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг чөлөөлөөд оронд нь н.Баттулга гэх хүнийг томилсон тухай мэдээллийг эх сурвалж өгөв. Тэртэй тэргүй асуудалд хутгалдсан Ц.Пүрэвтүвшинг нийгмийн хардлагаас холдуулах гэсэн оролдлого нь өөрөө энэ хэрэг луйвар гэдгийг бүр нотлоод өгөх шиг.
Цааш яривал, Монгол Улс “Тавантолгой”, “Оюутолгой”, “Эрдэнэт”, “Багануур”, “Шивээ овоо” гэсэн стратегийн таван ордтой. Дээрх ордуудад Худалдаа хөгжлийн банкны гарт тодорхой хэмжээгээр орсон байгаа нь өөрөө асуудал. Үндсэндээ тэд Багануурын уурхайн талбайн 50 хувийг авах гэж оролдож байна. Энэ компанийн гарт Багануурын уурхай орвол жирийн иргэдийн эрх ашиг хөндөгдөх нь дамжиггүй. Өнөөдөр Багануурын уурхай нийт 20,974,360 ширхэг энгийн хувьцаатай бөгөөд түүний 75 хувийг нь төр, 21.06 хувийг “Монголын Зэс” корпораци, үлдсэн дөрөв орчим хувийг бусад иргэн, хуулийн этгээд тус тус эзэмшдэг. Уг нь 21 хувь нь АНУ-ын компанид байсан ч “Монголын Зэс” корпораци 2016 онд худалдаж авсан гэдгийг эх сурвалж мэдээлэв. Энэ зургаар харвал Худалдаа хөгжлийн банк анхнаасаа Багануурын уурхайг авахаар төлөвлөсөн нь харагдана.
Хамгийн гол нь энэ асуудалд шүүх тодорхой шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь айдас төрүүлж байна. “Дээд шүүхийн дээр хөх тэнгэр” гэдэг үг бий. Ингэж явсаар шүүх “Алтайн гянт” компанийн талд шийдвэр гаргавал ард түмэн хохироод үлдэх нь тодорхой.
У.САРАНГЭРЭЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН
24news.mn