Цагаан сарын дараа махны үнэ өсдөг жишгээр энэ жил мөн л өсчээ. Өнөөдрийн байдлаар нийслэлдээ хамгийн хямд өртөгтэйд тооцогддог “Хүчит шонхор” захад үхрийн цул махны үнэ 6800-7000 төгрөг, үхрийн гуяны махны үнэ 8000 төгрөг, үхрийн шинэ мах 8500 төгрөг, үхрийн ястай мах 7500 төгрөг, адууны цул мах 6500 төгрөг, адууны ястай мах 6000 төгрөг, хонины гулууз махны нэг кг нь 3700 төгрөг, хонины цул мах 5700, хонины ястай мах 5200 төгрөг, ямааны цул мах 4600 төгрөгийн үнэтэй байна.
Үнийн өсөлтийг дагаад иргэдийн мах худалдан авах чадвар муу байгаа бөгөөд зах дээр шинэ хонины мах ирэх нь ч ховор болжээ.
Гурван сая хүнтэй Монгол 60 сая малтай. Гэтэл махны үнэ өдөр ирэх тусам тэнгэрт хадаж иргэд нь махаа ч авч чадахаа байх нь. Бас нэгэн сэтгэл зовнисон асуудал бол шүлхий зэрэг малын халдварт өвчин. Энэ өвчин нь урд хөршөөс орж ирж байгаа нь тогтоогдсон.
Гэтэл арга хэмжээ авч байгаа газар нэгээхэн ч алга. Үнэтэй махаа аваад идсэн ч өвчтэй малын мах аваад идчих вий гэх бас нэгэн аюулыг дагуулна.
Төр засгаас ченжүүдийн үйл ажиллагааг хянаж чангатгаж, хөдөө аж ахуйн яам нь үнийн тогтвортой бодлогыг барьж ажиллахгүй бол 60 сая малтай Монголчууд нэг килограмм мах ч авахад хэцүү болох нь ээ!
А. Дүүрэнжаргал
FACT.MN
24news.mn