2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа талдаа ч ороогүй байна шүү

АТГ-ын дарга Х.Энхжаргал нэг айхтар дайсантай. Тэр нь АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан юм.

Г.Баасан бол өмнө нь Чөлөөт ахмадын холбооны дарга байсан. Яггүй тэмцэгч эмэгтэй. Яаж яваад АТГ-ын даргатай салахын аргагүй хонзонтой болчихсон юм, бүү мэд.

Уг нь Г.Баасангийн өнгөрсөн жилүүдэд хийсэн тэмцлийн зорилго, АТГ-ын даргын ажлын чиг үүрэг хоёр хоорондоо яв цав нийцэх учиртай баймаар юм. Өөрөөр хэлбэл, АТГ-ын даргыг огцруулна гэж биш хамтарч ажиллаад, дэмжээд явах хэмжээний үүх түүх Г.Баасанд байдаг юм.

Гэсэн ч ямар шалтгаанаар юм бүү мэд. Энэ эмэгтэй АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга болуутаа л АТГ-ын дарга руу ноцож эхэлсэн билээ.

Г.Баасангийн ингэх болсон шалтгааныг улстөртэй, нэр бүхий улстөрчтэй холбоод ярих л юм. Харсан үзсэн, хажууд нь байсан биш, яаж мэдэхэв.

Юутай ч Г.Баасан дарга саяхан АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа гэж мэдэгдэв. Залгуулаад зарим хэвлэлээр АТГ-ын дараагийн даргаар Б.Билэгт, Д.Дорлигжав хоёрын нэг болох гэж байна гэсэн мэдээлэл нэвт явлаа.

Гэвч юм учиртай, сум зангитай байх ёстой. Монгол Улсын Авлигын эсрэг хууль гэж бий. Тэр хуулийн 21 дүгээр зүйлд АТГ-ын дарга, дэд даргыг томилох, тэдгээрийн бүрэн эрхийн хугацааг зааж өгчээ. Хуулийн 21.1-т “…АТГ-ын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн байна. Тэгвэл АТГ-ын дарга Х.Энхжаргалыг УИХ-ын 2016 оны долдугаар сарын 8-ны өдрийн 7 тоот тогтоолоор томилсон байдаг юм байна. Ингээд харвал АТГ-ын дарга Х.Энхжаргал бүрэн эрхээ хэрэгжүүлээд хоёр жил ч болоогүй байна. Гурван жил болж байж талдаа орно гэсэн үг.

Харин Г.Баасангийн хүсэл гүйцэлдэж, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг ажлаа өгөх хоёр л шалтгааныг хуульд хийж өгсөн байна. Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд АТГ-ын дарга, дэд даргыг өөрөө хүсэлт гаргасан, эсвэл биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэжээ. Энэ нь АТГ-ын дарга ажлаа өгөх үгүйгээ өөрөө л мэднэ гэсэн үг юм.

Ер нь тэгээд “…Авлигатай тэмцэх газрын ажилтан би хэний ч нөлөөнд үл автан, зөвхөн хуульд захирагдан үнэнч шударгаар авлигатай тэмцэхээ батлан тангараглая” гэж Төрийн өмнө тангараг өргөсөн АТГ-ын дарга Х.Энхжаргал өөрөө хуулиа зөрччихөөгүй л юм бол Г.Баасан нарын нөлөөгөөр “ийш тийш” болох учиргүй юм.

Б.Дамдин-Очир
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.