-Хөшгийн хөндий-Буянт-Ухааг түшиглэн нийслэл хот эдийн засгийн болон аялал жуулчлалын Чөлөөт бүс бүхий дагуул хоттой болох талаар хэлэлцлээ-
Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс ээлжит хэлэлцүүлгээ төр, засгаас дэвшүүлээд байгаа “Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг бүтээн байгуулалттай уялдуулах нь” сэдвээр барилга, дэд бүтцийн асуудлыг хөндлөө.
Оролцогчид Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд Хөшгийн хөндий-Буянт-Ухааг холбосон аэросити төсөл, Буянт-Ухаад шинэ хот байгуулах, улмаар нийслэл хот дэргэдээ эдийн засгийн болон аялал жуулчлалын чөлөөт бүс болон дагуул хоттой болох гэсэн Улаанбаатар хотыг тойрсон дэд бүтэц, бүтээн байгуулалтын ойрын жилүүдэд хийх ажлын талаар ярилцаж сэтгүүлчдэд танилцуулав.
Жишээ нь, Богд уулыг нар зөв тойрон, Хөшгийн хөндийн нисэх буудлын хурдны замыг түшиглэсэн, нийслэлийн шинэ дагуул хотыг төлөвлөснөөр бүтээн байгуулалтын хугацаа хэмнэж хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй Улаанбаатар хотын замын бөглөрөл түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулж, шинэ төрх бүхий цэвэр хот болон хөгжих аж.
Ингэснээр жуулчдыг татах, улмаар эдийн засаг бизнес-аялал жуулчлалын чөлөөт бүс байгуулах гээд дараа дараагийн боломж шийдэлд хурдтай хүрэх юм гэдгийг онцолж байв. Оролцогчдын хэлсэн үгнээс хүргэе.
БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн:
Гурван тулгуурт хөгжлийн бодлоготой уялдан нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх шаардлага гарч ирж байна. Суурьшлын бүс байгуулагдана гэдэг тэнд дэд бүтцийн асуудал хөндөгдөнө гэсэн үг. Чөлөөт бүс, дагуул хот, аялал жуулчлалын зон гээд хаана, эдийн засгийн ямар салбар хөгжинө гэдгээр бүх зүйл төлөвлөгдөх тул дээр яригдсан шинэ бүтээн байгуулалтуудын ажлуудын судалгаа манай яаман дээр хийгдэн гарч байна.
Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн орлогч П.Баярхүү:
Улаанбаатар хот 216 мянган өрхтэйгөөс 40 хувь нь орон сууцанд амьдардаг. Үлдсэн 40 хувийг шугам сүлжээгээр цахилгаанаар хангаж халаагуур хэрэглэнэ. 20 хувийг сайжруулсан түлшээр хангаж, захын бүсүүдэд дэд бүтцийн төвүүд барина. Энэ ажил эхэлсэн. Нийслэл хот Гурван тулгуур хөгжлийн бодлогын хүрээнд яаж хөгжиж төлөвлөгдөнө төв, дунд, захын гэсэн гурван бүсийг орхигдуулалгүй өөр өөрийн гэсэн шаардлагатай бүтээн байгуулалтууд хийгдэнэ.
Монголын Барилгын Үндэсний ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цэнд:
Буянт-Ухаа 524 га газартай. Энд барилгажуулж шинэ хот байгуулъя гэсэн саналыг ассоциацийн зүгээс тавьж байна. Хөгжлийн бодлого тодорхой гарч ирсэн учир бид хэрэгжүүлэхэд бэлэн.
МҮХАҮТ-ын дэргэдэх Барилга, дэд бүтцийн зөвлөлийн дэд дарга, “Бүти” ХХК-ийн захирал Г.Батжаргал:
Бүтээн байгуулалтад тодорхойгоос гадна хамгийн чухал нь тогтвортой, уялдаатай, залгамжилсан хэрэгжүүлэх бодлого хэрэгтэй. Бизнес бодлогын дагуу л явдаг учир барилгачид гүйцэтгэж дуусгана. Бодлого тодорхойгүйгээс өнгөрсөн жилүүдэд бид өмнөх Засгийн газрын шугмаар Төв аймагт зээлийн орон сууц барьсан, одоо хэрэгжихгүй болчихоод байна.
Гавъяат барилгачин, архитектор Я.Шархүү:
Өнөөдөр нийслэлийн хөгжлийн бодлого төлөвлөлтөөр ойрын ирээдүйн Улаанбаатарын дүр зургийг эхлүүллээ. Гэхдээ бид цааш 2035-2050 оноор төлөвлөх учиртай.
Б.БИЛГҮҮН
24news.mn